“Пэнтуатэр сан” АНУ-ын Өмнөд Нью-Йорк мужийн холбооны анхан шатны шүүхэд “Туркойз хилл ресурс” (TRQ) компанийн хувьцааны маргааныг шийдвэрлүүлэх нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн нэхэмжлэл өнгөрсөн сарын 17-нд гаргаад буй. “Туркойз хилл ресурс” компани Канад улсын Монтреал хотод байрладаг агаад хувьцаагаа Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржээр арилждаг. Түүнчлэн тус компани Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг билээ. TRQ-гийн хувьцааны 50.8 хувийг Английн “Рио тинто” группийн охин компани “Рио тинто интернэйшнл холдингс лимитед” эзэмшиж, “Оюутолгой” төслийн менежментийг бүхэлд нь удирддагийг бид мэднэ. “Пэнтуатэр сан” Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан, ТRQ-гийн 22 сая гаруй ширхэг хувьцааг худалдан авчээ. Гэвч 2018-2019 оны мөчлөгт ТRQ-гийн хувьцааны ханш 2.1-ээс 0.60 ам.долларт хүртэл 70 хувиар хямдарсан нь “Рио тинто” групп болон түүний хамаарал бүхий компаниудыг удирдаж байсан хүмүүс бодит мэдээллийг нуун дарагдуулж, төөрөгдүүлж байгаад гэнэт мэдээлсэнтэй холбоотой гэж үзэж буй. Энэ үйлдэл нь АНУ-ын холбооны болон Үнэт цаасны арилжааны тухай хууль, Үнэт цаас, арилжааны комиссын дүрмийн зарим заалтыг зөрчсөн гэж үзээд дээр дурдсан TRQ болон Английн Лондон хотод байрлах “Рио тинто”, “Рио тинто интернэйшнл холдингс лимитэд”, Австралийн Мельбурн дахь “Рио тинто лимитед” компани, эдгээрийн удирдлагын багт ажиллаж байсан Жан-Себастьян Жак, Арнауд Суарат, Үлф Кэллманн, Льюк Колтон, Брендан Лэйн нарыг хариуцагчаар татжээ.
Хариуцагч Жан-Себастьян Жак нь 2016 оны долдугаар сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэрбээр анх 2011 онд “Рио тинто”-д ажилд орсон хийгээд 2013 онд тус группийн зэсийн бизнесийн, 2015 оны хоёрдугаар сард Зэс, нүүрсний бизнесийн гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. Арнауд Суарат нь 2016 оноос 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Үлф Кэллманн нь TRQ компанийн гүйцэтгэх захирлаар 2018 оны наймдугаар сарын 1-нээс 2021 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл ажилласан юм. Льюк Колтон нь тус компанийн Санхүүгийн албаны даргаар 2017 оны аравдугаар сарын 9-нөөс хойш ажиллаж байгаа. Мөн тэрбээр тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг богино хугацаанд гүйцэтгэж байжээ. Брендан Лэйн 2016 оны хоёрдугаар сард TRQ компанийн Үйл ажиллагаа, бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Улмаар 2019 оны гуравдугаар сард буюу нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчид “Оюутолгой” төслийн бодит байдлын талаар мэдэгдэл хийж эхлэх үед ажлаасаа гэнэт чөлөөлөгдсөн аж.
Нэхэмжлэлийг “шүгэл үлээгч” Ричард Боүлигийн “Рио тинто”-гийн ажилтнуудтай харилцаж байсан и-мэйл болон “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад оролцож байсан 10 орчим инженер, техникийн ажилтны өгсөн мэдээлэлд тулгуурлаж гаргажээ. Боүли нь “Рио тинто”-д “Оюутолгой” төслийн зардал яагаад хэтэрч, хугацаа хойшилсныг тогтоохоор ажиллаж байсан хүн. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн Хүний нөөцийн дэд ерөнхийлөгч Рөүзмари Фаген рүү “Удахгүй бодит байдал илэрч, Монголын Засгийн газар болон TRQ-гийн хувьцаа эзэмшигчид бидний нүүрэн дээр алгадна гэж шулуухан хэлсэнд уучлаарай” гэсэн и-мэйл илгээж байжээ. Фаген 2018 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Сайн уу, Ричард. Чамайг ойлгож байна. Би Аршад Саед, Арнауд Суарат нартай дахиж ярилцана” гэж хариу илгээсэн байна. Аршад Саед нь “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжил эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр Монголд Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр олон жил ажилласан бидний эртний танил энэтхэг эр билээ. Ташрамд дурдахад, Ричард Боүли өмнө нь “Оюутолгой” төсөлд ажиллаж байсан, монгол эхнэртэй, хадам аав нь төрийн өндөр албан тушаал хашдаг гэсэн баримт анхаарал эрхгүй татлаа.
