Янзын адтай нүд, монхор хамар, дэндүү гэмээр мэдрэмжтэй, байнга л сэтгэл сэргээм инээмсэглэж явдаг тэр нэгэн эрхмийг мартахын аргагүй. Тэр бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар. Тэрбээр бидний дунд байсан бол 55 насны босго давчихсан явах байлаа.
Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг сумд хүүхэд насаа өнгөрүүлж, Улсын багшийн дээд сургуулиас Соёл урлагийн их сургууль өрх тусгаарлах үед анхных нь төгсөгч болж уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн эл хүмүүнийг “Дурсахуй”-гаар нэхэн санах гэж байна.
БӨХИЙН УДАМТ ХҮҮ
Л.Дэмидбаатарын аав Завхан аймгийн Их-Уул, ээж нь Нөмрөг сумын уугуул. Тэрбээр есөн хүүхэдтэй айлын хүү. Түүний аав 1964 онд дархан аварга Б.Түвдэндорж агсныг давж, улсын начин цолны босго алхсан бөх. Хүүхэд байхад нь дархан аварга Х.Баянмөнх, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайгаас эхлээд чөлөөт бөх, хүндийг өргөлтийн олон тамирчин тэднийхээр орж, гардаг байв. Тиймээс ч “Бөх болно” гэж мөрөөддөг хүү байж. Харин аав, ээж нь “Миний хүү дуучин бол” гэж захидаг байсан гэдэг. Хүүхэд насныхаа талаар тэрбээр “Багадаа Завхан аймагт эмээ, өвөөгийндөө зусаж, малын захад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Худгаас усаа авч, түлээ модоо хагалж, бусад хүүхдийн жишгээр л өссөн дөө. Миний ээж, аав есөн хүүхдээ бүгдийг нь их сургууль төгсгөж, ажил, амьдралтай нь залгуулсан буянтай хүмүүс” хэмээн дурсаж байв.
Нийслэлийн гуравдугаар дунд сургуулийн сурагч байхдаа Л.Дэмидбаатар “юм юм”-ны захтай хүү байлаа. Тухайлбал, банзан гитар тоглоод, эвлэг дуулчихна. Бас чөлөөт бөхийн спортоор хичээллэнэ. Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж, улсын арслан Б.Ганбаатар нарын удирдлагад бөхөөр хичээллэдэг байж. Гавьяат тамирчин, Кёкүшюзан Д.Батбаяр, улсын начин Цэнгэлсүрэн, С.Дэлгэрбаттай хамт хичээллэдэг байснаа тэрбээр дурсах дуртай байв. Д.Батбаяртай нэг байранд амьдардаг байсан болоод ч тэр үү, тэд дотнын найзууд байжээ. Харамсалтай нь, түүний чөлөөт бөхийн төрлөөр үзүүлсэн хамгийн том амжилт нь дүүргийн аварга. Амжилт нь түүнээс дээш ахихгүй болохоор нь “хаячихаж”. Улмаар агаарын теннис, шатар, даам, тэшүүр, боксоор ч хичээллэж үзсэн аж. Ингэж явсаар өөрийгөө урлагийн хүн болох ёстойгоо хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ спортоор хичээллэснээр өв тэгш хүмүүжилтэй, тэвчээр хатуужилтай болж, тэр хүмүүжил нь Л.Дэмидбаатарын урлагийн мэргэжилд эергээр нөлөөлснийг дурдалгүй өнгөрч боломгүй.
УРЛАГИЙН ХҮН БОЛОХООР ШИЙДСЭН НЬ
Дээр дурдсанчлан аав, ээж нь Л.Дэмидбаатарыг урлагийн хүн болгохыг бүр багаас нь хүсжээ. Багад нь ном их уншуулж, тавдугаар ангидаа “Номын сайн нөхөр” ч болж байв. Харин дунд сургуулиа төгсөх үедээ л жүжигчин болохоор шийджээ. Жүжигчин болоход нь монгол хэл, уран зохиол, түүхийн багш нар нь их нөлөөлсөн аж. Энэ талаараа “Монгол хэл, уран зохиолын гайхамшигтай багш нараар хичээл заалгаж байлаа. Тэд хүүхдүүдэд дэлхийн уран зохиолын хичээл заахын сацуу уншсан, мэдсэн сайхан зүйлсээ ярьж өгнө. Яг гоё хэсэгтээ явж байхад нь хонх дуугараад, хичээл завсарлачихдаг байж. Тэгэхээр олж уншихаас өөр аргагүй болдог байлаа” хэмээн хуучилж байв. Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид 1989 онд элсэж, 1992 онд Соёл урлагийн их сургууль болоход нь Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багшийнхаа удирдлагад төгсжээ.
