Хүүхдийн хөгжил насандаа дүйцэж буй, эсэхийг мэдэж байх нь эцэг, эх, гэр бүл, хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд ихээхэн ач холбогдолтой. Эмнэлгийн мэргэжилтнүүд хүүхдийн эрүүл мэндийн байдал, өвчнийг оношилж, эмчлэхийн зэрэгцээ хөдөлгөөн, сэтгэц, танин мэдэхүйн хөгжлийг анхааралтай ажиглах нь чухал. Ингэснээр хоцрогдол, бэрхшээлийг даамжруулалгүй, цаг алдалгүй арга хэмжээ авч, хожим учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалан, хүндрэлээс сэргийлэх боломжтой. Тиймээс улс орнууд хүүхдийн хөгжлийг үнэлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Тэгвэл ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд манай улс хүүхдийн хөгжлийг хөгжингүй орнуудын адил үнэлж, тэднийг тодорхой үйлчилгээнд хамруулах боломж бүрдэх нь. Тодруулбал, Европын орнуудад өргөн ашигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Бауман үнэлгээний аргыг нэвтрүүлэхээр мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэхүү үнэлгээний ач холбогдол, онцлог, хэрэглээний талаар манай зочид санал бодлоо солилцож, хэлэлцлээ. Манай сонины “Уншигч-сурвалжлагч”-аар хүүхдийн эмч Р.Галбадрах ажилласан бол зочноор дээрх төслийн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн асуудал хариуцсан зөвлөх Г.Соёлгэрэл уригдсан юм.
-Монгол хүүхдийн хөгжлийг үнэлэх шинэ арга хэрэглэгдэхүүнийг нэмэлтээр ашиглах, нэвтрүүлэх болсон шалтгаан юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье.
-Манай улс саяхныг болтол хүүхдийн өвчлөл, оношилгоо, эмчилгээнд түлхүү анхаардаг, харин хөгжил нь насандаа тохирч байна уу гэдгийг төдийлөн хайхардаггүй байв. Энэ бол эрүүл мэндийн салбарынхны нэг алдаа юм. Тухайлбал, хүүхэд насандаа тохирсон хөдөлгөөн хийж чадаж байна уу, нэг настай хүүхэд хэдэн үг хэлж сурах ёстой вэ гэдгийг эмч, мэргэжилтнүүд төдийлөн ойшоодоггүй. Эцэг, эхээс нь энэ талаар тодруулж, асуух нь ч ховор. Боловсролын салбарынхан, эцэг, эхчүүд ч ялгаагүй, сургуулийн өмнөх насны хүүхдийн асаргааг голчлоод, хөгжлийг нь бага анхаардаг. Гэтэл орчин үед дэлхий нийт хүүхдийн хөгжилд гойд анхаарч, үнэлж, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг нэн даруй авч байна. Үүнд дорвитой анхаарч, хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр тухайн улсын хүн амын эрүүл мэнд болон амьдралын чанар сайжирна гэж үздэг.
