Манай улс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг уг өвчний эмчилгээний чанарыг ахиулсан амжилттай угтаж байна. Үүнийг гэрчлэх нэг баримт бол өнгөрсөн хугацаанд ХДХВ/ДОХ-ын халдвартай 18 эхээс 28 эрүүл хүүхэд мэндэлж, эсэн мэнд бойжиж буй явдал гэдгийг албаныхан хэллээ. Тэдний том нь 16 настай, ерөнхий боловсролын X ангийн ангийн сурагч бол бага нь гурван сартай гэнэ. ХДХВ/ДОХ нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр мөн саяхныг хүртэл эхээс хүүхдэд буюу жирэмсэн үед ихсээр, төрөх замд цусаар, амаржсаны дараа хөхний сүүгээр дамжин халдварладаг байв. Харин орчин үеийн дэвшилт эмчилгээ, эмийн ачаар халдварлах замыг ийнхүү нэгээр цөөрүүлснээр ХДХВ/ДОХ-той хүн энгийн хүмүүсийн адил ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохион, үр удмаа үлдээдэг болжээ. Тодруулбал, манай улс 2005 оноос уг халдварын эмчилгээнд ретровирусийн эмийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хэрэглэдэг болсноор ХДХВ-ийн шатандаа оношлогдсон иргэдийн насыг уртасгах, халдварын тархалтыг тогтоон барих, өвчтэй эхээс эрүүл хүүхэд төрүүлэх зэргээр тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ энэ нь зөвхөн ХДХВ-ийн шатандаа оношлогдсон хүмүүст л хамаатай.
ХДХВ/ДОХ-ын төгс эмчилгээ хараахан гараагүй тул бид тайвширч болохгүй. Дэлхийн хэмжээнд 2020 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай 37.5 сая хүн амьдарч буйгаас жил бүр 680 мянга нь нас барж, 1.5 сая иргэн шинээр оношлогддог аж. Манай улсын хувьд 2021 оны эхний арван сарын байдлаар ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 323-т хүрсний 12 нь энэ онд бүртгэгджээ. Хэдийгээр манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог ч өвчин нэмэгдэх эрсдэлтэй бүлэгт багтдаг. Энэ нь бэлгийн замын өвчний тархалт их, эрсдэлт бүлгийн хүн ам олонтой холбоотой гэнэ. Судлаачдын хэлж буйгаар 1992 онд уг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар нэг хэсэг намжмал байдалтай байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Халдвартай хүмүүсийн 53 нь өдгөө хорвоод байхгүй бөгөөд 20 хувь нь ДОХ-ын шалтгаантай, бусад нь өөр өвчин, осол, гэмтлийн улмаас эндсэнийг ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч П.Нарантуяа хэлэв. Тэрбээр “Дэлхийн хэмжээнд “Ковид-19” дэгдсэн эхэн үед улс орнуудад халдвар авсан иргэдийг маш ихээр ялгаварлан гадуурхаж, хавчиж байсан. Ер нь өнгөрсөн хугацаанд коронавирусээр өвдсөн хүн бүр үүнийг ямар нэг байдлаар мэдэрсэн болов уу. Тэгвэл ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн насан туршдаа, өдөр бүр шахам хүмүүсийн харцнаас айж, ялгаварлан гадуурхалтай нүүр тулдаг. Харин цаашид уг өвчнөөс улбаатай тэгш бус байдлыг арилгаж, ХДХВ/ДОХ бол эмчилгээтэй, эрт оношлогдсон тохиолдолд халдварыг бүрэн зогсоох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Өнөө жилийн тэмдэглэлт өдрийн уриа ч ийм агуулгатай. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ийн шатандаа оношлогдсон хүмүүс эмчилгээндээ тууштай хамрагдан, вирусийг дарангуйлж чадвал бусдад халдвар тараахгүйгээр зогсохгүй эрүүл хүүхэд хүртэл төрүүлж болдгийг бид харж байна. Үүнийг тодруулбал, тухайн эх эмчийн хяналтад эмээ тасралтгүй ууснаар вирус нь идэвхгүйжиж, унтаа байдалтай болдог. Энэ үед эхээс урагт өвчин халдахгүй. Вирус нь тэглэгдсэн (устахгүй) тохиолдолд тухайн эх хүүхдээ жамаараа төрүүлэх, бүр хөхөөр хооллож ч болно гэсэн зөвлөмжийг ДЭМБ-аас саяхан гаргасан. Энэ бол эмчилгээний үр дүнг илэрхийлэх нэг жишээ. Гэхдээ тогтмол эм уусан ч ХДХВ/ДОХ элэгний С вирус шиг бүрэн устдаггүй тул төгс бус эмчилгээтэй хэвээр. Уг өвчин нь энгийн ханиад шиг, эсвэл тэмбүү, заг хүйтэн зэрэг бэлгийн замын бусад эмгэг шиг шинж тэмдэг илэрдэггүйгээрээ маш аюултай. Халдвар авснаас хойш эхний зургаан сард ямар нэгэн шинжилгээгээр илэрдэггүй “цонх” үетэй. Хэн ч халдвар тээж явахыг үгүйсгэхгүй гэсэн үг. Олон улсын аргачлалаар тооцсон судалгаагаар манайд ХДХВ/ДОХ-ын халдвартай 634 хүн байх магадлалтайгаас өдгөө 323-ыг нь илрүүлээд байна. Тиймээс тохиолдлоор бэлгийн харьцаанд орсон л бол заавал сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг иргэдэд зөвлөе. Ингэснээр халдварыг ХДХВ-ийн шатанд нь “барьж авах” боломжтой. Тэгж чадвал эм уугаад энгийн хүн шиг урт насална гэсэн үг. Харин ХДХВ хүний дархлааны эсүүдийг бүрэн гэмтээж, үгүй хийх хугацаа халдвар авснаас хойш 8-12 жил байдаг. Энэхүү үйл явцыг анагаах ухаанд дархлалын олдмол хомсдол буюу ДОХ гэж нэрлэж буй юм. ДОХ-ын хожуу шатанд оношлогдсон тохиолдолд эмчилгээгүй” гэлээ.
ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийг 2021 онд улс орнууд “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор төрөл бүрийн арга хэмжээ, кампанит ажил өрнүүлж буй аж. Манай улс энэ жил уг өдрийг орон нутагт анх удаа тэмдэглэж буйгаараа онцлогтой. Тодруулбал, уул уурхайн олборлолт хамгийн их явуулдаг, эрсдэлт бүлгийн хүн ам олонтой Өмнөговь аймагт албан ёсны арга хэмжээг нээжээ. Өмнөговьд бэлгийн замын халдварын үзлэг, оношилгоо, илрүүлэлт бусад аймгийг бодвол сайн хөгжсөн гэнэ. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг тэднээс үлгэр жишээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлээсэй гэж уриалан, ЭМЯ, ХӨСҮТ-ийн удирдлага, бусад мэргэжлийн болон донор байгууллагынхан Өмнөговьд ажиллаж буй юм байна.
ХДХВ/ДОХ-ын халдварын үе шат, вирусийн омог зэргээс шалтгаалан өвчтөнд I (нэг), II (3-6), III (6+) эгнээний эмээс сонгон уулгадаг аж. Сүрьеэ шиг олон эмэнд тэсвэртэй ХДХВ-ийн үед өдөрт зургаа болон түүнээс ч олон эмийг насан туршдаа уух шаардлагатайг П.Нарантуяа эмч хэлсэн. Харин манайд бүртгэгдсэн халдвартай хүмүүсийн олонх нь өдөрт нэг л ширхэг эм уудаг. Энэ нь цусны даралт ихтэй хүмүүс өдөрт нэг ширхэг эмийг насан туршдаа хэрэглэдэгтэй л адил гэж тэрбээр эерүүлэв. Халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрчүүд. Тэдний 80 хувь нь гей буюу ижил хүйстэн гэж судалгаанд тэмдэглэжээ.
ХДХВ/ДОХ-ын ретровирусийн эсрэг эмийн зардлыг 2013 оноос хойш Засгийн газраас 100 хувь санхүүжүүлдэг болсон. Харин уг өвчний оношилгоо, илрүүлэлт, шаардлагатай эм, урвалж, оношлуурууд, бүх шатны эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, тандалт, судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг кампанит ажлыг манай улс 2003 оноос хойш “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж ирсэн. Тус сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй найм дахь удаагийн ДОХ-ын төслийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлжээ. Энэ талаар “Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ/сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслүүдийн ДОХ-ын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гансүхээс тодруулахад “Монгол Улс 2003-2023 онд “Глобал” сангийн санхүүжилтээр ДОХ/сүрьеэгийн найм дахь төслийг хэрэгжүүлж байна. Өмнөх долоон төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн учраас дараагийн санхүүжилтийг авч чадсан гэсэн үг. Тус сангийн баримталдаг үндсэн зарчмуудын нэг нь тухайн улс орон төсөл хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд тавьсан зорилт, дэвшүүлсэн үр дүндээ хүрч чадсан, эсэхийг чухалчилдаг. Өнгөрсөн хугацаанд ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үзлэг, оношилгоо, шинжилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, тандалт, судалгааг сайжруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн долоон удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэж “Глобал” сангийнхан дүгнэсэн. Гурав, гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг бага түвшинд нь тогтоон барих, Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, илрүүлэг шинжилгээг өргөтгөх гэхчлэн тус бүр тавьсан зорилго, зорилт нь өөр байсан. Одоо хэрэгжүүлж буй төслийн гол зорилго нь ч мөн ХДХВ-ийг эрт үед нь илрүүлэх, ДОХ-ын шалтгаант нас баралтыг бууруулах үндсэн зорилготой. Үндсэн үйл ажиллагаа нь эрсдэлт бүлгийн хүн ам руу чиглэх бөгөөд энэ нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд, эмэгтэй биеэ үнэлэгчид рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх кампанит ажлууд, халдварыг илрүүлэх үзлэг, оношилгоо, эмчилгээнд дийлэнх санхүүжилтийг хуваарилаад байгаа” хэмээн ярилаа.
“Глобал” сангаас манайд 2021-2023 онд хэрэгжүүлж буй ДОХ-ын найм дахь төсөлд 2.6 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Тэгвэл өнгөрсөн долоон удаагийн төсөлд нийт 24.5 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, гурван жил тутамд дунджаар 3.3 сая ам.долларын санхүүжилт олгосон гэсэн үг. Цар тахлын улмаас өнгөрсөн оны сүүлчээс хойш бэлгийн замаар дамжих халдвар тэр дундаа ХДХВ/ДОХ-ын илрүүлэг шинжилгээний идэвх буурсан, хөл хорионы улмаас хүмүүс сайн дураараа оношилгоонд хамрагдах нь эрс цөөрснийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Өнгөрсөн онд ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 хүн бүртгэгдсэн бол энэ жилийн эхний арваннэгдүгээр сарын байдлаар 12 тохиолдол оношлогдсоныг албаныхан илрүүлэг шинжилгээ багассантай холбон тайлбарлалаа. Гэтэл уг өвчний илрүүлэг шинжилгээнд дийлэнх санхүүжилтийг нь зарцуулдаг “Глобал” сангийн төсөл 2023 онд бүрмөсөн зогсоно гэдгийг ЭМЯ болон бусад албаныхан хэлэв. Улсын эдийн засаг сайжирсан, өвчний тархалт бага байгаа зэрэг нь ДОХ-ын төслийг үргэлжлүүлэхгүй байх шалтгаан гэнэ. Тиймээс “Глобал” сангийн санхүүжилтээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын тогтвортой байдлыг хангах, шаардлагатай төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд албаныхан “Шилжилтийн үеийн төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж байна.