УДЭТ-ЫН БОСГО ДАВЛАА
Театр, киноны нэрт найруулагч Г.Доржсамбуу гуай, “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр алдаршсан Л.Лхасүрэн багш нар нь Л.Дэмидбаатарыг театрын босго давахад нөлөөлжээ. Г.Доржсамбуу багш нь тухайн үед УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. СУИС-ийн анхны ангийг 1992 онд төгсөхөд шалгагч багш нар тэдний дипломын ажлыг үзэж, УДЭТ-т авах хүүхдүүдээ “онилжээ”. Тэдний нэг нь Л.Дэмидбаатар байв. 1990 онд Л.Лхасүрэнгийн найруулсан Ж.Б.Мольерийн “Бэрд” сонгодог инээдмийн жүжгийн Клеантын дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж, театрт ороод удалгүй А.Галины “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийг Э.Санчигдан найруулагч найруулахад Николай гэх цагдаагийн дүрээр тайзнаа гарч, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, С.Өлзийхүү нартай хамтран тоглож байв. Араас нь Р.Тагүрийн “Цусан тахилга” жүжгийн гол дүрийг бүтээсэн юм. Тэрбээр театр орсон даруйдаа гол болон туслах дүрүүдээр тайзнаа гарч эхэлсэн ч найруулагч нараас “эрүүний шөл” бараг л уугаагүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарыг уран бүтээлчид ширүүн дориун ааштай л гэдэг. Зарим нь ч айдаг байж. Харин Л.Дэмидбаатар түүний найруулсан “Харанхуй хад”, “Амьгүй албат” зэрэг жүжигт тоглохдоо загнуулж байгаагүй. Тэгэхээр хамгийн их загнах магадлалтай хүнээс хатуу үг сонсоогүйг бодоход хүний үг авахдаа сайн байж. Түүний ийм чанартай болсон нь Г.Доржсамбуу, Л.Лхасүрэн багш нарынх нь “хүнээр хүн хийх” гэсэн их хөдөлмөр, гавьяа байх. Киноны нэрт найруулагч Х.Дамдин түүнийг “Хөрвөх чадвартай жүжигчин юм” гэдэг байлаа.
ХАМГИЙН ХАЙРТАЙ НЬ ТИБАЛЬДИ
Л.Дэмидбаатар УДЭТ-ын тайзнаа 80 орчим жүжигт тоглосны 10 гаруй нь сонгодог бүтээл. Тэдгээрээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж 1996 онд “Ромео, Жульетта” жүжгийг Монголын үзэгчдэд хоёр дахь удаагаа тайзнаа “амилуулах”-д тэрбээр Тибальдигийн дүрд тоглож байв. Эл дүрд тэрбээр орлон тоглогчгүйгээр 10 жил тоглосон юм. Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсантай “Отелло” жүжгийн Ягод тоглох хувь түүнд тохиож байлаа. У.Шекспирийн “III Ричард Ван” жүжгийн ван Дорсэт, “Отелло”-гийн Яго, К.Гольдонийн “Буудлын эзэн авхай”-н тайж, Ж.Б.Мольерын “Дон Жуан”-ы Дон Жуан, Н.В.Гоголийн “Амьгүй албат”-ын Чичиков, В.Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм”-ийн Гренгуар, Р.Тагүрийн “Цусан тахилга”-ын өвгөн Рахура, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Далай, С.Жаргалсайханы “Хаан түүх I, II, III” туульсын гурван ангит жүжгийн Цоонг түшмэл, төрийн сайд Гэрэгэ, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Бушива, Л.Толстойн “Анна Каренина”-гийн Стива зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог, драмын, орчин үеийн 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг урлан бүтээжээ. Ингэхдээ он цаг, орчин нөхцөл харилцан адилгүй эдгээр янз бүрийн хүмүүсийн зан байдлын онцлогийг харгалзан, тухайн дүрээ сэтгэл зүйн талаас нь нягт нямбай бодож, урлан бүтээж, “Дэмидбаатарын дүрүүд” гэж овоглох байр суурийг олж чадсан авьяаслаг жүжигчин байлаа. Тэрбээр “Залуу байхдаа тоглосон жүжгүүдээ ээж, аавдаа үзүүлэх их дуртай байж. Эргээд бодоход урмыг минь бодоод “Баяр хүргэе” гэдэг байсан болов уу. Сүүлд аав минь миний тоглосон кинонуудыг хараад “Амьдралтай дөхүү, хүний сэтгэлд ойр байна. Зүгээр ч юм уу” гэх зэргээр урам өгдөг байлаа. Ер нь “Болж байна, сайн байна” гэж манай аав, ээж, багш нар огт хэлдэггүй. Миний эцэг, эх урам өгөхдөө сайн даа л “Овоо доо, дөхөж дээ” гэдэг байсан. Энэ бол бидний үеийн хүмүүжил байжээ” хэмээж байв.
АГУУ Н.НОРОВБАНЗАДЫН ШАВЬ
Багад нь өвөө, эмээ нь “Хөөрхөн халиун”, “Нарийн сайхан хээр” тэргүүтэй уртын дуу зааж өгсөн гэдэг. Жаахан томроод өөрөө сонирхлоороо нэлээд хэдэн дуу сурсан аж. Улсын багшийн дээд сургуульд оюутан байхад нь уртын дууны анги нээгджээ. Хот, хөдөөнөөс дуучид ирж, шавь сургалтад оролцдог байв. Нэг удаагийн шалгаруулалтад оролцож, ангийнхаа охинтой хамт тэнцэв. Ингэж л Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын шавь болсон байна. Энэ талаараа “Намайг уран бүтээлч болоход багшийн минь үлгэр дуурайл их байсан гэж боддог. Зорьсондоо хүрэхийн тулд тууштай, үнэнч байдаг нь надад их нөлөөлсөн. Олон улсын хэмжээний наадамд багштайгаа хамт оролцож байснаараа бахархдаг” хэмээж байв. Н.Норовбанзад багш нь уртын дууг үнэхээр хичээж дуулахад нь “Болж байна” гэж хэзээ ч хэлж байгаагүй аж. “За одоо тэгээд дуулахаас биш дээ” л гэнэ. Багш нь “Магтаал хүртсэн өдрөөсөө чи зогсоно гэдгээ мэдэж аваарай” хэмээн захидаг байжээ. Тэрбээр сэтгэл тавгүйрхсэн үедээ уртын дуугаа сонсож тайтгардаг уяхан нэгэн байлаа. Зөвхөн уртын дуу гэлтгүй 1960-1970-аад оны сэтгэлд хоногшсон дуунуудыг ч гайхалтай дуулчихдаг, гадаадын олон улсад уртын болон ардын дуу дуулан Монголынхоо урлагийг сурталчилж явсан эрхэм байв.
ХОШИН УРЛАГИЙН ШАНГ ТАТАЛЦАВ
1990-ээд оны эхэн үед олон жүжигчин хошин урлаг руу хошуурав. 1993 онд театрын залуу жүжигчин Н.Онон, И.Одончимэг, У.Уранчимэг, С.Өлзийхүү, Энхтуул, тэргүүтэй залуус нийлж, “Гэрэл сүүдэр” гэдэг хошин шогийн тоглолт хийсэн нь амжилттай болжээ. Үүний дараа Гавьяат жүжигчин Б.Батзаяа “Хошин урлагийн театр”-аа байгуулж, зарим жүжигчнийг гэрээгээр ажиллуулахад Л.Дэмидбаатар театртаа хоргодоод явсангүй. Гэхдээ удалгүй гэрээгээр тоглолтод нь оролцдог болов. Улмаар хошин урлагийн төрлөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн хоёр дахь хамтлаг болох “Өнгөт инээд”-ийг 1995 онд байгуулалцаж, дараа нь “Инээдмийн ТҮЦ” (одоогийн “Х ТҮЦ” продакшн )хамтлагийн үндэс суурийг ч тавилцсан юм. 2004 онд өөрийн “Гэрэгэ интернэшнл”-ийг байгуулж, 10 гаруй шоу тоглолт үзэгчдэд хүргэж байв. Тэрбээр хошин урлагийн тайзнаа бүтээсэн “Хортой алим ба хадам ээж”, “Хадам ээж”, “Хагархай Дэмчиг”, “Хуримын зууч”, “Амралтын амраг”, “Зиндаагаараа амьдаръя” зэрэг уран сайхны үзүүлбэрт шилдэг дүрүүдийг бүтээж, эмгэнэл, инээдэм, гашуун элэглэл зэргийг иж бүрэн хослуулан урлаж чадсан 200 гаруй дүрийг бүтээсэн хошин урлагийн нэрт мастер байв. Жүжигчин хүн ямар ч төрөлд хүч үзэх чадвартай байх ёстойг өөрөөрөө үлгэрлэж явлаа.
