2021 оны арваннэгдүгээр сар шувтрах өдрүүддээ сонины ээлж хуваарьгүй албанаас гадна 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй ном эрдмийн салбарын хамаат бичиг соёлын элдэв явдал суудалтай холбогдон толгой өндийх завдал өгсөнгүй. Тэр завсар, их эрдэмтний охин профессор хоёронтоо утас залгасныг анзаарч авалгүй өнгөрөөсөн явдал анх удаа тохиолдлоо. Наян нас зооглосон эрдмийн өтгөсийг охин хэмээн бичих нь нэгэн бодлын алдастай мэт санагдмаар уншигдах боловч суу билигт эцэгтэй нь холбогдуулж бичихийн учирт ууган хүүхдийг нь охин гэхээс яалтай вэ.
Утас залгасан эрдэмтний нэр Л.Маналжав. Аавынх нь алдар харин Шадавын Лувсанвандан. Тэрбээр хорьдугаар зууны Монголын алдартай эрдэмтэн, хэл шинжлэлч, Төрийн шагналт, Гавьяат багш, шинжлэхүй ухааны доктор, профессор, академич бүлгээ. Халхын Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний шавь хошуу, эдүгээгийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Охин нь харин аавыгаа энгийнээр, хэл шинжлэлч, Гавьяат багшаар нь л дуудах, тийн бичих дуртай. Л.Маналжав багштан Өлзийт явах заллага мэдүүлэхээр утас залгасан байж. Тийм ээ. Өлзийт рүү. Аавынхаа унасан газар угаасан усанд аяны дөрөө нийлэх гэж…
ОХИН НЬ ААВДАА НАСНЫ ДУРСГАЛ БҮТЭЭВ
Лу багшийн гэрэлт хөшөө сүндэрлэх тухай яриа шинэ сэдэв бус. Гурван оны өмнөөс Өлзийт явахдаа, эх хэлний олимпиадад очихдоо сонсож байсан сураг занги юм. 2020 онд хэл шинжлэлийн их эрдэмтэн Ш.Лувсанвандан багшийн мэндэлсний 110 жилийн ой тохиосон. Гэвч цар тахлаас хамаарч, бодож явсан хөшөөгөө ч босгож амжсангүй, элдэв ёслол, цуглаж бөөгнөх, ирэх очих бүгд хаалттай. Бүтэн жил улирахад амьсгаа авахтай болж, гурав дахь тунгийн дараагаас сая нэг эрх чөлөө аажуухнаа тавигдаж буйг өгүүлэх нь илүүц буюу.
Аавынхаа гэрэлт хөшөөг төрсөн нутаг Өлзийт сумд нь, тэр тусмаа эрдэм оюуны үйлдвэрлэлийн үл тасрах хэлхээ болсон нэрэмжит сургуулийнх нь босгонд залах их охиных нь мөрөөсөл жил өнжин биеллээ олох тавилантай байжээ. Тэгээд Ма багштан бээр үүнийг бичигчийг дагуулж явахаар шийдсэн хэрэг.
…Хөнгөн тэрэг танан цагаан цасан дундуур харандаа шиг зурайх засмал замаар хурд мэдэн жирийлгэнэ. Аавынхаа гэрэлт хөшөөг нээхдээ өөр нэгэн онцгой зочныг урихаа Ма багш бээр мартсангүй. Тэр нь академич хэмээх эрдмийн дээд хэргэмтэн, түүнтэй нь харшуулахын аргагүй насаар залуухан эрдэмтэн байлаа. Бид хэд аян замын ганзага нийлэн, хүндэтгэл дүүрэн ёслолын өмнөх өдөр Улаанбаатараас гарч, өвлийн өдрийн богинод хоёр нарны хооронд аялсаар хонгор нутагтаа үдшийн бүрийгээр бууж замын алжаал юугаан тайлав.
