Дэлхий нийтийг айлгаж, хулхийг нь буулгасан “Ковид-19” цар тахал тэнгэр заяат монголчуудыг тойроод гарна гэж сэтгэсэн хэвээр юм биш биз, ихэс дээдсүүд. 1000 давсан хүнээ цар тахлаар үдчихсэн атлаа дорвитой хариу арга хэмжээ авахгүй удахын шалтгаан юу вэ, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа. Нөхцөл байдал ийм хүнд байхад та цахим нэртэй, нидэр дээрээ амплагид шоу зохиож, ард түмнийг олноор цуглуулж, индэр дээрээс ихээ гоё зүйл ярихаас өөрийг хийсэнгүй. Үнэндээ энэхүү амплагид тоглолтын чинь дараа амьдрал улам л дордлоо. Тоон дээр тоглолт хийж, нууж хаадаггүй юм бол иргэд бөөн бөөнөөрөө цугласан юм хойно ирэх өдрүүдэд өвчлөл нэмэгдэх нь тодорхой.
Дээрх үйлдлээ дэлхий нийтийн чиг хандлагатай холбож, энгийн үзэгдэл мэтээр тайлбарлана билээ. Тэгвэл дэлхийн удирдагчид ард иргэддээ ядууруулах биш, явгалах бус дэвжих, хөгжих замыг нь засаж, үр дүн нь хэдийнэ гарчихаад байна. Тухайлбал, 2020 онд БНХАУ цар тахлын хүнд цохилтод орсон ч төд удалгүй зах зээл нь аажмаар сэргээж, эдийн засгаа хүлээлтээс дээгүүр буюу 2.3 хувиар нь өсгөж чадсан. Энэ онд дээрх тоо 8.2-оос 8.4 хувьд хүрч, эдийн засаг нь өснө гэдгийг дэлхийд данстай судлаачид таамаглаж буй.
Хойд хөршийнхөн ч ялгаагүй. Риа новости агентлагийн мэдээлснээр оросууд цар тахлыг хамгийн хохирол багатайгаар туулж буй аж. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлээс зугтах боломжгүй ч дараа жил гэхэд л эдийн засгаа сэргээнэ хэмээн тус улсын Төрийн Дум нь мэдэгдсэн. Эхнээсээ хилээ нээж, улсдаа сурах оюутнуудыг татаад авчихлаа.
Харин таны удирдсан Засгийн газрын гишүүд юу хийв. Тэр гээд нэрлэчих томоохон ажил бий сэн билүү. Тайлан тавина гээд баахан тоо бэлдэж суугаа л даа, мэдээж. Уучлаарай, үүнд тань бид итгэхгүй. Тоймтой, тодорхой үр дүн гарахгүйг таны өмнөөс эдийн засгийн шинжээчид бэлхнээ хэлчихсэн. Өдөр ирэх тусам хүн ам улам ядуурч, орлого нь зарлагынхаа хаа ч хүрэхээ байв. Тийм болоод толгойтой болгон таныг зүхэж буй биз. Эмч нар хүртэл бухимдахаа өвчтөнөө цахимаар эмчлээрэй хэмээн нүүр номдоо бичсэн харагдсан.
Сая гэхэд та цахим үндэстэн болно гэж зарлачихаад араар нь олон хүн цуглуулж, амплагид тоглолт хийсэн нь ард түмнийг улам ихээр бухимдууллаа. Харин та бүх үйл ажиллагааг ээлж дараалан нээнэ, дэлхий нийт ч адилхан гэж өөрийгөө зөвтгөв. Үүнтэй зэрэгцээд шатахууны үнэ өсөж, улмаар хомсдол үүсэв. Талх тариа, ус ундаа, ногоо будаа бүх юмны үнэ өсөөд, тэргэнцэртэй хүн эмнэлэгт үзүүлэх гэхээр балга шатахуун олдохгүй баларч сууна. Өмнө нь бид алтан дээр суусан гуйлгачин гэдгээрээ олон улсад алдартай байв. Харин одоо бензин дээр суусан бэлэнчлэгч хоч нэмж авлаа. Энэ Ерөнхий сайд таны буруу.
