Хэн нэгнийг бусдаас ялгаатайнх нь төлөө шоолж, шоологчийг бултаараа өөгшүүлж, шоглуулагчийг бөөнөөрөө “барьж иддэг” нийгэмд бид аж төрж байна. Энэ явдал даамжрах тусам нийгэмд тэгш бус байдал гүнзгийрч, бусдын ялгаатай байдлыг үл хүндэлж, гутаан доромжлох явдал гаарна. Дээрээс нь нэг нэгнээ ялгаварлан гадуурхах, үзэн ядах, доог тохуу хийх, аливаа зүйлд зэрэг зиндаа тогтоох явдлыг өөгшүүлнэ.
Тодорхой жишээ дурдахад сүүлийн хэдэн жил Монголчуудын цөөнгүй хэсэг нь иргэн О.Осоржамааг элэглэж, элдэвлэж, зарим нь зааж сургаж, бүр зодож жанчиж, олонхоороо харааж зүхлээ. Гудамжинд түүнтэй зүгээр ч зөрж чадахгүй ил, далд үгийн муухайгаар булж, эс бөгөөс тоосго, чулуу нүүлгэсээр удлаа. Хамгийн сүүлд гэхэд Наадмаар О.Осоржамаа нутагтаа очиж яваа талаараа шууд дамжуулалт хийж, нүүр номоороо цацсан. Харамсалтай нь, маргааш нь тэрбээр биеийнхээ хөх няц болсон хэсгүүдийн зургийг авч, цахим орчинд түгээн, нутгийн ах “бяруу” Батбаатар гэгчид зодуулсанаа хэлэв. Харахаас нүд халтирам тэр зургийн дор зарим нэг нь “хохино” гэж бичсэн харагдсан. О.Осоржамаа бие махбодын хүчирхийлэлд өртөөд зогсохгүй, сэтгэл санаагаараа цахим хүчирхийлэлд давхар өртсөн нь энэ. Азаар энэ асуудлыг ХЭҮК-оос анх удаа анхааралдаа авч, Архангайн иргэд О.Осоржамааг зодсон, гадуурхсан эсэхийг тодруулахаар баримт цуглуулж, үйл явдлыг нэхэн тодруулж байгаа ажээ. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас ч эл асуудлыг шалгаж эхэлсэн байна. Иргэн О.Осоржамаа амиа ч алдаж магадгүй нөхцөл байдал үүссэн хойно сая нэг юм хууль хяналтын байгууллагынхан дээрх асуудлыг анхааралдаа авав.
Байсхийгээд л түүнийг зодлоо, гутаалаа, саатууллаа гэх мэдээлэл цахим орчинд хөвөрдөг. Тэр ер нь хэнд гай тарьсан юм бэ. Бүр тодорхой асууя, О.Осоржамаа таны ямар эрх ашгийг хөндөж, бодитой ямар хохирол учруулав. Бодоод нэг үзээрэй. Яг тэгсэн гээд тухайлан ярьчих түүнтэй холбоотой үйл явдал санаанд тань буухгүй л болов уу. Тиймээс түүнийг одооноос тайван орхих нь зөв. Хэрэв тэр болохгүй бүтэхгүй үйлдэл гаргаад байгаа бол асуудлыг шалгаж тодруулах үүрэг нь цагдаагийн байгууллагын ажил юм.
“Ид шидийн орон” төслийг санаачилж, хэрэгжүүлэгчдийн нэг Ч.Ганжавхлан “Бусдаас ондоо байгаагийнхаа төлөө удаа дараа хүчирхийлэлд өртсөн хүн бол О.Осоржамаа юм. Тэр бол ил, хэдэн мянган хүн далд хүчирхийлэлд өртөж буй. Тэр утгаараа О.Осоржамаа тэдгээр олон мянган хүний өмнөөс тэмцээд байгаа хэрэг. Тэр Монгол Улсын ямар ч хууль, журам зөрчөөгүй, зөвхөн өөрийнхөөрөө байсны төлөө бусдад зодуулж, дарамтлуулж, зэрэмдэглүүлэх ёсгүй. Энэ зарчим дээр бүгд нэг байр суурьтай байж, бат зогсох ёстой” гэжээ. Асуудал ердөө л энэ. Угаас О.Осоржамааг нийтээрээ, нийгмээрээ хүчирхийллээ гээд ямар ч сайхан үр дүн гарахгүй. Эсрэгээ хүндээ ээлгүй өнөөгийн нийгэм улам л цэцэглэн хөгжинө. Харин бид бүгд хүндээ ээлтэй нийгмийг л хүсэж буй.