Уг нэхэмжлэлд 422 дугаарлалт бүхий давхардсан агуулгатай эш баримтуудыг дурджээ. Үүнээс “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой анхаарал татах эш баримтуудыг дугаарлалтын хамт түүвэрлэн хүргэе. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээ хийхийн өмнө Засгийн газар яагаад далд уурхайн бүтээн байгуулалтын явцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлж, дүгнүүлэх гээд байгааг эндээс ойлгох болов уу. Эргэлзэх зүйл ихээхэн байгаа учраас Засгийн газар хөндлөнгийн шинжээч томилон ажиллуулж буй аж. Ричард Боүли “Рио тинто” Монголын Засгийн газар, TRQ-гийн хувьцаа эзэмшигчдэд нүүрэн дээрээ алгадуулна гэж яагаад хэлсний учрыг доорх эш баримтуудаас гадарлах боломжтой.
8. Үнэндээ гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 2016 онд анх эхлэх үеэс буюу “Рио тинто”, “Оюутолгой”-н бусад гэрээт компани чухал ач холбогдол бүхий хоёрдугаар босоо амны инженерчлэл, худалдан авах ажиллагаа, барилга угсралтын ажлыг хангалтгүй гүйцэтгэсний улмаас төслийн хугацаа ноцтойгоор хойшилж, зардал хэтэрсэн байна. Хоёрдугаар босоо ам нь барихаар төлөвлөсөн таван босоо амны нэг. Тус ам гүний уурхайн дэд бүтцийг байгуулахад шаардагдах хүн, тоног төхөөрөмж зөөвөрлөж, тээвэрлэх логистикийн төвөөс гадна агааржуулалт, хүдрийг дээшлүүлэх ажилд тус тус ашиглагдах учир ач холбогдлын хувьд хамгийн чухал нь. Ийм чухал ач холбогдол бүхий босоо амны зураг, барилгын ажлыг зохих ёсоор хийлгүй алдаа, дутагдал гаргаж, аюулгүй байдлын эрсдэл дагуулсан. “Оюутолгой”-д ажиллаж байсан хэд хэдэн менежерийн хэлснээр хоёрдугаар босоо амны эхний үеийн ажлууд маш дутмаг, аюултай байсан. Үүний улмаас инженерүүд амны ихэнх хэсгийг бүр эхнээс нь дахиж барих шаардлагатай болжээ. Үүний дагуу 40 мянган боолт бэхэлгээг ахин суурилуулж, босоо амны цамхгийн ган хийцийн 95 хувийг сольсон. Үүний улмаас хугацаа их хэмжээгээр хойшилж, зардал хэтэрсэн байна.
9. Үүний хажуугаар 2016 оноос эхэлж “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын худалдан авах ажиллагааны улмаас зардал нэмэгдсэн. Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийн хэлснээр уг худалдан ажиллагаа нь тухайн салбарын стандартын эсрэг байжээ. Түүнчлэн инженерчлэл, барилга угсралт, худалдан авах ажиллагааг уялдуулсан нэгдсэн систем бий болгох зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч “Оюутолгой” төсөлд тийм систем байгаагүй.
14. Боүли “Рио тинто”-д 2017 оны сүүлчээр ажилд орсон даруйдаа төсөл нь зардлын хувьд хэдэн зуун сая ам.доллароор хэтэрсэн, хугацаа нь олон сараар хойшлогдсон байсныг олж тогтоосон. Тухайн үед “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан Крэйг Киннел ч төслийн зардал хэтэрсэн гэж бодож байжээ. Боүли өөрт ногдсон ажил үүргийн дагуу тухайн үед олж тогтоосон бүхий л асуудлыг нарийвчлан гаргаж танилцуулга бэлдэн, Киннел болон “Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн Хүний нөөцийн дэд ерөнхийлөгч Рөүзмари Фаген нарт 2018 оны хоёрдугаар сард Лондон дахь төв салбарт таницуулжээ. Энэ танилцуулга, түүний дараах яриа болон Суарат, “Рио тинто”-гийн бусад удирдлагад илгээсэн и-мэйлд Боүли зардал бодитоор хэтэрсэн, ноцтой саатал үүссэн тухай мэдэгдсэн. Тухайлбал, 2018 оны долдугаар сарын 19-нд Ричард Боүли Рөүзмари Фаген руу (rosemary.fagen@riotinto.com) “Хамгийн сүүлийн байдлаар хугацаа 12 сараар хэтэрсэн байна. Зардал 300 сая ам.доллароор төсвөөс давсан. Гэхдээ энэ дүн цаашид дахин нэмэгдэнэ гэж тооцоолоорой” гэж бичжээ.
