Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг ХЭҮК жил бүрийн эхний улиралд гаргадаг. Энэ жилийн илтгэлийг олон нийтэд хараахан танилцуулаагүй ч УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Дэлхий нийтэд шинэ сорилт авчирсан “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эрсдэл багатай даван туулахын тулд гаргасан төр, засгийн бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавихад олон зөрчил илэрсэн талаар ХЭҮК илтгэлдээ тусгасан байна.
Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэгтэй байгууллагын дүгнэж буйгаар Монгол Улсын төр, засгийн зүгээс хэрэгжүүлсэн хөл хорионы болон тусгаарлах ажиллагааны үед иргэдийн эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн эрх, эрх чөлөө ихээхэн зөрчигджээ. Тодруулбал, амьд явах, халдашгүй, чөлөөтэй, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, хувийн нууц болон хувийн мэдээллээ хамгаалуулах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, сонгох, чөлөөтэй зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах гэх зэрэг амин чухал олон эрх зөрчигдсөн талаар тодорхой баримт, жишээтэй дурдсан байна.
Эл илтгэлийг “Ковид-19” цар тахал ба хүний эрх” сэдвийн хүрээнд ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторинг, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, яам, агентлаг, төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, иргэний нийгэм, олон улсын байгууллагын судалгаа, мэдээллийг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийн боловсруулсан аж.
ХЭР ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ХЯЗГААРЛАЛТ ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН НЬ
Баримт: Эмнэлэг бараадаж биеэ эмчлүүлэх зорилготой иргэн О тэргүүтэй долоон хүн түргэвчилсэн шинжилгээ өгч, коронавирусийн халдваргүй гэсэн хариу аваад, Архангай аймгаас нийслэлийг зорив. 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны үдэш “Эмээлт” товчоонд ирсэн тэднийг PCR шинжилгээнд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар нэвтрүүлсэнгүй. Түргэвчилсэн шинжилгээний хариугаар зорчиж болно хэмээн аймгаас нь гаргасан ч Нийслэлийн онцгой комиссоос PCR шинжилгээгээр халдвар илрээгүй иргэдийг л товчоогоор нэвтрүүлэх чиглэл өгсөн байж. Иргэн О-гийн бие тун муу байсан тул хамт явсан хүмүүс нь Нийслэлийн онцгой комиссын жижүүртэй холбогдож, товчоогоор нэвтрүүлэхийг шөнөжин гуйсан ч “Голомтот аймгаас ирсэн хүнийг PCR шинжилгээ авалгүйгээр Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй” гэсэн хариу сонссоор өглөөтэй золгов. Өглөөний 07.45 минут орчимд иргэн О-гийн бие эрс муудаж, түргэн тусламж цагийн дараа ирэхэд нас барсан байлаа.
Дүгнэлт: Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактын “Өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, сувилах нөхцөлийг бүгдэд бий болгох” гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй Үндсэн хуулиар дархалсан хүний амьд явах эрхийг уландаа гишгэсэн явдал гэж ХЭҮК үзжээ.
Цар тахалтай тэмцэхээр төр, засгийн зүгээс хэрэгжүүлсэн арга хэмжээний үеэр хүний амь хохирсон тохиолдол ганц энэ биш. Тусгай үүргийн нислэгээр ирж, “Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байхдаа нас барсан 39 настай иргэн Т, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хатуу хөл хорио тогтоох үед өндрөөс унасан иргэн С, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, “Монголика” зочид буудалд тусгаарлагдах явцдаа өрөөндөө учир битүүлгээр нас барсан иргэн гэх мэтээр халдварт өвчний хүндрэлээр бус, зуурдаар амиа алдсан явдал цөөнгүй. Үүнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий алба хаагчдын хайхрамжгүй байдал, хяналтаа бүрэн тавьж чадаагүй зэрэг нь ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байж болзошгүй гэж ХЭҮК үзсэн байна билээ. Мөн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хүний амь эндсэн, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан үед ажил үүргээ гүйцэтгэж буй эцэг, эхийн ажил, цагийн хуваарийг оновчтой зохион байгуулаагүйгээс бага насны хүүхдүүд харж хандах хүнгүй гэртээ үлдэн, ахуйн ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хатуу хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэд нас барсан талаар илтгэлд дурдахдаа “Амьд явах эрхийг зөрчсөн” гэх ангилалд багтаажээ.
