Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс сэргээн засалтын цогц арга зүйн мэдлэг олгох зорилготой үндэсний сургагч багш бэлтгэх дөрөв хоногийн сургалт өнгөрсөн сарын сүүлчээр Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Төслийн хүрээнд өдгөө зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барьж байгаа. Тэдгээр төвд ажиллах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дадлага олгох нь уг сургалтын гол зорилго байв. Манай улсад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн дэмжлэг үзүүлэхэд тулгарч байгаа асуудлуудын нэг нь хүний нөөц гэдгийг сургалтад оролцогчид онцолсон.
Тиймээс үүнтэй холбоотой бичил хэлэлцүүлгийг “Өнөөдөр” сониныхон, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран зохион байгуулсан юм. Төслийн үндэсний зөвлөх, АШУҮИС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, доктор А.Балжинням, төслийн ерөнхий зөвлөх, П.Шейла, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны яамны тэгш хамран сургах боловсролын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Саранзаяа нар уг хэлэлцүүлэгт оролцлоо.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, ялангуяа сэргээн засах үйлчилгээний хүртээмж манай улсад ямар түвшинд байна вэ. Эл салбарт ажиллах хүний нөөцийн хүрэлцээ, боломжийн талаар мэдээлэл өгнө үү.
Ц.Н: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих чиглэлээр мэргэшсэн багш, нарийн мэргэжлийн эмч, сувилагч улсын хэмжээнд нэн дутмаг. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Ховд, Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Архангай гэсэн зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн төв байгуулж байна. Ингэснээр нэг аймагт энэ чиглэлийн 30 орчим ажлын байр бий болно. Орон нутгийнхтай харьцуулахад Улаанбаатар дахь төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг илүүтэй дэмжих юм. Аймгууд дахь төвүүдийг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Нийслэлийнхийг 2022 онд багтаан ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төвийг ашиглалтад оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эрүүл мэнд, боловсрол болон бусад талаар дэмжиж, нийгмийн тэгш оролцоог нь хангах боломж бүрдэнэ. Гэтэл эдгээр төвд ажиллах мэргэшсэн хүний нөөц дутмаг байна. Тиймээс ч үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж буй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэнд, боловсролыг дэмжих цогц арга хэмжээг нэвтрүүлэхэд шаардлагатай боловсон хүчний тоог гаргаж өгөөч гэсэн хүсэлтээ БШУЯ-нд тавьсан. Одоо үйл ажиллагаа явуулж буй болон шинээр барих төвүүдэд хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засалч шаардлагатай. Үүн дээр протезын үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдийг нэмж тооцвол багадаа 300 мэргэжилтэн манай улсад одоогоор хэрэгтэй байна.
…Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд нийгэмдээ асар их нэр хүндтэй, хайр хүндлэл, итгэл хүртдэг хүмүүс байдаг. Энэ бол мэргэжилтнүүдэд маш том мөнгөн бус урамшуулал болдог талтай…
Б.Г: -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх арга зүй судалсан, мэргэшсэн багш нарыг манай улс сүүлийн 30 жил бэлтгээгүй орхигдуулсан. Тиймээс багшийн хүрэлцээ маш тааруу, гүнзгий хомсдол үүссэн гэвэл зохино. Саяхан буюу 2015 оноос л МУБИС-д нэг жилийн анги нээн, 2020 он хүртэл 100 орчим хүн төгсгөсөн. 2018 онд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулж, одоогоор 40 гаруй багш бэлтгээд байна. Түүнчлэн гадаадад мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2018-2020 онд ОХУ-д 10 оюутан суралцуулсан. Тэднээс хамгийн анхных нь магистр зэрэгтэй төгсөж ирээд, өдгөө МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд ажиллаж байгаа. Цөөн боловч мэргэжилтнийг бэлтгэхээр оюутнуудыг гадаад, дотоодод сургаж, хүний нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр бий.
А.Б: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх болон хөдөлгөөн, хөдөлмөр засах чиглэлийн мэргэжилтнийг манай улсад бэлтгээд удаагүй. Сувилахуйн сургуульд ийм мэргэжилтэн бэлтгэдэг ч Улаанбаатар болон орон нутгийн эмнэлгүүдэд хүрэлцээгүй хэвээр байна. Нарийн мэргэжилтэн бараг байхгүйгээс биеийн тамирын багш, дасгалжуулагчид хөдөлгөөн засалчаар ажиллаж ирсэн. Анагаахын сургууль төгссөн хүмүүсийг томоохон эмнэлгүүдэд ажиллуулах шаардлага тулгарснаас биеийн тамирын багш нарыг ажлаас нь гаргаж байгаа. Цаашид хаана, хэдэн мэргэжилтний хэрэгцээ байгаа талаарх мэдээллээ орон нутаг бүрээс БШУЯ-нд өгөх шаардлагатай. Үүний хүрээнд БШУЯ болон АШУҮИС хамтран бодлогоор мэргэжилтэн бэлтгэх учиртай. Сувилахуйн сургуульд жил бүр хөдөлгөөн болон хөдөлмөр засалч мэргэжлээр 60 оюутан сургах квот байдаг юм билээ. Гэтэл сонгож суралцах хүн ховор. Тиймээс жилд 10-20 хүүхэдтэй анги бүрддэг. Эмч нарыг аймгууд захиалгаар сургадаг. Үүн шиг ийм мэргэжилтнүүдийг ч захиалгаар сурган, сургалтынх нь төлбөрөөс хөнгөлж, салбар дундын бодлогоор шийдэх зайлшгүй шаардлага бий. Хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч мэргэжилтэн нь дөрвөн жил сурч, лиценз авдаг. Ийм учраас орон нутаг ийм мэргэжилтэнгүй бол уг ажлын байрны нэрийг ашиглаж болохгүй. Биеийн тамирын аргазүйч, амьдрах ухааны багш гэх мэтээр нэрлэн ажиллуулна гэсэн үг. Маш эрэлттэй мэргэжил учраас орон нутгийнхан идэвхтэй байж, сургууль төгссөн мэргэжилтнийг урьж, хөдөө амьдрах таатай нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Б.Г: -МУБИС-ийн тусгай хэрэгцээт сургуулийн багш бэлтгэх ангид жилд 30 оюутан сургах квот бий. Гэтэл 10 орчим хүүхэд сонгон суралцдаг жишиг тогтоод удлаа. Орон нутгаасаа сургалтын төлбөрөө гаргуулан, сургуулиа төгссөн ч тэндээ ажиллахгүй зугтсан хүн ч бий юм билээ. Уг нь энэ чиглэлээр ОХУ болон бусад оронд Засгийн газар хоорондын гэрээгээр үнэ төлбөргүй суралцах боломжтой. Төгсөөд ажлын байр ч бэлэн, эрэлттэй мэргэжилд тооцогддог.
Б.С: -ОХУ-д тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр сүүлийн 4-5 жилд суралцсан ганц оюутан нь би. Гол нь хүүхдүүд ийм нарийн мэргэжлийг үнэ төлбөргүйгээр эзэмших боломж байгааг мэддэггүй. Мэдсэн ч зарим нь сонирхдоггүй юм билээ. Ер нь нэн шаардлагатай нарийн мэргэжлүүдээр оюутан сургах талаар олон нийтэд байнга мэдээлэх, үнэ төлбөргүй сурах боломжтойг нь ойлгуулах хэрэгтэй болов уу. Мөн сургуулиа төгсөөд хаана, ямар чиглэлээр ажиллах боломж байгааг сайн чиглүүлэх ёстой. МУБИС-д өдгөө нэгдүгээр дамжаанд ес, хоёрдугаарт нь 17, 3-4 дүгээр дамжаанд 30 гаруй оюутан суралцаж буй нь тун бага тоо. ОХУ бол 140 сая гаруй хүнтэй их гүрэн. Тусгай хэрэгцээт боловсрол олгох багш нараа төрөлжүүлж, нарийн мэргэшүүлж, маш сайн бэлтгэдэг. Монголд бол сонсголын болон харааны, оюун ухааны бэрхшээлтэй хүнд багшилна гэж ерөнхийд нь заадаг. Мэргэшүүлж, төрөлжүүлбэл магадгүй хүн ам цөөтэй учраас үр дүнгүй байх талтай нь анзаарагддаг.