22. Үүний дараа ч хариуцагчид өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрөөгүй. Тэд хугацаа сунжирч, зардал хэтэрснийг урьдчилж тооцоолоогүй, төвөгтэй геотехникийн асуудлуудтай холбон тайлбарласан. Гэтэл хоёрдугаар босоо амтай холбоотой үүссэн асуудлуудын бодит нөхцөл компанийн дотоод баримт бичигт тусгасан байдаг. Үүнтэй холбоотой “Рио тинто”-гийн гаргасан мэдэгдэл худал гэж Боүлигийн Фагенд захидал илгээж (Фаген цааш нь Суаратад дамжуулсан), хоёр ч удаа “шүгэл үлээсэн” тохиолдол гарч байжээ. Төсөл хойшлогдсоныг геотехникийн асуудалтай холбож тайлбарлаж байгаа нь “Оюутолгой”-д ажиллаж байсан геотехникийн инженерүүдийн хэлж буйгаар “Рио тинто”-гийн удирдлагууд асуудлуудыг баримтжуулсан, мэдэж байсныг харуулж байна.
70. Боүлигийн тооцоолсноор хоёрдугаар босоо ам цаг хугацаандаа ашиглалтад орохгүй тохиололд гүний уурхайн хөндлөн малталтын ажил жилд 16-аас 10-11 км хүртэл буурах буюу бүтээн байгуулалтын ажлын явцыг ихээхэн удаашруулах юм.
76. Хариуцагчид эдгээр алдаа дутагдлыг хянан шалгах, засах гэх мэт маш өргөн хүрээний ажлыг барилга эхлэхээс өмнө хийж дуусгах шаардлагатай байсан. Жишээ нь, хоёр болон тавдугаар босоо амны нэвтрэлтийн үндсэн гэрээлэгч “Редпаф майнинг”-д 2016 оноос 2020 оны гуравдугаар сар хүртэл төслийн менежерээр ажиллаж байсан нэгдүгээр ажилтан (мэдээлэл өгч буй хүмүүсээ нэрийг нь нууцлан тоогоор дугаарлажээ)-ы хэлснээр гэрээлэгч компани хоёрдугаар босоо амны цамхгийн барилгын бэлэн байдлын үзлэг (ЦБББҮ)-ийг ахлан гүйцэтгэсэн. Техникийн үзлэгийн явцад инженерүүд хэд хэдэн ноцтой алдаа, дутагдал илрүүлжээ. Барилгын ган хийцийг зохих ёсоор угсраагүй, зарим боолтууд сул, зарим нь байгаагүй, гагнуурын ажлуудыг маш муу гүйцэтгэсэн, зарим хэсгийг огт гагнаж бэхжүүлээгүй, зарим ган хийц алдаа дутагдалтай байсныг илрүүлсэн аж. Үүний улмаас 2016 оны тавдугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалт дахин эхлэхэд хоёрдугаар босоо амны цамхгийн алдаа, дутагдлыг засаж, босоо амны нэвтрэлт, барилгын ажилд бэлэн болгох зааврыг өгсөн байна. Нэгдүгээр ажилтны хэлснээр тухайн алдаа дутагдал маш ноцтой учир аюулгүй байдлын эрсдэл өндөр байжээ. Тиймээс ЦБББҮ-ийн багийнхан хоёрдугаар босоо амыг засварлах ажил дуустал нэвтрэлт хийлгээгүй.