Маргааш өглөө нь, сургуулийн захирлын хэлснээр морин цагаас урьтаж Өлзийт сумын дунд сургуулийн үүдэнд хүрлээ. Тэнгэр цэлмэг, арчсан толь лугаа адил тунгалаг сайхан, арванхоёрдугаар сар гарсан гэхэд дулаахан, сумын төвд нь ороод удаагүй битүү цас нь захаасаа үл ялиг хайлан, уур манан дэгдэж байнам. Өлзийт сум “Сайн оюут” хэмээх өвөрмөц нэртэй ерөнхий боловсролын сургуулийнхаа шинэ өргөтгөлийг ашиглалтад хүлээн авсан нь гурван давхар саруулхан ордон бөгөөд 240 хүүхэд хичээллэх багтаамжтай ажээ. Шинэ сургуулийн хаалга нь өрнө баруун зүг, төрийн тахилгат Их Богд хайрхан тийш хандсан байрлалтай юм. Сургуулийн босгоны баруухан талд, номын хуудас мэт цагаан пансан нөмрөг бүхүй хөшөө-хүн түмэн олонтойгоо мэндлэхээр яаран байх мэт дуншина. Тэр нөмрөгийн унжсан үзүүрийг ч сэгийлгэх салхигүй тогтуухан өдөр ажээ. Насны эрэмбээр, басхүү хүндэт зочны хувиар тэрэгнээс түрүүлж буусан Маналжав багш аажуухан алхсаар өнөөх пансан нөмрөгтийн дэргэд ирлээ. Тэрбээр хараахан нээгээгүй буй хөшөөний урдхан зогсоод, бүтээлгийг зөөлхнөө сөхөн, өвөр энгэрт нь байрлуулсан чулуун самбарыг гараараа ил болгож илбэнгээ “Энэ үгийг нь сонгож бичүүлсэн юм” хэмээхэд “…Аль нэг хэлний авиа зүй, хэл зүй, үгийн санг түүхэн үүднээс хэрхэн хувиран өөрчлөгдсөөр ирсэн буюу эсхүл түүний аль нэг үеийг нь зогсонги байдалд авч судалж болно” хэмээгээд доор нь Лу багштан гарын үсгээ таталгасныг бултаар уншив. Тэгтэл, хэний ч бодоогүйгээр Ма багш жаахан нүүр буруулсхийн эргэх агшнаа гэнэтхэн анир гүмхнээр мэгшиж орхилоо. Академич бид хоёр, сургуулийн захирал Ө.Хашбилиг нарын цөөн хүн энэхүү явдлын гэрч болж тэрхэн зуур чимээгүйхэн зогсоцгоолоо. Үүнд тайлбар илүүц буй заа. Хүмүүн заяаны орчлонд, эцэг-үрийн холбоот хорвоод, өөрийг нь өдий зэрэгтэй хүн явахын гэгээн замыг нээж үлдээсэн хайрт аавыгаа хөхрөгчийн орноос өөрийг нь энхэр багын дүрээр нь энэрэн харж бүхүйг ууган охин нь совингоороо мэдэрсэн ч юм уу… Ямар ч л гэсэн гэрэлт хөшөө нээх ганц л удаа тохиодог түүхийн үл давтагдах торгон мөчид ивгээлт зөөлөн эцгээ охин нь эргэж дурсах, уяран санах эрхтэй… Тийнхүү дотогш орцгоож, цугласан хүмүүс зочдоо угтаж, Өлзийт сумын төр, нийгмийн ахмад зүтгэлтэн С.Цэнд дарга, сумын Засаг даргын орлогч Г.Баттогтох, бас бус хүмүүс үг хэлж, тууз хайчлан, хүүхдүүд шугаман жагсаалд жигдэрч гэрэлт хөшөө амилуулах ёслол төгөлдөр сайхан боллоо. Ёстой л нөгөө “Эрх төгөлдөр” хэмээх Лу багштаны төвөд нэрийн монгол дуун хөрвүүлэг шиг нь сүрлэг, учирлаг сайхан үйл явдал морин цагийг эзлэн дүүрэв. Харин аймгийн дарга удирдлагуудаас нэг ч хүн ирээгүй бөгөөд тэднийг багагүй хүлээснийг дурдах нь зөв байх. Лу багштан бол үнэхээр аймгийн даргын хэмжээний эвэртэн тууртнаар гуйлгах хэмжээний хүн даанч биш нь хамгаас сайхаан.
