Яг хоёр жилийн өмнө урд хөршийн Ухань хотод уушгины хатгалгаа өвчин тархаж, шалтгаан нь тодрохгүй байхад коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй нь лав. Өдгөө дэлхийн хэмжээнд 263.7 сая хүн “Ковид-19”-өөр өвчилж, 5.2 сая хүн амиа алдаад байна. Манай улсын хувьд халдварын тоо 382 мянгыг давж, 2000 орчим нь нас барав.
Эх дэлхийнхний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн энэ “этгээд” хэзээ далдрах нь ч тодорхойгүй. Зүгээ буруулж, зүсээ хувирган гарч ирж, хойшид хэдэн хувилбараар “бэлэг” барьж, хэчнээн хүний аминд хүрч, хэр хэмжээний хохирол учруулахыг хэлэх таамаг ч алга. Харин хүн төрөлхтөн хэвийн амьдралдаа хэзээ нэгэн цагт шилжих тэр цагт хөнөөлт вирустэй дасан зохицсон байх нь гарцаагүй. Ерөөсөө далдрахгүй “дайсан”-ыг дарах арга нь вакцин гэж хэлэх гээд байгаа юм. Дархлаажуулах ажлыг шуурхай зохион байгуулснаар л цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, хэвийн амьдралдаа шилжих боломж бүрдэнэ.
Одоогоор хэрэглээнд нэвтрүүлээд буй вакцинууд халдварын тоог бууруулж буйг Израил улс хамгийн анх дэлхий дахинд харуулсан. Тус улс нь коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх үеэс дэлхийн улс орнуудыг тэргүүлж, хоёрдугаар сар гэхэд 70 болон түүнээс дээш насны хүн амынх нь 84 хувь нь бүрэн тунд хамрагдаад байв. Иргэдээ вакцинжуулснаар халдварын тохиолдлууд эрс буурсан энэ жишгийг олон улс, тэр дундаа манай улсын үр дүн харуулж байна. Хурдан халдварладаг дельта, одоо омикрон гээд “Ковид-19”-ийн шинэ хувилбарууд үүсэн гарч ирснээр эл ахиц, дэвшлийг сааруулж, тохиолдлын тоо дахин нэмэгдэж буйг ялгаж, салгах учиртай. Гэвч шинэ мутац, хувилбар гарч ирэх тусам вакцины бүрэн тунд хамрагдаагүй, цаашлаад дархлаа сэргээх нэмэлт тун тариулаагүй хүмүүст урьд урьдынхаас илүү эрсдэл нүүрлэж буйг анхааруулъя. Өөрөөр хэлбэл, вакцинууд сүүлд гарсан хувилбаруудаас бүрэн хамгаална гэх баталгааг судлаач, мэргэжилтнүүд өгдөг ч хөнгөн өвчлөх, хүндэрч, нас барахаас үр дүнтэй хамгаалж байгааг баталж буй. Үүний хамт дархлаа судлаач Д.Мандахнаран “Өвчин тусахгүйгээр дархлаатай болж байхад заавал өвдөж байж дархлаажна гэдэг хэцүү. “Бусад нь вакцин хийлгэсэн учраас миний хүүхэд хийлгэх хэрэггүй” гэж боддог хүмүүс бас байна. Хэн нэгнийг хамгаалах гэж вакцин хийдэггүй. Нийтээр нь дархлаажуулж байж өвчин орох газаргүй болно” хэмээж байсныг эшлэе.
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд нийт хүн амын 69.5, хоёрдугаар тунд 66.1, гуравдугаар тунд 21 хувь нь хамрагдаад байна. Харин халдварын тохиолдол тухайн өдрийн байдлаар 441, үүнээс гурван хүн нас баржээ. Хэдхэн сарын өмнө халдварын тохиолдол өдөрт 2000-аас буухгүй, амиа алдсан хүний тоо 10-аас дээш бүртгэгдэж байсныг санаарай. Засгийн газрын хувьд коронавируст халдварын эсрэг вакцинд хүн амаа хамруулах нь нэн тэргүүний зорилт байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсоныхоо дараахан төрийн эрх барих дээд байгууллагын индэр дээрээс мэдэгдсэн. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэнээ үе шаттайгаар вакцинд хамруулах ажлыг дөнгөж байгуулагдсан Засгийн газар эхний 100 хоногтоо багтаан зохион байгуулахаа амласан. Өнгөрсөн хоёрдугаар сард буюу одоогоос есөн сарын өмнө эхний ээлжийн вакциныг авчирч, дараа өдрөөс нь дархлаажуулалтын ажлыг эхлүүлэн, тухайн үед тогтоосон хатуу хөл хориог сулласнаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжийн 95 хувь нь үүдээ нээж байлаа. Мөн Улаанбаатараас бусад газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлсэн юм. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног өнгөрсөн тавдугаар сард тохиоход дархлаажуулалт нийслэлд зорилтот бүлгийн 93, орон нутагт 70 орчим хувьд хүрсэн байлаа. Харин 200 хоногоороо буюу энэ оны наймдугаар сард манай улс хүн амынхаа 61.7 хувийг бүрэн тунд хамруулчихсан байв.
