Нэр бүхий хуульчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нэр төдий, хууль бус болсныг шүүмжилж байсан. Тэгвэл энэ удаа тус зөвлөлийн даргын томилгоо ч Улсын их хурлаас гаргасан тогтоолд нийцээгүйг шүүмжиллээ. Тухайлбал, хуульч Б.Мэргэн нүүр номоороо дамжуулан "УИХ өөрөө баталсан “Өмнө нь ШЕЗ-ийн гишүүн байсан хүн нэр дэвшиж болохгүй” гэсэн тогтоолоо зөрчөөд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлсэн. Хуульчид янз бүрээр тайлбарлаж мэтгэлцдэг заалтууд бий бий. Гэхдээ “Өмнө нь ШЕЗ-ийн гишүүн байсан хүн нэр дэвшиж болохгүй” гэсэн заалтыг “Өмнө нь ШЕЗ-ийн гишүүн байсан хүн нэр дэвшиж болохгүй” гэж л ойлгоно шүү дээ. Өөр юу гэж ойлгуулах гээд байгаа юм. За тэгээд өнөөх нь ШЕЗ-ийн гишүүн болчихлоо. Гэтэл үлдсэн 9 гишүүн нь санал хураагаад мань хүнийг бүр даргаараа томилчих юм. Хууль тогтоомж зөрчин байж орж ирсэн нэгнээ мэдсээр байж даргаараа залж байгаа тэдэнд ч итгэх арга алга. Бүгдэд нь эргэлзээ төрчихлөө. Захиалгатай мэт" хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр томилгооны үеэр нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамаас ШЕЗ-ийн гишүүн байсан хүн дахин нэр дэвшиж болохгүй” гэсэн заалтын талаар асуухад “Хуульчид юу гэж ойлгохоос л хамаарна даа” гэж хээв нэг хариулсан билээ. Улмаар Б.Энхбаяр, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарын гишүүд "Т.Зүмбэрэллхам нь шүүхийн шинэчлэлийн зарчмыг нурааж, өөрийн “хүслээр” биш өрөөлийн зараал болж, хамгийн өндөр оноо авсан ардын хүүхдийг унаган барин байж, “урьд нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй байх” УИХ-ын тогтоол, шаардлагыг зөрчиж томилогдож байна" хэмээн эрс эсэргүүцсэн ч саналыг нь үл хэрэгсэн түүнийг ШЕЗ-ийн гишүүнээр томилсон юм.