Хүн төрөлхтнийг хоёр жилийн турш “дагаж, ээрч” буй “Sars-cov-2” коронавирусийн тархалтыг 2022 онд цурамлах магадлалтай гэсэн олон улсын мэргэжилтнүүдийн таамаглал хэр бодитой бол, эл бичил биетийн халдварыг бар жилд үнэхээр хазаарлаж чадах уу, өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа вэ. Олон улсын шинжээч, мэргэжилтнүүд энэ талаар ямар мэдээлэл өгч, хэрхэн хариулж буйг тоймлон хүргэе.
Японы генетикч Итүро Иноүэ нарын эрдэмтэн “Ковид-19”-ийг үүсгэгч вирус богино хугацаанд олон дахин “зүсээ” хувирган, мутацад орсноор уургийн бүтцээ эвдэж, өөрийгөө үгүй хийх нөхцөл бүрдүүлсэн байх магадлалтай” гэж дельта хэлбэрийн халдвар харьцангуй буурч эхэлсэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур мэдээлсэн. Эл таамаглал бодитой байсан уу, ямартай ч “Sars-cov-2”-ын дельта мутацын “сураг” намжих төлөвтэй болоход олон улсын судлаачид цар тахлын төгсгөл удахгүй гэсэн өөдрөг таамаглалуудыг урьд өмнөхөөс илүү итгэлтэй дэвшүүлж эхэлсэн. Ингэх шалтгаан ч бий. Дэлхий нийтэд дархлаажуулалтын кампанит ажлыг улам эрчимжүүлж, хүмүүсийн хамрагдах хувь өсөж буй. Гэхдээ дельта бүр мөсөн устсаныг нотлоогүйн зэрэгцээ түүний “дүү” омикрон мутацын тархалт гаарч байгаа нь эл өөдрөг таамаглалын үгүйсгэл болох уу?
Олон орны судалгааны багийнхан омикрон харьцангуй “зөөлөн” буулттай гэдэгт санал нийлээд буй. Гэхдээ энэ нь баталгаатай эцсийн дүгнэлт биш, аливаа халдварт өвчинд ам гарч болохүйг сануулсаар байгаа билээ. Нөгөөтээгүүр, омикрон мутацын тархалт бусад хэлбэрийнхээс илүү хурдацтай байгаа бөгөөд өчигдөр Канадын Колумбын их сургуулийн эрдэмтэд “Омикрон нь хэд хэдэн аюултай мутац агуулсныг тогтоолоо. Үүний улмаас хүний эстэй илүү хурдан холбогддог нь онцгой хурдан халдварлах шалтгаан нь” гэж судалгаагаа танилцуулжээ. Өнөөдрийн байдлаар 90 оронд эл хэлбэрийн халдвар бүртгэгдсэнийг ДЭМБ-аас мэдээлэв. Тиймээс тус байгууллагын тэргүүн дэлхийн хэмжээнд Зул сар, шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэхгүй байснаар цар тахлын дахин дэгдэлтээс сэргийлэх боломжтой хэмээн уриаллаа. Нэг удаагийн баяр, цэнгэлийг тэвчих, хүлцэх боломжууд дэлхийг аврах том алхам, халдвар, айдасгүй энгийн амьдралд шилжихэд түлхэц болно гэдэгт Засгийн газрууд ч санал нэгдэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг албан ёсоор цуцлахаа мэдэгдсээр. Жишээ нь, Хятад улс иргэдийнхээ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Бээжин хотын оршин суугчдыг шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд “чимээгүй” тэмдэглэх, хотоос гарахгүй байхыг сануулжээ. АНУ-ын Нью-Йорк зэрэг хотод баяр наадамд бус, нэмэлт вакцинжуулалтад оролцохыг уриалан, дархлаажуулалтын цэгийг хэдэн арваар нэмсний зэрэгцээ урлаг, соёлын ага хэмжээнүүдийг эхнээс нь цуцалж байгаа аж. Европын орнууд “Ковид-19”-ийн тав дахь давлагаа, омикрон хэлбэрийн халдварыг хохирол багатай давахаар дор бүрнээ хичээж эхлэв. Францын нийслэлд, Елисейн талбайд жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн баярын үйл ажиллагааг цуцаллаа. Австрийн зүрх Вена хотыг бараг бүслэлтэд авч, хамгаалалтыг чангатган, онцгой нөхцөл байдлын удирдлагыг зэвсэгт хүчний командлагчид шилжүүлсэн бол Британийн Лондонд онц байдал зарлажээ. Ирландад коронавирусийн омикрон мутацын гурав дахь тохиолдол илэрч, эрх баригчид нь баар, рестораны үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон талаараа мэдээлэв.