Олон улсын байгууллагууд хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хөгжил, боловсролыг дэмжих чиглэлээр манай оронд цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэдгээрээс ХНХЯ, Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, сайжруулах” төсөл бол цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой, томоохон санаачилга юм. Төслийн хүрээнд зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барьж эхлээд байна. Тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Үүний зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын системд орхигдсон, тогтолцооны цоорхой болсон, өмнө нь төдийлөн ач холбогдол өгч байгаагүй хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх асуудалд түлхүү анхаарч буй. Анхаарахаас ч аргагүй юм. Учир нь Монголд боловсрол эзэмшээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн олон байна. Зарим нь сургуульд элсүүлсний дараа хүүхдийнхээ бэрхшээлтэйг мэддэг. Энэ нь тухайн хүүхдийг нялх балчир үеэс нь сайн анхаараагүйгээс үүдэлтэй. Эдгээр асуудлаас болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн харилцаанд оролцох, хөдөлмөрлөх, хөгжих боломж хязгаарлагддаг. Хэрэв тэдний хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг нь эрт илрүүлээд, насанд нь тохирсон дэмжлэг үзүүлж, боловсрол эзэмшүүлсэн бол нийгэмд эзлэх байр суурь, оролцоо, ажлын байраар хангагдах нөхцөл нь одоогийнхоос өөр түвшинд байх боломжтой. Манай төслийн олон улсын зөвлөх “Хүүхдийн хөгжлийн дэмжлэгийг тохиромжтой насанд нь үзүүлснээр боловсрол эзэмших боломж бүрдэнэ. Боловсролтой болсноор дэлхийг өөрчилж чадна” хэмээн онцолсон. Үүнтэй холбоотойгоор бид хүүхдийн хөгжлийн үнэлгээ, тэр дундаа хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт илрүүлэх асуудлыг ул суурьтайгаар авч үзэж буй юм.
-Хүүхдийн хөгжлийг үнэлэх Бауман аргыг яагаад сонгох болов. Тодруулбал, энэ нь ямар ач холбогдол, давуу талтай арга вэ?
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг анх бичихдээ Монгол Улсад Бейли (Bayley) буюу нялхас, бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээний аргыг нэвтрүүлэх зорилт тусгасан. Америкт төвтэй “Пийрсон” компани энэ үнэлгээг эзэмшдэг юм билээ. Бид эзэмшигч байгууллагынхантай нь нэлээд удаан хугацаанд харилцсаны эцэст “Бейли нь хөгжингүй орнуудад зориулсан, өндөр өртөгтэй үнэлгээний арга. Үүнийг ашиглахыг зөвшөөрсөн улсуудын жагсаалтад Монгол багтаагүй тул эрхийг нь өгөх боломжгүй” гэдэг хариу хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, манайх тэдний шалгуурт нийцээгүй. Мөн сургалтыг нь зөвхөн гэрчилгээ бүхий олон улсын багш заах журамтай юм билээ. “Ковид-19”-ийн улмаас гадаадаас багш ч ирэх боломжгүй болсон. Төслийн багийнхан Бейлийг нэвтрүүлэх оролдлогыг бүх талаас хийж, олон сар хөөцөлдсөн ч харамсалтай нь дээрх шалтгаануудын улмаас бүтээгүй. Ингээд олон улсад түгээмэл ашигладаг, үнэлгээний 7-8 аргыг харьцуулан судалж, ЭМЯ, ХНХЯ-ны хамтарсан, төслийн мэргэжил, арга зүйн ажлын хэсэгт танилцуулахад Бауманы аргыг Монголд хэрэгжүүлэх нь хамгийн боломжтой хувилбар гэж үзсэн. Үнэ өртөг нь боломжийн, дээр нь хамрах хүрээ нь өргөн байв. Бейли зөвхөн дөрөв хүртэлх насны хүүхдийн хөгжлийг үнэлдэг бол Бауман 16 хүртэлх насныхныг хамруулах боломжтойгоороо онцлог. Бид үнэлгээний аргуудыг судлахдаа хэд хэдэн үзүүлэлтийг чухалчилсан. Нэгдүгээрт, хэд хүртэлх насны хүүхдийг үнэлэх боломжтой вэ. Хоёрдугаарт, нэг хүүхдийг үнэлэхэд хэр хугацаа зарцуулж байна вэ. Урт хугацаа зарцуулдаг бол тэр хэрээр төвөг чирэгдэл ихтэй. Гуравдугаарт, үнэ өртөг нь цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд тохиромжтой юу гэхчлэн олон талаас нь харьцуулан судалж, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.
