09.30 цаг. Цагдаа хашааны хаалгыг түгжжээ. Тэрбээр эмчийн дохиогоор хаалга онгойлгож, хүмүүсийг гурав, гурваар нь дотогш нэвтрүүлэх аж. Түүнийг хаалганд ойртох үед нэгэн залуу “Ямар удаан юм бэ. Цаг чинь дууслаа. Түргэлж болохгүй юү” хэмээн бухимдангуй хэлэхэд бусад нь “Харин тийм ээ. Юунд ингэж уддаг байна” гэж нэмэрлэв. Цагдаа “Журмын дагуу оруулж байна шүү дээ. Тайван байцгаа л даа” гэж учирлав. Тэрбээр хүмүүсийг дотогшоо оруулах бүртээ зай барихыг, бусдадаа зам тавихыг сануулна. Гэвч хашааны хаалганд шавааралдан зогссон хүмүүс түүний үгийг үл тоон, улайран дайрч байв. “Би чамаас түрүүлж ирсэн ”, “Чи сүүлд ирсэн биз дээ”, “Энэ хүн хаанаас гараад ирэв” гэхчлэн сэрдэж, бүртгэх бөгөөд дарааллаас үүдэлтэй хэрүүл маргаан тасрахгүй.
Харин Б.Чулуунбат “Засгийн газар, Улсын онцгой комисс ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байгааг ер ойлгохгүй юм. Өчнөөн цаг зогсчихоод, шинжилгээ өгч чадалгүй буцах хүн олон байна. Өмнөх шигээ харьяалал харгалзахгүй, хамгийн ойр цэгтээ шинжилгээ авдаг бол хэчнээн амар вэ.
Нэгэн бүсгүй хүмүүсээс зайдуу, хашааны хойд хэсэгт цагдаатай уулзав. Зохион байгуулалт, ээлж дарааллын талаар лавлаж буй бололтой. Гэтэл дугаарлан зогссон иргэд “Өнөөдрийн ээлж дүүрсэн. Маргааш ир. 04.00, 05.00 цагаас эхлээд дугаарлаж байна. Урдуур битгий дайрах гээд бай” хэмээн хэдэн талаас нь загнаж орхив. Бүсгүй амандаа бувтнаад, цааш бушуухан явлаа. Харин цагдаа “Зүгээр л юм асуусан шүү дээ. Та нар яасан хэцүү улсууд вэ” гэж толгой сэгсрэхэд хүмүүс нирхийтэл инээв. Цагдаа ч тэссэнгүй жуумалзах нь тэр.
Хөгтэй гэмээр энэ үйл явдал Баянгол дүүрэг дэх 96 дугаар цэцэрлэгийн гадаа өчигдөр болов. III, IV хорооллын эцэст, “Говь” сауны дэргэд байрлах тус цэцэрлэгийг шинжилгээний байнгын цэг болгосонтой холбоотойгоор сүүлийн саруудад хөл хөдөлгөөн тасрахаа байжээ. Ойрын өдрүүдэд бүр ч их ачаалалтай буй гэнэ. Учир нь, шинжилгээ авах газруудыг цөөлж, байнгын гурван цэг үлдээсэн. Эдгээр нь өдөрт 09.00-12.00 цагт ажиллах хуваарьтай бөгөөд цэг тус бүр эхний 200 хүнийг PCR, үлдсэнийг нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулах журам баримталж байгаа. Гэвч шинжилгээний цэгүүдийн ажиллах цаг хязгаартай учраас өдөрт 150-200 хүн хүлээн авдаг аж. Иймд “жагсаал”-ын тэргүүн эгнээнд багтахын төлөөх тэмцэл, “тулалдаан” улам ширүүсжээ. Зарим нь машинтайгаа хонодог юм байна. Үүр цүүрээр ирж, дугаарлах хүн олон гэнэ. Хэн нэгний оронд зогсдог, мөн дугаараа наймаалцдаг иргэд ч бий гэх. Халдвар, хамгааллын дэглэм тэнд ер үйлчилдэггүй юм байна. Шинжилгээ өгөөд, вирус “аваад” харих эрсдэл үүсжээ.
