Монголын үндэсний тариаланчдын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Хэнтий аймгийн тариаланчдын холбооны тэргүүн, “Про агро” компанийн гүйцэтгэх захирал Б.Цогтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Энэ жил байгаль, цаг уурын таатай нөхцөл тохион, улсын хэмжээнд өндөр ургац авсан. Гэтэл агуулахын багтаамж болон гурилын үйлдвэрийн хүчин чадал муугийн улмаас 140 000 гаруй тонн улаан буудай хаягдах нь гэж танай холбооныхон мэдээлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Уг асуудлыг ярихын өмнө оршил хэлэхийг зөвшөөрнө үү. 2020 оноос “Атрын VI” аяныг зарлан, газар тариалангийн салбарт багагүй хөрөнгө оруулж эхэлсэн. Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлснээр тухайлбал, Хэнтий аймгийн хувьд энэ жил тариалалтын талбайн хэмжээг 40 хүртэлх хувиар өсгөсөн. Ер нь улсын хэмжээнд 2019-2021 онд тариалангийн талбайн хэмжээг 20 орчим хувиар ахиулсан дүн бий. Энэ нь тус салбарт үзүүлж буй дэмжлэг нүдээ олж, төр, хувийн хэвшил аль ч тал нь ашигтай, амжилттай ажиллахаар хичээсний үр дүн. Улмаар ургацын төрөл, хураан авах хэмжээ ч ахисаар байгаа.
1990 оноос хойш Монголын эдийн засагт уул уурхайн салбараас оруулах хувь нэмэр огцом өсөн, эрдэс баялгийн салбар нь манай эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон. Эл өгөөжийг газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг бүх салбар хүртэн, харилцан уялдаатай хөгжиж буй гэж боддог. Цаашилбал хөдөө аж ахуй нь уул уурхайн салбарын дараа жагсах, Монгол Улсын эдийн засгийн хоёрдогч түшиц, орлого олох томоохон суваг болох боломжтой. Үүний нэг жишээ ч энэ жил илэрч, дотоодын нэг жилийн хэрэгцээний 320 000 орчим тонн улаан буудайнаас бараг 50-60 хувиар илүү ургац хураалаа. Зөвхөн улаан буудайн хэмжээг дурдахад энэ бөгөөд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн нийлүүлэлтийг ч өсгөж чадсан. Үүнд цаг агаарын таатай нөхцөл ч нөлөөллөө. Гэтэл дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнийг хэрхэх вэ гэсэн асуудал тулгарлаа. Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй арвин ургац авсан ч түүнийгээ “шингээх” боломжгүйдсэн хэрэг.
-Илүүдэж буй бүтээгдэхүүнийг хэрхэх санал байна вэ?
-Төрөөс хэзээ ямар бүтээгдэхүүн экспортлох вэ гэдгийг шийдэн, импортлогч талуудтай тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Улаан буудай бол стратегийн хүнс учраас гадаад руу яаран нийлүүлэхийг эрмэлзэхгүй байж болно. Гэхдээ нэгэнт дотоодын хэрэгцээнээс илүү гарсан тохиолдолд аж ахуйн нэгжүүд борлуулж чадахгүй, хохироод үлддэг байж болохгүй. “Одоо яая гэх вэ, экспортын суваг алга” гээд үнэгүйдүүлэх хэрэг үү. Энэ жилийн хувьд ийм л нөхцөл байдал үүслээ.
-Хэнтий аймагт хэдэн тонн улаан буудайг борлуулж чадсангүй вэ, нөхцөл байдал ямар байна?
-Дээр дурдсанчлан Хэнтийн тариаланчид зөвхөн сүүлийн нэг жилд тариалах талбайн хэмжээгээ 40 хүртэлх хувиар өсгөсөн ч өнгөрсөн зун таримлынхаа 30 орчим хувийг малд идүүллээ. Мөн аравдугаар сард цас орж, хүйтэрсний улмаас төлөвлөснөөс 70 гаруй хувиар бага ургац авах нөхцөл үүссэн. Ингэж багассан ч ургацаа бүрэн борлуулж амжаагүй. Одоогоор аймгийн хэмжээнд 15 000 тонн улаан буудай байгаа. Өдийд тариаланчид талбайн ажлаасаа буучихдаг үе боловч будаагаа манаж, тордон, үтрэмд ажиллан, бага багаар ч болов борлуулах боломж эрж буй гэсэн үг.
-Өнгөрсөн хавар ОХУ-аас их хэмжээний тариа импортолсон нь дотоодын зах зээлд дарамт болсон талаар та бүхэн дурдсан. Төмс, улаан буудайн хэрэглээгээ дотоодоос бүрэн хангадаг гэдэг ч импортолсон хэвээр байна. Энэ талаар юу хэлэх бол?
-Цар тахлын улмаас хүнсний хангамжийг хэвийн, нөөц ихтэй байлгах зорилгоор улаан буудай импортолсон юм билээ. Гэхдээ шаардлагатай хэмжээнээс нь илүүдүүлсэн. Магадгүй энэ намар ургац алдсан бол импортын буудай бидэнд хэрэг болох байсан. Гэсэн ч одоогоор илүүдэл болж, дотоодын зах зээлийг хаажээ. Цаашид ийм тохиолдол хэд хэчнээн гарахыг таашгүй. Гол нь газар тариалангийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ихэдвэл яах вэ, багадвал яах вэ гэдгийг л тооцсон, борлуулалтын сувагтай байх учиртай. Энэ удаагийнх шиг улаан буудайн нийлүүлэлт өсөн, үйлдвэрлэлийнх нь багтаамжаас давсан тохиолдолд аж ахуйн нэгжүүд хохирч үлдэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, улаан буудай хэрэгцээнээс дутна гэж тооцохоор “айл”-аас авчихдаг, илүү гарахаар нь хаяж үрэгдүүлдэг байж болохгүй. Нарийн төлөвлөгөө боловсруулдаг, илүүдсэн үед нь экспортолж мөнгө олдог, дутах болбол тэр хэмжээгээр нь худалдан авах чадвартай байвал зохино.
-Хэрэв улаан буудайг гадаад руу гаргах боломж бүрдүүлбэл аж ахуйн нэгжүүд экспортын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу?
-Манайх элэгдэж сүйдээгүй хөрстэй, органик цэвэр бүтээгдэхүүн тариалах, ургац авах бүрэн боломжтой улс. Энэ бол хамгийн том давуу тал. Монгол, Хятадын Засгийн газар 2011 онд улаан буудай худалдах, худалдан авах талаар зөвшилцөлд хүрсэн байдаг. Гэхдээ импортлогч ямар шаардлага тавьсан, бид юу бэлтгэж зэхэх талаарх мэдээлэл өдий хүртэл алга. Магадгүй бид энэ жилийг хүртэл дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний л улаан буудай бэлтгэж байж. Гол нь цаашдын өсөлтөө өнөөдөр тооцон, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй л гэж би хэлээд байгаа юм. Түүнчлэн улс даяар таран байрласан тариалангийн компаниудын бүтээгдэхүүнийг тухайн газраас нь тонн, тонноор нь экспортолно гэж үгүй. Юуны түрүүнд төрөөс зөв бодлого боловсруулж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ложистикийн төв байгуулж, тариагаа стандарт, стандартаар нь ангилж, бэлтгэх ёстой болов уу. Нэг цэгээс, эсвэл бүсчилсэн байдлаар экспортод бэлтгэнэ гэсэн үг. Ингэж бэлэн болгосон бүтээгдэхүүнд импортлогч тал хяналт тавин, худалдан авахаар зөвшөөрсний эцэст нийлүүлнэ.
-Гурилын үйлдвэрийн хүчин чадал ямар байдаг юм бол. Улаан буудайгаар гурил үйлдвэрлэсний дараа экспортолж болно доо?
-Улсын хэмжээнд гурилын үйлдвэрүүдийн суурилагдсан чадал жилд 1.1 сая орчим тонн улаан буудай тээрэмдэх юм. Дотоодын жилийн хэрэглээ 320 000 тонноос давдаггүй. Хэрэглээнээсээ гурав дахин илүү хүчин чадал бий гэсэн үг. Их хэмжээний гурил үйлдвэрлээд хэн худалдан авах билээ. Урд хөрш гурил авах боломжтойгоо илэрхийлдэг ч яг таг зөвшилцөж, гэрээ хийсэн нь алга.
-Энэ намрын улаан буудай чийг ихтэй, болц муу учраас багагүй хэсэг нь гурилын үйлдвэрийн шаардлага хангаагүй гэсэн байх аа?
-Буудайн болц, чанар алаг цоог байгаа. Гэхдээ стандартын шаардлагад нийцээгүй гэгдэж буй тариаг ч бяцлан, тэжээлийн зориулалтаар тонн тутмыг нь 900 000 төгрөгөөр худалдан авахаа урд хөршийн компаниуд илэрхийлсэн. Харин нэгдүгээр зэргийнхийг нь дотоодын үйлдвэрүүд тонныг нь 650 000-аар худалдан авч буй. Энд тарианы чанар, стандарт гэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэлийн хүчин чадал, агуулахын багтаамж, борлуулах боломжийн талаар хөндье. Гагц улаан буудайн үйлдвэрлэл, борлуулалт гэж ярих нь ч учир дутагдалтай. Манайд таримлын бараг бүх төрөл ургах боломжтой төдийгүй иргэдийн хүнсний хэрэглээ ч өөрчлөгдсөн. Овьёос, рапс, эрдэнэшиш, арвай зэргийн тариалалтыг яагаад нэмэгдүүлж, хэрэгцээнээсээ илүү гарсныг нь гадаад зах зээлд нийлүүлж болохгүй гэж. Давтан хэлэхэд, зөвхөн улаан буудай ч биш, хошуу буудай, арвай, эмийн ургамал болон маш олон төрлийн таримлыг нэмүү өртөг шингээн, тэжээлийн таваар болгон нийлүүлэх бүрэн боломж бий. Ойрын гурван жилийн дотор л бид таримал бүтээгдэхүүний экспортоос жил бүр нэг их наяд төгрөг олох тооцоо байгаа юм. Газар тариалангийн салбарын хөгжлийг алсуур харж, төлөвлөгөө гарган, олон улсад бүтээгдэхүүнээ сурталчлах, гадаад зах зээлийн боломжоо ашиглах хэрэгтэй.
