Цар тахлын хүндхэн өдрүүд үргэлжилж буй. Хамгийн ноцтой нь эл өдрүүдэд өдөрт 2-3 хүн амиа хорлож байгааг цагдаагийнхан харуусан хэллээ. Насанд хүрэгчид өр зээлтэйн улмаас, өсвөр насныхны олонх нь аав, ээжтэйгээ маргасны дараа амиа хорлодог аж. Сэрэмжлүүлэх үүднээс ойрын дөрөв, тав хоногт гарсан амиа хорлосон хэргүүдээс заримыг нь гарсан аймаг, сум, дүүргийн нэрийг өөрчлөн хүргэе ээ.
Дөрөвдүгээр сарын 19
Өвөрхангай аймагт 15 настай охин гэрийнхээ тооноос хоолойгоо боомилж, амиа хорлов. Цагдаагийнхан урьдчилсан байдлаар Физикийн түвшин тогтоох шалгалтадаа тэнцээгүйн улмаас дээрх үйлдлийг гаргасан хэмээх дүгнэлт гаргаад байна.
Дөрөвдүгээр сарын 20
Говь-Алтай аймагт 21 настай залуу амиа хорложээ. Тэрбээр аавтайгаа маргаж, улмаар малын саравчнаас өөрийгөө дүүжилсэн гэнэ. Хэргийн нарийн шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.
Дөрөвдүгээр сарын 21
Ховд аймагт малдаа явсан 14 настай хүү өөрийгөө боомилж нас барав. Хүүг хөдөө хээр модноос өөрийгөө боомилсон байхад нь малчид олжээ. Хэргийг шалгаж байна.
Дөрөвдүгээр сарын 23
Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт байдаг нэгэн өндөр хүчдэлийн шугамаас 49 настай иргэн өөрийгөө дүүжилж, амиа егүүтгэжээ. Түүний хувцасны халааснаас “Миний зүрх өвдөж байна. Зүрхээ эмчлүүлснээс оршуулгын зардал илүү хямд. Миний үхэлд хэн ч буруугүй” хэмээн бичсэн гэрээслэл олджээ.
Амиа хорлогчдын олонх нь өсвөр насныхан байгааг та бүхэн харж байна. "Монгол Өрх" Сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн, сэтгэл зүйч С.Баасанбат энэ талаар “Хүний ухамсрын тархи 21 нас хүрч байж төлжиж гүйцдэг. Иймд өсвөр насныхан нөхцөл байдлыг хэтрүүлэн тусгаж, сэтгэл хөтлөлд автсан огцом шийдвэр гаргах магадлал өндөр. Тиймээс хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, тэдэнтэй ярилцаж, ойлголцох нь чухал” хэмээсэн юм. Мөн тус хүрээлэнгээс цар тахлын үед амиа хорлохоос урьдчилан сэргийлэх, сэтгэлээ сэргээх зөвлөмж гаргасан байна.
Ташрамд дурдахад, цар тахлын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлт аж. Цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд хоногтоо гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага ирж байгаа нь эмгэнэн гашуудахаар тоо.
Хөл хорионы эхний нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлтүүд буурдаг. Гэхдээ 30-аас дээш хоногт гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл өсдөг аж. Ер нь хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд хүчирхийлэлд хамгийн өртөж буйг цагдаа нар онцолж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар цагдаад бүртгэлтэй, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан 2000 гаруй иргэн бий гэнэ. Эдгээр айл өрхийг аюулын зэргээр нь өндөр, дунд, бага гэж ангилна. Аюулын зэрэг өндөртэй 200 гаруй өрхөд НЦУГ, НГБХЗХГ хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ. Хөл хориотой холбоотойгоор хяналтад байгаа хүчирхийлэгч нараас гурав нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна. Эдгээрийн нэгд нь эрүүгийн, хоёрт нь зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнчлэн цагдаагийнхны өгсөн мэдээллээр олон улсад ч коронавирусийн халдварыг цар тахал гэж зарласнаас хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, гэмт хэрэг маш их өссөн байна. Тухайлбал, Бельги улсад 70, АНУ-д 30 хувиар, Колумбд гэр бүлийн хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн аж. Хүчирхийлэл өссөний гол шалтгаан нь нийгмийн стресс бухимдал, ажилгүйдэл, хөл хорионы үед хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлд өртөгч хоёр нэг орчинд олон цаг амьдарч буйтай холбоотой аж. Нөгөөтээгүүр, гэр бүлийн хүчирхийлэл амиа хорлох голлох шалтгааны нэг гэдгийг сэтгэлзүйч болон цагдаагийнхан үгүйсгэсэнгүй.