Иргэдийг зохион байгуулах үүрэгтэй ажиллаж буй цагдаагийн алба хаагчаас нөхцөл байдлыг тодруулахад “Хүмүүс шинжилгээ авахаас 4-5 цагийн өмнө ирж, дугаарладаг. Эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд дугаар олгож буй. Яаж ч түргэвчлээд өдөрт 200 хүнээс PCR авч амжихгүй юм. Өнөөдөр гэхэд 150-иар “тасалчихлаа”. Үүнээс хойш ирсэн хүмүүсийг гэртээ харихыг зөвлөж байна. Эртхэн ингэж хэлэхгүй бол сүүлд нь бөөн хэрүүл үүсдэг, өчнөөн цаг хүлээлгэчихээд буцаалаа гээд. Ойрын өдрүүдэд халдварын тархалт нэмэгдсэн учраас шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэний тоо эрс өссөн. Тэр хэрээр иргэд бухимдалтай, шинжилгээний цэгүүд ачаалалтай болсон” гэв.
“Халдвар, хамгааллын дэглэм сахиулж, иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд цахимаар цаг олгож болоогүй юм уу” хэмээн түүнээс асуухад “Би цаг авсан, чи аваагүй гээд бүр их асуудал үүсдэг. Тэгээд ч цаг олгохдоо минут, секундийн нарийвчлалгүй, баримжаалсан хугацаа заадаг, 14.00-15.00 цагийн хооронд гэх мэтчилэн. Тэгэхээр энэ цагт шинжилгээ өгөх болсон 10, 20 хүний дунд мөн л дарааллаас үүдэлтэй маргаан үүсдэг. Тиймээс аль түрүүлж ирсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг эхэнд оруулах журмаар ажиллаж байна” гэв.
Гэвч тэдний тэн хагас нь л эмчтэй уулзах хувьтай. Эдгээр гурван цэг нийлээд өдөрт 450-600 хүнээс шинжилгээ авах хүчин чадалтай. Боломжтой хүмүүс хувийн эмнэлгийн лаборатори бараадаж, чадалгүй нь цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлахаас өөр сонголтгүй цаг үе иржээ.
10.10 цаг Чингэлтэй дүүргийн VI хороо, Баянбүрдийн тойргийн ойролцоо байрлах 74 дүгээр цэцэрлэгт очив. Уртаас урт дараалал үүсжээ. Эхний цэгийнхтэй харьцуулахад хэрүүл тэмцэлгүй, нам гүм байх аж. Дугаарласан хүмүүсийн хамгийн ард зогслоо. Өмнөх бүсгүй “Урд 70-аад хүн байгаа гэсэн. Миний хойно хоёр бий. Бие засчихаад ирье гээд явсан. Таны өмнө зогсоно шүү” хэмээн тун эелдгээр учирлав.
Тус цэгийнхэн цагаасаа ялимгүй хожимдож буюу 09.20-иос эхний хүнээ хүлээн авчээ. Эрт ирсэн иргэд үүнд унтууцсан ч хоёр, хоёроор нь шуурхай оруулж эхлэхэд тайвширчээ.
Чингэлтэй дүүргийн VIII хорооны оршин суугч гэж өөрийгөө танилцуулсан бүсгүй “Өнөөдөр шинжилгээ өгч амжих, эсэхээ мэдэхгүй л байна. Миний өмнө нэлээд хүн бий. Зарим нь хоёр өдөр зогсож байна гэсэн. Халдварын тархалт намдуу, эрсдэл бага үед 10, 20 цэг ажиллуулсан мөртлөө хамгийн эгзэгтэй цагт гуравхан газарт шинжилгээ авч, иргэдийг бөөгнөрүүлж байгаа нь ямар зорилготой юм бол. Үнэхээр ойлгомжгүй. “Интермед”, “Шинонмед”, “Итгэл”, “Мөнгөн гүүр”зэрэг хувийн эмнэлэгт PCR шинжилгээг төлбөртэй авч буй. Улсынхтай харьцуулахад төвөг чирэгдэл бага.
Гэхдээ 90-100 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх боломж хүн бүрт байхгүй. Би гэхэд ажлын шаардлагаар “Интермед”, “Шинонмед”-д хоёр удаа шинжилгээ өгсөн. Энэ удаа аргагүй болоод, энд зогсож байна. Улсаас авч байгаа түргэвчилсэн болон PCR шинжилгээг аль алиныг нь төлбөртэй болгоно гэсэн яриа гарсан. Олны үг ортой. Тэгвэл олон хүн халдвар авснаа мэдэж, баталгаажуулж чадахгүй байх” гэж ярилаа.
