Монголын төр хүүхэд залууст ээлгүйг олон нийт шүүмжилдэг. Зарим нь дээдсийн улаан нүүр лүү харж байгаад хэлэх нь ч бий. Харин улс төрчид ихэвчлэн нэг хариултыг тоть шиг давтдаг. “Бид хичээж байна. Илүү сайжруулах болно” гэж бөөрөнхийлдөг юм. Одоо гол асуудлаа бичье. Өчигдөр өсвөр насны хүүхдүүд сагс тоглож байсныг цагдаагийнхан саатуулж буй бичлэг цахим орчинд тархсаныг харсан л байх. Өнөөдөр нэг талаас төрийн цагдаа “Бидний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” хэмээж, нөгөө талаас төрийн хамгаалалтад байх ёстой хүүхдүүд “Бидэнд хууль ёсны шаардлага тавиагүй. Учир зүггүй бөмбөг булааж, заамдсан” хэмээв.
Шууд утгаараа дээрх явдалд хүүхэд, залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тухтай орчныг бүрдүүлж өгөөгүй төр засгийн буруу шүү дээ. Дам утгаараа ч Монголд бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд дорвитой анхаараагүй Засгийн газрынхны буруу. Цагдаа “Иргэнээс гомдол ирлээ, бөмбөг тоглохоо зогсоо” гэхэд залуус шууд хүлээн авч чадаагүй болтой юм. Зөрчлийн хуульд “Шөнө орой олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулбал, торгоно, шийтгэнэ” гэх агуулгатай заалт бийг тэд мэдэхгүй байсан хэрэг. Яг үнэндээ бөмбөгөө хураагаад тарах гэж байхад нь цагдаа нар сүржигнэсэн л гэх юм билээ. Ер нь хуулийг мэдүүлэх, сэхээрүүлэх үүрэг нь Хууль зүй, дотоод хэргийн болоод Боловсрол, шинжлэх ухааны сайдад бий. Гэтэл төр хамгаалах ёстой хүүхэд, залуусаа харуй бүрийгээр шууд гав гинж болж, саатууллаа. 20 орчим насны зургаан залуу гэж цагдаагийн ярианд гарна лээ. Яг төдөн настай гэх мэдээлэл өгөөгүй. Их л удаж нэг, хоёр курсийн оюутан хүүхдүүд л байгаа даа, тэд нь. Зарим нь 18 нас хүрээгүй, хүүхэд ч байж мэднэ. Харамсалтай нь, төрийн цагдаа залууст төмөр нүүрээ харуулав, харилцаа хандлага муутай гэдгээ ч давхар баталлаа.
Хуучнаар хөгжим бүжгийн дунд сургуулийн биеийн тамирын талбайд БСШУЯ-ныхан барилга барихаар хашаалсан нь асуудал дагуулав. Асуудал өнөөдөр улам л хурцдаж буй. Урлагийн ундарга болсон, хүүхэд залуусыг иргэншсэн, хөгжсөн, төлөвшсөн бие хүн болоход хамгийн чухал нөлөөтэй улсдаа ганц Консерваторынхоо алга дарам газраас төр булаалдаж байна. Ер нь эл явдал хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж болохоор асуудал гэдгийг зарим хүн хэлж буй. Гэтэл хүүхдийн сурч, боловсорч, хөгжих газрыг бүтнээр нь үлдээгээч гэсэн багш нарын гуйлтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Консерватор эзэмшигч нь БСШУЯ өмчлөгч нь. Тус газрын багахан хэсэгт Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Мэдээллийн төв барина” гэх увайгүй хариу барив.
Угтаа Засгийн газраас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн сард эхлүүлсэн. Нэгдүгээрт хүүхэд үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэгчдэд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй нь, зөв боловсон өнгөрүүлэх боломжит газраас БСШУЯ дээрэмдэхээр улайрч буй нь хамаагүй бололтой юм.
Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын багийнхан “Энэ жил бидний сэтгэл зовуурьтай, гунигтай байна. Өнгөрсөн долоо хоногт харамсалтайгаар усанд живж амиа алдсан дөрвөн хүүхдийн эцэг эх, гэр бүл, хайртай дотнын хүмүүст нь, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Монголын хүүхдүүд үл хайхрах байдал, хүчирхийлэлд өртсөөр байгаад гүнээ харамсаж байна. Хүүхэд гэртээ ч, боловсролын байгууллагын болон бусад орчинд ч дарамт, хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсоор. Цахим орчинд ч бэлгийн мөлжлөг, дарамтад өртсөөр байна” хэмээн гашуудсан удаатай. Иймэрхүү хүнд хэцүү өдрүүд үргэлжилсээр буйг дээр дурдсан жишээнүүд, одоо дурдах тоо баримт хангалттай батлах болов уу.
Он гарсаар эхний хагас жилд 1149 хүүхэд гэмт хэргийн хохирогч, золиос болсныг УЕПГ-аас гаргасан тооноос харж болно. Бүр тодорхой хэлбэл, хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь хүчиндэх, 16.7 хувь нь бие махбодод нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах, 4.4 хувь нь хүүхдээ төөрүүлсэн, тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг хэрэг.
Бас нэг таагүй харьцуулалтыг уншуулах нь. Хүүхэд хохироосон гэмт хэрэгтнүүд ял завшиж байгааг Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч Х.Баасанжаргал өгүүлэв. Түүний хэлснээр 2018 онд насанд хүрсэн 51 хүн шүүхээс тэнсэн харгалзах ял авчээ. Мөн 2019 онд 95, 2020 онд 73 хүн гэмт хэрэг үйлдсэн ч өргөст торны гадна үлдсэн. Тэгвэл дээрх онуудад хэрэг зөрчилд холбогдсон өсвөр насныхнаас хэд нь тэнсэн харгалзах ял авч, хэчнээн нь хорих руу ачигдаа бол. Unuudur.mn редакцад ирсэн мэдээллээр 2018 онд 41, 2019 онд 19, 2020 онд зургаан хүүхдэд Төрийн нэрийн өмнөөс ял сонсож, өргөст торны цаад руу явжээ. Нэгэнд нь ч тэнсэн харгалзах ял оноогоогүй гэх. Өөрөөр хэлбэл, хүүхэд насных нь нандин үеүдийг хайр найргүй хулгайлчихсан ажээ, Монголын төр.
Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцод нэгдээд удаж байна. Нэгэнт нэгдсэн тул хүлээх үүрэг гэж бий. 1990 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос манай хүүхдийн эрхийг хангах, хэрэгжүүлэх чиглэлээр олонтаа зөвлөмж өгсөн гэдэг. Даанч тухай бүрд нь хэрэгжүүлээгүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн гэхэд хилсдэхгүй. Хүүхдийн эрхийн конвенцод төр хүүхдийн дээд эрх ашгийг хангах үүрэгтэй гэж заажээ. Дээд эрх ашиг сонирхол гэдэг нь бусад эрх ашиг сонирхлоос хүүхдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдана аа л гэсэн үг. Яг л манай дарга нар “Нэгдүгээрт хүүхэд” хэмээн тунхагласанчлан. Үнэндээ зарим УИХ-ын гишүүн Төрийн сангийн зээлээр өөрийн хүүхдээ гадаадын нэртэй их дээд сургуульд сургаж байхад, эгэл ардын үрс сургалтын төлбөрөө олох гэж “Нарантуул”-ын лангуун дундуур тэрэг түрж, ачаа зөөж, барилга дээр шавар зуурч, тоосго орж буй нь амьдралын үнэн. Өнгөн дээрээ улстөрч дарга нар “Нэгдүгээрт хүүхэд” гэх авч начир дээрээ хүүхдийг адлаж, хүүхдийн гэсэн болгоныг дээрэмдэх оролдлого хийдэг. Ийм байхад иргэд хааяа боловч эсэргүүцэж, эгдүүцэн тэмцэж буйг буруутгах аргагүй билээ.