Монгол дахь “Конрад Аденауэр” сангийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран 2017 оноос жил бүр судалгаа хийж, түүнийгээ олон нийтийн хүртээл болгож ирсэн. Энэ жил “Монгол дахь засаглал, институц, оролцоо, тэгш байдлын тулгамдсан асуудал, цаашдын хандлага” сэдвээр боловсруулсан судалгааны дүн, бодлогын зөвлөмжөө өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Үүний хүрээнд намуудын санхүүжилт, улс төрийн хүрээн дэх авлига, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлыг хангах бодлогын талаар бие даасан судлаачид хөндсөн байна. Судлаачдыг нээлттэй сонгон шалгаруулжээ.
“ДИЖИТАЛ НАМ ХҮЧ ТҮРЛЭЭ”
Манай улс төрийн намуудын санхүүжилтийн тулгамдсан асуудал, цаашдын хандлагын талаарх судалгааг хийсэн, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Б.Эрдэнэдалай энэ талаар шинжилгээ хийхэд хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүйг онцлов. Тэрбээр “Хуульд нь санхүүжилтийн хэлбэр, механизмуудад хяналт тавих, хариуцлага тооцох, хэрэгжүүлэх тухайд “амьд” зохицуулалт байхгүй учраас намуудын хариуцлага бүхэлдээ суларч, санхүүжилтээ хууль зөрчиж босгох, төрөөс олгосныг нь зориулалтын бус зүйлд зарцуулах, орлого, зарлагаа мэдүүлж, тайлагнахгүй байх зэрэг зөрчил, дутагдал байна” хэмээсэн бөгөөд үүний гол зангилаа нь хяналтад бий гэв. Ингэхдээ холбогдох мэдээллийг аль болох нээлттэй болгох, хяналт тавих чиг үүргийг нэг байгууллагад төвлөрүүлэн, цаг хугацааны хувьд тодорхой заах, давхардал, ойлголтын зөрүүг арилгах шаардлагатай гэсэн санал дэвшүүллээ.
Мөн тэрбээр “ИТХ-ын төлөөлөгчид “суудлын мөнгө” гэх хуульд огт байхгүй санхүүжилт авдаг талаар өмнө нь судалгаандаа дурдаж байсан. Намуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцаж байхад “Бид энэ мөнгийг авдаг шүү дээ. Хэдэн төгрөг авах тухайд өөрсдөө санал оруулаад баталчихдаг” гэж ярьсан хүн ч бий. УИХ-д суудалтай намууд гишүүдийнхээ тоогоор авч байгаа мөнгөө юунд зарцуулж байгаа талаарх мэдээлэл олддоггүй. Шилэн дансны системд ч оруулдаггүй. Тайланг нь нэхэж, шаардахаар “Энэ мэдээллийг өгөх албагүй, тийм хууль байхгүй” гэдэг” хэмээгээд энэ мэт хууль бус санхүүжилтийг бүрэн хориглох хэрэгтэй гэлээ. Түүнчлэн доктор, профессор С.Мөнхбат “Санхүүжилтийг оновчтой болгохын тулд засаг захиргааны нэгж тус бүрт үүр, хороо байгуулж байгаа намын зохион байгуулалтыг эргэж харах ёстой. Магадгүй энэ нь намуудад их мөнгө эргэлдэх том шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Орон нутаг дахь намын салбарын байр, халаалт, ус, цахилгааны төлбөр, ажиллах хүмүүсийнх нь цалингаас авхуулаад асар их зардал гарч байгаа. Орчин үед ийм нүсэр бүтцэд найдахаас илүүтэй хүчтэй лидер бэлтгэж, түүгээр дамжуулан сонгогчдод нөлөөлөх хандлага олон улсад түгж байна. Дижитал нам ч хүч түрж байна шүү дээ” хэмээсэн бол МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Төртогтох “Өнөөгийн манай нөхцөлийг харахаар “намын санхүүжилт” гэж тодорхойлохоос илүүтэй улс төрийг намаар дамжуулан санхүүжүүлэх үйл явц өрнөөд байгаа юм. Нам бол мөнгө олох хэрэгсэл болчихоод байна. Намуудын мөнгөөр дамжуулж олж авсан байр суурь өөрчлөгддөггүй цагт ахиц гарахгүй” гэж байлаа.
