Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байдаг “Ид шидийн орон-2” хүүхэд хөгжлийн төвд өнгөрсөн бямба гарагт орчин үеийн урлагийн өдөрлөг болов. “Art space 976” буюу хуучнаар “976” галерейгаас Улаанбаатарын иргэдэд урлагийг ойртуулах зорилгоор санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээ хэд хэдэн хэсгээс бүрджээ. Улиастай дахь “Ид шидийн орон” байрлах гудамжийг урлагийн болгож, 400 метр хашааг уран зургаар болон дүрслэх бусад төрлийн аргаар гоёсон байлаа. Эднийх өнгөрсөн оноос Монголынхоо контемпорари уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран гэр хорооллын гудамж, талбай, хашааг урлагтай болгох төслүүдийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт амжилттай хэрэгжүүлснээ ийнхүү үргэлжлүүлж буй аж.
Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу нэгэн сонирхолтой “үзмэр”-ийг ихэд таашаав. Үзмэр хэмээж буй нь учиртай. Энэ нь “Нүүдлийн улаан булан” хэмээх нэртэй, олон улсын гэр урлан юм. “976”-гийнхан ирэх оноос “Гэр резиденс” хөтөлбөрийн хүрээнд олон улсын уран бүтээлчид, кураторуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд урлагийн төслүүдээ Улиастай орчимд хэрэгжүүлэх аж. Тэдний уг санаачилгыг “Ид шидийн орон”-ыхон дэмжиж, хашаандаа хоёр гэрийг нь байршуулж, мөн хүүхдийн хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагааныхаа хүрээнд хамтрахаар болжээ. Гэр урланд гадаадын уран бүтээлчид байрлаж, бүтээлээ туурвих гэнэ. Нэг гэр нь амьдрах, бүтээх орчин бол нөгөөх нь амрах, ажил хэргийн уулзалт, улмаар урлагийн тоглолт ч зохион байгуулах зориулалттай. Жирийн л гэрийн доторх тавилга сэлтийг үл ялиг “урлагжуулан” байршуулснаар орчин үеийн тохилог нэгэн өргөө болгон хувиргасан нь тааламжтай байлаа. Төслийг “Гёте” институт, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам хамтран байгуулсан Олон улсын тусламжийн сан болон Соёлын яамны Соёл урлагийг дэмжих сангаас дэмжсэн байна.
Өдөрлөг болон Гэр урлангийн нээлтэд үг хэлсэн ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Регина Рутенберг “Цар тахлын үеийн хүнд нөхцөл байдалтай дасан зохицож амьдрах, даван туулахаас аргагүй ийм цаг үеийн золиос нь уран бүтээлчид болж байна. Зөвхөн Монголд бус, дэлхийн өнцөг булан бүрт нөхцөл байдал адилхан. Сэтгэлээ тайтгаруулах, өөрсдөдөө байгаа боломжийг олж харах бололцоог урлаг бидэнд олгодог учраас ялангуяа энэ цаг үед улс үндэстэн бүрийн уран бүтээлчдийг дэмжих нь чухал. Тийм учраас “Гёте” институт ХБНГУ-ын Гадаад хэргийн яамтай хамтарч уран бүтээлчдэд, энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудад тусламж үзүүлэх зорилгоор олон улсын тусламжийн сан үүсгэн байгуулсан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Өмнөд