Харин Б.Чулуунбат “Засгийн газар, Улсын онцгой комисс ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байгааг ер ойлгохгүй юм. Өчнөөн цаг зогсчихоод, шинжилгээ өгч чадалгүй буцах хүн олон байна. Өмнөх шигээ харьяалал харгалзахгүй, хамгийн ойр цэгтээ шинжилгээ авдаг бол хэчнээн амар вэ. Дүүрэг тус бүрээр нь авна гэвэл цэгийнхээ тоог олшруулах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг гэхэд 19 хороо, 200 мянга орчим хүн амтай. Ийм олон хүнээс ганцхан цэгт шинжилгээ авч, тэр нь өдөрт гуравхан цаг ажиллахаар асуудал үүсэхээс аргагүй. Хүмүүс бухимдаж, муудалцахаас яах вэ” хэмээв.
10.50 цаг. Шинжилгээ авах цаг дуусахаас цаг гаруйн өмнө Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжинд байрлах 143 дугаар цэцэрлэгт ирлээ. Хүн цөөрөх байтугай нэмж ирсээр байв. Тэнд харьцангуй зохион байгуулалт сайтай аж. Хүмүүс 1-2 метрийн зайтай зогсжээ. Гэвч дарааллаас үүдэлтэй хэрүүл үргэлжилсээр.
Настай ээжийгээ өмнөө оруулах гэсэн “сайн” залууг хүмүүс элдвээр хэлж, шүүмжилж байв. “Чи өөрөө яваад, ээжийгээ оруулахгүй юү”, “Сүүлд ирсэн хүмүүсийг яагаад өмнө зогсоогоод байгаа юм бэ”, “Ингэж байтал цаг дууслаа” гэж дуу дуугаа авалцан, орилолдов. Залуу элдэв тайлбар хэлэх гэж оролдсонгүй. Хөөрхий ээж нь л гэмтэн мэт хүүгийнхээ дэргэд бүлтэлзэн зогсох нь хэчнээн өрөвдөлтэй. Гэвч ээж, хүү хоёр ингэж зүтгэснийхээ эцэст шинжилгээ өгч чадах, эсэх нь мөн л эргэлзээтэй.
Цагдаагийн алба хаагч залуугаас өнөөдөр (өчигдөр) хэчнээн хүн шинжилгээнд хамруулах боломжтойг тодруулав. Ингэж асуух хооронд хүмүүс “Болиоч, өмнүүр орохгүй шүү” хэмээн хойноос хашхирч байв. Тэрбээр “Өдөрт 150-160 хүнээс шинжилгээ авч байна. Одоогоор 108 хүн орсон. Ойрын хавьтал болсон хүмүүсээс явуулын цэгийнхэн шинжилгээ авч буй. Бид зайлшгүй шаардлагаар орон нутаг руу зорчих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, оршуулгад оролцох зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг шинжилгээнд эхэнд хамруулахыг хичээж байгаа. Гэвч иргэд барьцаж, хэл ам хийдэг” гэж ярив.
Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч буй байнгын гурван цэг (улсын)-ийн нөхцөл байдал ийм байна. 12.00 цагтай уралдсан, эрүүл мэнд, ажил, амьдралтай холбоотой түмэн зовлон тоочсон, хэдэн хүний өмнө зогсохыг бодсон, “гэнэтийн зочин” ирвэл хэдэн талаас нь загнаж, хөөж явуулахад бэлэн бухимдалтай иргэдийн “цуглаан” тэнд өдөр бүр болж байна. Гэвч тэдний тэн хагас нь л эмчтэй уулзах хувьтай. Эдгээр гурван цэг нийлээд өдөрт 450-600 хүнээс шинжилгээ авах хүчин чадалтай. Боломжтой хүмүүс хувийн эмнэлгийн лаборатори бараадаж, чадалгүй нь цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлахаас өөр сонголтгүй цаг үе иржээ. Эндээс нэг зүйл маш тодорхой харагдаж байна. Коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо өдөрт 2000 давж байгаа нь мөсөн уулын орой төдий үзүүлэлт аж.
Хүртээмжгүй шийдвэр, санхүүгийн бололцоогүйгээс болоод шинжилгээнд хамрагдаж чадахгүй хэдэн мянган хүн үүний цаана бий. Улсын болон нийслэлийн Онцгой комисс шинжилгээний цэгийг ийнхүү хумьж, халдвартай хүмүүсийн тоог “барьж” буй бололтой дог.