ОМИКРОН МУТАЦЫН ХАЛДВАРЫН ҮЕД ХООЛНЫ ДУРШИЛ БУУРДАГ
Омикрон мутацын явц, эл хэлбэрийн халдварын үед ямар шинж тэмдэг түлхүү илэрдэг болон дельтагаас ямар ялгаатай талаар дэлхийн судалгааны багийнхан шинжлэх ухаанд тулгуурласан, баталгаатай мэдээллүүдээ цацаж эхэлсэн. Энэ халдварын үед илрэх шинж тэмдэг нь ханиад, томуугийнхтай төстэй гэж байгаа ч энэ нь хөдөлшгүй, өөрчлөлтгүй зүйл биш болохыг мөн сануулж байна. Британийн эрдэмтдийн тогтоосноор өдгөө дэлхийд “ноёлоод” буй омикрон мутацын халдварын үед хоолны дуршил буурах нь түгээмэл байгаа аж. Тус улсын эмч, вирус судлаач Лоуренс Янг “Цар тахлын халдварын шинж тэмдгийг ханиадныхаас ялгахад улам амаргүй болж байгаа ч толгой өвдөх, хэт сульдах, хоол идэх хүсэл огцом буурах тохиолдолд “Ковид-19” байх өндөр магадлалтай тул даруй шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эл өвчний шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг бол ханиадных харьцангуй удаан үргэлжилдэг” гэжээ.
ОХУ-ын эрдэмтэд өмнө нь “Коронавирусийн омикрон хэлбэрийн халдварын шинж тэмдэг SARS-ынхтай төстэй бөгөөд хоолой өвдөх, субфебриль хэлбэрээр халуурдаг (Хэд хоногийн турш 37.1-38.0 градусаас буурахгүй байх) болохыг өмнө нь мэдээлж байсан бол өдгөө омикрон мутацын илрэх байдлыг эцэслэн дүгнэхэд эрт байгааг онцоллоо. ДЭМБ-ын мэдээлснээр энэ хэлбэрийн халдварын үед дельтагийнх шиг эмнэлзүйн ноцтой “зураг” байхгүй. Гэхдээ өдгөөгийн нөхцөл байдалд омикроны, дельтагийн гэж ялгах нь эмнэл зүйн хувьд бараг боломжгүй гэж шинжээч онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна тус байгууллагын мэдээллээр бол омикрон мутац нь эзэн вирус “Sars-cov-2”-ынхоо эсрэг “амьд вакцин” болох магадлалтай гэнэ. Гэхдээ үүний үр дүнг одоогоор зарлах нь эрт учраас багадаа долоо хоног хүлээх хэрэгтэй гэсэн байна.