…Бауман аргыг нутагшуулахтай холбоотой бас нэг сайхан мэдээ дуулгахад, хүүхдийн сонсгол, хараа шалгах багаж хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болж байна. Багажгүй бол хүүхдийн сонсголын бэрхшээлийг хожуу буюу голдуу зургаан сартайгаас хойш мэддэг…
Энэхүү аргачлалыг зохиосон Т.Бауман эмч Монголд нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх төслийг ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлж ирсэн, манай улсын нөхцөл байдлыг сайн мэддэг хүн юм билээ. Ингээд ЭХЭМҮТ-ийн холбогдох хүмүүсээр дамжуулан түүнтэй холбогдоход бидний саналыг нааштай хүлээж авч, төслийн тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарч байгаагаа илэрхийлсэн. “Эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны асуудалд Монголын эрүүл мэндийн байгууллагууд анхаарах зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр Монгол Улс ихээхэн хоцрогдсон” гэж тэрбээр онцолж байлаа. Бид үнэлгээний аргуудыг судалсан, танилцуулсан. ЭМЯ үүнийг гол хэрэгжүүлэгчийн хувиар эцсийн сонголтыг хийсэн юм. Яамны мэргэжилтнүүд “Бауман аргыг нэвтрүүлье. Ер нь манай улс цаашид өөрийн гэсэн үнэлгээний аргатай болох шаардлагатай. ЭХЭМҮТ үүнд анхаарах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий албан бичгийг өнгөрсөн аравдугаар сард ирүүлсэн.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-өөс 2013 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Хөвсгөл аймаг болон Налайх дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онош магадлах судалгааг хийхдээ Бейли болон Бауман тестийг хоёуланг нь ашигласан. Бейлийг ашиглахад маш нарийн, тусгайлан бэлтгэсэн мэргэжилтэн хэрэгтэйг тэр үед ойлгосон. Ийм чадвартай хүн гуравдугаар шатлалын эмнэлэгт байх шаардлагатай юм билээ. Харин Бауманыг хоёрдугаар шатлал буюу аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг болон амбулаторид хэрэгжүүлэх боломжтой. Тэнд ажиллаж байгаа хүүхдийн эмч нар үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Анхан шатанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг ашиглая, аймаг, дүүргийнхээ Нэгдсэн эмнэлгийн түвшинд Бауман аргыг хэрэглэе, харин ЭХЭМҮТ зэрэг гуравдугаар шатлалын эмнэлэгт Бейли буюу алтан стандартыг нэвтрүүлбэл илүү тохиромжтой гэсэн санал дэвшүүлсэн. Таны хэлсэнчлэн Бэйли аргыг дөрөв хүртэлх насныханд л ашиглах боломжтой бол Бауманы насны хязгаар нь илүү өргөн юм билээ.
-Бейлийг дэлхийн алтан стандарт гэдэг ч Монголын хөрсөнд нутагшуулахад хүндрэл их. Бейлигийн зарчим, аргачлалыг мөрдөөд, зөвхөн дөрөв хүртэлх насны хүүхдийг үнэлнэ гэхээр учир дутагдалтай юм. Тав, зургаатай, түүнээс дээших насныхныг яах билээ гэдэг асуудал тулгарна. Ялангуяа манайх шиг эрүүл мэндийн салбарын хөгжил сул, эцэг, эхчүүд нь энэ талын мэдлэг, мэдээллээр дутмаг улсад хүүхдийн хөгжлийг аль болох өргөн хүрээнд үнэлэх шаардлагатай. Хөгжингүй орны хувьд бол Бейли байж болох хувилбар. АНУ-д гэхэд эцэг, эхчүүдийн боловсрол, мэдлэг, мэдрэмжээс шалтгаалдаг уу, ямартай ч дөрөв, тав хүртэлх насны хүүхдүүдийн хөгжлийг л үнэлдэг. Үүнээс дээших насныхны дунд хөгжлийн хоцрогдол, бэрхшээл бага байдаг. Монгол Улсын хувьд ийм суурь, туршлага байхгүй учраас хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Т.Бауман эмч манай улсын нөхцөл байдлыг мэддэгийн хувьд “Богино хугацаанд хэрэгжүүлэх төсөл, ажилд оролцохгүй” гэж хэлсэн нь олзуурхууштай санагдсан. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлээд дууссан ч Бауман арга нутагшиж үлдэнэ, үүнийг цаашид хэрэгжүүлсээр байна.
