Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлага зах зээлийн үнэлгээ нь 50-60 мянган төгрөгийн өртөгтэй халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Үүнийг нь ХНХЯ-наас гаргасан ажлын хэсгийнхэн шалгаж, үнэн болохыг тогтоов. Мөн 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд IT-гийн тэмцээн зохиож, ялагчдад ивээн тэтгэгч байгууллагаас нотебүүк, принтер бэлэглэснийг тус газрын удирдлага өгөлгүй дундаас нь завшсан гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ өнөөдөр ХНХЯ-ны гадна мэдээлэл хийж, байгууллага дотроо үүссэн зүй бус олон хэргийг нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр энэ мэт хууль бус асуудалд
- ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд
- ХБХХЕГ-ын Тамгын газрын дарга Б.Хурцэцэг
- ХБХХЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбарам
- ХБХХЕГ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга Л.Батмөнх
- Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга С.Баярбат
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах
- Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн дарга Ц.Жамбалвандан нар холбоотой гэв.
М.Чулуун-Эрдэнэ мэдээллийн эхэнд “Хэлж ярьсан зүйлийнхээ үнэн зөвийг батална. Хэрэв надад ямар нэгэн муу зүйл тохиолдвол нэрийг нь дурдсан долоон хүмүүст хамаатай шүү” хэмээсэн билээ. Дээрх нэр бүхий долоон албан тушаалтан төрийн албанд өргөсөн тангаргаа умартан, 2019-2020 онд хууль зөрчсөн олон үйлдэл гаргажээ. Тухайлбал 2020 оны тавдугаар сарын 1 буюу цар тахлын үед ажлын цагаар албаны машинаар Тэрэлж рүү амралт зугаалгад явжээ. Энэ явдал нэг бус удаа давтагдсаныг тэрбээр онцолсон. Өөрөөр хэлбэл, ХБХХЕГ-ын удирдлага ажлын цагаар албаны унаагаар байн байн амралтын газарт очиж, наргиж цэнгэдэг сурагтай. Үүнээс гадна ХБХХЕГ-ын удирдлага 2015 онд үйлдвэрсэн “Hyundai Starex” загварын хуучин автомашиныг 150 сая төгрөгөөр худалдаж авчээ. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй машиныг ХБХХЕГ-т шахсан байгууллага нь автомашины худалдаа үйлчилгээ огт эрхэлдэггүй компани аж.
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлаар хангаж буй аж ахуйн нэгж, байгууллагад жил бүр санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгодог. ХБХХЕГ-ын удирдлага 2019, 2020 онд санхүүжилт олгохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй огт хамаагүй, өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг дэмжжээ. М.Чулуун-Эрдэнийн тооцоолсноор үүний улмаас төсөвт 620 сая төгрөгийн хохирол учирч, хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй хүн ажилгүй үлджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх үүрэгтэй вэб сайт гэж бий. ХБХХЕГ-аас уг сайтын шинэчлэлд 35.5 сая гаруй төгрөг зарцуулсан. Мэргэжлийн бус гадаад худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийнхны хийсэн дээрх вэб сайт харааны бэрхшээлтэй хүнд наад захын мэдээлэл өгөх тохиргоогүй тул төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэг болжээ.
М.Чулуун-Эрдэнэ мэдээллийнхээ төгсгөлд “Би ХБХХЕГ-ын Ёс зүйн хороонд удаа дараа хандсан боловч хуулийн хугацаанд хариу өгсөнгүй. А.Ариунзаяа сайд Та саяхан нийгмийн даатгалын байцаагч харилцагч руугаа “Надад хаялга байхгүй юү” хэмээн бичсэн үйлдлийн дараа байцаагчийг ажлаас нь халаад “Хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарт доргилт боллоо. Цаашид ч ийм ёс зүйгүй зүйлтэй эвлэрэхгүй” хэмээн бичсэн удаатай. Тэгвэл ХБХХЕГ-т доргилт байтугай дэлбэрэлт болж байна. Та үүнийг анхааралдаа авч буруутай дарга нараа албанаас нь чөлөөлж, мөн төрийг хохиролгүй болгож өгнө үү” хэмээсэн.
М.Чулуун-Эрдэнэ 1998 онд авто осолд орсноор тулгуур эрхтэний бэрхшээлтэй болсон. Тэрбээр төдийгөөс өдийг хүртэл өөрийн бор зүрхээрээ хөдөлмөрлөж ирсэн. 2018 онд ХБХХЕГ-т ажилд орсон бөгөөд гурван жил ажиллахдаа хууль бус олон зүйлтэй нүүр тулж, эсэргүүцэж буй. Дотооддоо асуудлаа яриад удирдлага тоохгүй, газар авахгүй байгаа тул өнөөдөр ХНХЯ-ны гадна ирж ийн мэдээлэл хийсэн аж. Тэрбээр ХНХЯ-наас тодорхой хариу өгөх хүртэл тус яамны гадна суулт хийх юм. Бид ХНХЯ-наас холбогдох хариултыг тодруулж, эргэн мэдээлэх болно.
Энэ тухай ЭНД дарж уншина уу.