Оксфордын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулиас явуулсан “Ковид-19” цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индексээр Монгол 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэг болсон. Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс зэрэг олон “толгой”-н тал тийш чангаасан шийдвэрт чирэгдэж, эргэж буцсан, ойлгомжгүй, зарим тохиолдолд хэт сүржигнэсэн гэж ч болохоор арга хэмжээнүүдийнх нь хөлд иргэд үрэгдсэн нь үнэн. Үүнийг хэвлэлийнхэн боломжийнхоо хэмжээнд ил болгож, нийтийн анхааралд хүргэсээр ирсэн билээ. ХЭҮК-ын илтгэлээс ч энэ нь харагдаж байна.
Тус илтгэлд “Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад гарцаагүй нөхцөл байдлын үед шийдвэр гаргахдаа хүний амь, аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд тавих, хүнлэг харьцах чиглэл өгөөгүй, багаар ажиллаж буй хэд хэдэн байгууллагын албан хаагчид хэрхэн шийдвэр гаргах зарчим, чиг үүргийн хуваарилалт, хамтын ажиллагааны уялдаа холбоо, мэдээлэл солилцох суваг тодорхой бус байснаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч чадахгүй хугацаа алдах, цаашлаад нас барах хүртэл хүний эрхийн зөрчил гарчээ. Хөл хорионы үед зөвхөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хуулийн дагуу хязгаарлалт хийж болох хэдий ч энэ хязгаарлалт нь хүний аминд хүрсэн, хэр хэмжээнээсээ хэтэрсэн хязгаарлалт болж, хүнд өвчтэй иргэнд гарцаагүй шаардлагатай яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлээгүйн улмаас амь хохирсон. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, амьд явах эрх зөрчигдсөн байна” хэмээн дүгнэжээ.
НИЙГМИЙГ АЙДСААР УДИРДСАНЫ ГОР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ
Баримт: Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах орон сууцын 00 өрөөг түрээслэгч, иргэн Х-ээс коронавирусийн халдвар илэрч, 10 настай хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлагдав. Түүний дөрөв, 17 настай хүүхэд “ойрын хавьтал” хэмээн тусгаарлагдсан ч шинжилгээгээр халдвар илрээгүй тул 14 хоногийн дараа гэртээ ирэхэд байрны оршин суугчид тэднийг гэрт нь оруулахгүй хажиглаж, хөөлөө. Ээж нь эмнэлэгт, гэртээ орох эрхгүй болсон балчир охид өвлийн хүйтэнд очих газаргүй болов.
Энэ нь бодит мэдээлэлгүй, айдсаар удирдуулсан нийгмийн сэтгэл зүйд хүнлэг хандлага биш, түгшүүр, үзэн ядалт зонхилж буйг тод харуулсан жишээ болсон юм. Халдвар авсан хүмүүсийг үзэн ядах, эмээх хандлага түгээмэл байгаа нь нийгэм мэдээлэл дутуу, хэт сүржигнэлээр “бөмбөгдүүлж”, айдаст автсаны гор юм.
Баримт: Монгол Улсаас гадаад улсад суугаа ЭСЯ-д, Консулын газрын үйл ажиллагаанд ч коронавируст халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах зөрчил гарсан. Тухайлбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх гэж байсан иргэн Ц-г коронавирусийн халдвартай хэмээн хүний нутагт орхисон. Уг шийдвэрийг УОК-ын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу Германд суугаа ЭСЯ-ны шуурхай ажлын хэсгийнхэн гаргасан байдаг. Прагаас Франкфуртад ирээд, онгоцноосоо “гээгдсэн” иргэн Ц-д шаардлагатай туслалцаа үзүүлэх идэвхтэй арга хэмжээг Элчин сайдын яамныхан нэн даруй аваагүй гэж ХЭҮК-ын илтгэлд дурдсан байна.
