Билгүүн номч Б.Ринчений “Үүрийн туяа” романы нэгдүгээр дэвтрийн III буюу “Өрөнд баригдсан хошуу” хэмээх хэсэгт Жамсранжав тайж гэгч “Хөгшин боол чи яаж ёс алдаж байна. Чи намайг хэн гэж бодов. Над бас нэг ёсол. Энэ хүүхний өмнө бас ёсол. Надтай унтдагаараа чамайг бодвол энэ хүүхэн бас тэнгэр язгууртантай сацуу болж байгаа юм” хэмээн энгийн номхон ардыг загнаж буй тухай гардаг. 1921 оны уг үйл явдал 100 жилийн хойно ч давтагдаад байх шиг.
“Ковид-19” цар тахлын хүндхэн үеийг даван туулахаар нийтээрээ л дор бүрнээ хичээж байна. Онцгой үеийн хууль, журмаа бүгд даган мөрдөж гэмээнэ халдварыг хурдан хумьж чадна. Тиймдээ ч ЭХЭМҮТ-ийн эмч нар Сэлэнгэ аймгаас ирсэн коронавирустэй балчир охиныг уйлуулан, эхийнх нь халуун энгэрээс салгаж, тусгаарлаа биз. Хүйт дааж, эм, тариа үнэртсэн эмнэлгийн өрөөнд бяцхан охин ээжийгээ санаж, бэтгэрсээр гурав хонолгүй нүд аньсан билээ. Энэ хэрэг явдлаас хэд хоногийн өмнө Архангайгаас нийслэлд эмчлүүлэхээр ирсэн иргэнд УОК мөн л хатуурхаж, өвчтөн тусламж авч чадалгүй хотын гадна хээр шахам амьсгал хураасан.
Энгийн иргэд эцсийн амьсгалаа хураатлаа мөрдсөн хууль, журмыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уландаа гишгэлж орхив. Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо коронавирусийн халдвар авсан аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ-ийн улаан бүс рүү нэвтэрсэн. ХӨСҮТ-ийнхөн энгийн иргэний сахиурыг “Эмч, ажилтнууддаа найд” хэмээгээд тухайн бүс рүү нэвтрүүлэхгүй байсан болов уу. Нэвтрүүллээ гэхэд буцаж гаргахгүй, 14 хонох журмыг яс мөрдүүлэх байсан нь лавтай. Харин Шадар сайдын гэргийд дээрх журам үйлчлээгүй юм. Гэтэл Шадар сайд С.Амарсайхан “Манай эхнэр коронавирус туссан өндөр настай аав, ээжийгээ эмнэлэгт хүргэж өгсөн. Манай гэр бүл хууль зөрчөөгүй” хэмээн хээв нэг хэлэхийг сонссон азгүй ард түмэн, бид. Угтаа Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоог дээрх үйлдлийнх нь төлөө 7-30 хоног баривчлах эсхүл 500 мянган төгрөгөөр торгох заалт Зөрчлийн хуульд бий. Эсрэгээрээ ХӨСҮТ-ийн удирдлага “Байгууллагын дотоод нууц задалсан эмч нарт хариуцлага тооцно” ухааны зүйл ярьсан.
“Үүрийн туяа” романы III хэсэгт мөн “Элээ муу боловч хан гардийн аймаг, энэ бие муу боловч эзэн Чингисийн угсаа. Би муусайн боол та нарыг тэнгэр язгуурт бидний тайж нарыг хүндэтгэх ёс сургаж, цээрлүүлэн хүмүүжүүлж өгнө. Хүүе бичээч дансандаа тэмдэглэ. Би энэ хүүхэнд нэг зах торго өгнө гэсэн билээ. Одоо хоёр зах торго өгөхөөр боллоо. Энэ муусайн харц боол байгаа цагт тэнгэр язгуурт тайж нарын өрийг төлөх хүн олдоно” хэмээн цамнаж, хятад наймаа нарт эх адаггүй өр тавьж, түүнийгээ ард олноор төлүүлж буй тухай өгүүлдэг. 100 жил өнгөрсөн ч энд өгүүлсэнчлэн төрийн түшээд ард иргэдийн татварын мөнгөнөөс хумсалж, үр хүүхдүүдийнх нь боломжийг хумьсаар буй эмгэнэлт дүр зураг өнөөдөр ч өрнөж байх шиг.
