Өнгөрсөн баасан гарагт “Forbes Mongolia Finance Awards 2021” ёслолын ажиллагаа болсон. Санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг эл ёслолын үеэр хотынхон шагнуулсан гэнэ. Тодорхой хэлбэл, нийслэлийн удирдлагын баг “Шилдэг ногоон санаачилга” шагнал хүртлээ. Улмаар хотын дарга ирэх жилүүдэд нийслэлчүүдийн төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг ногоон бүтээн байгуулалтад зарцуулахаа мэдэгдлээ. Харамсалтай нь, хотын даргын мэдэгдэл нийслэлийнхнийг гонсойлгов. Зарим нэг нь “Урьтаад утаа униар, түгжрэл гацаагаа арилгах шийдэл хайх байсан юм” хэмээн нийтийн сүлжээгээр дамжуулан шүүмжлэл дайсан харагдсан.
Хотын удирдлага энэ жилээс илүү эрх эдэлж, их мөнгө зарцуулах мэдэлтэй болсон. Тодорхой хэлбэл, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр хотынхны төсөвт төвлөрүүлдэг татвар 420 тэрбум төгрөгийг улс авахаа больсон. Улмаар УИХ-аас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж өгсөн. Өөрөөр хэлбэл, “хотын хууль” батлан өгч, эрх мэдэл, мөнгө, бүх боломжийг гарт нь атгуулж, “Өөрөө мэдээд хотоо хөгжүүл” л хэмээсэн. Харин хотын дарга хэмжээгүй эрхт хаан аятай дураар аяглаж эхлэв. Хотоор дүүрэн асуудал, өрх дүүрэн өр зээл байхад ганц ногоон бүтээн байгуулалтад л иргэдээс авсан сохор зоос бүрээ зарцуулах юм гэнэ.
Харин иргэд түгжрэлгүй хотод амьдрахыг хүсэж байна. Тэгэхээр өнөөдөртөө хотын номер нэг асуудал ногоон байгууламж бус түгжрэл юм. Хотын иргэд сургууль, цэцэрлэг амардаг нэг болон наймдугаар сараас бусад ихэнх цаг хугацааг замд түгжирч, ажлаа алдаж, адгаж, бухимдаж, автобус, машиндаа амьдрах нь холгүй өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Түгжрээ үүсгэж буй гол хүчин зүйлийг нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гэж хотын харьяа газар, агентлагаас оношилсон билээ. Нийслэлийн нийтийн тээвэрт 10 жилийн өмнө 1000 автобус явуулдаг байсан. Өнөөдөр ч хэвээрээ гэнэ. Бас хүн амын шилжилт хөдөлгөөн түгжрэлд нөлөөлж буйг албатууд тань онцолсон. Нийслэлд жилд 31 000 хүн албан ёсоор шилжин ирдэг. Нэгдүгээрт, залуус ажил хайж хот барааддаг. Хоёрдугаарт, сурахаар ирсэн оюутнууд нутаг буцах бус, хотод “шингэдэг” аж. Мөн жилд 40 000 эмэгтэй амарждаг. Хотын хүн ам жилд энэ маягаар багадаа 70-80 мянгаар нэмэгддэг байх нь. Үүний нөлөөгөөр автомашины тоо өсөж, нийслэлийн зам ачааллаа даахаа больсон гэнэ. Тэр ч бүү хэл, 10 жилийн дараа хотын хүн ам 2.5 сая хүрэх тооцооллыг хотынхон гаргаад буй. Улмаар хотын дарга бас нийслэлд ажиллаж амьдрах хүсэлтэй хэн бүхнээс татвар авна хэмээн мэдэгдсэн удаатай.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн түгжрэл бууруулахын тулд дараах ажлыг хийх шаардлагатай гэж хэлсэн. Тэрбээр нийтийн тээврийг хөгжүүлэх, замын сүлжээ багтаамж нэмэх, авто машины тоо хэмжээ, эрэлт нийлүүлэлтийг зохицуулах, их багтаамжийн тээврийг нэмэгдүүлэх, явган ба дугуйн зам орчны тохижилтыг сайжруулснаар хотын түгжрэлийг бууруулна гэсэн юм. Түгжрэлийг бууруулахаар албаны хүмүүс тань ийм төлөвлөгөө, шийдэл гаргаснаа олон нийтэд танилцуулав. Мөн хотын дарга та “Улаанбаатар хот, хөгжлийн чиг хандлага” төслийг танилцуулах уулзалтаар арай өөр зүйл ярьсан билээ. Тухайлбал, “Гэр хорооллын дундуур хурдны зам барьж дэд төвүүдийг холбоно”, “Метро, хөнгөн галт тэрэг нэвтрүүлснээр түгжрэл 17-22 хувь буурна”, “Хэдэн км, хэдэн давхар метро барих бол асуудал биш” зэргээр мэдээлэл өгсөнөө мартаагүй байлтай. Өдгөө зорилгоосоо ухрав уу гэлтэй хотын нийт төсөвийг зөвхөн ногоон бүтээн байгуулалтад зарцуулна хэмээсэн нь олон нийтийг гайхшруулав. Хотын даргын хэлснээр түүний шийдэх ёстой номер нэг асуудал хотын хөгжлийн түгжээ болж буй түгжрэл биш бололтой.
Судлаачид нийслэлд түгжрэл үүсгэж буй бас нэг шалтгааныг бүсчлэл гэж нэрлэсэн. Тодорхой хэлбэл, хотын төв хэсэгтээ орц гарцгүйгээс, баруун зүүн, хойд бүсдээ хотын төв рүү орох гол зам ачаалал ихтэйгээс түгжирдэг аж. Мөн нийслэлд 279 цэцэрлэг, сургуультай. Харин эцэг эхүүд хүүхдээ харьяаллынх нь сургууль цэцэрлэгт өгдөггүй нь түгжрэлд нэрмээс болдог. Өдгөө хотод 152 цэцэрлэг сургууль барьж буй. Нэмээд 93 цэцэрлэг, сургууль шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийслэлд 110 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явахын тулд 53 мянган тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож буй. Энэ нь авто замын түгжрэлийн 23-28 хувийг бүрдүүлдэг. Олон нийт сургуулийн автобус түгжрээ үүсгэдэг хэмээн боддог ч үнэндээ хүүхэд зөөх үйлчилгээнд сургуулийн 156 автобус явуулдаг гэнэ.
Дараагийн нэг шалтгаан нь Их тойруу дотор аж ахуйн нэгжүүд төвлөрсөн. Тиймээс эл цэгт иргэд төвлөрч байгаа нь нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг гэнэ. Товчхондоо хотын нэгдүгээрт гэж нэрлэж болох асуудал нь түгжрэл. Түгжрэл үүсгэж буй шалтгааныг судлаачид нь толгой дараалан нэрлээд, ийм тийм шийдэл байна хэмээн хажуунаас хэлсээр байтал хотын дарга харин тэс хөндлөн зүйл ярьж, 420 тэрбум төгрөгөө ногоо байгууламжид зарцуулна хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, У.Хүрэлсүхийн халаасанд дахь “Утсан хүүхэлдэй байж” хэмээн шүүмжлэхэд хүргэв.