Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын бүдүүлэг үйлдэл мартагдаагүй байхад “Россия 1” телевизийнхэн Монголын сэтгүүлчдийн талаар таагүй мэдээлэл цацжээ. Тодруулбал,
“Монголын сэтгүүлчид алхам тутамдаа зургаа авч, таарсан бүх орос хүнтэйгээ (орос зураглаач, телевизийн продюсер гэх мэт) зургаа даруулав. Цуваа ирэхийг хүлээж гадаа зогсож байсан сэтгүүлчид хамгийн азтай. Тэд хуучин Кремлийн өмнө зургаа даруулахаа мартсангүй. Зурган дээр маскаа авсан нь илүү дээр болохыг ойлгоод хүний нүд хариулж маскаа аваад, гайхалтай зураг даруулсандаа баярлаж, хөөрөв” гэх мэтээр мэдээлэлд дурджээ.
ГХЯ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболор болон айлчлалд явсан хэвлэлийн төлөөлөгч нарын үйлдлийг дипломат ёсонд нийцэх эсэхийг тодруулахад,
“Өөрийнхөө зургийг авч цахим хуудсандаа нийтэлсэн УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хувьд ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тиймээс манай яамны зүгээс УИХ-ын гишүүдэд зориулж дипломат ёсны сургалтыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Ихэнх УИХ-ийн гишүүн төрийн албаар дамжиж, нэр дэвшээгүй учир төрийн албаны ёс зүйн талаарх мэдлэг хомс байдаг. Ийм үйлдэл гаргахад хувь хүний төлөвшил ч хамаатай” гэв.
Харин “Россия 1” телевизээр гарсан мэдээний тухайд,
“Тэнд зургаа авч буй сэтгүүлч нарыг буруутгах аргагүй. Учир нь айлчлалд явж буй хүмүүс протоколын үеэр үүргээ гүйцэтгэсэн бол бусад үед юу хийх нь хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, албаны уулзалтаар ёс зүйн алдаа гаргахгүй, ажлаа хийсэн бол чөлөөт цагаараа юу хийхийг нь хориглох боломжгүй. Харин тус телевизийнхэн заавал зургаа авч буй дүрсийг цуглуулж, ийм мэдээ бэлдсэн нь тоогүй хэрэг” гэх тайлбарыг өглөө.
Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. Манай сэтгүүлчид бусдын нүдэнд “идэш” болж харагдтал бүдүүлэг үйлдэл гаргасан уу. Эсвэл ОХУ-ын телевизийнхэн хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтыг таван цаг хүлээхдээ “уйдсандаа” шар мэдээлэл бэлтгэв үү. Ямар ч байсан улсаа төлөөлж явж байгаа бол хувийн эрх ашгийг умартаж, үйлдлээ цэгнэх хэрэгтэй байх.
Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа гэдэг шүү дээ.
Дипломат ёсны журамд орчин цагийн аж байдалтай уялдуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй ч юм шиг. Эс бөгөөс дарга, цэрэггүй айлчлалын үеэр аялагч шиг зургаа авахуулж “хөгжилгүй улсын хөөрхий төлөөлөгчид” гэж хэлүүлсээр нүүр хийх газаргүй боллоо. Мөн хугацаанд эдгээр хүмүүсийн хажууд дипломат ёсны талаар юу ч заалгаагүй урлаг, соёлынхон ёстой л эх орныхоо төлөө гэсэн шиг явлаа. Тодруулбал, МУГТ М.Анхцэцэг дэлхийн аварга болж, “Moon dance” бүжгийн хамтлагийнхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарч, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан юм. Эх орны төлөө гэх чин сэтгэлтэй, нэр хүндээ эрхэмлэж явдаг эл залуучуудаас улстөрчид сургамж аваасай. Сэтгүүлч, зураглаачид маань ч сургамж авч, цаашдаа анхаарахгүй бол сэтгүүлзүйн салбарын нэр хүнд олон улсад сэвтэх нь.