Одоо тэд “12-17 насныхны зонхилох хувийг вакцинд хамруулчихвал сүргийн дархлаа тогтооход чухал нэмэртэй. Ингэж чадвал ирэх намар гэхэд коронавирусийн тархалт намжина” хэмээн ярих болов. Хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлнэ гэж том ам гарав. Гэвч одоогийн бодит нөхцөл байдлаас үзэхэд энэ төлөвлөгөө “ковидгүй зун”-ы нэгэн адил замхрах шинжтэй харагдаж буй юм.
Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан бий. Бид коронавирусийг нэг л өдөр ор мөргүй алга болчих, эсвэл дахиж “өндийхөөргүй” нугачин дарах боломжтой юм шиг бодож, ярьж буй. Гэвч тийм биш гэдгийг шинжлэх ухаан өндөр хөгжсөн орны эрдэмтэд, вирус судлаачид онцолсоор байна. Эл вирусийн нэршлийн өмнө forever буюу мөнхийн гэсэн тодотгол нэмсэн нь ч учиртай. Коронавирусийн олон шинэ хэлбэрт дэлхий хэдийн эзлэгдсэн тул сүргийн дархлаа тогтоох амаргүй, хүн амынхаа зонхилох хэсгийг дархлаажуулсан ч тархалт намжихгүй байх өндөр магадлалтайг анхааруулах болов. Олон улсын зарим байгууллага Монголд өвчний тархалт буурахгүй буйн гол шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж, дэлхийн томоохон хэвлэлүүд энэ тухай нийтэлсээр байна.
“Wall street journal” сэтгүүлийн цахим хуудсанд энэ сарын 19-нд нийтэлсэн “Ковид-19”-ийн нөхцөл байдлын тойм”-д “Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн насны бүлгийг харгалзвал хүүхдүүд хамгийн бага буюу есөн хувийг эзэлж байна. Эл өвчний эсрэг дархлааны хариу урвал хүүхдэд насанд хүрэгчдийнхээс илүү эрчимтэй явагддагтай холбоотой” гэж тайлбарлажээ. Гэтэл Монголд сүүлийн үед эсрэгээрээ, бага насны хүүхэд өвчлөх нь олшров. Үүний шалтгааныг дан ганц монголчуудын хайнга зангаас хайх бус, халдвар хамгааллын дэглэмээс гадна вирусийн шинэ хэлбэрийн онцлогтой холбож үзэх судлаачид ч бий. Хэрэв энэ үнэн байгаад, сүргийн дархлаа тогтох үйл явц удааширч, өвчний тархалт намжихгүй энэ хэвээр үргэлжилбэл ирэх намар хүүхдүүдийн хувьд жинхэнэ сорилт болно. Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт коронавирустэй хавсарч, гал дээр тос нэмэх мэт эрсдэлийг өдөөнө. Хоногт илрүүлэх тохиолдол дунд хүүхдүүд жин дарах нь гарцаагүй. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдээгүй үед цэцэрлэг, сургуулиа дангинатал цоожилж, жил дамнуулан сурагчдыг гэрт нь хорьсон улс ийм үед танхимын сургалтыг эхлүүлэх нь юу л бол.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Иргэдийнхээ 60 хувийг вакцинд хамруулбал сүргийн дархлаа тогтоно гэж судлаачид тооцоолж байна. Манай улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Насанд хүрсэн иргэдээ 100 хувь дархлаажууллаа ч хүүхдүүдийн тодорхой хэсгийг вакцинд хамруулахгүй бол үр дүнгүй. Иймд холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насныхныг дархлаажуулах төлөвлөгөөтэй” хэмээн сар гаруйн өмнө мэдээлсэн. Түүний хэлсэнчлэн өдгөө 12-17 насныхныг “Пфайзер” вакцинд хамруулж буй. Гэвч үүний цаана 900 мянга орчим хүүхэд хэзээ вакцинтай золгох, эсэх нь тодорхойгүй, бүрхэг нөхцөлд байна. 12-оос доош насныхныг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах туршилт, судалгааг олон улсын түвшинд хийж байгаа ч баталгаажсан үр дүн өнөө хэр бүртгэгдээгүй. Цэцэрлэг, сургуулийн насны нийт хүүхдийн 50 хувь нь ирэх хичээлийн жилийг вакцингүй угтах нь тодорхой болоод байна. Харин хичээлийн шинэ жил хугацаандаа эхлэх, эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 12-17 насныхныг вакцинд бүрэн хамрууллаа ч хүүхдүүд эрсдэлт бүлэг хэвээр үлдэх юм.
…Уг нь бид өдийд наадам биш, боловсролын салбарын хоцрогдлыг ярьж байх ёстой. Өв соёл, уламжлалын хэлхээ холбоог таслах учиргүй хэмээн “чичрэх”-ийн оронд цар тахал, үхлийн аюулыг хэрхэн зогсоох тухай хэлэлцэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах арга замыг эрэлхийлэх учиртай…
Энэ бүгдээс үзэхэд, сурагчид 2021 оны хичээлийн жилд мөн л теле хичээл нэртэй “хуулан бичлэг” хийж, дэлгэцийн өмнө тушигдах магадлал өндөр болов. Тэгш, хүртээмжтэй байдлыг эрхэмлэх учиртай боловсролын салбарт гадуурхал, ялгаварлал гурав дахь жилдээ үргэлжлэх нь. Интернэт, гар утас бүү хэл, цахилгаангүй, зурагтгүй айл өчнөөн бий. Ийм шалтгааны улмаас теле хичээлээ үзэж чадаагүй 174 мянган хүүхэд байгааг БШУЯ-ныхан мэдээлсэн. Тэд өнөө жил ч гэртээ амралтын байдалтай өнжиж болзошгүй нь. 2022 оны хавар элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их, дээд сургуульд элсэх төгсөх ангийнхан гурван жилийг “манан” дунд өнгөрүүлсээр амьдралынхаа хамгийн чухал, үнэ цэнтэй сонголттой нүүр тулж магадгүй нь.
Нэгэнт бүх салбарт цар тахлын нөхцөл байдлыг харгалзах бодлого баримталж буй учраас боловсролын салбарынхан эрсдэлийн менежмент,бэлэн байдлыг одооноос хангах шаардлага тулгарав. “Өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан теле хичээлийг үргэлжлүүлэхээр боллоо” гэж нойрноосоо сэрсэн мэт аяглахгүйн тулд одооноос болзошгүй эрсдэлүүдийг тооцоолж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Наад зах нь үр дүнгүй, агуулгын зөрчилтэй, боловсронгуй бус хэмээх шүүмжлэл дагуулдаг теле хичээлийнхээ чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарах нь зүйтэй болов уу. Засгийн газар, Улсын онцгой комисс танхимын сургалтыг эсэргүүцсэн тохиолдолд Л.Энх-Амгалан сайд хэчнээн хичээгээд ч, хоцрогдол, үр дүн яриад ч нэмэргүй билээ. Ийм тохиолдолд өнөөх теле хичээлээ санал болгохоос өөр замгүй болно. Тиймээс энэ бүхнийг эртнээс тооцоолж, төлөвлөх нь зүйн хэрэг юм.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсрол судлалын хүрээлэн зэрэг байгууллагынхан теле хичээлийн үр дүнг хангалтгүй хэмээн үнэлсэн байдаг. Сурагчид эзэмших ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимын сургалтаар олж авдаг бол алсын зайн хичээл 30-40 хувийн үр дүнтэй гэж судлаачид үнэлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар ч цар тахлаас үүдэлтэй дэлгэрсэн сургалтын шинэ арга барилыг үр дүн муутай гэж шүүмжилсээр буй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сурагчид дэлгэцийн цаанаас юу “олж” авч, ямар мэдлэг, чадвар эзэмшсэнийг төсөөлөхөд бэрх. Ирэх хичээлийн жил хэр өгөөжтэй байх вэ гэдгийг тооцоолоход бүр хэцүү.
Уг нь бид өдийд наадам биш, боловсролын салбарын хоцрогдлыг ярьж байх ёстой. Өв соёл, уламжлалын хэлхээ холбоог таслах учиргүй хэмээн “чичрэх”-ийн оронд цар тахал, үхлийн аюулыг хэрхэн зогсоох тухай хэлэлцэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах арга замыг эрэлхийлэх учиртай. Шадар сайд асан Ө.Энхтүвшин “Цар тахлын сүүдэрт хамгийн их хохирол амссан салбар бол боловсрол. Хүн бүхэн бизнесийн салбар хэцүүдлээ гэж ярьж байна. Бизнесийг сэргээж болно. Боловсролын хоцрогдлыг нөхөж баршгүй” хэмээсэн нь учиртай. Харамсалтай нь, бид ирээдүйгээ мартдаг, зөвхөн өнөөдрөө л боддог хүмүүсийг “дээрээ” залжээ. Цар тахал үүнийг улам тодоор харуулав.
Бэлтгэсэн М.Оч