Хэд хэдэн аймагт уул уурхайн лицензтэй, жилдээ олон арван тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг гэх “Алтайн хүдэр” компанийнхан байгаль орчинд учруулсан хохирлын мөнгөө төлөхгүйн тулд тэмдэгтийн хураамж төлөхөөс цааргалж, хойшлуулах хүсэлтээ шүүхэд хоёронтоо гаргасан талаар өмнөх нийтлэлдээ бид дурдсан. Цар тахал биднийг “ниргэсэн” хэмээх сүржин тайлбар зүүлттэй тэмдэгтийн хураамж хойшлуулах хүсэлтийг нь шүүхээс хоёр удаа хүлээж авахаас татгалзсан байдаг.
Үнэндээ “Алтайн хүдэр” компани 2020 онд Говь-Алтайн Бургастайн боомтоор 1 375 152 тонн, 2021 оны эхний саруудад 157 411 тонн төмрийн хүдэр гаргасныг эх сурвалж мэдээлсэн. Мөн тус компанийн охин компани болох Төв аймгийн Заамар, Баянгол сум дахь алтны уурхайнууд хөл хорионы үед ажилласаар ирсэн бөгөөд ашиг орлого нь буураагүй гэх.
Үүнийг нотлох шиг тус компанийнхан тэмдэгтийн хураамж болох 50 гаруй сая төгрөгийг төлж, давж заалдах хугацаа сэргээлгэх хүсэлтээ энэ сарын 17-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг хүлээн авч, Ө.Уянга шүүгчид хуваарилжээ. Хүсэлтийг хүлээн авах эрх зүйн үндэслэл бий, эсэхийг тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Алтайн хүдэр” компани дөрөв хоногийн өмнө давж заалдах эрх сэргээлгэх хүсэлт гаргасан. Тус компанийг шүүхэд өгсөн Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос ч эсэргүүцэл тайлбар ирүүлсэн. Шүүгч хэргийг хараат бусаар бие дааж шийднэ. Захирамжаа гаргаж, албажуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” хэмээх хариултыг өглөө. Шүүх хүсэлтийг хүлээн авч шийдэх хуулийн хугацаа долоо хоног аж.
Нөгөөтэйгүүр, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны төлөөлөл “Энгийн иргэн давж заалдах хугацаа дууссан бол тэмдэгтийн хураамж төлөөд ч хугацаа сэргээх эрхгүй. Иргэний хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Тиймээс хүсэлтийг шийдэх шүүгч өмнөх шүүгч нарын нэгэн адил хуульд нийцсэн шударга захирамж гаргана гэдэг найдаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх байгальд учруулсан хохиролд 10.8 тэрбум төгрөг төлөх нь зөв гэсэн шийдвэр гаргасан. “Алтайн хүдэр” компани хуулийн хугацаанд давж заалдах өргөдлөө гаргаагүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
“Алтайн хүдэр” компани олон охин компанитай. Говь-Алтай дахь хоёр ордоос гадна Төв аймгийн Заамар, Баянгол сумд алтны уурхайн хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэй. Ганц зөвшөөрөл нь гэхэд зургаан тонн алтны нөөцтэйг геологичид хэлдэг. Мөн тус уурхайнхан алтыг нь авчихаад авдрыг нь хаях зарчмаар ажилладгийн хуульчид хэлж байна. Тухайлбал, Туул голын сав газрыг онгичиж, ухаж, байгаль орчныг бохирдуулсаар буй ч буцааж сэргээх, нөхөн төлжүүлэхдээ хойго ханддаг хэмээн нутгийн иргэд төдийгүй олон нийт шүүмжилдэг.
Ер нь тус компанийн удирдлага хууль бус ажиллагаа явуулдгаараа алдартай гэнэ. Тухайлбал, тусгай зөвшөөрлүүдээ бусдыг дээрэмдэх маягтай, хүчээр шахуу авдаг, улмаар компанийн нэрээ байнга өөрчилдөг аж. Жишээ нь “Алтай хүдэр”-ийн охин компани болох “Эко Алтан Заамар” уурхайд хөдөлмөр хамгааллын дүрмээ мөрдөөгүйгээс 2019 онд ноцтой осол гарсан. Олон хүний амь эрсэдсэн ослын дараа тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тус компанийн бүх тусгай зөвшөөрлийг цуцлах болсноо мэдэгдээд, гагцхүү МХЕГ-ын дүгнэлтийг хүлээж байна хэмээсэн удаатай.
Өдгөө “Эко Алтан Заамар”-ынхан нэрээ “Бүрдэл майнинг” болгож өөрчлөөд үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ. Асуудал гаргах бүртээ тус компанийнхан нэрээ өөрчилж, зүсээ хувиргаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг “заншилтай”. Энэ явдал нь хэдэнтээ давтагджээ.
“Алтайн хүдэр” компанийнхан байнга хууль зөрчиж, цагдаа, прокурор, шүүхийн хаалга татдаг ч уснаас хуурай гарчихдаг гэх. Энэ удаа ч зангаа тавилгүй, элдэв арга саам хайж, шүүхийнхний ажлыг хүндрүүлж, удаа дараа үндэслэлгүй хүсэлт гаргаж, байгальд учруулсан хохирлоо төлөхгүй “луу унжсаар” байна.
Үргэлжлэл бий