Нээлттэй тэнгэрийн гэрээнээс гарч буйгаа ОХУ энэ сарын 18-нд албан ёсоор мэдэгдлээ. Хүйтэн дайны дараа Европт итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний нэг болсон гэж үздэг энэ гэрээнд 1992 онд Хельсинки хотноо анх 23 улсын төлөөлөгч гарын үсэг зурсан бөгөөд 2002 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж, зэвсэгт хүчнийхээ тухай болон биенийхээ авч буй арга хэмжээний талаар ил тодоор мэдээлэл цуглуулах боломжийг оролцогч орнууддаа олгох болсон юм. Ер нь цэрэг дайны үйл ажиллагаа, зэвсэглэлд хяналт тавих салбарт гэрээний хэрэгжилтийг сахиулах механизмуудыг боловсронгуй болгох замаар улс орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэхэд нөлөө үзүүлэх нь гэрээний гол зорилго гэж хэлж болно. Тус гэрээнд 2017 оны байдлаар Англи, Америк, Болгар, Герман, Грек, Испани, Итали, Канад, Литва, Нидерланд, Норвег, Польш, Румын, Словак, Турк, Унгар, Украин, Франц, Швед, Эстони зэрэг 34 улс багтаж байв. Гэрээнд гарын үсэг зурсан орнууд өөрийн нутаг дэвсгэр дээгүүр биенийхээ онгоц ажиглах нислэг хийх боломжоор хангах үүрэг хүлээнэ. Ийм нислэг хийх онгоцнууд зэвсэглэлгүй байх, ажиглалт хийлгэж буй орны төлөөлөгч бүхээгт нь сууж явах ёстой байдаг. Тодорхой нэр заасан буудлаас онгоц хөөрнө. Тухайлбал, ийм буудал Орост гэхэд Кубинк (Москва мужийн), Улаан-Үд, Магадан, Воркутэд бий.
АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр 1955 онд ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.А.Булганинтай Женев хотод уулзахдаа биенийхээ эсрэг гэнэтийн довтолгоон хийхээс сэргийлэхийн тулд Америк, Оросын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийж байх санал гаргасан байна. ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев уг саналыг хүлээж авсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 1989 онд ийм санал дахин тавьж байв.
АНУ уг гэрээнээс гарч буйг тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгдэж, албан ёсоор арваннэгдүгээр сард гарсан юм. Вашингтоны мэдэгдсэнээр бол гарах болсон шалтгаан нь гэрээг ОХУ нэг бус удаа зөрчсөн явдал аж. Гэрээг “дайн өдөөх” хэрэгсэл мэтээр ашиглаж байна гэж Москваг Вашингтон буруутгаж байв. Абхаз, Өмнөд Осетийн хил дагуу 10 км-ийн өргөн хонгилоор ажиглах нислэг хийхийг Орос зөвшөөрөөгүй. Калининград муж дээгүүр ажиглалтын нислэг хийх зайг Оросын тал 500 км-ээр хязгаарласанд нь Вашингтон сэтгэл дундуур байлаа. Үүнийг Аляскад АНУ-ын тогтоосон дэглэмтэй ижил гэж Москва хэлдэг байв. Вашингтоны нотолж байснаар Орос гэрээг зөрчсөн бас нэг тохиолдол нь “Центр-2019” цэргийн сургуулилалтын үеэр тус район дээгүүр Америк, Канад хамтарсан нислэг хийхийг Орос зөвшөөрөөгүй юм. Түүнээс гадна АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг хийх үеэрээ Трампын байгаа газрыг Орос ажигладаг, түүгээр ч барахгүй гольф-клубийнх нь дээгүүр нисдэг байсан гэж Цагаан ордон үзэж байлаа.