-Бауман аргын хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх мэдрэг чанар нь хэр вэ?
-Судалгааны үр дүнгүүдээс үзэхэд энэ үзүүлэлт нь нэлээд сайн юм билээ. Судлаач Нарантуяа докторын диссертацдаа энэ аргыг онцлохдоо мэдрэг чанарыг нь 80 хувь гэж тодорхойлсон байсан. Үнэ өртөг, насны хязгаарын хувьд боломжийн, эмч, мэргэжилтнүүдэд өгөөжтэй, илрүүлэх чадвар нь ч сайн учраас манай орны нөхцөлд тохиромжтой гэж үзэж байгаа. Бас нэг таатай зүйл нь зургаан аймагт барихаар төлөвлөсөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдэд Бауман аргаар хүүхдийн хөгжлийг үнэлэх боломж бүрдэх юм. Цаашид хүний нөөцөө чадавхжуулаад, жигдрээд ирэхээр цар хүрээг нь өргөжүүлж, бусад аймаг, дүүрэгт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй.
-Энэ аргыг эрүүл мэндийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх болов уу. Хэрэгжилтийг ЭМЯ зангидах уу. Ер нь ямар зохион байгуулалтаар хэрэгжүүлэх юм бол. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бауманы арга нь эмнэл зүйд түлхүү суурилсан, хүүхдэд тусламж үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтэнд илүү хамаатай. Энэ агуулгаараа үндэсний хэмжээнд эх, хүүхдийн тусламжийг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэгтэй ЭХЭМҮТ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийг түшиглэнэ. Эдгээр төв болон ХБХСЗХТ-ийн холбогдох мэргэжилтнүүдийг сонгож, баг бүрдүүлэн, Т.Бауман профессороор хичээл заалгаж, сургалт явуулахаар төлөвлөж байна. Тус аргыг боловсруулсан Т.Бауман нь Швейцарын хүүхдийн эмч нарын холбоог удирддаг, Люцерний Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны их сургуулийн профессор, зөвлөх эмч юм. Түүгээр хичээл заалгаж, дотооддоо эксперт, үндэсний сургагч багш бэлтгэх боломж бидэнд олдлоо. Тэндээс бэлтгэгдэн гарсан сургагч багш нар төсөл хэрэгжүүлэх зургаан аймагт энэ аргыг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана. Цаашид бусад аймаг, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, туршлагаа хуваалцах юм.
Хүүхдийн хөгжлийг үнэлэх ямар ч арга нэвтрүүлсэн хүний нөөцийг дээрх замаар бэлтгэнэ хэмээн төслийн багийнхан эхнээсээ төлөвлөсөн. Энэ хугацаанд Яармагт Эх, нярай, эмэгтэйчүүдийн төв шинээр ашиглалтад орууллаа. Тэдний эмч, мэргэжилтнүүдийг ч энэ сургалт, хичээлд хамруулахаар төлөвлөж байна. Шинэ төв учраас мэргэжилтнүүдийг нь чадавхжуулах шаардлагатай болов уу. Үнэлгээний арга нэвтрүүлж, нутагшуулахад хугацаа их шаарддаг. Асуумж, гарын авлага боловсруулах, орчуулахаас эхлээд хүнээ сургах, бэлтгэх гээд ажил их. Өөр түвшний, шинэ мэдлэг, ойлголт шүү дээ.