-Тусгай хэрэгцээт боловсролын хичээлийг МУБИС-ийн бүх оюутан заавал судалдаггүй гэсэн. Сонгон суралцахаар үздэг юм байна. Багш болох хүн бүр ийм хичээлийг зайлшгүй судлах шаардлагатай биш үү?
Б.Г: -Тусгай хэрэгцээт боловсрол олгох тэнхимийн хичээлийн агуулгыг сайжруулах, илүү нарийн мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь тун ерөнхий байгаа нь үнэн. Мөн МУБИС-ийн нийт оюутан тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх арга зүйн хичээлийг сонгон суралцах байдлаар үзэж эхэлсэн. Оюутнууд огт судалдаггүй байсныг бодвол ядаж сонгон суралцуулахаар болгосон хэрэг. Тэнхим нь дөрвөн багштай. Хэрэв бүх оюутанд заавал суралцуулна гэвэл багш нар хүрэлцэхгүй. Цаашид хэрхэн илүү олон багш, оюутныг тусгай хэрэгцээт боловсролын талаар ойлголттой, мэргэжлийн чиг баримжаатай болгох талаар бид судалж байгаа.
-Бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, дэмжих, эмчлэх, сурган хүмүүжүүлэх мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэдэг бол. Бид ямар туршлага хэрэгжүүлбэл зохих вэ?
П.Ш: -Эдгээр нь маш чухал, тун эрэлттэй мэргэжилд тооцогддог. Тухайлбал, Канадад ерөнхийболовсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш шалгаруулахад нэг орон тоонд 20 орчим хүн өрсөлддөг. Их сургуулиуд нь мэргэжилтнүүдээ өндөр түвшинд, олон төрлийн чадвартайгаар бэлтгэн төгсгөдөг юм. Тиймээс хувийн хэвшил, төрийн байгууллага, эмнэлэг болон сургуулийн хаана ч ажиллах чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгддэг гэсэн үг. Мөн нарийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна дунд түвшний мэргэжилтэй туслах ажилчдыг ч сургадаг. Ийм бодлого, сургалтын арга зүйг олон жил тасралтгүй баримталсан учраас хүний нөөцийн хомсдол харьцангуй бага гэж болно. Ер нь хөгжингүй, өндөр хөгжилтэй улсуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэргэжилтнүүд эрэлттэй, ажлын байрны олдоц ихтэй байдаг жишиг бий.
Орчин үед янз бүрийн ослоор иргэд гэмтэх эрсдэл ихэссэн, хүмүүсийн нас уртассан зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тусламж, үйлчилгээний эрэлт нэмэгдсээр байгаа. Протез болон туслах хэрэгсэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг ч илүү өсгөх шаардлага бий. Харин хөгжиж буй болон ядуу буурай оронд ийм салбарт ажиллах хүч дутмаг гэсэн судалгаа бий. Тиймээс эл салбарт ажиллах хүмүүст өндөр цалин амлах, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах зэргээр хөшүүрэг бий болгох хэрэгтэй. Тухайн орон нутгаас ажиллах хүн олдохгүй бол Улаанбаатараас мэргэжилтэн урьж ажиллуулахыг хичээгээрэй. Хамтын ажиллагаагаа сайн өрнүүлээрэй. Тэгж байж шинээр нээгдэх төвүүдээ хөл дээр нь босгоно. Сургагч багш бэлтгэх дөрөв хоногийн сургалт бол анхан шатны мэдлэг л олгож буй хэрэг. Цаашид 2022 онд багтаан ЭМЯ, ХНХЯ, БШУЯ зэрэг байгууллага хамтран нэн шаардлагатай мэргэжилтнээ бэлтгэх, орон нутгуудад томилон ажиллуулах асуудлаа шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд өргөн хүрээтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан байдаг. Тэдэнтэй ч хамтран ажиллаж болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төвийг ирэх онд зургаан аймагт ашиглалтад оруулна. Ажлынх нь орон тоонд тавих шаардлага ч маш тодорхой. Тодруулбал, хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч мэргэжилтнүүд, сувилахуйн ухааны чиглэлээр сургууль төгсөгчид, багш нар байх нь. Ийм хүмүүсийг хэрхэн олж, ямар таатай нөхцөл, хангамж амлан ажиллуулах бол?