Нээлттэй тэнгэрийн гэрээнд хүлээсэн үүргээ Вашингтон хэрхэн биелүүлж байсан тухайд хариу хэлэх үг, зэмлэл Москвад хуримтлагдсан нь мэдээж. Юуны урьд 2016 онд хангалттай тоогоор завсрын буудал олгохоос татгалзсанаас Оросын “Ан-30Б” онгоцны аюулгүй байдлыг хангаагүй гэж үздэг. Цаашилбал, 2017 онд ажиглалтын нислэг хийж байсан онгоцны багийнхныг амраах зорилгоор газардах ёстой хугацааг цуцалсан. Эцэст нь, гэрээг зөрчин Хавайн арал дээгүүр нисэх холын зайн дээд хэмжээг тогтоосон аж. Энэ зайг 900 км болгосон нь гэрээний заалттай нийцэхгүй байгаа бөгөөд уг гэрээнд зааснаар бол 1160 км-ээс багагүй байх ёстой байв. Түүнээс гадна Америкийн нутгаар ажиглалтын нислэгийн өндрийн хэмжээг Вашингтон гэрээнд зааснаас өөрөөр тогтоосон гэж Москва буруутгадаг.
АНУ-ыг гэрээнээс гаргасан Трампын шийдвэрийг АН-ын Жо Байдан алдаа гэж үздэг ч улсаа гэрээнд эргүүлэн оруулах ямар нэг алхам хийсэнгүй. Түүгээр ч барахгүй ийм алхам хийхгүй гэдгээ Орост мэдэгдсэн. Тэгэхдээ Орос, Америк хоёр гарснаар гэрээ цуцлагдахгүй. Гэхдээ Орос, Америк хоёр гарснаар гэрээнд үлдэж буй улсуудын ихэнх нь НАТО-гийн гишүүд тул тэд биенээ мөрдөж мөшгөөд байхгүй нь ойлгомжтой. Харин үйл ажиллагаа, квотод өөрчлөлт орох нь эргэлзээгүй. Түүнчлэн Европын аюулгүй байдлыг хангахад гэрээ хувь нэмрээ оруулахаа болино гэж зарим шинжээч үзэж буй. Гэрээнд оролцогч орнуудын бага хурал долдугаар сард Венад болов. Гэрээнээс ОХУ гарсны үр дагаврын тухай асуудал түүний гол сэдэв байлаа. Гэрээнд зааснаар бол түүнээс гарахаар төлөвлөж буйгаа 1-2 сараас хожимдуулалгүй даргалж буй оронд (энэ удаад Унгар, Канад улс байв) мэдэгдэх ёстой байдаг. Венад болсон бага хуралд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Гаврилов сэтгүүлчийн асуултад хариулснаар бол Оросын шийдвэрт нөлөөлөхүйц мэдэгдэл энд хэн ч хийгээгүй аж.
Орос гэрээнээс гарахаар шийдвэрлэхдээ үлдэж байгаа Европын холбоотнууд болон Канадыг өөрийнхөө нутаг дээгүүр тэр тусмаа Америкийн объект дээгүүр Оросын онгоц нисэхэд хязгаар тогтоохгүй, ОХУ-ын нутаг дэвсгэрээс авсан мэдээллээ АНУ-д өгөхгүй байх баталгааг Орост бичгээр өгөх хоёр болзлыг биелүүлсэн байхыг хүссэн ч хүлээж авахаас татгалзсан юм. АНУ-ыг гэрээнээс гарах шийдвэрээ өөрчлөхийг ОХУ дөрвөн сарын хугацаанд шинэ засаг захиргаанд нь уриалж хүлээсэн байдаг. Гэвч гэрээнд буцаж орохгүй гэдгээ АНУ-ын Төрийн департамент тавдугаар сарын 27-нд ОХУ-д албан ёсоор мэдэгдсэн. Ингээд уг гэрээнээс ОХУ гарах болсон тухай шийдвэрт Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 7-нд гарын үсэг зурсан юм. Энэ шийдвэрийг ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөл урьд нь дэмжчихсэн байв.
