Багш: -За дагаад хэлээрэй А-ЛИ
Хүү: -А-НИ
Багш: -Засаад хэлээрэй, А-ЛИ-М, АЛИМ
Хүү: -А-НИ-М, АНИМ…
“Бяцхан эрдэмтэн” гэх нэртэй, хэл заслын тусгай цэцэрлэгийн багш, шавь хоёр ийнхүү хичээллэж байв. Тэдний хажууд суух бяцхан охин уруул дээрээ харандаа тогтоох гэж оролдож байлаа. Энэ нь өгүүлэхүйн эрхтнийг хөгжүүлэхэд тустай гэнэ. Хүүхдүүдийн зарим нь дүрс хайчилж, нэг хэсэг нь “Томатис” гэсэн бичигтэй чихэвч зүүжээ. Энэ нь энгийн чихэвч биш аж. Хэл заслын “Томатис” аргаар хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжиж, анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, уншихуйн болон бичихүйн бэрхшээлийг арилгадаг гэнэ. Моцартын бүтээлийг өндөр болон нам давтамжтайгаар боловсруулан эмчилгээнд ашиглах аргыг Францын эмч Альфред Томатис санаачлан нэвтрүүлжээ. Тэрбээр хүн зөвхөн сонсож чадаж байгаа дуу чимээгээ өөрөө “үйлдвэрлэдэг” гэдгийг илрүүлсэн байна.
Хүүхэд нэг үгийг 2000-6000 удаа сонсож байж давтан хэлж, утгыг нь ойлгон, харилцаандаа ухамсартайгаар хэрэглэж чаддаг болдог гэнэ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, хүүхдүүд дөрвөн хананы дунд дэлгэц ширтэж өнгөрүүлсэн. Энэ нь хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлснийг хүүхдийн сэтгэл судлаач, боловсрол судлалын доктор, “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхнасан хэлсэн юм. Тэрбээр “Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хэл ярианы бэрхшээлтэй байна. Саяхан цэцэрлэгийн 22 багшаас судалгаа авсан юм. “Ангид нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байдаг уу” гэж асуухад 88.2 хувь нь “байдаг” гэж хариулсан. Нэг ангид дунджаар 25 хүүхэд сурдаг гэж үзвэл 460 орчим хүүхэд болно. Багш нарын хариултаас харахад тэдгээр хүүхдийн 12.5 хувь нь хэлд ороогүй байна. 2-5 настай хүүхдүүдийг тандалт судалгаанд хамруулсан юм. Тандалт судалгаанаас харахад л хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо ийм өндөр гарлаа. Авиа буруу дууддаг, “бөөрөнхий” хэлтэй хүүхдийг зарим багш өхөөрдөж, хэл ярианы бэрхшээлтэй гэж үздэггүй. Тиймээс ийм бэрхшээлтэй хүүхдийн тоо илүү олон байх магадлалтай. Авиа буруу дууддаг хүүхэд сургуульд ороод багшийн хэлснийг сайн ойлгохгүй, үгээ буруу сонсож, алдаатай ярьж, бичдэг. Тухайлбал, ц авиа хэлж чаддаггүй хүүхэд хоёр, гурван ц үсэг орсон үгийн утгыг ойлгодоггүй. Хэл ярианы бэрхшээлийг цэцэрлэгийн багш илрүүлэх ёстой. Гэтэл багш мэдэхгүйгээсээ болж хүүхдийг дэмжих бус, хохироож байна” гэлээ. Мөн эцэг, эхчүүд хоёр настай хүүхдээ өгүүлбэрээр ярихгүй байхад нь “Яваандаа ярьдаг болно”, “Аав, ээж нь хэлд оройтож орсон” гэх мэтээр тоохгүй байсаар хугацаа алддаг ажээ.
Хэл яриа нь бие бялдрын хөгжлөөс шууд хамаардаг байна. Эхийн жирэмслэлтийн явц, төрөх болон төрсний дараах үеийн хүндрэл, хүүхдийн жин, хөхөөр хэр хугацаанд хооллосон, хөлд хэзээ орсон зэрэг нь хэл ярианы хөгжил хэвийн байхад нөлөөлдөг аж. Хүүхэд ямар нэг зовуурийн улмаас удаан хугацаанд дутуу нойртой байвал танин мэдэхүй, сэтгэхүйн хөгжил нь хэвийн явагдах боломжгүй гэнэ. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд оройтож хэлд ордог, 4-5 нас хүрсэн ч огт ярихгүй байгаа шалтгааныг Ж.Мөнхнасан багшаас тодруулахад “Хүүхдийн ерөнхий том булчингууд хөгжиж, хөлд орсны дараа жижиг булчингуудаа түрж хөгждөг. Гэтэл хүүхэд орой хөлд орсон, хөдөлгөөн нь хомсодсоны улмаас жижиг булчингаа түрж хөгжүүлэх ёстой том булчингууд үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Булчинг тэжээдэг уураг болох махыг одоогийн хүүхдүүд идэх нь багассан. Энэ нь булчингийн хөгжилд нөлөөлж байна. Нөгөө талаас монгол хэл хатуу дуудлагатай, сурахад хүнд. Чанга, тод ярихын тулд жижиг булчингийн хөгжил маш их шаарддаг. Өгүүлэх эрхтний булчингууд сайн хөгжиж байж тод чанга ярьдаг болно. Дөнгөж хэлд орж буй хүүхэд хэлэхэд амар “Yes, no, mommy” гэх үгийг сурчихсан байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ “Ээж ээ” гэж хэлж чаддаггүй. Гурав, дөрвөн нас хүрч байж ж авиаг хэлж сурдаг. Орос хэл монголтой ойролцоо дуудлагатай “хатуу” учраас ярианы бэрхшээл тэнд ч их тохиолддог. Тиймээс ОХУ-ын цэцэрлэгт 200 хүүхэд тутамд нэг хэл засалч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тэдний дунд хэл ярианы гажигтай 20 хүүхэд байлаа гэхэд тухайн багш ганцаарчилсан хөтөлбөр боловсруулж, сургуульд сурахад нь бэлтгэдэг. Гэтэл манай улсад зөвхөн тусгай сургуульд л хэл засалч ажилладаг. Жүжигчин мэргэжилтэй хүн хэл заслын сургалт явуулах жишээтэй. Хүүхэд ярьж чадахгүйгээсээ болж сэтгэл зүйн дарамтад орж, ганцаардан, гадуурхагддаг. Тиймээс цэцэрлэг болон бага ангийн багш нар хэл ярианы бэрхшээлийн талаар зөв ойлголт мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнийг манай улс бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай” гэсэн юм.
Хүү нь таван нас хүрсэн ч өгүүлбэр холбож ярьж чадахгүй байсан учир хэл засалчид хандсан талаараа нэгэн ээж ярив. Тэрбээр “Хүү минь анх англиар үг хэлж, ярьж эхэлсэн. Бид ч үүнийг нь өхөөрдөөд, эх хэлээ бол сурчих байх гэж бодсон. Уг нь бид Монголдоо амьдарч байсан. Эргэн тойрных нь бүх хүн монгол хэлээрээ ярьдаг учраас асуудал гарахгүй гэж бодож байлаа. Гэтэл хүү минь монголоор огт ярихгүй байсан тул мэргэжлийн багшид хандсан. Хүүг минь дэлгэцийн хамааралтай гэж оношилж, тохирсон арга зүйгээр ажилласны эцэст эх хэлээрээ ярьдаг болж, одоо сургуульдаа амжилттай сурч байна. Ярьж чадахгүйгээсээ болж хүү минь сургуульд суралгүй нэг жил өнжсөн. Бид багшийн заасан арга барилаар уйгагүй ажилласан. Яг л гадаад хүнд монгол хэл зааж байгаа мэт үг бүрийг цээжлүүлж, нүдлүүлсэн. Гэхдээ заримдаа ганц хоёр үгийн утгыг сайн ойлгохгүй асуудаг юм” гэв.