Бид мөрөөрөө ажлаа хийгээд цалингаа аваад амьдрах гэтэл танай нам, таны тэргүүлсэн Засгийн газар, та гай болоод ээлж дараалан хөл хорио тогтоож, хувийн тэргээрээ битгий зорч, зах худалдааны төвөөр бүү ор хэмээн хатуурхсан. Харин одоо коронавирусийн альфа байтугай илүү аюултай дельта дельта хувирбар дэгдээд халдвар авсан хүн таван минутад хүндрэхээр ноцтой байдал үүсэж, өдөртөө хэдэн арваараа хүн тахлаар үхэж байна.
Олон нийт автобусанд чихэж, шахаж суухаас өөр сонголт үлдээгүй энэ үед Засгийн газар хариу арга хэмжээ шуурхай авахын оронд бүх буруугаа хоёр хөрш рүүгээ чихээд суугаа нь байж боломгүй явдал. Тэгээд бас болоогүй өөрийн чинь тэргүүлдэг Засгийн газрын сайд Г.Ёндон өнөөдөр хийсэн мэдэгдлээрээ “Нөхцөл байдал удаан үргэлжилбэл зөвхөн төрийн байгууллагыг шатахуунаар хангадаг болохыг үгүйсгэхгүй” гэж тодотгов. Ард иргэдээ мал шиг хэдэн арваар нь автобусанд чихээд, эсвэл алхуулчихаад өөрсдөө албаны машинаа татварын мөнгөөр “цэнэглээд” ажилдаа явах юм гэнэ.
Дахиад хэлэхэд энэ жил бас л ковидтой үзэлцэх нь тодорхой боллоо. Гэтэл Засгийн газрын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ нь баар ресторануудаа нээх, автобусанд шахцалдуулах, амь тариа болгож хөнгөлж байсан халуун, дулаан, тогны төлбөрөө авдаг болно гэнэ. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалаад өрхийн эдийн засаг хямарч, хоногтоо хоолтой байх уу, үгүй юү гэдэгтээ тулчихаад байхад та болон таны бүрдүүлсэн багийн хийж чадах зүйл ердөө энэ гэж үү. Та бүхний чадамжгүйн гороор улсаараа шатахуунгүй болоод амьдрал бараг зогсоод байна шүү дээ.
Товчхондоо, төсвийн мөнгөөр элдэв шоу хийхээ зогсоож, бодит эдийн засгийн хүндрэлтэйгээ нүүр тулах цаг болсон Ерөнхий сайд аа. Нэгэнт цар тахалтай нүүр тулж амьдрах сонголт хийсэн бол Энэтхэгийн тусламжтайгаар нефть боловсруулах үйлдвэр барина гэснээ гүйцээхгүй юм уу. Бас Дарханд түүхий нефть боловсруулах үйлдвэр барина гэснээ ажил хэрэг болгосон нь дээргүй юү, Ерөнхий сайд аа. Түүнээс биш таны цахим нэртэй ч бодит байдал дээрх амплагид шоу бидэнд огт хэрэггүй. Аа тийм, та өнөөдөр шатахуун импортлогч байгууллагын эзэдтэй уулзсан. Харамсалтай нь энэ уулзалтын талаарх мэдээллийг амплагид байтугай цахимаар ч олж сонссонгүй. Хаалттай хаалганы цаана нууц далд байдалтай уулзалдав. Чадахгүй бол эртхэн үнэнээ хэлээд энэ төрөөс явбал, алс хэтдээ төрсөн биедээ дамцаггүй, түүхэнд өргүй үлдэх бус уу. Ярих биш, ажил хий л дээ, Ерөнхий сайд аа.