АНУ гэрээнээс гарсан ч гэсэн Оросын байгууламжуудын талаарх мэдээллийг Европын орнуудаас аваад байж болзошгүй нь ОХУ-ын сэтгэлийг зовоож байлаа. Гэхдээ Европ дахь Америкийн обьектуудын талаарх мэдээллийг Орост дамжуулж өгөх холбоотон гэрээнд үлдсэн орнууд дотор бас байгаа юм.
Орос, Беларусь хоёр гэрээний орнууд дотроо биендээ хамсаатан болж байсан болохоор түүний хүрээнд хамтран ажиллах тухай 1995 онд байгуулсан хэлэлцээр Оросыг гармагц үйлчлэхээ байх нь тодорхой. Гэтэл Беларусь гэрээндээ үлдээд байгаа. Москва, Минск хоёр цаашид хамтран ажиллах, Оросын ажиглалтын нислэг хийх онгоцыг Беларусьт өгөх мэт асуудал Беларусь цаашид гэрээнд оролцогч хэвээр байх, эсэхээс шалтгаална. Энэ тохиолдолд оролцогч ихэнх орнуудын хувьд Беларусь онцгой эрх ашгийн төлөөлөл болох юм.
Өнгөрсөн хугацаанд гэрээний орнуудад хямрал, хагарал цөөнгүй гарч байлаа. Уг гэрээний хүрээнд Оросын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээ зогсоохоо Гүрж 2012 оны дөрөвдүгээр сард мэдэгдэв. Орост тагнуулын үүрэг гүйцэтгэх өндөр чадалтай шинэ онгоц бий болсонтой холбоотойгоор түүнийг Америкийн агаарын орон зайд ашиглуулахаас татгалзахыг Сенатын төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны дарга Майк Рожерс Ерөнхийлөгч Барак Обамадаа уриалж байлаа. 2014 оны дөрөвдүгээр сард АНУ-ын засаг захиргаа Оросын уг онгоц нислэг хийхийг хориглосон шийдвэр гаргав. Оросын “Су-24” онгоцыг Сирид сөнөөснөөс Орос, Туркийн харилцаа 2015-2016 онд ихээхэн хүйтэрч, Оросын инженерүүдийг ажиглах нислэг хийхийг Туркийн тал 2016 оны хоёрдугаар сард зөвшөөрсөнгүй.
АНУ гэрээнээс албан ёсоор 2020 оны арваннэгдүгээр сарын 22-нд гарсан юм. Үүнд харамсаж байгаагаа Герман, Шведийн эрх баригчид илэрхийлж байлаа. “Америкийн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хагас жилийн хугацаанд шийдвэрээ эргэж харахыг бид түншүүдийнхээ хамт эрчимтэй хүсэх болно” гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас хэлж байжээ. Түүний үзэж байснаар Оросын тал гэрээг биелүүлэхдээ хойрго хандсан аж. Энэ нь АНУ гэрээнээс гарсныг зөвтгөх шалтгаан болохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн хэлсэн байна. АНУ-ыг гэрээнээс гарсанд Европын холбоо ч харамсаж байлаа. Түүний гадаад хэргийн асуудал эрхэлсэн өндөр дээд хэмжээний төлөөлөгч Жозеп Боррель гэрээг “Европын хийгээд дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж буй механизм, зэвсэглэлд хяналт тавих бүтцийн түлхүүр хэсэг” гэж үздэгээ илэрхийлж байлаа. АНУ-ын засаг захиргааны шийдвэртэй холбогдуулж Герман, Франц, Итали, Испани, Нидерланд, Бельги, Португал, Чех, Люксембург, Швед, Филaндын Гадаад хэргийн яам хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд Британи, Норвег, Польш улс ч нэгдэв.
Эцэст нь хэлэхэд, Орос, Америк бие биенээ сансраас тандаад, ажиглаад байж нэгэнт чадах юм чинь энэ гэрээ байхын ач холбогдол хийгээд, байхгүй болохын хор хохирол юу байна вэ.
Бэлтгэсэн Р.Жаргалант