Юу гэвээс Шадар сайдын хүү БСШУ-ны яамны дэргэдэх Боловсролын зээлийн сангаас зээл авсан баримт ил орхив. Шадар сайд асуудал гаргах бүртээ уучлал гуйсан болдог. Араас нь заавал тайлбар тавьдаг зантай. “Уг нь миний буруу биш. Төрийн өндөр албан тушаалтан учраас эл асуудлыг улстөржүүллээ” гэхчилэн хөврүүлдэг. Уламжлал энэ удаа ч давтагдсан. Тэрбээр “За яах вэ, уучлал гуйя. Гэхдээ миний хүү өөрөө тэнцсэн юм шүү” гэв ээ. Бүр ёс юм шиг БСШУ-ны яамнаас бас тайлбар хийж, Шадар сайдын хөвүүн буруугүй гэх мэдэгдэл гаргав.
Үүнд эгдүүцсэн иргэн Enkhbat Enkhbayar нүүр номдоо “Уучлаарай, Сайнбуянгийн Амарсайхан сайдаа. Таны ч, миний ч хүү дэлхийн шилдэгт тэнцэнэ гэдэг ямар олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг та бид хоёр хоёулаа мэднэ. Гэтэл та бидний тэмцлийг буруу ойлгосон байна. Таны хүүг зээл авчлаа гээд байгаа юм биш, бидний хүүхдэд тэр боломжийг бас нээж өгөөч гэсэн юм” хэмээн шударга ёс, эрх тэгш байдлыг нэхсэн. Үнэндээ С.Амарсайхантай холбоотой дээрх асуудлыг илчлээгүй бол тэр бидний татварын мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх байсан нь маргашгүй үнэн юм. Энэ нь БСШУЯ-наас тайлбарласнаар хууль зөрчсөн үйлдэл болохгүй ч ёс зүйн том алдаа мөнөөсөө мөн билээ.
Хотын захиргааныхан шинэ байр луугаа нүүхгүй. Тус байрны A блокт “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” төвхнөхөөр болжээ. “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” ТББ-аас нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокт Шинжлэх ухаан, инновац, технологид тулгуурласан “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах юм гэнэ. С.Амарсайхан хотын дарга байхаасаа хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инновац, технологийн төв болгоно хэмээж байсан юм. Гэтэл уг төслийг хэрэгжүүлэх “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” ТББ-ын эзэд нь Шадар сайдын төрсөн ах С.Отгонбаярын хүү Тэнүүн, Тэнүүний эхнэр Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун гэнэ. Энгийн нэгэнд олддоггүй дээрх мэт боломжууд С.Амарсайхан түүний эргэн тойрны хүмүүст үргэлж нээлттэй байдагт олон нийт бухимдаж, ижил тэгш эрх нэхэж байна. Харин С.Амарсайхан сайд “Би болон миний гэр бүл хууль зөрчөөгүй. Миний дайснууд уг асуудлыг улстөржүүллээ. Энэ хүмүүсийг тухай баримт бий” гэж хэлдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл өөрийг нь гүтгэсэн гэх баримтыг ил гаргаж тавьсан удаагүй. Үнэндээ Баяраа өөрөө ширээнээс унасан гэдэг шиг Шадар сайдын өөрийнх гаргасан ёс зүйгүй үйлдлүүд өөрт нь “дайсан” болж буй гэхэд хилсдэхгүй. Ард түмэн шударга ёсны “үүр цайгаасай” хэмээн хүсэж байна, С.Амарсайхан сайд аа.