ЭРДЭМТЭН МЭРГЭД СУРАГЧИДТАЙ УУЛЗАХДАА АЙЛДСАН ҮГ
“Багаасаа өөртөө зорилго тавьж, заавал мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм шиг. Сайн хүн, сайн иргэн болно гэж үргэлж бодох нь чухал мэт. Би бол аавын нөлөөгөөр ч юм уу хэл судлаач болно, гадаад хэл сайн сурна л гэж мөрөөдөж байсан. Түүндээ хүрсэн гэж боддог. Та нарыг бас тийм болоосой гэж багш хүний хувьд хүсэж байна. Залуу байх үедээ хүн, зөв хүн, зөв иргэн болохын төлөө тэмүүлж, чармайх нь чухал байдаг юм шиг билээ” гэж Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, хятад судлаач, “Монголын нууц товчоо”-ны шинжлээч, билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт эрдэмтэн Лувсанванданы Маналжав багш Өлзийт сумын “Сайн оюут” хэмээх, аавынхаа нэрэмжит сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзахдаа онцолж, товч мөртлөө гүнзгий сайхан үг хэлсэн.
“Хичээл номоо хамгийн сайн хийж байгаарай. Ямар ч зүйлийг их, бага гэлтгүй мэдэж л байх хэрэгтэй. Мэдлэгийг том, бага гэж ялгадаггүй. Хүн болгон эрдэмтэн, мэргэд болох албагүй. Гэхдээ суралцан мэдэх, таньж мэдэх үйлийг бол хэрхэвч алгуурлаж болохгүй. Хичээсний эцэст заавал нэг өдөр мялаалга нь ирдэг гэж ойлгодог. Жишээлэхэд, би та нар шиг хүүхэд байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн, одоо ч хөтөлсөөр байгаа. Энэ маань түүхч болоход гол дөгөө болсон байж магадгүй. Ер нь түүхч хүн болохын хамгийн энгийн зүйл бол ядаж л эмээ, өвөөгийнхөө үгийг сонсож сурах. Тэр бүрийг анхаарч боддог байх ёстой. Улс орны хэмжээнд биш гэхэд ураг удмын түүхэнд чинь хэзээ нэгэн цагт хэрэг болно”. Түүхч эрдэмтэн, академич Сампилдондовын Чулуун Өлзийтийн хүүхдүүдэд ийн учирлаж өгүүллээ. Тэрбээр Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын хувьд их эрдэмтний гэрэлт хөшөөг бүтээн цогцлоох үйлсийг дэмжиж буян хураасан бөгөөд улмаар нээлтэд нь уригдаж, өөрийн бичиж бүтээсэн бо лон монголч эрдэмтэдтэй хамтран туурвисан ном бүтээлүүдээсээ дээжлэн хоёр хүн хамжиж өргөм хайрцаг дүүрэн номыг тус сургуульд оюуны өглөг болгосон юм. Уулзалтад оролцсон ахлах ангийн хүүхдүүдэд тэрбээр өөрөө удирдан ажиллаж, бүтээн бүрдүүлж буй “Чингис хаан” олон улсын музейг оюутан болохоороо ирж, үнэ төлбөргүй үзэхийг урьж байна билээ.