ДАРХЛААЖУУЛАЛТ ХЭЗЭЭД ГАРЦ БАЙНА
Зөвхөн омикрон мутац гэлтгүй “Sars-cov-2” короновирусийн цар тахлыг дарахад вакцинжуулалт л ганц гарц. Эхний хоёроос гадна нэмэлтээр тун тариулах хэрэгтэйг ДЭМБ-аас ухуулан, уриалсаар байгаа. Вакциныг нэг удаа хийлгэхэд л хангалттай гэдэг уламжлалт ойлголтыг энэ удаагийн цар тахлын үеэр халсан нь шинэ коронавирусийн эсрэг тарилгыг асар богино хугацаанд бүтээж, эмнэл зүйн туршилтын хугацаагүй шахам нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээс аргагүй байсантай холбон тайлбарладаг. Нөгөөтээгүүр, вирусийн хувьсамтгай чанарт дэлхийн дулаарал, экологийн тэнцвэрт байдал, агаар, орчны бохирдол, хүн төрөлхтний хоол, хүнсний аюулгүйн баталгаа гэхчлэн өргөн хүрээнд асуудал байгааг “Ковид-19” хэлж, сэрэмжлүүллээ гэдгийг олон улс нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Тиймээс юуны түрүүнд эл цар тахлыг намжаахын тулд нэмэлт вакцинжуулалтад хамрагдах нь аврал болохыг мэргэжилтнүүд сануулж, зөвлөсөөр. Өнөөдрийн байдлаар иргэдээ вакцинжуулах, нэмэлт тунд хамруулах тал дээр Америк, Хятад улс манлайлж байна.
Тарилгын хүртээмж, түгээлт, үйлдвэрлэлээс шалтгаалан мөн “Sars-cov-2”-ын мутац хэлбэрүүд, тэр дундаа дельта, омикрон хэлбэрийн халдварын тархалтын явцаас үүдэн 1-2 төрлийн вакциныг хольж хийх боломжийг судлан, ямар нэгэн сөрөг нөлөөгүй, магадгүй илүү үр дүнтэй гэсэн дүгнэлт олон улсын судалгааны багийнхан гаргаж, энэ замаар дархлаажуулахыг ДЭМБ Засгийн газруудад зөвлөсөн. Омикрон мутацын халдвар хэдийгээр өмнөхүүдээс илүү хурдан, эрчтэй тархаж буй ч дархлаажуулалтыг эрчимжүүлснээр цар тахлыг цурамд оруулах магадлал өндөр гэдгийг тус байгууллагын шинжээчид ухуулсаар байгаа.
ДЭМБ-ын төлөөлөгч уржигдар нэг сайн мэдээ дуулгасан нь шинэ коронавирусийн омикрон мутацын эсрэг эм удахгүй бэлэн болох аж. “Шинэ эм, бэлдмэл бүтээхийн төлөө олон орны мэргэжилтнүүд судалж, туршиж байгаагийн хэрээр итгэл найдвар нэмэгдсээр. Бид шинжлэх ухаанд найдах хэрэгтэй” гэж мэдээлсэн байна. Үнэхээр “Ковид-19”-ийн эсрэг эм бэлэн болчихвол цар тахлыг үдэх хугацаа удахгүй болов уу гэсэн итгэл найдварыг “дэврээсэн” мэдээллийг тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс хэвлэлийн бага хурлын үеэр хийв. Тэрбээр “2022 онд шинэ коронавирусийн тахлыг бүрэн дарна гэж таамаглаж байна” гээд ирэх оны дунд үе гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдсан тохиолдолд ийм үр дүнд хүрэх боломжтойг онцолжээ. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд бид вакцинаас татгалзах учиргүйг сануулав.
Тэгвэл Италийн эрдэмтэн, “Aifa”-гийн ерөнхийлөгч Жоржио Палу “Омикрон хэлбэрийн халдварыг эсэргүүцэхийн тулд гурван тун вакцин хийлгэх ёстой гээд “Нэмэлт тарилга хийлгэх шаардлагатай байгаа нь “Ковид-19”-ийн эсрэг өмнөх вакцинууд амжилтгүй байсан гэсэн үг огт биш. Бидэнд анхны үеийнхээс 40 дахин их эсрэг бие шаардлагатай байгаа учраас вакцины нэмэгдлээс зайлсхийх нь утгагүй“ хэмээн онцолсон нь хүн төрөлхтөн энэ удаа цар тахлаас аврагдах боломжийг жагсаал, цуглаан хийж эсэргүүцэж буй Европын орнуудын иргэдэд анхааруулга болов гэж үзэж болохоор.