-Анагаахын сургууль дүүргэсэн эмч, мэргэжилтнүүд төгсөлтийн дараах буюу резидентийн сургалтад хоёр жил хамрагдсанаар хүүхдийн эмчээр мэргэшдэг. Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын аль алинд нь хүүхдийн хөгжлийн үнэлгээг тодорхой хэмжээнд заадаг ч бидний хүсээд буй түвшинд хүрдэггүй. Хангалттай хэмжээний мэдлэг, боловсрол олгодоггүй гэсэн үг. Цаашид Монгол Улсад хүүхдийн хөгжлийн чиглэлээр дагнасан мэргэжилтэн бий болгоод, үүнийхээ дагуу залуусыг сургаж, ажлын байранд бэлтгэвэл илүү үр дүнтэй байх. Өдгөө манай эмч нар ихэнх тохиолдолд тухайн хүүхдийн зовуурийг оношилж, шинж тэмдгийг “дарах” төдий эмчилгээ бичиж, зөвлөгөө өгдөг. Үзлэг хийх зууртаа “Таны хүүхэд үг хэлж байна уу. Ганцаараа алхдаг уу. Бусадтай харилцаж чадаж байна уу” гэхчлэн наад захын асуулт тавьж, хөгжлийг нь үнэлэх боломжтой атал төдийлөн анхаардаггүй нь ажиглагддаг. Магадгүй ажлын ачаалал нөлөөлдөг байх. Ер нь хүүхдийн эмч, үнэлгээний ажилтан гэж тусдаа байх ёстой юу. Та юу гэж бодож байна вэ?
-Манай эмч нар хүүхдийн өвчинд түлхүү анхаардаг. Эцэг, эхчүүд ч ялгаагүй, хүүхэд нь өвдөхөөр л “Монголд хүүхдийн эмч дутагдалтай” гэж гомдол мэдүүлдэг, асуудал дэвшүүлдэг. Гэтэл хөгжингүй орнуудад өнөөдрийн өвчин, зовуурийг бий болохоос сэргийлэх, хүний амьдралын чанарыг сайжруулахад анхаардаг. Япон, Австрали, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хүүхдийн зан төрх, хөгжлийн эмч гэж тусдаа байдаг. Хүүхдийн эмч нарыг зүрхний, мэдрэлийн гэх зэргээр мэргэшүүлдгийн адилаар энэ чиглэлээр хүмүүсийг тусгайлан сургаж, бэлт гэдэг гэсэн үг. Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн үнэхээр дутагдалтай. Дотоодод бэлтгэх гэхээр зааж сургах багш байхгүй. Хүний зан төрхөөс үүдэлтэй зөрчил, асуудал нийгэмд түгээмэл гарах болсонтой холбоотойгоор энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага дэлхий даяар өсөн нэмэгдсээр байна. Манай улсад ч ялгаагүй, ийм мэргэжилтэн бэлт гэх зайлшгүй шаардлагатай. Үүнд мэдээж хугацаа хэрэгтэй.
Олон улсад ашигладаг үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэхэд их учир бий. Тухайн үнэлгээг эзэмшигч байгууллагын сургалтад хамрагдаж, албан ёсны гэрчилгээ авсан хүмүүс л бусдад заах эрхтэй байдаг. МУБИС-ийн Д.Одгэрэл багш “Танака бинэ” хэмээх оюун ухааны сорилыг Японы Нагояа их сургуультай хамтран гурван жилийн турш судалж, туршиж байж Монголд нутагшуулах эхлэлийг тавьсан юм билээ. Бидний хувьд Т.Бауман профессороор хичээл заалгахаар болсон нь том давуу тал, боломж гэж харж байна. Цаашид анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн агуулгыг тусгах шаардлагатай.
Бауманы аргыг Европын орнуудад өргөн хэрэглэдэг. Тэр утгаараа герман, франц, итали хэлээр хэвлэсэн байдаг. Харин англи хэлээр хэвлэсэн нь үгүй. Бид герман хэлнээс орчуулж ашиглах гэж байна. Тэдгээрт эмнэл зүйн чиглэлийг түлхүү баримталсан нь харагддаг.
