Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх гэж юу вэ. Тэдэнд өдгөө ямар асуудлууд тулгамдаж байгаа бол. Үүсээд буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг асуултад талуудын байр суурийг олон нийтэд хүргэх зорилготой редакцын уулзалтыг бид зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав, эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, клиникийн профессор Р.Октябрь, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан С.Батцэцэг, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны менежер П.Сарангоо нар оролцсон юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг яагаад зайлшгүй хөндөх шаардлагатай вэ. Тэдэнд ямар асуудлууд голчлон тулгараад байна вэ гэдэгт та бүхэн байр сууриа илэрхийлэхгүй юү?
Р.О: -Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх гэдэг бол маш чухал ойлголт. Нийслэлд оршин сууж буй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 3.8-4.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгааны дүн бий. Амаржиж буй эхчүүдийн 2.6-2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээр иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ямар ч саадгүй авах эрхтэй. Үүний тулд улсаас орчны хүртээмжийг сайжруулах учиртай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амаржих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулсаар байгаа. Тухайлбал, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрын үүд, шатаар тэргэнцэр явах боломжтой налуу зам барьсан. Мөн ариун цэврийн өрөөг нь тохижууллаа. Цаашлаад илүү олон эмнэлэг орчны хүртээмжээ сайжруулах шаардлага бий. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлж, үйлчилгээ авах нөхцөлийг нь хангах ёстой.
П.С: -Нөхөн үржихүй бол хүний суурь эрхүүдийн нэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд уг суурь эрхээ эдлэх, нийгмийн харилцаанд ороход тулгардаг саад цөөнгүй. Тухайн хүн хөгжлийн ямар бэрхшээлтэй гэдгээсээ шалтгаалан янз бүрийн асуудалтай тулгарч буй. Манай холбооноос 2018 онд хийсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн 64 хувь нь бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэлгүй, мэдлэггүй байсан. Мэдээлэлгүй байна гэдэг нь тухайн хүн эрх, үүргээ мэдэхгүй, асуудал тулгарвал хэнд хандахаа ч ойлгохгүй гэсэн үг.
З.Ө: -Нөхөн үржихүй бол хүний үндсэн жам ёсны эрх. Ямар нэгэн ялгаварлан гадуурхалт, дарамт, шахалтаас ангид орчинд л уг эрх хангагдах нөхцөл бүрддэг. Энэ талаар олон улсын гэрээ, конвенц болон үндэсний баримт бичгүүдэд тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй болон уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн асуудлаарх томоохон хэмжээний гурван судалгааг ХЭҮК-оос НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, төрийн бус байгууллагуудтай хамтран 2018-2020 онд хийсэн. Судалгааны тайлангаа эмхэтгэл болгон, УИХ-д өргөн бариад байна. Мөн “Нөхөн үржихүйн эрх нь хүний эрх болох нь” сэдэвт сургалтын модуль боловсруулж, олон нийтийн хүртээл болголоо. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийг хамгаалахад ямар бодлого, зарчим баримталбал зохих талаарх ойлголтыг үүнд тусгасан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нөхөн үржихүйн эрхээ эдлэхтэй холбоотой шийдвэрийг бие даан гаргах эрх, боломж хязгаарлагдмал байдаг. Жишээ нь, нөхөн үржихүйн эрхээ эдлэхэд эмч, мэргэжилтнүүд, гэр бүлийнхэн нь оролцож, шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрхийг хангахад тулгардаг нийтлэг хэд хэдэн зөрчил бий. Нэгдүгээрт, эмчилгээ үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд оролцох дэд бүтэц тааруу. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээл бүрт нь тохирсон зөвлөмж, тусламж байхгүй. Удаах нь хүний хувийн нууц алдагддаг явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон дэд бүтэц байхгүйн улмаас хэн нэгнээс заавал тусламж авах шаардлага үүсдэг. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт очихдоо заавал хэн нэгнийг дагуулах шаардлагатай болно. Энэ тохиолдолд хувийн нууцаа бусдад алдах эрсдэлтэй учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас ичиж, нэрэлхэж байна. Ийм асуудлыг олон улсад эмнэлгийн угтагч, туслах ажилтны оролцоотойгоор шийддэг. Жишээ нь, дохионы хэлмэрчтэй, брайл заавар ашигладаг эмнэлэг олон байдаг юм билээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд манай улс ийм туршлагыг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай.