79. Хоёрдугаар босоо амны цамхгийг засах шаардлагатай байсан тул 2016 оны зунаас уг амыг ашиглалтад оруулах хугацаа найман сараар хойшилсон юм. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сараас 2020 оны гуравдугаар сарын хооронд төслийн худалдаж авсан ихэнх ган чанарын шаардлага хангаагүй, бүтцийн гажигтай, хийц нь алдаатай байжээ. Тодруулбал, ган шаардлагатай үзүүлэлтэд нийцээгүй, холбоос нь сул байсан гэж нэгдүгээр ажилтан тайлбарласан. Тэрбээр үргэлжлүүлэн “Бидэнд авчирч өгсөн ган хийцийн ихэнх нь асуудалтай байсан. Хоёр босоо амд нийт зургаан мянган тонн ган хийц ашигласан. Үүний ихэнхийг нь солих эсхүл засах шаардлагатай байсан” гэж хэлсэн. Мөн ажилтны хэлснээр хоёрдугаар босоо амны ган хийцийн 95 хувийг угсралтад ашиглахаас өмнө засварлах шаардлагатай болжээ.
80. Хоёрдугаар ажилтны хэлснээр “Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес, хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын төслийн захирал Крис Айчисон нар 2013 онд гүний уурхайн ажил түр зогсох үеэс л хоёр болон тавдугаар босоо амны барилгын ажлын эхний хэсгийг гүйцэтгэсэн Хятад компани гэрээт ажлыг яаравчилж, боолтыг чулуунд зохих ёсоор боогоогүй улмаас аюулгүй байдлын ноцтой эрсдэл үүссэн талаар мэдэж байжээ. Гэрээлэгч босоо амны чулуун ханыг өрөмдөж гаргасан нүхэн дээр боолтны таг тавьж, бэхэлсэн мэт харагдуулахаар будсан байсан хэд хэдэн тохиолдол хоёрдугаар ажилтны баг илрүүлсэн байна. Үүний улмаас боолт унасан тохиолдлууд олон гарсан ба энэ нь аюулгүй байдлын эрсдэл үүсгэсэн гэж хоёдугаар ажилтан тайлбарласан.
109. Худалдан авах ажиллагааны зардал төсвөөс хэтэрснийг Боүли илрүүлж, “Рио тинто”-гийн ахлах удирдлагад мэдэгдсэнийг “Оюутолгой”-д ажиллаж байсан хуучин ажилтнууд баталдаг. Тэдний хэлснээр гүний уурхайн төсөл төлөвлөсөн хугацаанаас хоцорсон учир худалдан авах салбарт баримталдаг стандарт, ажиллагааг дагахгүй гэсэн бодлого баримталж байжээ. Тухайлбал, 2016 оны гуравдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд “Оюутолгой”-д худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байсан долдугаар ажилтны хэлснээр мөрдөж байсан худалдан авах ажиллагаа ихээхэн алдаа, дутагдалтай, салбарын стандартад нийцдэггүй байсан аж. Жишээ нь, 100 мянган ам.доллароос бага үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахад нэг л үнийн санал байхад хангалттай гэж үздэг байж. Долдугаар ажилтан “Би худалдан авалтын ажлыг олон жил хийж байна. Ингэж ажиллах нь салбарын нормд нийцэхгүй байгаа талаар уулзалтууд дээр хэлж, и-мэйл явуулдаг байсан. Ингэж зарчимгүй ажиллах нь төслийн зардлыг ихэсгэнэ гэж тайлбарласан” гэжээ. 2016 оноос 2018 оны арваннэгдүгээр сар хүртэл “Рио тинто”-гийн Гэрээ, худалдан авалтын хэлтсийн менежерээр ажилласан Сара Холлингтой тэрбээр 2016 оны сүүлийн хагаст уулзахдаа өөрийн саналаа хэлжээ. Гэтэл Холлинг “Энэ төсөл цагтай уралдаж байгаа. Тиймээс зардал хамаагүй” гэж хариулсан нь долдугаар ажилтныг гайхшралыг төрүүлсэн гэнэ. Учир нь долдугаар ажилтан 30 жил ажиллах хугацаандаа ийм зүйл сонсож байгаагүй аж.
151. Төлөвлөгөөт ажлын цар хүрээг багасгаж, гүний уурхайн төсөлд хоёрдугаар тооцоолол оруулсан нь бүхэлдээ хугацаа, зардал хэтэрснийг нуун дарагдуулах зорилготой байсан. “Оюутолгой” дахь ажлын явцын талаар хөрөнгө оруулагчдыг тайвшруулах зорилготойгоор Арнауд Суарат Нью-Йорк хотод 2018 оны аравдугаар сарын 2-нд уулзалт хийсэн юм. Энэ уулзалтад Суарат Оюутолгойн гүний уурхайн төсөл төлөвлөсөн төсвийн хүрээнд, хугацааны дагуу хэрэгжиж, анхны хүдэр буулгуурын ажил 2020 оны дундуур эхэлнэ. Төслийн зардал төсөвлөсөн 5.3 тэрбум ам.доллароос хэтрээгүй гэж мэдэгджээ.