Бие эрхтний болон сэтгэцийн хөгжлийн аль алиныг нь үнэлдэг байх жишээтэй. Жишээлбэл, Бейли аргыг ашиглаж хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт оношилж, мэдэх боломжгүй. Харин Бауманаар энэ эмгэгийг нь оношлоод зогсохгүй хөгжлийн бусад үзүүлэлт, хоцрогдлыг нь үнэлдэг.
-Хүүхдийн хөгжлийг үнэлдэг сорилуудыг Монголд нутагшуулна гэдэг нэг талаараа тухайн үнэлгээнд хэрэглэдэг арга техникийг монголчилж, өөрийн орны онцлогт тохируулан буулгахыг хэлж байгаа юм. Тухайлбал, Бейлид “Танай хүүхэд гурван дугуйт унадаг уу” гэсэн асуулт байдаг. Үүнийг монгол хүүхдүүдээс асуухад тохиромжгүй. Гурван дугуйт унадаг нь тун цөөн. Зарим нь мэдэхгүй. Харин хөдөөний хүүхэд бүр шилбүүрийг морь болгон унаж, тоглодог. Хотынхон ихэвчлэн дугуй унадаг байх жишээтэй. Хөгжингүй оронд хот, хөдөө гэлтгүй хүүхдүүд нь ижил хэрэглэгдэхүүн ашигладаг шахам болчихсон учраас дээрх асуултыг тавихад болохгүй зүйлгүй. Харин Монголын хувьд тийм биш. Тэгэхээр хамгийн түрүүнд хэрэглэгдэхүүнээ тохируулах шаардлагатай. Хоёрдугаарт, хэл ярианы ялгаатай байдлыг харгалзах хэрэгтэй. Жишээлбэл, Бауманы сорилд бөмбөгний зураг байдаг. Түүнийг англиар “болл” хэмээн дуудахад давхар “л” үсэг хэлдэг. Гэтэл зарим хүүхэд үүнийг хэлж чаддаггүй бөгөөд тэр нь хэл ярианы бэрхшээлд тооцогддог байна. Харин манай улсад давхар “л” үсэг байхгүй. Тэгвэл үүний оронд ямар үг оруулах вэ гэдэг асуудал тулгарна. “Ноён”, “Нохой” гэдэг үгийг “Оён”, “Охой” гэж хэлээд буй хүүхэд хэдэн нас хүрээд “н” үсэг бүтэн дуудаж суурах вэ. Үүнийг манай багш нар маш нарийн судлаад, хэлний аль булчингийн хөгжлөөс болоод хүүхэд энэ авиаг гээж яриад байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоочихсон.
Бауманы сорилд хэрэглэж байгаа зураг, хэрэглэгдэхүүнүүдийг монгол хүүхдийн хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлийг илрүүлэхэд тааруулж, зохицуулна гэдэг нутагшуулж байгаагийн нэг хэлбэр. “Танака бинэ”-г яг ийм байдлаар өөрчлөн, нутагшуулсан. Бауман аргын хувьд өмнө нь ийм засвар, өөрчлөлт хийж, ашиглаж байсан туршлагатай учраас, мөн үндэслэгч нь сургалт, зөвлөгөөг биечлэн өгөх тул манай эмч, мэргэжилтнүүд үүнийг төгс эзэмшиж, ойлгох таатай боломж бүрдэх нь гэж харж байна.
-Санал нэг байна. Бид нарт хамгийн ойр, боломжит хувилбар нь одоогоор Бауман арга юм. Зургаан аймагт хэрэгжүүлээд, амжилттай болбол манай улсын хүүхдийн хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна.
-Хүүхдийн хөгжлийн талаарх монголчуудын ойлголт, мэдлэгийн түвшин ямар хэмжээнд байна гэж дүгнэх вэ?