Энэ хүү шиг англи үгээр хэлд орж, гайхалтай сайн ярьж сурсан хүүхдүүдийг буруутгах гэсэнгүй. Хамгийн чухал нь хүүхэд дэлгэцтэй биш, эцэг, эх, гэр бүлийнхэнтэйгээ “амьд” хариллцаатай байх нь хэл ярианы бэрхшээл үүсэхээс сэргийлдэг гэдгийг хэл засалчид хэлснийг онцолъё. Эргэн тойронд нь хүмүүс монгол хэлээрээ ярьж байна. Хүмүүстэй харилцахын тулд хүүхэд өөрийн орчин дахь хэлийг эзэмших хэрэгтэй. Хүүхэд даган дуурайж, үйлдлээр суралцдаг. Гэтэл бид монгол, англи хэлээр хольж яриад байхаар яг алийг нь сурахаа мэдэхгүй, учрыг нь ойлгох гэж явсаар танин мэдэхүйн хөгжил нь хоцрох тал бийг мэргэжилтнүүд уламжилсан билээ. Ж.Мөнхнасан “Эхлээд англи хэл сурсан хүн дараа нь эх хэлээ сурах амаргүй. Тийм хялбар байсан бол гадаад иргэд монгол хэлийг дорхноо сурах байсан биз. Мөн цар тахлын улмаас хүүхдүүд дэлгэцээс өөр “найз”-гүй болсон нь хэл ярианы бэрхшээл үүсэхэд нөлөөлсөн. Хүүхэд аливааг зажлах, барих, урах, хайчлах, турших, гүйх, харайх зэргээр таньж мэддэг. Гэтэл энэ бүх хөдөлгөөнийг нь хориод, чимээгүй орчинд дэлгэцийн өмнө “уячихсан” шүү дээ. Дэлгэц бол техник. Техникийн дуу чимээний өндөр долгионд хүүхдийн тархи дасчихдаг юм. Хүний махан биеийн “үйлдвэрлэж” буй авиа тэр чимээнээс хоёр дахин нам долгион дамжуулдаг. Дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүд ийм нам дуу чимээг хүлээж авах чадваргүй байдаг” гэв. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлийг оношлохдоо няхуур хандах хэрэгтэйг онцолсон. Тухайлбал, хэлд орохгүй байгаа хүүхэд ихэвчлэн ганцаараа тоглодог, нэрээр нь дуудахаар эргэж харахгүй байх нь элбэг аж. Зөвхөн энэ шинжээр нь аутизмтай гэж оношилж болохгүйг сануулсан. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдээ өдөр бүр дасгал, сургуулилалт хийлгэж, тамирчин шиг тогтмол хичээллэсний эцэстхарилахиц дэвшил гарах боломжтойг хэл засалчид зөвлөв. Тэвчээр шаардсан тасралтгүй үйл ажиллагааны хүчинд л үр дүн гардаг байна.
Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл нь авиан буруу дуудлага аж. Энэ нь хэдий жижиг асуудал мэт боловч авиа буруу хэлээд сурсан хүүхдийн цаашдын танин мэдэх сурах үйл явцад саад учирдаг байна. Буруу дуудсанаар алдаатай бичиж, үүнээсээ болж “муу сурлагатан” гэж цоллуулж болзошгүй. Тиймээс хүүхдээ сургуульд орохоос нь өмнө буруу хэлдэг авиаг зөв дуудаж сургах нь чухал. Тухайлбал, р авиаг хэлж чадахгүй байлаа гэхэд хэлний дасгал хийлгэж, эхлээд нэг, дараа нь хоёр үетэй үг хэлүүлэн, өгүүлбэрээр яриулж, үүнийгээ өдөрт олон удаа давтан зүгшрүүлэх хэрэгтэйг “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн багш нар хэлсэн. Тус цэцэрлэгт сурсан хүүхдүүдийн 80 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд элсжээ. Хөнгөн хэлбэрийн дауны хам шинжтэй, аутизмтай хүүхдүүд хэл ярианы бэрхшээлээ даван туулахын тулд хичээнгүйлэн сурч байна. Телевиз үзэж, iPad тэврэхээс өөрийг мэдэхгүй, аутизмтай, зургаан настай хүү өнөөдөр үйлдэл дагаж дуурайн, өгүүлбэрээр ярьж сурчээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Бямбасүрэн хэл ярианы бэрхшээлийг засахад харилцаа чухал болохыг онцоллоо. Тэрбээр “Хэл ярианы хөгжил нь хүний нийгэмшихүйн хөгжлөө дагаж явдаг. Өөрөөр хэлбэл, бодит харилцаа, хэрэгцээн дээр тулгуурлан хэл яриа эхлээд бодол болон хөгжиж, түүнийг харилцааны хэлбэрээр илэрхийлснээр үйлдэл гардаг. Тэгэхээр хэл яриаг хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс нь ганцхан эцэг, эх биш. Хүүхэд хэдий өргөн цар хүрээгээр хүмүүстэй харилцана, ярилцах хэрэгцээ төдийчинээ гарч ирдэг. Ингэснээр эхлээд авиа, үг зэрэг давталтаар, дараа нь хоёр үг холбох (өөрөөр хэлбэл, өгүүлбэрээр), дараа нь энгийн өгүүлбэрээр ярьж эхэлдэг. Гол нь хэл яриаг хөгжүүлэх төрөл бүрийн орчин, ярианы сэдлүүд, функцуудыг бий болгох, дадлага их хийлгүүлэх нь чухал. Ингэснээр хүүхдийн хэл яриа, харилцаа хөгждөг. Хэл ярианы хөгжлийн хэд хэдэн үе шат байдаг. Эхийн хэвлийд байхаас л хүүхдийн хэл яриа хөгжиж эхэлдэг. Хүүхэд ганганах хүртэл утга учиртай. Ээжтэйгээ эхийн сүүний үнэрээр танилцаж, харилцаж эхэлдэг. Яг аль үе шатанд нь алдаа гарч, зогсонги байдалд оров гэдгээс эхлэн засах хэрэгтэй. Ганцхан авиа засал хийх гэж оролдох нь өрөөсгөл, хүүхдийн хэлний хэрэглээ, бодол сэтгэлгээг хөгжүүлж байж л хөгжинө. Зөвхөн хэл биш, харилцааг хөгжүүлэх нь бас чухал” хэмээв.
Хүүхдээ хэрхэн сургах талаар эцэг, эхэд нь арга барил эзэмшүүлснээр, гэртээ тууштай хэрэгжүүлж бэрхшээлийг даван гарсан тохиолдол цөөнгүй юм билээ. Тусгай сургуульд сургахаас өөр сонголтгүй гэх хариу сонссон олон эцэг, эх хүүхдээ энгийн сургуульд сургаж чадсан нь үүнийг гэрчилнэ. Хүүхдээ дэлгэц, техникийн дуу чимээнээс холдуулж, бие бялдрын хөгжлийг нь дэмжин, дасгал хөдөлгөөн хийлгэж, аягаа долоох, хоолойгоо зайлах зэргээр өгүүлэхүйн эрхтнүүдийн булчинг хөгжүүлэх, мах идүүлэх, зажлуулах, агаарт гаргах зэрэг энгийн хэрнээ төдийлөн хэрэгжүүлдэггүй зөвлөгөөг Ж.Мөнхнасан багш хэлснийг сурвалжилгынхаа төгсгөлд онцолъё.