“Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дэд дарга, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.
-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар үнэ цэнтэй вэ?
-Үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хүний эрхийн олон улсын суурь хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрх. Энэ нь мэдээлэл эрж хайх, олж авах, түгээх болон иргэний мэдэх эрхтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, олон талт эх сурвалжаас мэдээлэл авсан хүн л асуудалд илүү бодитой хандан, өөрийн үзэл бодолтой байж түүнийгээ амаар, бичгээр, үйлдлээр, тэр бүү хэл урлагийн бүтээлээр дамжуулан илэрхийлэх боломжтой. Энгийнээр тайлбарлавал, үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө нь бидний зорьж буй иргэний нийгмийг хөгжүүлэх, төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлох, аливаа шударга бус зүйлтэй тэмцэх, төр, хувийн хэвшлийн ил тод байдлыг хангах, хариуцлагын механизмыг зохистой ажиллуулах суурь ойлголт юм. Тиймээс мэдэх эрх хийгээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зүй бусаар хязгаарлах нь дарангуйллын “сүүдэр”-ийг томруулж, хүний эрхийн зөрчлийг нэмэгдүүлдэг. Бид цахим болон цахим бус орчинд амаар, бичгээр, үйлдлээр, хэвлэл мэдээллээр, эсхүл уран сайхны зэрэг өөрийн сонгосон төрөл бүрийн аргаар үзэл бодлоо илэрхийлж болно. Иргэд хоорондын энгийн яриа, ярилцлагаас эхлүүлээд зохион байгуулалттай жагсаал, цуглаан, бойкот, өлсгөлөн, суулт, иргэний үл захирагдахуй гээд олон арга хэрэгслээр уг эрхийг эдлэх боломжтой. Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд ч энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Энэ эрх чөлөө үгүй бол ардчилал үгүй гэдэг. Тэгэхээр улам баталгаажуулахын тулд юу хийх ёстой вэ?
-Мэдэх эрх, мэдээлэл олж авах, түгээх боломжийг өргөн хүрээнд хязгаарлаж, иргэдийн олон талт дуу хоолой, ялангуяа шүүмжлэлт үзэл, хандлагыг хориглох тусам төрийн хяналт, хариуцлага суларч, хууль бус хүч, албадлага хэрэглэх явдал нэмэгддэг нь нэгэнт тодорхой болсон, олон улсын практик. Тиймээс л үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх нь ардчиллыг хамгаалах суурь гэж хэлээд буй хэрэг. Иргэд эрхийнхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлдэг болохын тулд юуны өмнө өөрт нь ямар эрх, эрх чөлөө олгогдсоныг сайтар мэддэг, түүнийг нь хэн, ямар байдлаар зөрчвөл хувь хүн болоод нийгэмд сөрөг үр дагавар үүсдэгийг сайтар ухамсарладаг байх шаардлагатай. Товчхондоо иргэд хүний эрхийн мэдлэг, боловсролтой байж нийгмийн хөгжлийн төлөө санаа тавин, шударга биш, хууль бус үйлдэлтэй зүй ёсоор тэмцэх аргад бага ч гэсэн суралцах хэрэгтэй. “Эмнести интернэшнл” байгууллагаас “Эрхээ мэд, эрхээ шаард” гэсэн уриатай төрөл бүрийн кампанит ажил явуулж байна. Иргэдийн эрхийн төлөө тэмцэх зорилгоор өөр хоорондоо эвлэлдэн, хүчээ нэгтгэн, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлж, асуудлыг хүний эрхийг хамгаалах үүднээс, хууль ёсны хүрээнд шийдвэрлүүлж чадсан олон туршлага бидэнд бий. Харамсалтай нь, иргэд улс төрийн зорилгоор “турхирсан”, ардчилал, шударга ёсны лоозонгоор халхавчилсан жагсаал, цуглаанд шан харамж горилон оролцдог хэрнээ өөрсдийнх нь өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц шударга бус шийдвэр, үйл ажиллагаа, хүний эрхийн зөрчлийг дуугүй өнгөрөөх нь олон.
-Цар тахлын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсан гэж иргэд шүүмжилж байна. Танай байгууллагаас хийсэн судалгаанд юу гэж дүгнэсэн бэ?