ХЭҮК-оос хийсэн “Охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх” судалгааны үр дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй охидыг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь гурав дахин өндөр гэсэн дүн гарсан. Юуны түрүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн тусламж үзүүлсэн, цаашид ямар үйлчилгээ нэвтрүүлбэл зохих талаар судалгаа, мэдээлэлтэй байх учиртай. Манайд одоогоор нарийвчилсан тоон мэдээлэл алга. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн ямар ямар тусламж, үйлчилгээ авсан талаарх мэдээллийг нэгтгэх хэрэгтэй. Хэрэв ийм тоон мэдээлэлтэй болчихвол бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дөхөм болно. Гэхдээ нөхцөл байдал нэг үеэ бодвол сайжирч буйг онцлох хэрэгтэй. 2018 оноос хойш төрөх эмнэлгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхаардаг болсон.
Д.Ц: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, эрхийг нь хангах асуудал манай улсад учир дутагдалтай. Гэсэн ч хэрэгжүүлж буй ажил цөөнгүй бий. 2019 онд бид Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтран хэд хэдэн удаа бүлгийн уулзалт зохион байгуулсан юм. Уг уулзалтаас олон санал, хүсэлт гарсан. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүд ээж болохыг, нугасны гэмтэлтэй залуу аав болохыг хүсдэгээ илэрхийлж байлаа. Хоорондоо гэр бүл болсон тэргэнцэртэй иргэд үр хүүхэдтэй болохыг эрмэлзэж буйгаа хэлсэн. Мөн бэлгийн хэвийн амьдралтай байж бусдын адил аз жаргал эдэлмээр байгаагаа цөөнгүй иргэн дурдсан юм. Гэтэл эмч, эмнэлгийн ажилтнууд хуучинсаг үзлээр хандан, хүүхэдтэй болохгүй байхыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөдөг. Гэр бүлийнхэн нь ч ийм бодолтой байх нь түгээмэл гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байв. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудыг нөлөөллийн сургалтад хамруулахыг биднээс хүссэн. Үүний дагуу нийслэл дэх гурван амаржих газрын эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ч сургалтад оролцон, эмч нартай санал солилцон, үзэл бодлоо нээлттэй илэрхийлсэн. Эмч нар ч таатай хүлээн авч, тодорхой ойлголттой боллоо. Мөн эмэгтэйчүүдийн үзлэг зохион байгуулж, шаардлагатай тусламж үзүүлсэн. Зөвхөн эмэгтэйчүүд биш, эрэгтэйчүүдэд ч шийдвэрлэх ёстой асуудал олон байгааг сургалт, уулзалтуудын үр дүнд олж харлаа.
…Нийслэлд оршин сууж буй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 3.8-4.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгааны дүн бий. Амаржиж буй эхчүүдийн 2.6-2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээр иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ямар ч саадгүй авах эрхтэй. Үүний тулд улсаас орчны хүртээмжийг сайжруулах учиртай…
Улаанбаатар хотын гурван амаржих газарт жилд тулгуур эрхтний бэрхшээлтэй 100 орчим эх амарждаг гэсэн тоо бий. Тиймээс амаржих газрууд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн төрөх боломжтой ортой болсон. Мөн хэл ярианы бэрхшээлтэй иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төвөөр дамжуулан эмнэлгүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг энэ жил бүрдүүллээ. Эхнэр, нөхөр хоёулаа нугасны гэмтэлтэй гэр бүл нийслэлд 20 гаруй бий. Ийм гэмтэлтэй эрэгтэйн үр тогтоох чадвар муу байдаг. Тиймээс ийм гэр бүлд хүүхэдтэй болох боломжийг нь олгон, үр шилжүүлэн суулгуулахад нь туслах учиртай. Хэрэгжүүлэх ёстой ажил энэ мэт олон бий.
С.Б: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг гол бэрхшээл бол дэд бүтцийн хүртээмж. Орчны хүртээмж муу учраас эмнэлэгт очихдоо заавал хэн нэгэн хүнээс тусламж авах шаардлагатай болдог. Энэ нь хувийн нууцаа хадгалах боломжийг хязгаарладаг. Уг нь эмнэлэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах угтагч, хөтөч ажилладаг бол үйлчлүүлэхэд хялбар. Гэтэл эмнэлгүүд хөтөч, угтагчгүй учраас харааны бэрхшээлтэй бүсгүй танихгүй шахам хүнээс тусламж хүсэхээс өөр аргагүй болох нь түгээмэл. Мөн харааны бэрхшээлтэй иргэнийг хүүхдээ өсгөж чадахгүй гэсэн шалтгаанаар үр хөндүүл гэж ятгасан эмч нар ч бий. Гэр бүлийнхэн нь ч нөхөн үржихүйн эрхийг нь зөрчин, өөрөөс нь асуулгүйгээр үр хөндүүлсэн тохиолдол ч цөөнгүй. Энэ нь тухайн иргэн мэдээ, мэдээллээр хомс, тулгарсан бэрхшээлээ хэнд хэлэх, хаанаас тусламж авахаа мэдэхгүйтэй ч нэг талаар холбоотой болов уу.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах талаарх хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдсэн үү?