“АВЛИГЫГ БАЙХ Л ЁСТОЙ НИЙТЛЭГ ЗҮЙЛ ШИГ ОЙЛГОХ ХАНДЛАГА ХҮЧТЭЙ БАЙНА”
Намын санхүүжилттэй зайлшгүй холбогдож буй зүйл нь улс төрийн хүрээн дэх авлига. Энэ талаарх шинжилгээг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч О.Хатанболд хийжээ. Улс төр, хууль хяналтын хүрээний авлигыг 2008 онд баталсан Авлигын эсрэг конвенцоор өндөр түвшний гэж нэрлэж байгаад, дараа нь дээд түвшнийх болгосон. Авлигын хэмжээ нь их учраас “дээд түвшний” хэмээн тодорхойлж буй. Үүнд улс төрийн хүрээнийхний авлига хэр хэмжээтэй байгааг тодруулахыг тэрбээр зорьжээ. Манайд авлигын ерөнхий төлөв, хамрах хүрээ хурдацтай нэмэгдэж байгаа нь улстөрчид, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын хооронд албан тушаалын наймаа, эрх мэдлийн төлөөх ил, далд өрсөлдөөн улам бүр газар авч буйтай холбоотой хэмээн тэрбээр дүгнэлээ. Тоон шинжилгээгээр тооцоход улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн ерөнхий үнэлгээ 2011-2014, 2017-2020 онд дунджаар -0.12 оноогоор буурч, 2009-2010, 2014-2019 онд дунджаар 0.17 оноогоор нэмэгдэж, тогтмолжих хандлагатай болж буйг тэрбээр хэлсэн (1-5 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд, тав руу дөхөх тусам авлига газар авч байна гэж үздэг). Ийнхүү сүүлийн 13 жилийн турш АТГ-аас хийсэн судалгаагаар авлигын үнэлгээ дөрвөн оноо орчимд хэлбэлзэж байгаа нь улс төрийн хүрээн дэх авлигын түвшин ахицтай буурах хандлага төдийлөн ажиглагдахгүй байна гэж дүгнэхэд хүрчээ. Тэр дундаа бүлэглэлээр (улс төр болон шүүх, улс төр болон хэвлэл мэдээлэл, улс төр болон бизнес гэх мэт) дамжсан авлига өндөр байна гэв. Тэрбээр АТГ-ын судалгаануудаас гадна авлигын талаар мэргэшсэн 40 эксперттэй ярилцлага хийсэн аж.
Энэ үеэр судлаач П.Амаржаргал “Хамгийн гол нь иргэд авлигатай тэмцэхгүй байна. Авлига авсан хүнийг дэмждэг, бүр баригдсан хүнийг “азгүй” гэж ярих нь холгүй байна. Өчнөөн сайхан судалгаа хийж, ном орчуулаад нэмэр алга” гэсэн бол О.Хатанболд “Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Авлигыг байх л ёстой нийтлэг зүйл шиг ойлгох хандлага хүчтэй байна. Нөгөө талаас энэ хүрээний авлига улам далд хэлбэрт шилжжээ. Судалгаа болгоны үр дүнд гардаг, давтагддаг нийтлэг асуудлыг бодлогын түвшинд яаж зангидах ёстой вэ гэдэг нь чухал. Үндсэндээ соёлын хандлага, сэтгэлгээний өөрчлөлт, ёс зүй болон амьдралын чанар, ядуурлыг чухалчилж харах ёстой. Энэ нь улс төрийн хүрээн дэх авлига буурах нэг талын сэжим юм. Ядуурлаас авлига бий болоод байна уу, авлигаас ядуурал үүсээд байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Төр буюу нийтийн алба иргэдээ ядуу байлгах гэж ажилладаггүй байх гэж найддаг. Хувь хүний сэтгэлгээ, соёл, төлөвшил чухал нөлөөтэй. Нөгөө талаас авлигыг бууруулъя гэсэн чин хүсэл байж л бид авлигаас ангид байх боломж бүрдэх ёстой. Авлигын хэрэгт хатуу шийтгэл ногдуулдаг Сингапур, Гүржийн туршлага сайн жишигт тооцогдож байна. Нөгөө талаас авлигаас ангид байх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэдэд далайцтай явуулсны үр дүнд нийтээрээ авлига өгч болохгүй гэсэн соёл, ухамсартай болж байна. Соёлоор дамжуулж авлигатай тэмцэх үйл ажиллагаа өрнүүлсэн нь богино хугацаанд үр дүнгээ өгч чадсан” хэмээсэн.