ӨЛЗИЙТИЙН ЗҮГТ ГЭРЭЛТСЭН ӨВЛИЙН СОЛОНГО
Эрдэмтэн хүн гэдэг хэзээд ном эрдмийн ажлаа таслалгүй авч явдаг учиртай ажээ. Суудлын тэрэгний бүхээг нэгсэж тухалсан буурал эрдэмтэн өтгөс бээр ирэх очих аяны турш залуу академичтай тал бүрийн сэдвээр, тэгэхдээ нийгмийн ухааныхаа салбар дотор, монгол судлалын бүс нутаг, салаа мөчир бүхнийг хамран ярилцсаар явах нь мэдлэг өргөн, басхүү эрдэмт эцгээсээ өвлөсөн байхаас өөрцгүй хурц ухаантан гэдгийг нь нотолно. Хүн дэмий магтах шалтгаан ухамсарт үйлдлээс гарамгүй. Харин нүдээр харж, чихээрээ сонссон үнэнийг нууж хаах ёс зүй бас хаана билээ. С.Чулуун академич өглөө нар битүү, гэрээсээ гарахын өмнө Эрхүү хотноо болж буй цахим хуралд гэрээсээ илтгэлээ хэлэлцүүлээд хэдэн хором саатсан ахул аймагт үдэш эртхэн хүрсэн саях хоёр, орой амартлаа бас бага сага зав гарахаар буй тул амжуулж хийх өөр өөрийн ажил авч гарснаа өвөр зуураа хэлэлцэх авай.
Академич маргааш өглөө нь дахин хөдөө явах ажилтай тул бид “Сайн оюут” сургуулийн урлагийн танхимд болсон уулзалтын дараа шууд Улаанбаатар луугаа хөдөллөө. Тэрбээр үнэхээр их ажилтай байдаг нь ярианаас нь мэдрэгдэнэ. Ямар сайндаа хоёр нэг цагийн өмнөх ёслолд оролцохдоо асааж зүүсэн зангиа, цагаан цамцаа аяны хувцсаараа юүлж амжилгүй шуудхан хөдлөх билээ. Эгэх аян Хайрхандулаан сумд дөтөлж байв. Тэрбээр хувцсаа солих шалтгаанаар машинаа түр зогсоолоо. Бид бууж гадаалахын завсар, баруунаа ташсан нарны хойхнуур солонго татсаныг академич хамгийн түрүүн ажигласнаа хэллээ. Үнэхээр л, түрүүхэн бидний гэрэлт дүрийг нь сэрээгээд гарсан Лувсанвандан багштаны эрдмийн хөрөг залаастай тэр л онцгой нутгаас, Өлзийт нутгийн зүгээс, хүй бой нь арилсан Дунд хашаатын хаваржааны харалдаагаас өвлийн энэ намуухан өдөр тэнгэр авхай солонго татуулан мишээж байлаа. Эрдмийн их хүмүүний нутаг ус шидийг үзүүлэх нь энэ бус уу. Өндөр гэгээний өв судлан Сарьдагийн хийдэд малтлага хийхээр зургаантаа очих тухай бүр солонго татаж асан. Судалгаа малтлага маань ч амжилттай болсон. Их хүний ивгээл байдаг л болов уу. Энэ үгийг тэрбээр өгүүлээд машиндаа тухаллаа.
Аавынхаа нутагт хөрөг дүрийг нь бүтээн залах насны зорилгоо Маналжав багш ийнхүү түүхэн он хангирах цагаар санасанчлан бүтээлээ. Молхи бичгийн хүнд түүний нь гэрч болох, сэтгүүлч бүрийд үл олдох ховор хувь тохиолоо. Сайн үйлсийг санаж явбал бүтдэг орчлон гэдэгт итгэх ухаан улмаа лавширму. Эцэг дээдсийнхээ эрдмийг замыг үргэлжлүүлэн нэр төртэй замчилж яваа таны маань амьдрал үйлс өөрөө ихийн их утгыг ухаалдаг шүү. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж хотол монголчууд хэлэлцсээр байдаг. Аавынхаа алдрыг дуурсган, адармаатай боловч бахдам сайхан эрдмийн үйлсийг нь үргэлжлүүлж үлгэрлэнхэн та минь олон жил бидэндээ нар болж гийгүүлээрэй. Өлзийт нутгийн өлзий буян дэлгэрэг. Ном шүнт, сайн оюут, эрдмийн бэрхэд эрх төгөлдөр, даян дэлхийд Монголоо дуурсгасан их Лу багштаны билиг билгүүний удам үргэлжлэг.
Монгол хэл, бичиг судлаач, багш, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.ЭЛБЭГЗАЯА