Говь-Алтай аймгийн Бургастай дахь Гаалийн хорооны даргаар ажиллаж байсан Х.Амартүвшин, Хилийн 0214 дүгээр ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн тээврийн хэрэгслийн шалгагч Д.Нэргүй нар бүлэглэн, бусдаас авлига авч, улсын хилээр малын мах их хэмжээгээр гаргасан хэрэгт холбогджээ. “Хүрээ овоо” ХХК-ийн захирал Н.Цэрэнпунцаг тэдэнд авлига өгсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нд Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн “Бургастай” боомтоор Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх жагсаалтын 23 дугаар хэсэг “стратегийн хүнс”-д хамаарах 182.9 тонн малын махыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэнэ.
Ингэхдээ албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хилийн 0214 дүгээр ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн баримт бичгийн шалгагч Б.Баярцагаанд 4.000.000, тээврийн хэрэгслийн шалгагч Т.Төгсөөд 3.000.000, мөн тээврийн хэрэгслийн шалгагч Б.Алтансүхэд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэргийг АТГ-ынхан илрүүлсэн байна. Улмаар хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Товчхондоо, Б.Баярцагаан, Т.Төгсөө, Х.Амартүвшин, Н.Цэрэнпунцаг, Д.Нэргүй, Б.Алтансүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-1, 22.4-4, 22.5-2-т зааснаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.