“МОНГОЛЫН ТӨР ҮЙЛ ЯВЦАД ХЭТЭРХИЙ ХУТГАЛДДАГ”
МУИС-ийн Ардчилал судлалын төвийн судлаач Д.Уртнасан “Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг: Хүний хөгжилд суурилсан нийгмийн хамгаалал болон зах зээлийн эдийн засгийн бодлогын уялдаа” сэдвээр судалгаа хийжээ. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн хөгжлийн загвар нь 1950-иад оны эхэн үеэс ХБНГУ-ын улс төр, эдийн засаг, нийгмийг хөтөлж буй. Гэтэл манайд энэ хугацаанд урт хугацааны хөгжлийн бодлого гэхээр загварыг таван удаа боловсруулсны сүүлийнх нь буюу өдгөө баримталж байгаа нь “Алсын хараа-2050”. Нэг талаас нийгмийн хамгаалал, нөгөө талаас зах зээлийн эдийн засаг хэмээх, эсрэг гэмээр ойлголт, элементүүдийг хэрхэн уян хатан боловсруулж, төрийн оролцоог хамгийн бага түвшинд, гагцхүү зохицуулагчийн хэмжээнд аваачих вэ гэдэгт манай эрх баригчид бодлогоо чиглүүлэх ёстой гэсэн үг. Учир нь Монголын төр, Засгийн газар үйл явцад хэтэрхий хутгалдаж байгаа нь олон тооны журам баталдгаас харагдах жишээтэй. УИХ хууль баталлаа гэхэд хэрэгжүүлэхийн тулд хамаарах салбар болгон, яам, Тамгын газар бүр журам батлах ёстой гээд хүлээлгэдгийг ч хэлж байлаа. Харин Германд үүнийг хуулиар хийдэлгүй зохицуулж, журам хэрэгжүүлэхэд ямар ч зай, шаардлага үлдээлгүй баталж иржээ. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсан даруй буюу журам хүлээлгүй хэрэгжүүлдэг. Энэ нь төрийн буюу нийтийн албаныхны хүнд суртал, авлигыг бууруулах нэг хүчин зүйл болдог аж. Судлаач Д.Уртнасан “Германд аливаа үйл явцыг журмаар зохицуулахыг дэмждэггүй. Гэтэл манайд журам томоохон байр суурь эзэлдэг. Тэр ч бүү хэл, хуулиа зөрчсөн журам батлах нь ч бий. Ингэснээр хүнд суртал бий болж, албан тушаалтнууд тухайн асуудлыг өөрт ашигтайгаар шийдэх сиймхийг хайж эхэлдэг” гэв.
Герман улс коронавирусийн цар тахлын үед түүхэндээ хамгийн том гэж хэлж болох халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ тохиолдолд ч эдийн засаг, аж ахуйн нэгжээ сэргээх, дэмжих бодлогынхоо төвд хүнээ, иргэнээ тавих зарчмаасаа хазайгаагүй төдийгүй зөвхөн цар тахлын үед хэрэгжүүлээд дуусах бус, цаашид ч үр дүнгээ өгөхүйц дэмжлэг үзүүлж байгааг судлаач Д.Уртнасан дурдсан. Харин манайд энэ бүхэн цар тахлын үед гэлтгүй, сүүлийн 30 жилийн хугацаанд орхигдсон. Халамжийг хавтгайруулснаас болж нийгмийн хамгааллын бодлогыг эсэргүүцэгчид ихсэж, зорилтот бүлгийнхнийг чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд багагүй төвөг учруулах болов. Нийгмийн хамгааллын бодлогыг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хамгийн зүй зохистойгоор тодорхойлж буй Германы туршлагыг судалж, Монгол Улс хүнээ, иргэнээ хөгжүүлэх ёстойг түүний судалгаанаас харах боломжтой.