Гурван жилийн өмнө, бүр тодорхой хэлбэл, 2019 оны гуравдугаар 25-нд иргэн Н.Ундрах нөхөртөө зодуулж, доромжлуулсан хэмээн Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс хандаж, гомдол гаргасан байдаг. Хэргийн эзэн нь Д.Сүндий гэгч. "Нэткапитал санхүүгийн групп"-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Сүндий” сангийн тэргүүн, сайхан нийгмийг бүтээхээр тэмцэж буй гэдгээрээ бусдад илүүтэй танигдахыг хичээдэг нэгэн.
Гэвч хэн нэгэн нь Д.Сүндийгийн эхнэрийнх нь өргөдлийг олон нийтэд цацчихав. Хохирогчийг хохирсон дээр нь хохироож, бүр нэр усыг зарласан. Уг нь төр хохирогчийг хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн ерөнхий газар дэргэдэх Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийнхэн хохирогч эмэгттэйг хамгаалалтад авч болох байв. Тэд хийх ёстойгоо гүйцэтгээгүйгээс эл хэрэг хэрэг биш болж, мань Д.Сүндий УИХ-д нэр дэвшсэн билээ.
УИХ-д нэр дэвших замыг нь цагдаа нар засаж өгсөн гэх. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан хохирогчийг хамгаалах нь битгий хэл, Д.Сүндийгийн эхнэрээ хавиргыг нь хугартал зодсон, зөөлөн эдийн гэмтэл учруулсан, эхнэр болон нууц амрагтайгаа гурвалсан харилцаа үүсгэхийг шаарддаг гэх гомдлыг шалгах явцыг гацаажээ. Ингэхдээ хавтаст хэрэг доторх гэрч Н.Мөрөнгийн мэдүүлэг, тэмдэглэл, хохирогчийн биеийн гэмтсэн хэсгийг авсан 26 ширхэг гэрэл зургийг ор мөргүй болгон баллаж, “цэвэрлэсэн” гэдэг.
Хохирогчийн гомдолд хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн ахмад Г.Даваажав болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайханд хэргийг материалыг баллуурдахад оролцсон гэнэ. Өмнө нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хамт ажиллаж байсан тэд ийн бүлэглэж, Д.Сүндийгээс 15 сая төгрөг авсан гэнэ.
Цагдаагийнханд өгөх авлигын мөнгө угтаа 20 сая төгрөг байсан аж. Д.Сүндийгийн удирдлага дор ажилладаг Д.Баттөгс нь авлигын мөнгийг дамжуулах үүрэг хүлээсэн гэнэ. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг нь зохицуулж өгнө хэмээн Д.Сүндийгээс 20 сая төгрөг авчээ. Ингээд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайханд 10 сая төгрөг өгсөн гэх. Улмаар Д.Баттөгс, Т.Батсайхан нар Г.Даваажавтай 2019 оны тавдугаар сарын 20-нд уулзаж, таван сая төгрөг өгсөн аж. Харин Д.Баттөгс нь Д.Сүндийд тайлангаа тавихдаа цагдаагийн алба хаагчдад мөнгийг эн тэнцүү хуваарилсан гэж хэлээд өөрөө тав саяыг нь завшсан гэнэ.
Улмаар амташсан хэрээ 13 дахина гэгчээр хууль сахиулагч Г.Даваажав, иргэн Д.Баттөгс нар хэргийг хаах мөрдөгчийн санал гаргасныхаа дараа Д.Сүндийгээс дахин 20 сая төгрөг нэхсэн гэх яриа ч байдаг.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарын гэм бурууг шүүхээр хэдэнтээ төв гаргасан ч хойшлуулсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр дээрх шүүхээс хэргийг шийдлээ.
Шүүхээс Д.Сүндийгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оноож, Д. Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торголоо. Мөн шүүгдэгч Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Батсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэлээ.