Өмнөд Африк болон тус бүс нутгийн бусад орнуудаас зорчих хоригийг цуцлахыг ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр уриалав. “Хориг тавьснаар улс орнуудын эдийн засаг л цаашид сүйрэхэд хүргэнэ. Шинжлэх ухааны үндэслэлгүй хориг шинэ хэлбэрт хувилсан вирусийн тархалтыг зогсоож чадахгүй” гэж тэрбээр хэлжээ.
Хязгаарлалт тогтоосон нь Африкийн орнуудыг ялгаварлан гадуурхсан хэрэг болж буй учир хилээр нэвтрэхэд тавьсан хоригоо даруй цуцлахыг С.Рамафоса уриалав. Олон улсын Засгийн газар зорчих хөдөлгөөнийг зогсоосныг Өмнөд Африк төдийгүй ДЭМБ, Африкийн орнууд буруушааж байна. “Аялал жуулчлалыг хязгаарласан нь “Ковид-19”-ийн тархалтыг бууруулахад бага үүрэг гүйцэтгэж болох ч хүний амьдралд томоохон нөлөө үзүүлнэ” гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал, доктор Матшидисо Моети мэдэгдэв. Хилийн хязгаарлалтын оронд дэлхийн 190 улс хүлээн зөвшөөрсөн ДЭМБ-ын шинжлэх ухаанаар батлагдсан, олон улсын эрүүл мэндийн удирдамжийг дагаж мөрдөхийг тэрбээр уриалсан байна.
“Шинжлэх ухааны гайхалтай ололт амжилтыг шийтгэх биш, харин ч сайшаах ёстой. Гэтэл хориг тавьсан нь Өмнөд Африкийг геномын кодыг тайлах чиглэлээр ахиц дэвшил гаргаж, шинэ хэлбэрүүдийг хурдан илрүүлэх чадвартай хэмээн шийтгэсэн хэрэг боллоо” гэж ӨАБНУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Африкийн холбооны төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа шинэ хувилбар гарсанд баян орнуудыг буруутгав. “Коронавирусийн шинэ хэлбэр гарсан нь чинээлэг орнууд вакциныг хуваалцахын оронд асар их нөөц хуримтлуулсны үр дүн юм” гэж Африкийн холбооны Вакцинжуулалтын комиссын дарга Айоаде Алакижа хэлжээ. “Хил хааж байгаа нь шинжлэх ухааны бус, улс төрийн зорилготой. Энэ вирус гурван тивд аль хэдийн илэрсэн байхад яагаад Африкийг хааж байгаа юм бэ” гэж А.Алакижа тэмдэглэв.
Урьдчилсан мэдээллээр бол коронавирусийн шинэ хэлбэр нь өмнөхүүдээсээ илүү халдвартайбөгөөд “санаа зовох шалтгаан мөн” гэж ДЭМБ үзсэн билээ. Омикрон нь энэ сарын эхээр Өмнөд Африкт илэрсөн бөгөөд холбогдох мэдээллийг ДЭМБ-д өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хүргүүлжээ. Тус улсын хамгийн олон оршин суугчтай Гаутенг мужид сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь энэ хэлбэрээр халдварласан бөгөөд одоо бусад бүх мужид нь бүртгэгдээд байна.
Африкчуудыг Мексикийн Эрүүл мэндийн дэд сайд, коронавирусийн эсрэг тэмцэх ажил хариуцсан Уго Лопез Гателл дэмжжээ. Гадаадынханд хилээ бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаасан нь шинэ вирус тархахтай тэмцэх тийм ч үр дүнтэй арга биш гэж тэрбээр үзэв. “Энэ нь илүү халдвартай, эсвэл вакцинаас үүдэлтэй дархлааны хариу урвалыг даван туулах чадвартай нь тогтоогдоогүй. Аялал жуулчлалыг хязгаарлах, эсвэл хил хаах нь тийм ч тустай арга хэмжээ биш. Эдийн засаг, хүний сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлнө” гэж Уго Лопез Гателл твиттер хуудсандаа бичжээ.
Швейцарын оршин суугчдын 60 гаруй хувь нь вакцинжуулалтын паспорт зэрэг “Ковид-19”- ийн хязгаарлалтыг дэмжсэн бүх нийтийн санал асуулгад оролцсон байна. Тус улсад өнгөрсөн зун вакцинжуулалтын паспорт нэвтрүүлж, шинжилгээг төлбөртэй болгосон. Зарим газарт, голдуу герман хэлээр ярьдаг бүс нутагт эдгээр арга хэмжээг эсэргүүцсэн билээ. Дархлаажуулалтыг эсэргүүцэгчид вакцины паспортыг цуцлах талаар бүх нийтийн санал асуулга явуулахын тулд гарын үсэг цуглуулсан юм. Тус улсын хүн амын гуравны хоёр хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан нь Баруун Европын ихэнх оронтой харьцуулахад бага үзүүлэлт болжээ. Одоогийн байдлаар шинэ тохиолдлын тоо огцом өсөж, долоо хоног бүр 40-50 хувиар нэмэгдэж буй нөхцөлд вакцины паспортыг хүчингүй болговол эрүүл мэндийн тогтолцоонд цохилт өгнө гэж тус улсын эрх баригчид болгоомжилж байгаа юм. Гэсэн ч тус орны улс төрийн тогтолцооны онцлогоос болоод эцсийн шийдвэрийг оршин суугчид нь гаргадаг тул бүх нийтийн санал асуулга явуулахаас өөр аргагүй болжээ.