Тусгай үүргийн нислэгээр халдвартай зорчигчийг тээвэрлэж, эх оронд нь авчирсан олон тохиолдол өмнө нь гарсан бөгөөд иргэн Ц-г ийнхүү үлдээсэн нь хүнийг үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөн үйлдэл юм.
Мөн гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн орон байранд “Гэрийн ажиглалт 14 хоног”, “Тусгаарлалт 14 хоног” гэсэн бичигтэй, хууль сахиулах байгууллагуудын лого, таних тэмдэг бүхий хуудас наасан нь ч хүний эрхийн мэдрэмжгүй, тухайн иргэдийг эрсдэлд оруулахуйц үйлдэл болсон гэж ХЭҮК үзжээ. Хууль, журмаар зөвшөөрөөгүй эл хуудсыг наасан нь тусгаарлалтад байгаа иргэдийг аюултай, эрсдэлтэй халдвар тээгч мэтээр харах, ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдах эрсдэл бий болгов. Ялгаварлан гадуурхах аливаа үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ялангуяа Засгийн газар, УОК-ын шийдвэр хүний эрхийн суурь зарчимд нийцсэн, ялгаварлан гадуурхалтгүй, эрх тэгш хандсан байх ёстой билээ.
Түүнчлэн хөл хорио тогтоохдоо урьдчилан зарлаж мэдэгдэлгүй, гэнэт хэрэгжүүлсэн нь иргэдийн эрх, эрх чөлөө хөндөгдөхөд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй аж. Урьдчилан мэдээлээгүйн улмаас иргэдийн албан болон хувийн олон ажил, үйл ажиллагаа тасалдсан, ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учир шалтгаанаа тайлбарлах, ажлаа зохицуулах боломж олгоогүй нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ зохистой түвшинд буюу зайлшгүй, тохирсон, хэтрэхгүй байх зарчимд нийцээгүй гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.
Энэ мэтээр хүний эрх зөрчсөн маш олон шийдвэрийг Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох төрийн байгууллагууд өнгөрсөн жил гаруйн хугацаанд гаргаж, хэрэгжүүлснийг ХЭҮК-ын илтгэлд дурджээ. Тэнд өгүүлсэн жишээ, баримт, зөрчлүүдийг нийтэд нь харвал, “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэд нээлттэй, ил тод мэдээллээр дутмаг, гаргасан шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх удирдамж, зааварчилгаа нь ахин дахин өөрчлөгддөг, тусгаарлах, хөл хорионы дэглэм сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хүн хүчний хүрэлцээ муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой биш, эргэж буцсан шинжтэй байдаг нь алдаа, зөрчил гарах, иргэдийн эрхийг хөсөрдүүлэх шалтгаан болдог аж. УОК болон холбогдох байгууллагуудын ажил уялдаа холбоо, зохион байгуулалтгүй, шийдвэрийн агуулга, үйлчлэх хэм хэмжээ, тогтоосон хязгаарлалт нь иргэдийг төөрөгдүүлсэн, хяналт тавьж буй албан хаагчдад нарийвчилсан мэдээлэл, удирдамж чиглэл хүргүүлдэггүй, нөгөө талаас төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байгааг ХЭҮК илтгэлдээ хэдэнтээ онцолжээ. Цаашид иргэн төвтэй, хүний эрхийг дээдэлдэг төрийн алба, үйлчилгээг төлөвшүүлэх, ажлын арга барил, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхийн тулд юуны түрүүнд төрийн албан хаагчид, шат шатны шийдвэр гаргагчдын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх шаардлагатайг “Ковид-19” цаг тахал илчилж өгсөн нь эл илтгэлээс харагдаж байна.
Бэлтгэсэн: А.Амина