Африк, Казахстан, Индонез, Энэтхэг, Бразил, Серби, Тайланд гээд 59 орны 200 орчим байгууллагад зургаан сая еврогийн тусламж үзүүллээ. Бид Монгол Улсад, уран бүтээлчдэд нь тусалж буйдаа баяртай байна. Энд байгуулсан гэр урланд олон улсын уран бүтээлчид монголчуудтай хамтран ажилласнаар, бүтээл туурвилаа олон нийтэд зориулснаар хүмүүсийн урлагийн төлөөх хандлагад ахиц дэвшил гарах, харилцан ойлголцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд олон талын ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Гэр урлангийн талаар түрүүнд цухас дурдсан тул хөтөлбөрийн хүрээнд толилуулсан бас нэгэн үзүүлбэрийн талаар мэдээлье. “Ид шидийн орон” төв рүү ороход монгол дээлтэй, 4-10 орчим насны 20-иод хүүхэд байсан юм. Чухал ажилтай нь харахаас ойлгомжтой байсан л даа. Зочид гэр урлантай танилцаж байхад зохион байгуулагчдын нэг нь “Хүмүүс ээ, гудамж руу гаръя, эхэлж байна шүү” гэх дуунаар бүгд гадаалав. Зүүн гудамжны эхнээс нааш өнөө хөөрхөн хүүхдүүд бөөнөөрөө яваа харагдана. Тэдний дунд бөөрөнхийдүү хэлбэртэй сэрийж сарайсан юмыг гар алдлан өргөж яваа хүн байх аж. Тэрбээр үе үе хашхирахад хүүхдүүд дагана. Ямар л дуу авиа гаргана, яг л дуурайна. Хүүхдүүд гартаа мод барьжээ. Зарим нь зүгээр л өргөж явахад нэг, хоёр нь түүгээрээ газар луу цохиж байв. Юу болж байна вэ гэж бодлоо. Тэд ойртож ирэхэд нь харвал өнөөх дэлхийн бөмбөрцөг гэмээр, үгүй бол монгол гэр ч гэхээр үзүүлэнг өргөж яваа эрэгтэй бол зураач Т.Энхболд болохыг танилаа. Тэрбээр Венецийн, монголчууд анх удаа оролцсон биеннальд Монголын уран бүтээлчдийн сэтгэлгээний болон дүрслэн бүтээх чадварыг дэлхийн урлагийн ертөнцөд таниулж чадсан зураач юм. Өргөж яваа нь та, бидний гэр, тодруулбал, гэрийн мод л аж. Түүнийг “Ид шидийн орон” төвийн үүдэнд авчирч, хүндэтгэлтэй нь аргагүй байршуулаад, дотор нь аргал, хомоолоор уугиулав. Орчныг ариулж байгаа юм болов уу гэж бодлоо. Тэгснээ дахин чанга хашхирснаа хувин дүүрэн цас толгой дээрээ цацуулав. Хүүхдүүд хараад л байсан. Хэн нь ч юу ч гээгүй. Гэхдээ бүгдийнх нь харцанд “Яаж байгаа юм бол” гэсэн асуулт тодорч байх шиг. Үстэй дээлтэй зураач бараг 400 метрийн тэртээгээс гэрийн мод гар алдлан өргөж ирэхдээ халууцаа биз ээ. Хацар нь улаа бутарч байлаа. Төд удалгүй 10-ын хувин дүүрэн цас цацуулчихаар уур савссан. Ер нь юу болоодхов. Ямар утга учиртай үзүүлбэр юм бол. Энэ талаар уран бүтээлчээс тодрууллаа.
…Тэд өөрийн гэсэн соёлтой, зохист хэрэглээтэй монгол оршихуйн тухай, өнөөдөр энд байгаагүй хүүхдүүдээс арай өөр бодолтой болж өссөн байх болов уу. Яагаад гэвэл тэд үйл явдалд оролцсон, үйлдсэн, мэдэрсэн. Тэр нь чухал. Насан турш сэтгэлд нь байх мэдрэмж бол юутай ч харьцуулшгүй их хүч, нөлөө…
-Та юу хийв ээ?
-Үйлдэл.
-Юу хэлэхийг зорив?