ДЭЛГЭЦЭД МӨНХӨЛСӨН ДҮРҮҮД
Л.Дэмидбаатар Монголын телевизийн анхны олон ангит бүтээл болох Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Гомбын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Соёлтын найруулсан “Эзэнгүй айл” 24 анги киноны Саруулын дүрд тоглосныг үзэгчид андахгүй. Түүнчлэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдины “Эр хүн” киноны Цэгмид, “Түгшүүрт шөнө”-ийн ахмад Төгсөө, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын “Гэнэн гурав” киноны Шоохууз, Ж.Биндэрийн “Далдхан хайр” киноны Гооёо, М.Уртнасангийн “Бурхны ерөөлөөр” киноны лам Цэрэндорж, “Боловсрол суваг” телевизийн “Гурван найз” олон ангит киноны Баасан ах, МҮОНТ-ийн “Саятан болох дамжаа” киноны Явуу, “Босго тотго”-ын паргиа гавж лам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы “Үхэж үл болно: Чингис хаан” киноны нялх Сэнгүм зэрэг 30 гаруй дүрийг амжилттай бүтээсэн дэлгэцийн урлагийн чадварлаг уран бүтээлч билээ. Тэрбээр “Уран сайхны кинонд ихэвчлэн баян хүн, харамч этгээд, хот газрын ааш муутай аавын дүрд тоглосон байдаг. Морь унаж, монгол ахуйг харуулсан дүрд тоглохыг хүсдэг. Бодит амьдралаас сэдэвлэсэн дүр байвал бүр ч сайхан. Хөдөө өссөн болоод ч тэр үү, ийм дүр сэтгэлд минь илүү ойр санагддаг” хэмээсэн нь түүнтэй хамт алсарчээ.
АЛТ ШИГ БАГШ
Тэрбээр Бумаагийн дүрээрээ олны сэтгэлд хоногшин үлдсэн Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Гавьяат жүжигчин Лха.Долгор нарыг хүндэлж, биширдэг байлаа. Түүнчлэн Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг нарын шавь гэдгээ байнга дурддаг байв. Харин тэрбээр өөрөө соёл, урлагийн боловсролын салбарт хүчин зүтгэж, 2005-2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд, 2018 оноос “Сити” сургуульд багшилсан сурган хүмүүжүүлэгч. Энэ хугацаанд ирээдүйн уран бүтээлчдийн олон арван дипломын ажил удирдан, В.И.Жамъяакийн “Ноён Амелькар”, Д.Батбаярын “Гэгээ”, А.Вампиловын “Чулимскд болсон явдал”, Н.Ганхуягийн “Удган модны домог” зэрэг жүжгийг найруулан тавьж, төв, орон нутгийн театрууд, хамтлаг продакшн, кино телевизийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид, шавь нарыг бэлтгэхэд мэдлэг боловсрол, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан багш байв. Зүгээр ч нэг багш бус, шавь нараа мэдэрч, тэдний авьяасыг нээж, хамтран ажиллаж, сайн жүжигчин “төрүүлдэг” жинхэнэ багш байв. Түүний даан авч, төгсгөсөн анхны ангийнхан нь урлагт тод мөртэй яваа. УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, Т.Сэргэлэн, Г.Номуун, СУИС-ийн багш Я.Билгүүнсар, “Х ТҮЦ” продакшны жүжигчин З.Номундарь, жүжигчин Б.Билгүүн, Г.Баттулга, У.Эрдэнэбаяр нарын уран бүтээлч түүний шавь. Багш нь түүнд “Аливаа уран бүтээл хийхэд чин сэтгэлээ зориул. Мөн ямар ч саад бэрхшээл байсан түүнийг дав. Уран бүтээлийг ард түмэнд хүргэхийн тулд өөрийгөө элээ” гэж заасныг тэрбээр шавь нартаа уламжлуулан захидаг байлаа.
АЛСАРСАН МӨРӨӨДӨЛ
Өөрийн уран бүтээлээ оршсоор байх болно гэдгийг харуулж 2016 онд “Оршихуй” тоглолтоо тэрбээр үзэгчдэд хүргэсэн юм. Бие даасан тайлан тоглолтоо хийхийг удаан мөрөөджээ. Бас нэгэн мөрөөдөл нь кино найруулах байв. Найруулах олон санал ирдэг ч өөрийгөө бэлэн болоогүй гээд татгалзсаар ирж. Харин таалал төгсөхийнхөө өмнөхөн мөрөөдлөө биелүүлэхээр зориглосон байсан ч гүйцээж амжаагүй юм. Тэрбээр “Найруулагч гэдэг тусгай мэргэжил шүү дээ, базарваань. Найруулагч хүн жүжигчнийг төрүүлдэг. Хэзээ нэгэн цагт миний найруулгаар дэлгэцийн бүтээл төрнө” хэмээдэг байлаа.
Тоглосон дүрүүдээрээ сэтгэлээ тэжээж, биеэ эрчилж, хөвчилж, зовоож, өөрийн хүслээр амьдрах эрхгүй мэт амьдарч байсан он жилүүд нь түүний жаргал байж. “Жүжигчин хүн ямагт өөрийгөө хөглөж, дандаа шинэчлэх хэрэгтэй. Уран бүтээлч болъё гэвэл өөрийгөө элээж, хөдөлмөрлө. Хий, эсвэл зайгаа тавь” гэж үргэлж захидаг байсан үгээр нь энэ удаагийн “Дурсахуй”-гаа төгсгөе.
Бэлтгэсэн А.Тайшир