-Тун тааруухан. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн олон байгаа нь үүний илрэл. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг нь эцэг, эх, ойр дотнынхон, эрүүл мэнд, боловсролын мэргэжилтнүүд эрт илрүүлж, дэмжлэг үзүүлж чадаагүйн улмаас хүндэрсэн, сургууль, цэцэрлэгт явж чадахгүйд хүрсэн, хэвтэрт байдаг, боловсролгүй хүүхэд өчнөөн бий. Хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт, мэдлэгийг нийгэм даяар нэмэгдүүлэх шаардлагатай. Зөвхөн эцэг, эх, эмч, мэргэжилтэн гэлтгүй дунд сургуулийн сурагчдаас авхуулаад бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдыг хүртэл ойлголт, мэдлэгтэй болгох нь чухал. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч чухал үүрэгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт хүүхдийн хөгжлийг үнэлэх асуултууд байдаг. Тэдгээр асуумжийг нэгбүрчлэн бөглөж, хүүхдээ үнэлдэг эцэг, эх ховор. Өрхийн эмч, сувилагчид ч энэ талаар хангалттай зааж, чиглүүлдэггүй. Ядаж хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүдээр тухайн асуумжийг бөглүүлэх ёстой юм. Тэнд хэрэггүй асуулт, үзүүлэлт гэж нэг ч үгүй. Тухайн хүүхдийн амьдралын чанарт чухал нөлөөтэй үзүүлэлтүүдийг сонгож, оруулсан байдаг. АНУ-д шинээр мэндэлж буй 80 хүүхэд тутмын нэг нь аутизмтай төрж байна гэсэн судалгаа бий. Аутизм бол мэдрэл, сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой эмгэг шүү дээ. Тэгэхээр цагаан тахал хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүрсэн энэ өвчлөлийн үед хүүхдийн хөгжлийг ул суурьтай үнэлэх зайлшгүй шаардлагатай.
-Хөгжил гэдэг бол чанарын үзүүлэлт. Бид хүүхдээ төдөн кг жинтэй, төчнөөн см урт төрлөө гэж хэмждэг. Энэ бол тоон үзүүлэлт. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үзүүлэлт өсдөг. Харин тухайн хүүхдийн хийж чадаж буй, сурсан зүйлс нь нэг талаараа хөгжлийг, нөгөөтээгүүр, амьдралын чанарыг илтгэдэг. Тухайн хүүхэд хөгжиж гэмээнэ амьдралын чанар нь хадгалагдана. Тэгэхээр хүүхдийг хэдий багаас нь хөгжүүлж, анхаарч, хоцрогдлыг засна тэр хэрээр амьдралын чанар нь сайжирна гэсэн үг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн яагаад зөвхөн цэвэрлэгч, өлгүүрчин, харуул хийх ёстой юм” гэж хүмүүс их ярьж байна. Тухайн хүнийг өөр албан тушаалд томилж болно. Гол нь тэд мэргэжил эзэмшээгүй, боловсролгүй байна. Тэднийг боловсролтой болгохын тулд багаас нь, тухайлбал, зургаан наснаас өмнө анхаарч, хөгжүүлэх ёстой. Түүнээс биш насанд хүрсэн хойно нь “Одоо бичиг үсэг сургана, сайн уншдаг болгоно, гадаад хэл сургана” гэж шахаж шаардах нь зүйд нийцэхгүй шүү дээ. ХБХСЗХТ-д гэхэд сонсголгүй сувилагч ажилладаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг төгссөн сонсголын бэрхшээлтэй анхны оюутан. Ээж нь түүнд боловсрол эзэмшүүлэхийн төлөө маш их хичээл зүтгэл гаргасан. Хичээлд нь байнга хүргэж, орой тосож авдаг байсан гэнэ лээ. Ингэж явсаар ажилд орсон. Ийм хүүхдийг ажилтай болтол нь, хамт олонтойгоо ойлголцтол нь, үйлчлүүлж байгаа хүүхэд, эцэг, эхчүүдтэй харилцаж суртал нь хөгжүүлсэн байна шүү дээ. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг багаас нь нийгэмшүүлж, боловсрол эзэмшүүлэх нь чухал юм.