З.Ө: -Хүний эрхийг хамгаалах олон улсын конвенцод нэгдсэн орны хувьд бидэнд хүлээсэн үүрэг олон. Хүний эрхэд суурилсан олон улсын зарчмуудыг хэрэгжүүлэн, нийтээр мөрдөх үүрэгтэй. Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд энэ талаар тусгасан байдаг. Журам ч цөөнгүй.
-Хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэний, тухайлбал, оюуны бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг хязгаарлахаас өөр аргагүй тохиолдол байдаг гэж сонслоо. Энэ нь ямар шалтгаантай вэ?
Р.О: -Сэтгэцийн эмгэгийг нь нарийн оношлон, зөвхөн эмч нарын дүгнэлтээр нөхөн үржихүйн эрхийг нь хязгаарлах тохиолдол бий. Эмгэг нь хөнгөн явцтай бол заавал үр хөндөхгүй, жирэмслэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнд үр хөндөлт хийдэг, үрийн сувгийг нь боодог гэж ойлгож болохгүй. Үр хөндөх зайлшгүй шаардлагатай, эсэхийг нарийвчлан тогтоох учиртай. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 37 зүйлд эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гажиг хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт нь эхийн амь насанд аюул учруулж болох онцгой нөхцөлд жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалж болохоор заасан. Мөн удамших хандлагатай сэтгэцийн өвчин, оюун ухааны хомсдолтой хүнийг жирэмслэх, үр тогтохоос сэргийлэх арга хэмжээ авахаар хуульчилсан.
Д.Ц: -Эмч, эмнэлгийн ажилтнууд болон хуулийн байгууллагынхны шийдвэрийг үндэслэн, сэтгэцийн эмгэгтэй иргэдийн нөхөн үржихүйн асуудалд онцгойлон анхаарах зохицуулалт бий. Энэ нь жирэмслэхээс хамгаалах, үр тогтоолгохгүй байх аргууд л даа. Үүнээс бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нөхөн үржихүйн эрхийг нь хязгаарлах ёсгүй. Гэтэл зарим тохиолдолд үүнийг буруу ойлгож, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний нөхөн үржихүйн эрхэд халддаг асуудал өмнө нь байсан. Одоо бол эмч нарын хандлага сайжирч, ийм асуудал гарахаа больж, иргэдийн эрхийг хүндэтгэн үздэг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах болон Эрүүл мэндийн тухай хуульд энэ талаар тусгасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн болон ажилтнуудын харилцаа, хандлагаар нь эрүүл мэндийн байгууллагуудыг үнэлж, магадлан итгэмжилдэг журам бий.
-Магадлан итгэмжлэгдсэн хэдэн байгууллага байна вэ?
Д.Ц: -Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гурван амаржих газар одоогоор магадлан итгэмжлэгдсэн.
Р.О: -Жишээ нь, “Хүрээ” амаржих газарт хэл ярианы бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд зориулсан асуумж бүхий үзүүлэн байдаг. Ер нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн ямар тусламжийг яаж үзүүлэх, ар гэрийнхэнтэй нь хэрхэн харилцах зэрэг арга зүйг боловсруулж, төрөх эмнэлгүүдэд нэвтрүүлэх хэрэгтэй. Ийм арга зүй, гарын авлагад юу юу тусгах шаардлагатай талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүний эрхийн байгууллагууд санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой.
С.Б: -Харин харааны бэрхшээлтэй иргэд нөхөн үржихүйн гэлтгүй ямар ч нөхцөлд эмнэлгийн тусламж авахад бэрхшээлтэй байгааг анхаарч, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.
З.Ө: -Ер нь бодлогын хүрээнд, бодит байдалд ч ахиц дэвшил бага багаар гарсаар байгаа. Юуны түрүүнд бид тоо баримтаа л баталгаатай болгомоор байна. Манай улс амаржсан эхчүүдийн тоог гаргаж, олон нийтэд мэдээлдэг. Гэхдээ тэдний хэд нь хөгжлийн бэрхшээлтэй байсан, төрөх үедээ ямар тусламж, үйлчилгээ авсан, цаашид юунд анхаарах талаарх мэдээллийг ч гаргаж байх хэрэгтэй. Энэ нь цаашид хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахад ч хэрэгтэй. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах хүсэлт ХЭҮК-т ирдэг, бид ч хэрэгжүүлдэг.
