Амралтын өдрөө ч юм уу, Улсын их дэлгүүрээр хэсэж ядраад түр амсхийхээр нэгдүгээр давхарт нь байдаг “Caffe bene”-д суух аятайхан. Хөлөө амраангаа кофе ууж, утсаар ярьж ажил амжуулдаг. Тэнд Э.Түвшин гэдэг сонсголын бэрхшээлтэй бүсгүй баристагаар ажилладаг. Хааяа түүний найруулсан кофег ууна. Ажилдаа огтхон ч түүртсэн шинжгүй бүхнийг шаламгай амжуулдаг, нүдээрээ инээмсэглэсэн түүнтэй нүүр тулан ярилцах тухай харин бодож байсангүй.
Нэг удаа сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй баристатай үйлчлүүлэгчид учраа хэрхэн олдог бол гэсэн бодол хөтлөөд байв. Ингэж бодон ажиглах зуур Э.Түвшин захиалгаа хараад л, ашиглаж дадсан төхөөрөмжөө сурмаг гэгч нь ажиллуулан, хэрэглэгчдийн хүссэнээр кофе найруулж өгөөд, инээмсэглэлээр үдсээр байлаа.
Э.Түвшин нэг харахад аяга угааж байх юм. Бас бээлий барьчихсан цэвэрлэгээ хийж, хог шүүрдэж ч явах аж. Ер нь хийхгүй ажил алга. Ажлынх нь нэгэн бүсгүй түүнтэй дохионы хэлээр харилцаж байв. Энэ салбарт сонсголын бэрхшээлтэй хоёр эмэгтэй ажилладаг юм байна гэж бодтол үгүй бололтой. Салбарын менежер Г.Уянга “Өмнө нь дохионы хэл гадарладаг байсан. Э.Түвшин эгчтэй хамтардаг болсноос хойш дохионы хэлээ улам сайжруулсан” гэв. Өнөө үед залуус сайн дурын ажилд хамрагдан, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, нийгэмд тустай ажил хийх нь элбэг болсон. Сайн дурын ажилтнууд хэзээ ч, хэнтэй ч харилцах, туршлага солилцох, бие биедээ туслах хэрэг гарна гэж үзээд дохионы хэл сурдаг юм байна. Г.Уянга ийм зорилгоор анх дохионы хэл сурчээ. Ер нь “Caffe bene”-гийн энэ салбарынхан Э.Түвшинтэй бүгд ойлголцдог нь сайхан санагдлаа.
“Ажлаа хариуцлагатай хийх бүсгүйн түүх, замнал сонирхолтой байгаа даа” гэж бодсоор менежер Г.Уянгаар дамжуулж Э.Түвшинд хандахад тэрбээр уриалгахан гэгч нь зөвшөөрсөн. Тэд гар утсаараа холбогдон, фэйсбүүкийн мессенжерээр дүрсээ харан ярилцав. Асуултыг хэлмэрч дохионы хэлээр дамжуулж Э.Түвшинд ойлгуулж байлаа. Хариултыг мөн ийм замаар авсан бөгөөд “Caffe bene”-гийн нэлээд шуугиантай орчныг бид огтхон ч төвөгшөөлгүй ярилцсан юм. Э.Түвшин уг газарт өнгөрсөн оны есдүгээр сараас ажиллаж буй аж. Өмнө нь гадаадад амьдарч байжээ. Тэрбээр аялах дуртай, улс орнуудын талаар мэдэх, судлах хүсэлтэй. Аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр ажилласнаар аялах зардлаа олдог гэнэ. Мөн олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож, янз бүрийн үндэстний сонсголгүй иргэдтэй танилцаж, харилцан санал солилцон, тулгамдсан асуудлуудаа шийдэхэд дуу хоолойгоо өргөн, нэгдэж иржээ. Харин “Ковид-19” цар тахлын улмаас өдгөө эх орондоо түр суурьшаад буй юм билээ.
Ямар ч ажил хийх арвин туршлагатайг нь ойлгосон болохоор чухам яагаад “Caffe bene”-г сонгосон талаар түүнээс асуулаа. “Би янз бүрийн ажил хийж үзэх, туршлага хуримтлуулах, өөрийгөө сорих дуртай. Гадаадад хүмүүстэй англи хэлээр харилцдаг байсан л даа. Монголчуудтайгаа ч гэсэн ажил хэргийн орчинд харилцаж, хамтарч ажиллахыг хүссэн юм. Надад кофены үнэр таалагддаг. Монголдоо ирээд ажил хайж байхдаа энэ байгууллагынхантай уулзахад анхнаасаа ихэд таалагдсан. Ажлын орчин цэвэр. Бүхий л талын харилцаа, хандлагаас нь хамт олны уур амьсгал халуун дулаан гэдэг нь мэдрэгдэж байсан тул ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Бусдад үйлчлэх ажил сайхан. Тэр тусмаа кофег үйлчлүүлэгчийн сэтгэлд хүртэл найруулж бэлдэх гэдэг нь мэдрэмж шаардсан ажил. Миний сонирхолд ч нийцдэг юм. Хамт олон, удирдлага минь намайг таатай хүлээж авсанд баярладаг. Тиймээс ч ажлаа хариуцлагатай хийхийг хичээдэг. Эхэн үед хамт ажиллагсадтайгаа харилцах, ойлголцоход хүндрэлтэй байсан л даа. Тэр бэрхшээлийг бид бүгд хамтдаа даван туулсан. Би хамт олондоо ууссан байх. Заримдаа хамт ажилладаг залуус надад ууссан ч юм шиг санагддаг” хэмээн ярихдаа тэрбээр үе үе инээмсэглэсээр байв.
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн олон нийтэд үйлчлэхэд цөөнгүй асуудал тулгарч таарна. Үйлчлүүлэгчид асуух зүйл бишгүй гарах нь мэдээж. Үнэндээ Э.Түвшин энэ ажилд орсон даруйгаас үйлчлүүлэгчид түүнтэй ойлголцохгүй, “Асуулт тавихаар хариулахгүй байна” гэх мэтээр унтууцах зэрэг цөөнгүй асуудал тулгарсан юм билээ. Тиймээс “Caffe bene”-гийн удирдлага олон улсын туршлагыг судлаад, дэлхий дахинд өргөн өргөн ашигладаг энгэрийн тэмдэг зүүлгэх аргыг сонгон туршсан нь амжилттай болжээ. Э.Түвшин энгэртээ дугуй, цэнхэр өнгийн “Сонсголгүй хүн” гэсэн тэмдэг зүүжээ. Тэмдгийнх нь хэлбэр, өнгө, дээр нь буй бичээсийн учрыг түүнээс лавлахад “Энэ тэмдэг их чухал. Үүнийг зүүдэггүй байхад надтай харилцах гэсэн үйлчлүүлэгчид асуултдаа хариу авч чадахгүй болохоор уцаарлах нь түгээмэл байсан. Харин тэмдэг энгэртээ зүүснээр асуудал гарахаа больсон. Сонсголгүй иргэд бас хараад шууд ойлгодог нь амар” хэмээж байлаа. Цар тахлын аюул намжихаар тэрбээр гадаад орныг зорих төлөвлөгөөтэй гэнэ. БНСУ-д суурин амьдрах төлөвлөгөөтэй бөгөөд урьдын адил олон улс дамнасан төсөл, хөтөлбөрүүдэд, эсвэл аялалд хамрагдах аж. “Caffe bene”-д ажилд орохдоо л энэ тухайгаа хэлсэн гэсэн.