184. “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суаратын 2018 оны аравдугаар сарын 2-нд хөрөнгө оруулагчдад хийсэн танилцуулгадаа “Гүний уурхайн төсөл цагтаа буюу 2020 оны дундуур үйлдвэрлэлээ эхлүүлэх ба энэ зорилгыг тооцоолоход ашигласан бүх үр дүнд ноцтой өөрчлөлт ороогүй. Ажил тооцооллын дагуу явагдаж байна гэж мэдэгдсэн нь худал” гэж Боүли Аршад Саедад хэлэв.
204. Ричард Боүли шүгэл үлээж, хөрөнгө оруулагчид “Оюутолгой” төслийн явцын талаар шүүмжлэх нь нэмэгдсэн тул 2019 оны хоёрдугаар сарын 27-нд “Чулуулгийн төвөгтэй нөхцөл байдлын улмаас тогтвортой олборлолт 2021 оны гуравдугаар улиралд эхлэхээр болсон тухай мэдэгдэл TRQ компани гаргасан. Уг мэдэгдэлд тус компанийнхан “Рио тинто”-гийн хуваарь, шинэчилсэн тооцооллыг хянан шалгасан, тэдний үзэж байгаагаар төслийн зардал 5.3 тэрбум ам.доллар хэвээр байх боловч тогтвортой олборлолт 2021 оны гуравдугаар улирлаас хойшлох магадлал өндөр байгаа талаар дурдсан байдаг. Үүнээс гадна босоо амны ажилд хэд хэдэн саатал тулгарсан ба 2018 оны дөрөвдүгээр улиралд хоолой шугам, цахилгаан суурилуулалтын ажлын бүтээмж тооцоолж байснаас удааширсан нь геотехникийн нөхцөл төвөгтэй болсноос шалтгаалсан гэж тайлбарласан байна. Мөн шинээр цуглуулсан геотехникийн өгөгдлүүдэд тохируулан бүтээн байгуулалтын зураг төсөл, ажлын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Энэ тохиолдолд нийт төлөвлөсөн ажлын хуваарь хойшилж анхны олборлолт эхлэх өдөр 2021 оны гуравдугаар улирлаас хэтэрнэ гэж бичсэн байжээ.
216. Төслийн зардал хэтэрсэн талаар дотоод шатны албан тушаалтнууд анхааруулсаар байтал төлөвлөсөн 5.3 тэрбум ам.доллароос хэтрээгүй гэж “Рио тинто”-гийн удирдлагууд нэг жил орчим хугацаанд мэдэгдсэн юм. Тэгээд төслийн ажлын хуваарь, зардлыг буруу тооцоолсон тухайгаа гэнэт хөрөнгө оруулагчдад дуулгасан. “Рио тинто” болон TRQ анхны техник, эдийн засгийн үндэслэлээр тогтоосон тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 16-30 сараар хойшлохоор боллоо гэсэн. Өөрөөр хэлбэл, 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхэлнэ гэж мэдэгдсэн. Мөн төслийн зардал өмнө нь төлөвлөсөн 5.3 тэрбум ам.доллароос 1.2-оос 1.9 тэрбумаар нэмэгдэж байгаа талаар дурдсан байна.
223. “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч “Рэдпаф майнинг”-ийн ахлах менежерээр 2013-2019 онд ажиллаж байсан хоёрдугаар ажилтан “Хариуцагчид саатал нь голчлон геологийн асуудлын улмаас үүссэн гэж хэлсэн нь 100 хувь худал. Менежмент, инженерийн асуудлаас л болсон” гэсэн байдаг. “Рэдпаф майнинг” компани нь хоёр болон тавдугаар босоо амны нэвтрэлтийг хариуцдаг байсан. Хоёрдугаар ажилтан ажлын явцын бүх тайланг үзсэн хүн. Тэрбээр санаагаа тодруулан “Төсөл тааруу инженер, барилгын ажлын улмаас саатаж байсан. Чулуулгийн бэрхшээл мэр сэр таардаг. Гэхдээ тэр бол аль ч уурхайд гарах л зүйл. Чулуулгийн бүтэц хэврэг хэсэг таарсан бол би энэ талаар сайн мэдэх байсан. Тийм зүйл байгаагүй” гэж хэлжээ.