Ц.Н: -Орон нутаг өөрийн төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй. Эл эрх, үүргийн дагуу эмч нарт илүү цалин, орлого амлан, тухайн аймаг, сумд суурьшуулж буй жишиг бий. Тиймээс хэл засалч, хөдөлмөр болон хөдөлгөөн засалч зэрэг мэргэжилтнүүдийг орон нутгийнхан өөрсдөө бэлтгэж эхлэх шаардлагатай нь харагдаж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчидтэй гэрээ байгуулж сургаж болно. Улаанбаатараас, өөр аймгуудаас хайж, урьж болно. Хаана хаанаа л анхаарах асуудал. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгыг ХНХЯ боловсруулан, холбогдох байгууллагуудтай хамтран хэлэлцэж буй. Үүнд дээр дурдсан салбарт ажиллах боловсон хүчний цалинг илүү байхаар тусгаж байгаа юм. Түүнчлэн тэтгэврийн насныхан ч ажиллаж болно. Аймгууд мэргэжилтэнтэй болтол өөр өөрсдийн боломжоор ажлаа эхлүүлнэ гэсэн үг.
П.Ш: -Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд нийгэмдээ асар их нэр хүндтэй, хайр хүндлэл, итгэл хүртдэг хүмүүс байдаг. Энэ бол мэргэжилтнүүдэд маш том мөнгөн бус урамшуулал болдог талтай.
Үүнээс гадна орон нутгаас дээрх сургалтад ирж суусан хүмүүс хэлэлцүүлэгт оролцогчдоос асуулт асуув. Тухайлбал, аймгуудад хэл засалч, хөдөлмөр болон хөдөлгөөн засалч нарийн мэргэжилтэн байхгүй. Тиймээс шинээр нээх төвүүддээ эхний ээлжид хэнийг ажиллуулж болохыг лавлав. Түүнчлэн Ховд аймагт гэхэд нэг ажлын байранд орохоор 26 хүн өргөдөл өгсөн аж. Тэд бүгд ажлын байрны шаардлагад нийцэхээргүй мэргэжилтэй хүмүүс боловч хэнийг нь сонгон ажиллуулж болох талаар хэлэлцүүлэгт оролцогчдоос тодрууллаа.
А.Б: -Ажлын байрныхаа шаардлагад нийцсэн хүн олтол өөр хүн ажиллуулж болохгүй гэхгүй. Сургагч багш нэрээр ажиллуулж болно. Улмаар сургалтад хамруулж ч болно. Тэдгээр нь биеийн тамирын багш болон бусад мэргэжлийн багш нар байвал зохино. Сул харааны чиглэлээр ахуйн баримжаа олгох сургалтыг АШУҮИС-иас Хараагүйчүүдийн үндэсний төвтэй хамтран явуулахаар төлөвлөсөн. Үүнд багш нараа хамруулах боломжтой шүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүддээ ажиллах боловсон хүчнээ тодорхойлох цаг нь болсон. Тийм учраас юуны түрүүнд дарга нарыг нь томилж, ажлын төлөвлөгөөгөө гаргах учиртай болов уу.
Ц.Н: -Энэ онд багтаагаад дарга нарыг томилох нь зүйтэйг ойлголоо. Үүний дараа удирдлага нь багаа бүрдүүлж, сэтгэл, зүтгэл гарган ажиллаж эхэлнэ гэж найдаж байна. Ер нь хийх ажил нь хэцүү, шантарч бэрхшээх зүйл олон гарах байх. Аймгуудын удирдлага, шинэ байгуулагдах төвийн ажилчид хичээн ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ илүү хөгжүүлж, дэмжин, туслан, чадавхжуулахад анхаарах цаг ирсэн. Зургаан аймагт нээх төвүүд амжилттай, үр дүнтэй ажиллаад эхэлбэл бусад газарт ч байгуулах боломж бүрдэнэ гэсэн үг. Хамтдаа хичээцгээе.