“Caffe bene”-гийн үүсгэн байгуулагчдын нэг, дэд захирал Д.Насанбатаас тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар нь тодруулсан юм. Хөдөлмөрийн хууль болон дагалдан гаргасан журмын хүрээнд тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн ажиллуулдаг юм байна. Нэг нь бидний танил бариста Э.Түвшин, нөгөөх нь үйлдвэрийн нарийн боовчин Ж.Эрдэнэ-Отгон.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах нь нэмэгдсээр буй. Тэднийг ажиллуулах нь нэг хэрэг. Нөгөө талаар ажлын байрны тохируулга хийх нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэхэд олон талын ач холбогдолтой билээ. Тэгвэл “Caffe bene”-гийн хувьд тэргэнцэртэй, эсвэл харааны бэрхшээлтэй хүмүүст тохирох ажлын байр одоогоор байхгүй гэнэ. Харин сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй бол ажлын байраар хангах боломжтой юм байна. Дэд захирал Д.Насанбат хөгжийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахын давуу тал олон байдгийг онцолсон. “Тэд их хичээнгүй. Манайд голдуу 19-25 насныхан ажилладаг. Тэр дундаа оюутан олон. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг бусадтай нь харьцуулж ажиглахад чамбай, гүйцэтгэл сайтай. Цалингаа тогтмол өгдөг, бас ажлын байрны ямар нэгэн дарамтгүй л бол үйлчилгээний салбарт ажиллах нь таалагддаг, бүр аз жаргалтай байдаг юм шиг санагддаг. Тэр хэрээр ажилдаа илүү хариуцлагатай ханддаг гэж хардаг. Үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүйн тулд ажилтныхаа энгэрт нь тэмдэг зүүж өгдөг. Юуны өмнө ажлын чиг үүрэг, хуваарилалтыг оновчтой болгоё, мөн олон улсын жишгийн дагуу энгэрийн тэмдэг зүүлгэе гэсэн шийдвэр гаргасан. Таних тэмдэгтэй хүн ажиллаж байгааг мэдсэн даруйдаа үйлчлүүлэгч эелдгээр харилцаж эхэлдэг юм билээ. Түүнчлэн дохионы хэл мэддэг үйлчлүүлэгчид манай баристатай ярилцахаар уур амьсгал илүүтэй дулаан, найрсаг болдог” гэж Д.Насанбат ярьсан юм.
“Caffe bene”-гийнхэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэхгүй, бас хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа ч ажиллах боломжоор нь хангахад ихээхэн анхаарал хандуулж, олон улсын жишгийн дагуу энгэрийн тэмдэгтэй болгосныг нь онцлууштай санагдав. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага ажлын 15 өдрөөр тооцон ээлжийн амралт олгох, долоо хоногт 36 цаг ажиллуулах, багадаа 420 000 төгрөгийн цалин өгөх зэрэг үүрэг хүлээдэг. Тус байгууллага энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар тодруулахад дэд захирал “Манай үндсэн ажилтны тоо 200 хүрэхгүй ч гэрээгээр, түр ажилладаг хүн олон. Аж ахуйн нэгжийн хувьд томоохонд тооцогдохгүй ч ажиллагсдынхаа цалинг тогтмол олгоход ихээхэн анхаардаг. Цалин нэмэх хүсэл байвч өнөөгийн нөхцөл байдлаас болоод хараахан чадахгүй байна. Сурахын зэрэгцээ ажиллах боломжтой оюутнууд голдуу манайхыг сонгодог. Ажлын дөр суух, үйлчилгээний салбартай танилцах, хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй харилцаж сурах зэрэг давуу тал олон болохоор дуртай ажилладаг санагддаг” гэлээ. Бариста Э.Түвшингээс мөн цалингийнх нь талаар асуулаа. Тэгэхэд тэрбээр “Миний хувьд ажилдаа сэтгэл хангалуун байх нь хамгийн чухал. Ар гэрт, эсвэл өөрт мөнгө ихээр хэрэг болох үед цалин бага байдаг. Бусад үед боломжийн санагддаг” хэмээсэн юм.