Хомын тал гэхээр тахийн өлгий нутаг гэсэн тодотгол санаанд нэн түрүүнд буудаг юм. Францын Тахь хамгаалах холбоо Швейцарын MAVA сангийн санхүүжилтээр 2004 онд 22 тахийг тээвэрлэн авчирч, Хомын талд тавьснаар тухайн бүс зэрлэг адуу сэргээн нутагшуулсан Монголын гурав дахь газар болсон юм. Үүний дараа 2011 онд Прагийн амьтны хүрээлэнгийн дэмжлэг, санаачилгаар дөрвөн тахь нэмж нутагшуулсан байдаг. Үндсэндээ 2004-2011 онд тэнд нийт 26 тахь нутагшуулсан нь өдгөө 100 болж өсөөд байна. Түүнээс гадна Олон улсын байгаль хамгаалах холбооны ховор амьтдын жагсаалтад Монголоос багтсан 69 зүйл амьтны 31 нь тус хэсэгт нутагладаг. Тухайлбал, цоохор ирвэс, янгир, хар сүүлт, бөхөн, цагаан зээр, зэгсний гахай зэрэг ховор амьтан тэнд нутаглаж, өсөж үрждэг. Мөн олон зүйлийн туруутан амьтдын нүүдлийн коридор нутаг гэдгээрээ онцлог. Энэ үүднээсээ Хомын тал бол Монгол төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд чухалд тооцогдох, биологийн олон янз байдлын хувьд ихээхэн үнэ цэнтэй газар юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө жилээс жилд эрчимжиж, хүний буруутай үйл ажиллагаа, ялангуяа мал аж ахуйгаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх дарамт ихэссэнтэй холбоотойгоор экологийн ийм чухал бүс нутгуудыг анхаарч, хамгаалах шаардлага тулгарсаар буй. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Францын Тахь хамгаалах холбоо, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Хомын талыг улсын тусгай хамгаалалтад багтаах санаачилга гаргаж, үндэслэл боловсруулан, удаан хугацаанд тууштай ажилласны дүнд өнгөрсөн онд ажил болгов. Тодруулбал, УИХ 2020 онд есөн газрыг тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсний дотор тахийн өлгий нутаг багтсан юм.
Хомын талыг байгалийн цогцолборт газрын статустай болгож, хамгаалалтад авсныг олон улсын байгууллагууд сайшааж, энэ талаар талархлын захидал, албан бичиг хүртэл илгээжээ. Тухайлбал, тухайн бүс нутагт экологийн үнэлгээ хийсэн “Дэ нэйче консерванси” (TNC), биологийн олон янз байдал бүхий газрыг даруй хамгаалалтад авах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ныхон үүнийг цагаа олсон, оновчтой шийдвэр хэмээн тодорхойлж, сайны жишээ болгон сурталчилсан байна. Гэтэл тухайн хэсэг газар нутагт нь харьяалагддаг Завхан аймгийн Дөрвөлжин сумын зарим иргэн энэхүү шийдвэрийг тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Бүр тодруулбал, цогцолборт газрын ойролцоо нутагладаг малчид, жилийн жилд байгалийн зэрлэг чацаргана түүж, ашиг орлого олдог иргэд “Өөрсдийн мэдлийн газраа алдлаа. Байгалийн нөөцөөс хүртэх эрхгүй боллоо” хэмээн төрийн шийдвэрт сэтгэл дундуур буй аж. Үүнээс үүдэлтэй зөрчил, үл ойлголцол, тэмцэл иргэдийн дунд үүссэн талаарх мэдээллийг эх сурвалж ирүүлсэн юм. Энэ талаар дэлгэрүүлье.
Монгол орон дахь байгалийн зэрлэг чацарганын томоохон нөөц бүхий ой Дөрвөлжин сумд байжээ, саяхныг хүртэл. Орон нутгийн төдийгүй зэргэлдээх аймаг, сумдын иргэд тэндээс хишиг хүртсээр олон жилийн нүүр үзэж. Чацаргана түүх нь кампанит ажил, спортын тэмцээний хэмжээнд хүртлээ “хөгжсөн” байна. Ингэхдээ зүгээр ч нэг түүхгүй, модыг мөчир, мөчрөөр нь хугалж, булгалан, ихээхэн гэмтээдэг гэнэ. Яг л самарчид хушийг зэрэмдэглэдэг шиг. Үүний балгаар чацарганаар баялаг Хар бутны ой эрс доройтож, эр, эм модны зохистой харьцаа алдагдан, хортон шавж голомтлон тархаж, үр жимсээ “харамлаж” эхэлжээ. Чингэснээр жимсчид байгалийн цогцолборт газар луу шунах болжээ. Тодруулбал, тахийн эзэмшил болгон хашаалсан газар буюу Улаан бураа дахь чацарганыг түүхээр санаархаж эхэлсэн байна. Энэ хүслээ биелүүлэхэд нь байгалийн цогцолборт газар, тусгай хамгаалалттай бүс гэдэг статус саад тотгор болж эхэлснээс зөрчил үүджээ.
