Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби бол өвөрмөц соёлын уурхай болсон олон овог, үндэстэн, угсаатантай. Атлантын далайн хөвөөн дэх тус улсын хүн ам 2.7 сая гаруй. Хүн амын нягтаршил сийрэг гэдгээрээ Монгол Улсын дараа бичигддэг аж. Африкийн бусад улсаас нэлээд ялгаатайгаараа Намиби алдартай. Жишээ нь, нийслэл Виндхукийнх нь гудамж, талбайгаас герман соёл түлхүү “үнэртдэг”. Зарим жуулчны тэмдэглэснээр Герман, эсвэл Австрид байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зүйл олон гэнэ. Жинхэнэ бавари хиам, шар айраг, готик тэмдэглэгээ, шар, цагаан арьст хүүхдүүд тэнд содон зүйл биш. Африк тивийн орнуудын ихэнх нь франц, англи, португал, нидерланд хэлийг албан ёсоор хэрэглэдэг нь колоничлогдсон түүхтэй нь холбоотой. Энэ улсын хувьд ч герман “төрх” нь түүхийн улбаа юм. 1890 оноос дэлхийн I дайн хүртэл Германы баруун өмнөд Африк нэртэй байсан бөгөөд дараа нь ӨАБНУ-ын эрхшээлд 20 жил болж 1968 онд Бүгд Найрамдах Намиби Улс хэмээх болжээ. Германчуудын барьсан олон барилга, сургууль, дэлгүүр, рестораныг Намибиас харахын зэрэгцээ герман радио, сонин хүртэл бий. Нутгийн иргэдийн хувьд уламжлалт хоол болох зээрийн махыг байнга хэрэглэдэг. Овог үндэстнүүд нь өөрийн гэсэн 30 гаруй хэлээрээ харилцдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь бушменүүдийн нама хэл гэнэ. Товших дуу чимээгээр гийгүүлэгчийг орлуулан ашигладаг тун өвөрмөц онцлогтой. Уг нь албан ёсны хэл нь англи хэдий ч намибичууд герман хэлийг түлхүү хэрэглэдэг аж. Африкчууд бүдүүлэг зангаараа алдартай. Харин намибичууд тэднээс асар ялгаатай нь мөн л герман соёлтой холбоотой. Хэдийгээр тийм ч гэсэн ч германчуудын тарьсан балаг их гэдгийг тус улсын иргэд үргэлж санадаг бол өнгөрсөн тавдугаар сард ХБНГУ-ын Засгийн газар “Герман улс ХХ зууны эхэн үед, 1904-1908 онд Намиби улсад геноцид үйл ажиллагаа явуулсныхаа төлөө уучлалт гуйж, 1.3 тэрбум ам.доллар төлнө” гэж мэдэгдсэн юм. Тухайн цаг үед гереро, нама овгийхныг хоморголон хяджээ. Өнөөдөр намачууд Намибийн хойд, өмнөд хэсэгт, мөн ӨАБНУ, Ботсванд голчлон газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьдардаг аж. Намибийн уугуул бушменүүдийн хувьд хэд хэдэн гэр бүлээр нийлэн амьдардаг. Бүлгийн удирдагч гэсэн хүн байхгүй ч бурхан, сүнстэй харилцаж, холбодог тусгай төлөөлөгч заавал байдаг. Уугуул иргэд өвөг дээдсээ зооантропоморфик шинжтэй буюу хүн, араатны хосолсон амьтан гэж итгэдэг байна. Бушмен хүмүүсээс хамгийн алдартай нь Намибийн фермер Нхаау юм. Тэрбээр “Бурхад магадгүй галзуурсан байх”, “Галзуу Сафари”, “Галзуу Хонконг”, “Хятадад бурхад хөгжилтэй байх ёстой” инээдмийн кинонд тоглож дэлхийд танигдсан юм.
Бэлтгэсэн Э.Хана