Д.Ц: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрхийн асуудал нь хүүхдийн эрхтэй зайлшгүй холбогддог. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхдийнх нь эрх зөрчигдөж болзошгүй гэсэн ойлголт юм. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн амаржмагц л хүүхдийн өсөх орчин нөхцөл, ахуй хангамжид нь анхаарч эхэлдэг юм билээ. Төрийн болон төрийн бус байгууллагууд ч үүнд онцгой анхаардаг. Харин манай улсад энэ чиглэлээр ямар ч ажил хийдэггүй гэхэд хилсдэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэн хүүхдэдээ бүрэн дүүрэн анхаарал тавих боломж хомс байдаг. Ийм учраас хүүхэд төрүүлэхээс эмээх нь бий. Хэрэв төрийн болон төрийн бус байгууллагаас энэ асуудалд анхаарал тавьж, дэмждэг бол иргэд ямар нэгэн айдасгүйгээр хүүхэд төрүүлэх боломжтой шүү дээ. Жишээ нь, халамжийн системд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдээ өсгөхөд зориулсан нэмэлт тусламж оруулах байдлаар уг асуудлыг зохицуулж болно. Хүүхдийн байгууллага, халамжийн төв, эмнэлэг гээд салбар хоорондын хамтын ажиллагаа үүнд чухал үүрэгтэй.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан давтамжийг бүртгэх, бэрхшээлийн төрлийг тодорхойлох, иргэдээ нас, хүйсээр нь ангилж бүртгэсэн статистик хэрэгтэй гэж ХЭҮК-ын төлөөлөл онцоллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан эмч, эмнэлгийн ажилтнууд мөрдөх зөвлөмж, гарын авлагатай болох талаар дурдаж байна. Өдий хүртэл статистик мэдээллийг гаргаагүй, эмч нарт зориулсан гарын авлага ч үгүй байгаагийн шалтгаан юу вэ?
Д.Ц: -Яг бодит тоо гаргахад жаахан төвөгтэй юм билээ. Тухайлбал, ямар нэгэн бэрхшээлгүй хүн хөгжлийн бэрхшээлтэй гэж цаасан дээр бүртгүүлэн, халамж авах нь цөөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэний талаарх нарийвчилсан тоо, мэдээг Үндэсний статистикийн хороо ч бодитоор гаргаж чадаагүй, өдий хүртэл маргаантай л байдаг.
З.Ө: -Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 106 000 хүн бий гэсэн судалгаа бий. Гэхдээ нөхөн үржихүйн насныхан болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан хүний тоо одоогоор алга.
С.Б: -ХЭҮК-т ийм тоон мэдээлэл байхгүй нь учир дутагдалтай биш үү?
З.Ө: -ХЭҮК төрийн мэдээллийн сангийн тоо, өгөгдөлд тулгуурлан судалгаа хийдэг. Бид статистик гаргах чиг үүрэггүй. Харин эрүүл мэндийн холбогдох байгууллагынхан амаржсан, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан иргэдийн талаарх тоон мэдээллийг нэгтгэх нь зүйтэй.
Р.О: -Тоон мэдээлэл, статистик гэж ярихаасаа илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоос санал авч, тэдэнд ямар асуудал тулгардаг талаар судлах хэрэгтэй болов уу. Тойм тоо хэлбэл, амаржсан нийт эмэгтэйчүүдийн 2.6-2.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг.
З.Ө: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангаж, эрхийг нь ойлгуулах, хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчныг таниулах нь чухал. Эрүүл мэндийн ямар ч тусламж, үйлчилгээг төвөг чирэгдэлгүй авах, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэйг нь ойлгуулах хэрэгтэй болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоонд тулгуурлан асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
П.С: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрхийг хангахад, хангуулахад тухайн иргэнээс гадна эмч, эмнэлгийн ажилтнууд, асран хамгаалагчид гэсэн гурван талт оролцоо чухал. Тиймээс манай холбооныхон АШУҮИС, МУБИС-ийн багш нартай хамтран эрүүл мэндийн салбарынхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, асран хамгаалагчдад зориулсан гурван чиглэлийн сургалтын модулийг боловсруулж дууслаа. Тодруулбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж, асран халамжлагчийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүний эрхэд суурилсан хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” гэсэн сургалтын гурван модуль эмхэтгэж, удахгүй хэвлүүлэхээр төлөвлөсөн. Эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Хүний эрхэд суурилсан хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” гэсэн модулийг анагаах ухааны сургуулиудын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрт оруулах саналыг Эрүүл мэндийн яамныханд тавиад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй, анагаах ухааны чиглэлийн 13 сургуулийн сургалтын хөтөлбөрт уг модулийг оруулах боломжтой гэсэн нааштай хариуг тус яамнаас ирүүлсэн нь бидний ажлын хамгийн чухал үр дүн боллоо. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн эрх гэж бий. Зарим талаар асран хамгаалагчийн эрх зөрчигдөж, магадгүй дарамт учирдаг тал ч бий. Тиймээс асран хамгаалагчийн эрхийг ойлгуулах сургалтын модуль боловсруулж, хэрэгжүүлэх талаар ХНХЯ-нд санал тавьсан. Бас л нааштай хүлээн авсанд талархаж байгаа.
-Сургалтын уг модулийг зорилтот бүлгийнхэндээ хэрхэн хүргэх вэ. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар дэмжлэг шаардлагатай бол?
-“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг бүлгээр дэмжих, тэдэнд хүргэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь” гэсэн төслийг манай байгууллагаас нийслэл болон таван аймагт хэрэгжүүлж буй. Гол дэмжигч, санхүүжүүлэгч нь Финландын хилийн чанад дахь байгууллага (ФЛОМ). Төслийн хүрээнд таван аймаг болон Улаанбаатарт тус бүр 10 гаруй гишүүнтэй, нийт есөн бүлэг байгуулсан. Бүлгийнхэн модулийн дагуу сургалт зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургагч багш болгон бэлтгэж буй. Уг төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Дөрвөн жилийн өмнө иргэд дэмжих бүлгийн гишүүн болж байхдаа эрх, үүргийнхээ талаар ямар ч ойлголтгүй байв. Харин одоо тун идэвхтэй ажиллаж эхэлсэн. Баянхонгор, Хэнтий аймгийн дэмжих бүлгийн гишүүд санал гаргаж, орчны хүртээмжийг сайжруулахад зарцуулах хөрөнгийг орон нутгийнхаа төсөвт суулгуулж чадсан байна. Ингэснээр эмнэлэг нь өндрийн тохируулгатай төрөх ор, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хонхтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчид энэ мэтээр тун идэвхтэй ажиллаж буй нь манай төслийн гол үр дүн.
Д.Ц: -Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхон чухал ажил санаачилжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө сургагч багш болох нь маш чухал. Ингэснээр ижил төрлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах, туршлага солилцох зэрэг олон давуу талтай. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ мэдэхгүй, нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, гэртээ суух ёсгүй гэдгийг тэд бусдадаа үлгэрлэн харуулах нь чухал.
-Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах чиглэлээр өдгөө нэн даруй хийх шаардлагатай ямар ажлууд байна вэ?
П.С: -Манай төслийн санхүүжилт хязгаарлагдмал. Тиймээс цаашид төрийн холбогдох байгууллагууд биднийг дэмжин, хамтран ажиллавал нөлөөллийн сургалтаа бүх аймагт зохион байгуулж, модулиа танилцуулж, хэрэгжүүлэх боломжтой.
З.Ө: -Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх томоохон судалгааг бид хийж буй. Мөн амаржих газруудад шалгалт явуулж байгаа. Хүний эрхэд суурилсан хандлага, бодлого төлөвлөлт ямар байх талаарх сургалтыг ч зохион байгуулж байна. Боловсролын тухай багц хуульд бүх нийтийн иргэний боловсролыг сайжруулан, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах асуудлыг тусгуулахаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхны бэлтгэсэн сургалтын модулийг хэрэгжүүлэхэд, нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэж харж байна.
Р.О: -Төрийн болон төрийн бус байгууллагынхан уялдаа холбоогоо сайжруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэйг илүүтэй ойлголоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мэдээллээр ханган, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх шаардлагатай.
С.Б: -Манай холбооныхон харааны бэрхшээлтэй иргэдтэй нягт хамтарч ажилладаг. Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэх богино долгионы радио аймаг бүрт бий. Тиймээс эл сувгаараа дамжуулан мэдээлэл түгээн, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэхтэй холбоотой ажил өрнүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод хоорондоо болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, асуудлаа ярилцсанаар илүү үр дүнд хүрэх болов уу.