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж, боловсрол эзэмшүүлэхэд гэр бүл, хамт олноос эхлээд тал бүрийн дэмжлэг, туслалцаа чухал. Бауман аргыг нутагшуулахтай холбоотой бас нэг сайхан мэдээ дуулгахад, хүүхдийн сонсгол, хараа шалгах багаж хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болж байна. Багажгүй бол хүүхдийн сонсголын бэрхшээлийг хожуу буюу голдуу зургаан сартайгаас хойш мэддэг. Багажаар хэмждэг болчихвол үүнээс эрт мэдэж, дунгийн суулгац тавих зэргээр арга хэмжээ авах боломжтой. Ийм төрлийн бэрхшээлтэй ч эцэг, эхийн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар чөлөөтэй ярьдаг болсон (багад нь дунгийн суулгац тавьж, ярих чадварыг нь хөгжүүлсэн) нэгэн эмэгтэй Дэлхийн сонсголын санд төсөл бичээд, манай төрөх эмнэлгүүдэд цөөн тооны багаж хандивласан байдаг. Харин “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд эхний ээлжид зургаан аймгийг сонсгол, хараа шалгагч багажаар хангахаар төлөвлөсөн. Энэ нь том давуу тал, боломж.
Олон улсын хуралд оролцох үеэр хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн, профессорууд “Эмч нар аюултай ерөнхий шинж (цээж хонхолзох, өндөр халуурах зэрэг хатгалгаа өвчний шинж тэмдгийг ийнхүү тодорхойлдог) гэж их ярьдаг. Тэгвэл хүүхдийн хөгжлийн аюултай шинж бол хүний нүд рүү эгц харахгүй байх. Эмч нар үүнийг анхаарахгүй байна” гэж хэлсэн. Хэрэв бид энэ мэт шинж тэмдгийг анзаардаг, эрт илрүүлдэг болчихвол хөгжлийн бэрхшээл хэмээх ханаар хязгаарлагдсан олон зүйл нээлттэй болно. Ийм хүмүүс боловсрол эзэмшдэг, таатай орчин нөхцөлд ажиллах боломж бүрдэх юм. Нэг жишээг тод санаж байна. Найман сартай хүүхдийг хатгаа өвчний улмаас ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр ирэхэд нь эмч төрөлхийн хараагүй гэдгийг нь оношилж, мэджээ. Тэр хүртэл эцэг, эх нь ч анзаараагүй, өрхийн эмч нь ч мэдээгүй байж. “Ягаан” дэвтэр дээрх асуумж, тэмдэглэлийг харахаар эрүүл, хэвийн хөгжилтэй гээд үнэлчихсэн атал ийм бэрхшээлтэй байж таарсан. Энэ мэт алдаа дутагдлыг засаж, эмч нарыг үзлэгээ илүү нямбай, сайн хийдэг болгох нь Бауман аргыг нэвтрүүлж байгаагийн гол зорилго.
-Бауман аргыг нэвтрүүлэх ажил өдгөө аль шатанд явна вэ. Хэрэгжүүлж эхлэх хугацааг хэзээ гэж тооцоолж буй бол?
-2022 оны зургадугаар сар гэхэд мэргэжилтнүүдээ сургасан байхаар тооцоолсон. Одоо бид асуумжаа боловсруулаад, заавар, стандартаа эцэслэх, багаж төхөөрөмжүүдээ захиалах, бусад талтай зөвшилцөх зэрэг ажлаа үргэлжлүүлж байна. Коронавирусийн нөхцөл байдлаас хамаараад Бауманы баг Монголд хэзээ ирэхээ шийднэ. Сургалтыг биечлэн хийвэл илүү үр дүнтэй. Ирж чадахгүйд хүрвэл цахимаар зохион байгуулах болов уу.