Тайванийн нэрт зохиолч Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиолтой Монголын уншигчид 2011 онд дуун хөрвүүлэгч Д.Болдбаатарын орчуулснаар “танилцсан”. Чюн Яогийн зохиол бүтээлүүд зөвхөн Тайвань төдийгүй Хятад, Хонконг, Макао болон хятад цагаачид олноор суурьшдаг дэлхийн өнцөг булан бүрт тархсан, олонд хүрсэн байдаг аж. Тиймээс “Хятад хүн суурьшсан газар бүхэнд Чюн Яогийн бүтээлүүдийг уншиж болно” гэсэн үг хүртэл дэлгэрчээ. Түүний зохиолууд сэтгэл хөдөлгөм хурц содон агуулга, үйл явдлыг гол болгосон байдаг тул бүх л насны уншигчдыг татах увдистай байдгаараа онцлог.
“Сюэкө бүсгүй” зохиолоос сэдэвлэсэн “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт жүжгийг “Х ТҮЦ” продакшныхан 2013 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар олны хүртээл болгож байв. Зөвхөн манайд гэлтгүй дэлхийн олон оронд эл зохиолоос сэдэвлэсэн тайз болон дэлгэцийн уран бүтээл туурвисан нь бий. Тэгвэл уг зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн төгсөх дамжааны оюутнууд “Оюутан” театртаа “амилууллаа”.
Харцын хүүхдийг тээж, удам судартаа сэв суулгасан Сюэкө бүсгүй ван эцэг, үжин эхийнхээ шахалтаар нэр хүндтэй Луо овогтын удам залгах хүү Жигантай ураг барилдах болов. Ингэхдээ харц боловч хайрт эр Ямөн, төрүүлсэн охиныхоо амийг аврахын тулд холбоо тасалж, энэ талаар үхэн үхтэлээ хэнд ч ам нээхгүй тас нуухаар тохиролцож буйгаар “Сюэкө бүсгүй” жүжиг эхэлнэ.
Шивэгчин Жоумагийн хүү, Сюэкө бүсгүйн хайртай хархүү, Сяо Юйдянь охины аав болох Ямөний дүрд оюутан Г.Мөнхжин тогложээ. Харин үзэсгэлэнтэй боловч эмгэнэлт хувь заяаны эзэн Сюэкө бүсгүйд Т.Золжаргал “хувирав”. Сюэкөгийн эцэг И Чин ванд П.Анхбаяр, эх Цинроу үжинд Ш.Бадмаараг тоглосон. Түүнчлэн хүүгийнхээ төлөө бүгдийг хийх, хатуу сэтгэлт, Луо овогтын ямбатан авхайд О.Уярал, түүний хүү Жиганд Э.Дөлгөөн тоглож, авьяасаа сорьсон. Мөн И Чин вангийн шивэгчин Жоума эмгэнд Э.Болорцэцэг, Сяо Юйдяньд Н.Болормаа болон бусад туслах дүр, олны хэсэгт СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн 4а ангийнхан тоглосон юм. Тэд дөрвөн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ, хэрхэн хөгжиж боловсорсноо, ямар уран бүтээлчид болон “төрөхөөр дуншиж” буйгаа эл жүжгээрээ харуулсан.
Алтан шаргал луун хээтэй хос багана, торгон хөшигтэй модон ор, тансаг ваарнууд, бас ёслолын хувцастай хос. Вангийн тансаг өргөө, Луо авхайн чинээлэг атлаа цаанаа л хүйтэн гэр. Дүрүүдийн хувцас, хэрэглэл, толгойн гоёл, хээ хуар болсон өнгө өнгийн торгон дээл. Алтлаг өнгөтэй, араа шүдээ яралзуулсан лууны баг нөмөрсөн залуусын хэц, хэнгэргийн аянд тохируулсан бүжиг. Үзэгдэл бүрт тохирох хөгжим, гэрэл, тайз. Сэтгэл гаргаж, хүч хаяж, бүхнээ зориулж бэлтгэсэн нь илт. Оюутнуудын төгсөх дипломын ажил биш, аль нэг театрын уран бүтээлийг үзэж буй мэт санагдсанаа нуух юун. Дорнын сонгодгийг зориглоод “бариад авчихсан” залууст уран бүтээлчийн туршлага, бяд дутах үе байгаагүй биш, байсан. Гэхдээ залуу нас, оюутан цаг хоёроор үүнийг нь “өмөөрчихөж” болох болов уу.
“Сюэкө бүсгүй” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн ахлах багш Б.Отгонбат найруулж, туслах найруулагчаар оюутан Д.Амгаланбаяр, М.Төгөлдөр нар ажиллажээ. Жүжгийн хөдөлгөөний найруулагчаар А.Даваахүү ажилласан бол тайзны зураачаар Б.Хулан, хувцасныхаар Ч.Урантуяа, хөгжмийн найруулгыг С.Мөнхдалай, гэрлийн найруулгыг Т.Нарангэрэл хариуцан гүйцэтгэсэн байна.
Дэлхийн сонгодог олон зохиолд хүн төрөлхтний мөнхийн сэдэв үнэнч хайр, нэр төрөө хамгаалахын тулд юугаа ч хайрладаггүй эрхэм дээдсүүдийн дэг жаяг, угсаа гарлын ялгаа зэргийг өгүүлсэн нь бий. Тэгвэл “Сюэкө бүсгүй” жүжиг нэгэн бүсгүйн хөөрхийлөлтэй хувь тавилангаар дээрх бүхнийг үзүүлдгээрээ шилдгүүдийн нэгт багтдаг. Харин энэ удаа эчнээ мэдэх энэ шилдэг жүжгийг оюутнууд хэрхэн бүтээж, туурвисныг, ирээдүйн чадварлаг жүжигчид анхны алхмаа хийхийг харах сонирхолтой байлаа.
Бэлтгэсэн А.Тайшир