Тодруулбал?
-Хятад бол хүн ам ихтэйн хэрээр дэлхийн олон улсаас хүнс импортолдог, маш том зах зээл. Казахстан, ОХУ зэрэг нь таримал бүтээгдэхүүний Хятад дахь экспортоосоо багагүй хөрөнгө олдог. Энэ жил гэхэд Казахстан, ОХУ, Канад, БНХАУ зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсад ган гачиг, үер болж ургац алдсан. Харин манайх хэрэгцээнээсээ илүү гарсныгаа хэрхэхээ мэдэхгүй байцгаана. Хэрэв экспортлох боломж байсан бол улс ч, аж ахуйн нэгжүүд ч ашиг хүртэх байлаа.
-Энэ жил улаан буудай худалдан авч буй үнэ дэлхийн дунджаас хэр ялгаатай байна вэ. Ер нь үйлдвэрлэгчид ямар зарчмаар худалдан авдаг юм бэ?
-Эхлээд гурилын үйлдвэр шаардлагатай нөөцөө бүрдүүлдэг. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдан авч, түүнээс нь гурилын үйлдвэрүүд авч, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Төлбөр тооцоог нь дараа нь хийдэг. Аж ахуйн нэгжүүд эхлээд тариагаа нийлүүлчихдэг юм. Өнгөрсөн хавар ОХУ-аас оруулж ирсэн гуравдугаар зэрэглэлийн улаан буудайн тонн тутамд гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлсөн дүнгээр 750-800 мянган төгрөг зарцуулсан. Харин дотоодын тариаланчдын нэгдүгээр зэрэглэлийн улаан буудайг 610 мянган төгрөгөөр худалдан авсан. 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал, хүнсний хомсдол, газар тариалангийн үйлдвэрлэлийн орцын үнийн өсөлтийн нөлөөгөөр олон улсын зах зээлд улаан буудайн ханш өдгөө 313-320 ам.долларт хүрчээ. Харин үйлдвэрүүд нэг тонныг 650 000-аар авч, урамшуулалд 50 000 төгрөг олгож буй нь харьцангуй бага дүн байгаа биз.
-Импортын бүтээгдэхүүн болон дэлхийн зах зээл дэх үнээс багаар борлуулж буй юм байна. Гэхдээ тариалан эрхлэгчдэд төрөөс зээл, тусламж олгодог шүү дээ.
-Тариалан эрхлэгчид хувийнхаа бизнесийг эрхэлдэг атлаа төрөөс дэмжлэг, тусламж ихээр хүртдэг. Тиймээс санхүүжилт, борлуулалт, тулгарсан бэрхшээлээ өөрсдөө хариуцах ёстой гэх хүмүүс цөөнгүй бий. Иймэрхүү хандлага ч их анзаарагддаг. Би бол тариаланчдаа үүрэг хүлээсэн бизнесменүүд гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, гурил, улаан буудай бол стратегийн хүнс. Төмс, хүнсний болон нарийн ногоо ч чухал хэрэгцээт бүтээгдэхүүн. Эдгээрийн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, хүн амыг эрүүл, баталгаат хүнсээр хангах үүрэг хүлээсэн хүмүүс нь тариаланчид. Мэдээж төрийн дэмжлэгийг үгүйсгэхгүй ч энэ жил гэхэд шатахууны дэмжлэг буюу зээлээр түлш авахад нэг тэрбум төгрөг олгожээ. Энэ нь 2021 онд буудай тариалсан нийт талбай буюу 650 000 га-гаас 20 000-д нь л зарцуулж болох дүн. Бүх дэмжлэг, тусламжийг зохих ёсны хүүтэйгээр нь эргүүлж төлдөг.
-Ер нь тариалан эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Юуны түрүүнд малын хөлөөс л тариан талбай, хөрсөө хамгаалах хэрэгтэй байна. Орон нутагт ихэнх тохиолдолд хуулийн хэрэгжилт тааруу байгаа учраас тариан талбайд мал оруулан, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг сүйтгэх нь элбэг. Газар тариалангийн тухай хууль, тогтоомжийг сайтар боловсруулж, хэрэгтэй зүйл заалт оруулан, шинэчлэн баталсан нь олзуурхууштай. Гол нь эл хуулийн хэрэгжилтийг хангуулахад л хаана хаанаа анхаарах учиртай. Нэг үеийг бодвол тариалан эрхлэгч компаниуд мөнгөтэй болж, техник, технологио шинэчилж чадсан. Одоо амжилтаа илүү ахиулах талаар урт хугацааны бодлого төлөвлөгөөтэйгөөр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах л шаардлагатай.