Засгийн газар долдугаар сарын 1 гэхэд хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насны бүх иргэнээ бүрэн дархлаажуулах зорилт тавьж, зуныг “ковид”-гүй өнгөрүүлэх уриалга гаргаж байсныг санаж буй биз ээ. Гэвч өнөөгийн Засгийн газар шинээр бүрдэж байхад коронавируст халдварын шинэ тохиолдол нийслэлийн хэмжээнд өдөрт 20 хүрэхгүй байсан бол улсын хэмжээнд өмнөхөөс хэдэн зуу дахин нэмэгдэн, нас баралт бүртгэгдэн, агаарын хилээ нээх төлөвлөгөө ч талаар болсон юм. Дээрх хугацаанд коронавирусийн халдварын тархалтыг хумих, өвчлөлөөс сэргийлэхийн тулд дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоов. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл төр засаг ч, иргэд ч амаргүй замыг туулж, дархлаа сэргээх тунтай золгожээ. Энэ бол “Ковид-19”-ийн халдвар авсан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас урьдчилан сэргийлэхэд вакцин өндөр үр дүн үзүүлж байгаа ч хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд шилжихийн тулд дархлаажуулалтыг уялдаа холбоотой, кампанит ажил хэлбэрээр явуулах шаардлагатайг манайд төдийгүй олон улсад харуулсан хэрэг.
Гэвч Засгийн газар дөрөвдүгээр сараас хойш дахин хөл хорио тогтоосонгүй, дархлаажуулах ажил тасарсангүй. Одоо зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх тунд хамруулчихвал дэглэмийг бууруулж, улсын хэмжээнд сургалтын бүх төрлийн үйл ажиллагааг 100 хувь танхимын хэлбэрт шилжүүлэх гэх мэтээр бэлтгэлээ базааж байна. Засгийн газрын зүгээс иргэдээ дархлаажуулах боломж, нөхцөлийг бүрэн хангачихаад буй. Зөвхөн “Ковакс” хөтөлбөрт найдалгүй, нийт 7.7 сая тун вакцин татсаны 5.8 саяыг нь Засгийн газар худалдан авсан юм. Үүнийг дэмжиж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, хамгийн ойрын хугацаанд дотооддоо ч болов хэвийн амьдралд шилжих, эсэх нь иргэд биднээс хамаарч байна гэсэн үг. Гэтэл улс орнуудын вакцинжуулалтын түвшин өөр хоорондоо эрс тэс ялгаатай байгаа. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой улс, бүс нутгийн хувьд хүн амаа бага орлоготой орнуудаас 20 дахин хурдан вакцинжуулж байх жишээтэй. Тиймээс ч гуравдугаар тунд хамруулахыг ДЭМБ-аас хөхиүлэн дэмжихгүй байгаа юм. Өнгөрсөн сарын байдлаар Африкийн эмч нарын 27 хувь нь л вакцины бүрэн тунд хамрагдаад буй аж. Америкт гэхэд л хүн амынхаа 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломж бүрдэхийг тэргүүлэх мэргэжилтнүүд нь хэлж байна. Гэвч дэлхийн хэмжээнд хамруулж буй одоогийн хурдаар тооцвол олон улсад дархлаажуулалтын түвшнийг дээрх хэмжээнд хүргэхэд нэлээд урт хугацаа шаардлагатай хэвээр байгаа юм. Харин манайх хүн ам цөөнтэйгөө давуу тал болгож, вакцины нөөц, бэлтгэл бүрэн хангагдсаныг бүгдээрээ тултал ашиглавал дээрх түвшинд төвөггүй хүрэхээр байна.
Ер нь цаашид “Ковид-19”-өөс өөр, магадгүй түүнээс ч аюултай вирус, цар тахлын эрсдэлтэй хэзээ ч нүүр тулж мэдэх тул хүмүүс бид, улс орноороо бэлэн байх ёстойг өнгөрч буй хоёр жил харууллаа. Тэр болгонд вакцин бидэнтэй хамт байхаас өөр сонголтгүй. Вакцины сөрөг үр дагавар гэж ярихаас өмнө түүнийг тариулснаар хэдэн сая хүн халдвараас хамгаалагдаж, өвдсөн ч үхлээс мултарч чадсаныг бодоод үзээрэй.