-Хүүхдүүдэд насан туршид нь үл мартагдах сэдэл өгөх гэсэн юм. Тэд өнөөдөр юу болж байгааг, яагаад надтай хамт алхаж, бас болоогүй мод, саваа барьж, хашхирч явах болов гэдгээ ойлгохгүй ч том болсон хойноо ч мартахгүй. Өөрөөр хэлбэл, монгол гэр, аргалын утаа, үнэрийг санаж явах болно. Товчхондоо, хүмүүст ирээдүй рүүгээ харахыг, анхаарлыг тийш хандуулж ажиллаж, амьдрахыг давхар сануулах гэсэн юм. Соёлын үнэлэмжтэй зүйлүүдээ ирээдүйд яаж авч явах ёстой юм, олон талт хэрэглээгээ яах юм, өдгөө бялхаж байгаа баялаг тодорхой нэгэн цагт дуусахад яах билээ. Эдгээр асуултад хариу хайх, гарц, гаргалгаа олох нь өнөөгийн бидний үүрэг. Бидэнд цаг хугацааны хэлхээс, холболт байдаг. Тэр нь түүхийн сургамж, соёлын өв, өвөг дээдсийн захиас юм. Тэгэхээр өнөө, маргаашийнханд гэхээс илүүтэй ирээдүйн хүмүүст зориулж санаа бодлоо урлагаар дамжуулж эртхэн илэрхийлж байх нь зүйтэй санагддаг.
-Хүүхдүүдэд юу хийхийг нь урьдчилж хэлсэн үү?
-Үгүй. “Орчин үеийн урлагийн өдөрлөг болно. Монгол дээлтэй ирвэл зүгээр шүү” л гэж эцэг, эхэд нь хэлсэн. Аав, ээжүүд нь охид, хөвгүүдээ жимбийтэл хувцаслаад авчирчээ. Бага байхад ой санамжид тусаж, үлдсэн гоц гойд мэдрэмж насан турш хадгалагддаг. Тиймээс хэдхэн хүүхдийн ч болов оюун ухаанд ердийнхөөс өөрөөр нөлөөлөхийг зорьсон юм. Тэд өнөөдөр юу үзсэнээ, яагаад мод бариад надтай хамт хашхирч явснаа ойлгохгүй байж болно. Тэдэнд эцэг, эх нь, багш нар нь тайлбарлаж өгвөл ойлгож ч магад, үгүй ч байж мэднэ. Гэхдээ тэд хэдэн жилийн дараа эргэж бодохдоо ухаарсан байх болно. Тэд өөрийн гэсэн соёлтой, зохист хэрэглээтэй монгол оршихуйн тухай, өнөөдөр энд байгаагүй хүүхдүүдээс арай өөр бодолтой болж өссөн байх болов уу. Яагаад гэвэл тэд үйл явдалд оролцсон, үйлдсэн, мэдэрсэн. Тэр нь чухал. Насан турш сэтгэлд нь байх мэдрэмж бол юутай ч харьцуулшгүй их хүч, нөлөө. Үүнийг урлагаар дамжуулж өгөх нь уран бүтээлч бидний сэтгэлийн чанад дахь хүсэл. Мод, саваа барьж хамт алхан, хашхирч, хажуугаас нь сонирхон харж яваа хүмүүсийн гайхсан харцтай тулгарсан нь л өнөөдөртөө тэдэнд чухал. Хүүхдийн оюун ухаан бол цэвэр цаас шиг хиргүй. Тэдэнд өдий насанд нь юу зааж, сургана, түүнээс ирээдүй нь хамаарна. Энэ удаагийн үзүүлбэрийн цаад зорилго энэ юм.
-Үүнийг эхэндээ дэлхийн бөмбөрцөг юм уу гэж харсан. Гэтэл гэр юм байна.
-Бөмбөрцөг гэж ойлгож болно оо. Ерөнхийдөө ийм жижиг гэр ашиглах болсон минь бусадтай орон зайн харилцаа үүсгэхэд хамгийн боломжийн хэрэгсэл гэж сонгосон юм. Би байгальд байх, тэнд бусадтай харилцаа үүсгэх дуртай. Гэхдээ хотод ч музей, галерейд үйлдэл хийж, санаагаа илэрхийлж болдог. Монголчууд ажиглалт, төсөөллөөр Азид бол дээгүүрт ордог гэж боддог. Буурлуудаа аваад үзье л дээ. Дурын малчин өвгөн уулын оройд гарчихаад ийш тийш дурандаж суух нь малаа харж, хайгаад байдаг хэрэг биш юм. Орчлон ертөнцийн, үр хүүхэд, ирээдүйнхээ талаар бодож суудаг болов уу. Өнөөдөр бидний олонх нь суурьшмал соёлын зах зухтай болсон ч тэр л буурлуудын үр сад учраас орчлон хорвоо, хүний амьдралын талаарх ойлголт, төсөөлөл ялгаагүй өргөн байх учиртай. Энэ чанараа бүү алдаасай, алсад хардаг байгаасай, ухаалаг амьдраасай гэж хэлэхийг хүсдэг. Хөдөлгөөн, орон зайн мэдрэмж, алсын хараатай байхад амьдралаа сайхан авч явна. Ялангуяа гэр хороололд нүүдлийн хэв маягийн элемент хангалттай байдаг болохоор хашаа хороогоо янзалж, түлээ түлшээ бэлтгэж байхдаа л дараагийнхаа алхмыг тооцдог. Энэ бүхнээс үйлдлийн урлаг, паблик арт гэдгийг үүсгэн бий болгосон чиг хандлага дэлхийн дүрслэх урлагт тодорхой байр суурь эзлэх болжээ. Хамтаараа, харилцаанд тулгуурлан үйлдэл хийх гэсэн агуулгатай. Өнөөдөр хүүхдүүд хоолойныхоо чадлын хэрээр дуу гарган үйлдэл хийж, хүмүүстэй харилцаанд хамт байлаа шүү дээ. Тэгэхээр урлагийн аргаар оюун ухаанд нь сэдэл өгөхийг л хичээсэн хэрэг.
-Та гадаад орнуудад, харийн хүмүүст үүгээрээ юу гэж хэлэхийг зорьдог вэ?
-Венецийн биеннальд оролцохоос өмнө БНСУ-ын Бусаныхад очсон л доо. Тэгэхэд гэрээ өргөөд, далай руу орж, гарах, эрэгт нь элс, шавраар дүрслэх зэрэг үйлдэл хийж байлаа. Үүгээрээ хүмүүст нээлттэй харилцаа үүсгэх чухал, хувь хүн эрх чөлөөтэй байх нь үнэ цэн юм гэсэн санаа илэрхийлсэн. Үзэгчид их сонирхож байв. Монгол гэр бол байгальтайгаа нээлттэй харилцахад хамгийн тохиромжтой сууц гэж ч ойлгуулахыг зорьсон. Венецэд бас энэ л үзэл бодлоороо үзүүлбэрээ харуулсан. Хотын захиргаанаас нь 14 байршилд гэр барих зөвшөөрөл аваад ажилласан. Биенналийн олон хоногт Европын, ер нь олон орны хэдэн мянга, сая хүнд монгол гэр, ахуй, соёлын талаарх мэдээлэл хүргэж чадсандаа баяртай байдаг. Энэ бүхнийг би куратор Б.Гантуяагийн хичээл зүтгэлгүйгээр хийж чадахгүй байлаа.
-Таны санаа, үзүүлбэрийг өвөрмөц гэхийн сацуу зарим талаар хэт задгай сэтгэлгээтэй ч юм шиг гэж шүүмжлэх хүн байдаг уу?
-Ямар нэгэн байдлаар цэрвэх юм бол урлагийн хүчийг мэдрүүлж чадахгүй. Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зургийн мэргэжлээр дүүргэсэн. Энэ чиглэлээр туурвиж ч байлаа. Өвөрхангай аймгийн төв Арвайхээрийн хүүхэд. Монгол хүн дэлхийн соёлтой танилцаад, ойлгоод ирэхээр өөрийнхөө замыг олдог юм шиг санагддаг.
Бэлтгэсэн Ж.Мишээл