Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордоно гэсэн албан ёсны мэдээлэл цацагджээ. Тэрбээр өнөөдрөөс энэ сарын 17 хүртэл Орост ажиллах юм байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Харин энэ дунд “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн талаарх социализмын үеийн протокол, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан “хамтын ажиллагааны баримт бичгүүд” байж болзошгүй байгаа юм. Болзошгүй ч гэж Ерөнхийлөгчийн айлчлалыг угтуулж сүрхий идэвхжүүлсэн хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын яриа хэлэлцээрийн голлох сэдвүүдийн нэг нь энэ байсан юм.
Хамгийн сүүлд Монгол Улс тунхагласны 97 жилийн ойн өдөр Улаанбаатар хотод Төрийн ордонд болсон хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанаар энэ тухай яригдсан байдаг. Манай Гадаад харилцааны яам энэ талаар албан мэдээлэлдээ онцолсон.
Хамгийн гол нь “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө” гээчийг дагаад “эдэлбэр газар” бас явчихдаг. Тэрхүү Монгол дахь Оросын эдэлбэр газруудыг 100 жилээр өгдөг. Тэгэхдээ дахиад 100 жилээр сунгана гээд ноот бичгээр баталгаажуулчихдаг.
Ерөөс ийм байдлаар 2019 онд нэг хэсэг газар Оросын мэдэлд очсон. Улаанбаатар, Дархан дахь 30 объектыг “эдэлбэр газар”-ын хамт Орост шилжүүлсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 538н/1да ноот бичгээр “Оросын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна” гэсэн. Харин Гадаад харилцааны яамны хариу ноот бичгээр “…Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ.
Монголын тал эдгээр газрыг Оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад, “Хавсралт 1” гэх “ЗСБНХУ-ын нэрээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт” гаргасан.
Уг нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа өөрчилснөөр энэ мэт протокол, хэлэлцээрийг дагаж мөрдөх, эсэхээ тусдаа хуулиар зохицуулсан байдаг юм. Гэвч ийм байдлаар “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийг нь дагаад эдэлбэр газар олгогддог болчихов. Одоо дахиад тодорхой хэмжээний газар нутаг “хамтын ажиллагааны баримт бичгүүд”-ээр Оросын мэдэлд шилжих гэж байна.
Гэтэл манайх чинь тусгаар тогтносон Монгол Улс шүү дээ. Монголчууд дундад зууны үед эрх мэдэл булаацалдсан. Тэрнээсээ болж Монголын хаан, хан, хутагт, ноёдууд Манж, Хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автаж хоорондоо дайтсан. Ингэж байж тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан түүхтэй. Харин ХХ зууны эхээр “үндэсний ухамсрын сэргэлт”-ийн үр дүнд Манжийн дарлалаас салсан. Ингэж Богд хаант Монгол Улсыг байгуулсан. Улмаар тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш Орос, Хятад тэргүүтэй гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хийсэн Монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцлийн эцэст өнөөгийн бидэнд тусгаар тогтнол иржээ. Ер нь тусгаар тогтнол гэдэг угтаа газар нутгийн төлөөх тэмцэл байсаар ирснийг Монголын түүх бэлхнээ харуулдаг. Тэр хэрээр тухайн цаг үеийн Монголын удирдагчдын бодлого, тэмцэл нэн нөлөөтэй байв. Түүхийн шаргал хуудаснуудыг сөхвөл мөн ч олон эрсийн цусаар энэ Монголын газар нутаг, тусгаар тогтнол аврагдан үлдсэнийг бид мэдэх болно. Ойрын түүхийг сануулахад, Х.Чойбалсантай холбоотой олон сайн, саар баримт байдаг. Гэхдээ түүх түүнийг Монголын өнөө цагийн тусгаар тогтнолын “автор” хэмээн дархалсан. Ганцхан баримт дурдахад, тухайн үедээ ЗХУ-д дагаар орж, 16 дахь муж болгох дотоодын санаачилгуудын эсрэг Х.Чойбалсан бат зогссон байдаг. Тиймээс ч “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн түүний үг эдүгээ бидэнд тусгаар тогтнолын хамт үлдэн иржээ.
Ер нь Монголын төрийн удирдагчдын түүхэнд ямраар үлдэх вэ гэдгийн хамгийн том шалгуур нь тусгаар тогтнол, газар нутгийн төлөө хийсэн тэмцэлтэй л шууд холбогддог.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөрш Орост айлчлахаар мордож байна. Уг нь Ерөнхийлөгч энэ удаад хойд биш, урд хөршид айлчилсан бол хэрэгтэй байв. Ядаж Эрээний боомт байн байн хаалгахгүй байх талаар харилцан тохиролцоод ирсэн бол ядарсан ард түмэн чинь яасан их баярлах байсан бол.
Гэхдээ төрийн хэргийг бид заахгүй. Болохгүй. Тиймээс түүнд “Орост очоод Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ” гэж захья. Хэрэвзээ, үүнийг мартаж, социализмын үеийн протокол, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн талаарх “хамтын ажиллагааны баримт бичиг”-т гарын үсэг зурчихаад ирвэл түүхэнд тааруухан нэртэй, Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн л Ерөнхийлөгч болж үлдэнэ дээ.