-Цар тахалтай тэмцэх нэрийдлээр цахим болон цахим бус орчинд иргэд үзэл бодлоо илэрхийлэх, ялангуяа асуудалд шүүмжлэлтэй байр сууринаас хандах боломжийг тухайн нөхцөл байдлын хэр хэмжээнээс хэтрүүлэн хязгаарлаж буй зарим төрлийн зөрчил цөөнгүй гарч байна. Одоогийн нөхцөл, үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цахим мэдээлэлд иргэд эерэг, сөрөг аль ч өнцгөөс байр сууриа илэрхийлж чадахгүй байгаа нь үүний энгийн жишээ юм. Цар тахал нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа. Гэвч үүнтэй тэмцэх нэрийдлээр, тогтоосон нөхцөл байдлын хэр хэмжээнээс хэтрүүлэн хүний эрхийг хязгаарлах, мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод бус байдал, асуудлыг дан ганц төрийн шийдвэрээр зохицуулах гэсэн оролдлого, хандлага нь улс орнуудын ардчилал, хариуцлага, хяналтыг сулруулж, төрийн болон цэргийн хүч давамгайлсан дэглэмийг хүчирхэгжүүлж буйг олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүн хэлэлцэж байна.
“Цар тахлын үе дэх цагдаагийн байгууллагын хууль сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх” сэдэвт суурилан манай байгууллагаас хүний эрхийн мониторингийн судалгаа хийж байгаа. Энэхүү судалгааны чухал бүлэг нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх явдал. Урьдчилсан дүнгээр цар тахлын үед жагсаал, цуглаан хийх улс төрийн үндсэн эрх чөлөөг нөхцөл байдлын хэмжээнээс хэтрүүлэн хязгаарласан, олон нийтийн арга хэмжээг бодитоор зөвшөөрсөн хэдий ч халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримтлан задгай талбайд зохион байгуулсан, цөөн хүн оролцсон жагсаал, цуглаан, нэг хүний суултыг хориглож, албадлагаар тараасан, тараахыг оролдсон олон тохиолдлыг тогтоосон. Тэр бүү хэл, хүн оролцоогүй, зөвхөн ажлын байр, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөрийн багаж, хэрэгслийг байршуулсан арга хэмжээг ч хязгаарласан байна. Түүнчлэн жагсаал цуглаан зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах шийтгэл ногдуулсныг бид баримтжуулсан.
Үүнээс гадна нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдоогүй бүрэн эрх хэрэгжүүлж, иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэхгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад даалгасныг тогтоолоо. Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааныг албадан тараахдаа зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийн зөрчил, гэмт хэргийг албадлага хэрэглэн таслан зогсоохтой холбоотой зохицуулалтыг мөрдсөн. Харин Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар тусгайлан зохицуулсан журам, хэм хэмжээг баримтлаагүй. Тухайлбал, холбогдох шатны Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргаагүй байхад хүч, албадлага хэрэглэж тараасан. Эрх бүхий Засаг дарга шийдвэр гаргаснаас хойш хоёр цагийн дотор сайн дураар тараах боломжийг иргэдэд олгох ёстой. Гэтэл ийм боломж олгоогүй. Мөн тайлбар, мэдүүлэг авах зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулсан, үүнд идэвхтэй оролцсон иргэдийг хүч хэрэглэн түр саатуулсан зэрэг хүний эрхийн зөрчил олон гарчээ. Ялангуяа тайван жагсаалыг албадан тараах явцад цагдаа болон иргэдийн хооронд зөрчилдөөн үүсэж, ноцолдох, түлхэлдэх зэргээр хүч хэрэглэх үед халдвар тархах эрсдэл байгааг судалгаанд тэмдэглэсэн. Мөн цуглаан зохион байгуулсан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу баривчилсан. Урьдчилан саатуулах газруудад халдварын тохиолдол нэмэгдсэн үед ингэж баривчилсан нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буйг судалгааны дүгнэлтээр анхааруулсан байгаа.
-Жагсаал хийсэн хүмүүсийг саатуулж, мэдүүлэг авч байна. Энэ нь цаашид ямар сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй вэ?
-Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол улс төрийн үндсэн эрх. Өөрөөр хэлбэл, жагсаал, цуглааныг хүмүүсийн идэвхгүй бөөгнөрөл болох ердийн, олон нийтийн арга хэмжээнээс ялгамжтай авч үзэн, түүнийг тараах дэглэм, арга, журмыг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Харамсалтай нь, цар тахлын үе дэх жагсаалд цагдаагийн байгууллагынхан хуулиа дээдлэн, хүний эрхийг хүндэтгэж хандахын оронд хүч хэрэглэн тараахыг эрмэлзэж байна. Түүгээр ч зогсохгүй цуглааныг тараах арга болгон тайлбар, мэдүүлэг авах нэрийдлээр зохион байгуулагчдыг хүч хэрэглэн саатуулах явдал ялангуяа Сүхбаатар дүүрэгт болсон жагсаалын үеэр нийтлэг гарлаа. Дээр дурдсанчлан уг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Жагсаал, цуглаан хийх журмын болон Цагдаагийн албаны тухай хуулийн жагсаал, цуглааныг албадан тараах тусгайлсан зохицуулалтыг мөрдөөгүй. Харин зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл буюу зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагыг албадан биелүүлэх зохицуулалтын дагуу ажиллажээ. Хүний эрхийн харилцааг тусгайлан зохицуулсан хуулийг хэрэглэхгүй байна. Энэ нь цаашид хууль хэрэглэх буруу практикийг бий болгож, улмаар шүүмжлэлт дуу хоолой илэрхийлсэн хүмүүсийн эсрэг хүч, албадлагыг ашиглахад хүргэж буй юм.
-Үндсэн хуульд зааснаар иргэд тайван жагсаал хийх эрхтэй мөртлөө энэ эрхээ эдлэхийн тулд яагаад зөвшөөрөл хүсэх ёстой юм бол?
-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд иргэд, хуулийн этгээд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлээ холбогдох засаг, захиргааны нэгжийн Засаг даргад хүргүүлж, бүртгүүлэхээр заасан. Гэвч бодит байдалд жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаг журам манай улсад хэрэгждэгийг олон судалгаанд дурдсан байдаг. Цар тахлын үеийн нөхцөл нь Монгол Улсад жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрлийн маш хатуу тогтолцоо үйлчилж буйг батлан харууллаа. Хамгийн гол нь цар тахлаас үүдсэн улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудалд санал, шаардлага, дуу хоолойгоо илэрхийлсэн, цөөн хүн оролцсон, халдвар хамгааллын дэглэмийг сахин явуулсан, тайван жагсаал, цуглааныг хориглож хязгаарласан. Гэвч хэдэн зуун хүн цугларсан олон нийтийн бусад арга хэмжээ, тухайлбал, усан оргилуурын нээлт, тэмдэглэлт ойн баяр, одон медаль гардуулах үйл ажиллагааг бодитоор хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг ямар учир шалтгаанаар бүртгэхээс татгалзаж, ямар үндэслэлээр албадан тарааж буйд эргэлзэхэд хүргэж байна. 2020 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад иргэн, хуулийн этгээдээс жагсаал, цуглаан болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар 49 мэдэгдэл ирүүлснээс 15- ыг нь бүртгэж, бусдаас нь татгалзсан. Тиймээс бүртгэсэн болон татгалзсан мэдэгдлийн дэлгэрэнгүй мэдээлэл, үндэслэлийн талаар манай байгууллага тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэл хүссэн юм. Гэвч цуглаан хийх мэдэгдэл ирүүлсэн иргэн, байгууллагын хууль ёсны эрхийг хөндөж болзошгүй гэх үндэслэлээр мэдээлэл өгөхөөс удаа дараа татгалзаж, мэдэх, мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан. Мэдээллийн ил тод байдлыг хангаагүй энэ мэт тохиолдол нь хүний эрхийн зөрчлийг нөхцөлдүүлж буй энгийн жишээ юм.
Жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаг тогтолцоог төрийн эсрэг иргэдийн шүүмжлэх дуу хоолойг хязгаарлах арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Мэдэгдлийг нь бүртгэхээс, эсхүл хүлээн авахаас татгалзсан ч зарим иргэн, байгууллагаас жагсаал, цуглааныг тайван журмаар зохион байгуулсан нь эцэстээ цагдаагийн байгууллагын хүч, албадлагатай нүүр тулж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээхэд хүргэсэн. Энэ талаарх маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ зөвхөн жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг холбогдох байгууллагад бүртгүүлсэн, эсэхийг нь чухалчилж байна. Харин мэдэгдлийг бүртгэхийг Нийслэлийн Засаг даргын, хууль зөрчсөн захирамжаар хориглосныг анхаарахгүй байгаа нь тайван жагсах, цуглах хүний эрхийг улам эрсдэлд оруулж буй юм.
-Уг нь цагдаа нар иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө ажилладаг. Гэтэл цагдаа нь жагсаал цуглаан хийх гэж байгаа, эсвэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ “айлгадаг” болчихлоо.
-Цар тахлын нөхцөл нь цагдаагийн байгууллагын хууль сахиулах уламжлалт арга барилыг өөрчлөхийг шаардаж байна. Коронавирусийн халдвартай тэмцэх үндэсний төлөвлөгөөндөө цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг чухлаар авч үзэхгүй байгааг НҮБ онцлон тэмдэглэсэн. Тодруулбал, цар тахлын үед цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөхөд чиглэл болгох зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааны газрын Цагдаагийн хэлтсээс “Цар тахлын үед цагдаагийн үйл ажиллагааг төлөвлөх нь” гарын авлагыг 2020 оны тавдугаар сард боловсруулсан юм. Халдварын үед цагдаагийн байгууллагаас хүч, албадлагыг хэтрүүлэн хэрэглэх нь цагдаа, олон нийтийн хоорондох итгэлцлийг алдагдуулах эрсдэлтэйг онцлон тэмдэглээд, гадаад, дотоод орчны бүхий л хүчин зүйлийг харгалзан үзэж, ЦЕГ-ын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд иж бүрнээр төлөвлөх, алба хаагчдын хууль болон хүний эрхийн мэдлэг, хандлагыг сайжруулах сургалт хийх шаардлагатайг зөвлөсөн. Олон улсын ийм хандлагад нийцүүлэн манай ЦЕГ үйл ажиллагаагаа өргөн хүрээнд төлөвлөн ажиллаж байгаа тухай мэдээлэл бидэнд хараахан алга. Олон давтамжтай гарч буй хүний эрхийн зөрчилд цагдаагийн энгийн алба хаагчийг буруутгах нь өрөөсгөл. Харин холбогдох эрх зүйн зохицуулалт, цагдаагийн удирдах байгууллагаас хүний эрхийн хандлагад нийцсэн чиглэл, удирдамж өгч байгаа, шаардлагатай дүрэм, журмыг баталж, биелэлтийг нь хангуулж буй, эсэхэд анхаарах шаардлагатай. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан зарим журмыг холбогдох төрийн байгууллагаас нь батлаагүй, ХЭҮК-ын зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй зэрэг зарим алдаа, дутагдлыг илрүүлсэн.
Цар тахлын үед цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдлийг шалгуулахаар иргэдээс өргөдөл, гомдол гаргах талаар олон нийтэд ойлгомжтой байдлаар тухайлан танилцуулсан, эсэх нь чухал. Мөн хууль зөрчсөн, цагдаагийн алба хаагчид хариуцлага хүлээлгэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Халдвартай хүнтэй ойрын хавьтагч байж болзошгүй, шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн гэх иргэний биед цагдаагийн нэг алба хаагч халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд 2020 оны арваннэгдүгээр сард цацагдсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс үүнд өгсөн тайлбартаа “Тухайн алба хаагчтай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж буй” гэсэн. Гэвч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журмын дагуу дээрх тохиолдлыг шалган, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн байх жишээтэй.
-Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлснээс болж мэдүүлэг, байцаалт өгч байна гэх боллоо. Энэ нь бас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарах гэсэн оролдлого уу?
-Цар тахлын үеийн нөхцөл нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зарим тохиолдолд хязгаарлах үндэслэл болно. Гагцхүү хүний эрхийн энэхүү хязгаарлалт нь үндэслэл бүхий, тухайн нөхцөл байдлын хэр хэмжээнд тохирсон, гарцаагүй буюу зайлшгүй авч хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй байх шаардлагатай. Харин цар тахлын үеийн мэдээллийн эргэлтэд тавих гол хязгаарлалт болох “баталгаат эх сурвалжийн мэдээлэл”-ийг хэрхэн ойлгож, тайлбарлах нь тодорхойгүй байгаа. Тиймээс төрийн эрх бүхий байгууллагаас өгснөөс бусад мэдээлллийг баталгаат бус эх сурвалжийнх хэмээн үзэх хандлага давамгайлж байна. Энэ нь эцэстээ иргэдийн мэдээлэл боловсруулах, эрж хайх, түгээх эрхийг хэт хязгаарлах нөхцөлд хүргэлээ. Нөгөө талаас цахим орчинд иргэд үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх мэдлэг, чадварт суралцах шаардлагатай. Асуудалд шүүмжлэлтэй хандах нь аливаа зохисгүй үг хэллэг хэрэглэж, бусдыг гутаан доромжлох үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Тиймээс сөргөлдсөн асуудлыг эерэг нөлөөллийн аргаар шийдвэрлэхийг иргэний нийгмийн зарим байгууллагаас уриалж байна.
Бэлтгэсэн Б.Уянга