Холбогдох хуулиар бол тусгай хамгаалалттай газраас байгалийн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, ашиглахыг хориглодог. Харин байгалийн нөөцийн хамтын менежментийн зарчмаар зохион байгуулалтад орсон нөхөрлөл, бүлгүүдэд тодорхой үүрэг, нөхцөлтэйгөөр эрх олгох нь бий. Хомын талын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан энэ зарчмаар Онц багийн иргэдийн байгуулсан, малчдын нөхөрлөлүүдэд Улаан бураагаас бага хэмжээний чацаргана түүх зөвшөөрөл олгожээ. Гэтэл өөр аймаг, сумаас ирсэн иргэд тэдэнтэй барьцаж, хэл ам, хэрүүл тэмцэл хийж эхэлсэн байна. Нутгийн зарим иргэн ч тодорхой хэмжээний хураамж аваад, хүмүүст дуртай газраас нь чацаргана түүлгэх хэрэгтэй, байгалийн нөөцийг ашиглах эрх бүгдэд бий хэмээн гал дээр тос нэмж байгаа гэнэ. Үүнээс болоод байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, иргэдийн дунд зөрчил үүсэж, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдэд төвөг чирэгдэл учруулах болжээ.
Дөрвөлжин сумын иргэн Б “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх шаардлага тулгараад байна. Уг нь тусгай хамгаалалт гэдэг нэр томьёоноосоо эхлээд л ойлгогдохоор шүү дээ. Тусгайлан авч үзсэн, хамгаалах шаардлагатай газар гэж ойлгоод байгаа. Орлого, амьжиргаагаа тасалдуулахгүй авч явах нь чухал ч байгалиа сүйтгэж, хохироож болохгүй. Ирээдүйд амьдрах газаргүй, малаа бэлчээх нутаггүй болбол чацарганаар яах билээ.
Сумын иргэд яг одоо тахийн хашаанаас чацаргана түүлгэх нь зөв, буруу гэсэн хоёр талд хуваагдаад, тэмцэлдэж байна. 30 мянган төгрөгийн хураамж төлөөд чацаргана түүж болно гэсэн эзэнгүй мэдээлэл сумаар нэг тарааснаас болоод Завхан, Ховд, Говь-Алтайгаас олон хүн ирсэн гэнэ. Тэр хүмүүс ч цаг зав, санхүүгээрээ хохирч байна шүү дээ. Сумын захиргаанд ажилладаг зарим хүн Хомын талыг тусгай хамгаалалтаас гаргана, иргэдэд газар нутгийг нь өмчлүүлнэ гэж муйхарласан гэнэ. Энэ мэдээлэлд итгэхгүй, хүмүүсээс лавлатал үнэн болж таарлаа. Тэр бүү хэл, зарим этгээд тусгай хамгаалалттай газрын хилийн дагуу байршуулсан мэдээллийн самбаруудыг санаатайгаар эвдэж, сүйтгэсэн талаар байгаль хамгаалагч бичсэн байна. Газар нутгийг нь хамгаалалтад авсны төлөө ингэж муухай загнаж болохгүй. Төр, засагтай, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтраад хамгаалах ёстой. Сүүлийн үед байгаль хамгаалалд малчдын оролцоог нэмэгдүүлнэ гэж их ярих боллоо. Манай энэ хавьд ч ийм арга хэмжээ, сургалт болсон. Малчид байгалийн нөөцийг жилийн дөрвөн улиралд хүссэн үедээ ашиглаж, мал сүргээ өсгөж, ам тосддогийн хувьд энэ талаар дуугарах ёстой” хэмээн ярьсан юм.
Хомын талын байгалийн цогцолборт газар (Улаан бураа)-аас чацаргана түүлгэхгүй байх шалтгаан нь байгалийн ойг хамгаалаад зогсох гүй тэндхийн ховор амьтдын хувь заяатай ч холбоотой. Тусгай хамгаалалттай бүсэд жимсчдийг дураар нь “тавивал” хөл хөдөлгөөн ихсэх нь тодорхой. Хүмүүсийн бужигнаан, машин техникийн хөлхөлдөөнөөс болоод зэрлэг амьтад дайжиж, зарим нь ус, тэжээлдээ ч хүрч чадахгүй болох эрсдэлтэй гэнэ. Тэнд татсан хашаанд тахиас гадна олон тооны янгир, цагаан зээр байршдаг аж. Тэгэхээр Улаан бурааг жимсчдийн хөлөөс хамгаалахаас аргагүй юм байна.
Хомын талыг байгалийн цогцолборт газар болгосноор бэлчээр нутаг хязгаарлагдаж, хумигдлаа гэж үзэх малчид ч мэр сэр бий гэнэ. Үүнийг нь далимдуулан, иргэдийн дунд ташаа мэдээлэл түгээж, улстөржүүлэх хүмүүс ч гарч иржээ. Иймд хамгаалалтын захиргааны зүгээс малчид, орон нутгийн иргэдэд энэ талаар бодитой, үнэн мэдээлэл түгээхэд ихээхэн анхаарч байгаа юм билээ. Тэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17.2-т “Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуйн эрхлэхийг зөвшөөрнө” гэж тусгасныг мөрдөж ажиллахаа онцоллоо. Гагцхүү анх тахь нутагшуулах зорилгоор татсан, өдгөө олон зүйлийн амьтан идээшиж буй хашааг л малын хөл, жимсчдийн гараас хамгаалах бодлого баримталж байгаа аж. Хомын тал цагаан зээр, зэрлэг гахай зэрэг ховор амьтан олонтой, мөн ойролцоох Хар нуур загас ихтэй учраас хулгайн анчид тухайн орчимд байнга “эргэлддэг” гэнэ. Магадгүй иргэдийн дунд үүссэн одоогийн үл ойлголцол, зөрчлийг өдөөгч нь тэд байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаагаа учир мэдэх хүмүүс хэлсэн юм. Хомын талыг байгалийн цогцолборт газрын статустай болгож, харуул хамгаалалтыг сайжруулан, тэндхийн газар, байгалийн нөөц ашиглалтыг хянах нь хэнд хамгийн хүнд тусах вэ гээд бодоод үзэхээр тэдний таамаг, хардалт боломжит хувилбар мэт санагдаж байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл