Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсад дэгдсэнээс хойш дөрөв дэх удаагаа хатуу хөл хорио тогтоолоо. Сүржин эхэлж, даржин үргэлжилж буй эл хорио мөнгөтэй нэгэнд нь амралт, мөнгөгүйд нь дарамт болж буй гэхэд хилсдэхгүй. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоож буйгаа Засгийн газраас энэ сарын 10-нд мэдээлсэн. Ингэхдээ, “Энэ хамгийн сүүлчийн хөл хорио гэж” тодотгосон. Иргэдээ элгээр нь мөлхүүлэн байж тогтоосон эл хөл хорио нь ямар ч ач холбогдолгүй, үр дүнгүй дуусах дөхөж буй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, эл хөл хорио хатуу бус “халтуурынх” болж хувирчээ. Уг нь иргэн бүрийг гэртээ байхыг уриалж, 300 мянган төгрөг тараан байж тогтоосон хөл хорио боловч, хараа хяналтаа сулруулснаас үүдэн ач холбогдолгүй, арга ядсан шийдвэр мэт харагдах болов. Үүнийг жишээгээр өгүүлье.
Жишээ:1
Баянзүрх дүүргийн V хороонд байрлах “Кино үйлдвэр”-ийн байрнаас Сүхбаатар дүүргийн нутагт орших Монгол гуравдугаар сургууль, цаашлаад IV хороолол хүртэлх замд цагдаагийн алба хаагчид ажлын газрын тодорхойлолтыг минь нэг л удаа үзлээ. Ингэхдээ ажлын үнэмлэхийг шаардсангүй. Үүгээр ч зогсохгүй ажлын тодорхойлолт гаргахаар гараа цүнх рүүгээ явуулах төдийд л “За та явж болно” хэмээсэн. Энэ харилцаа нэг биш нэлээд хэдэн өдөр үргэлжилсэн юм. Магадгүй хэн нэг нь өөр хүний ажлын үнэмлэх ашиглан, тодорхойлолтгүй зорчиход тэд дээрхийн адил сайтар хяналгүй өнгөрөөх бололтой. Хараа хяналт тавихгүйгээр энэ мэтчилэн хөл хориог цааш үргэлжлүүлбэл цөөхөн хэдэн бизнес эрхлэгч нь элгээрээ мөлхөж, өдрийн орлогоороо хоногийн хоолоо арай хийн залгуулдаг иргэд нь сөхөрч унах нь энүүхэнд байна. Ядаж вакцинжуулалтыг эрчимжүүлсэн бол ингэж гомдоллохгүй байх сан.
Гэвч Шадар сайд, Улсын онцгой комиссынхон нь хөл хориог дууссаны дараа вакцинжуулалтыг хийнэ хэмээн мэдээлж сууна. Тэд “Хүмүүс ажилтай учир вакцинжуулалтад хамрагдахгүй байна” гэж зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргаж байсан нь саяхан. Уялдаа холбоогүй, хоорондоо “тэрсэлдсэн” энэ мэт шийдвэр гаргадгаа хэзээ болих вэ.
Хэрэв бид энэ удаагийн хөл хориог чангатгаж, вакцинжуулалтаа эрчимжүүлсэн бол Израилийн нэгэн адил ам, хамрын хаалтад “баяртай” гэж хэлэх байлаа. Тус улс есөн сая орчим хүнээ вакцинжуулалтын эхний тунд, 54 хувийг нь хоёр дахь тунд хамруулж, амны хаалтаа тайлахыг зөвшөөрөөд буй. Тэднээс гурав дахин бага хүн амтай манай улс хэдэн арван их наядаар нь мөнгө тарааж, эдийн засгаа дэмжинэ гэхийн оронд вакцин худалдан авсан бол төрийн дэмжлэггүйгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвээр явуулж, эдийн засгаа сэргээж болох л байлаа. Иргэдээ аврах бус буланд шахаж, ядуурал руу түлхэж байгаа энэ үйлдлээ ухамсарласан улстөрч өдгөө нэг ч алга.
ЭМЯ-ныхан болон судлаачид хөл хориог дахин 7-15 хоног сунгах саналтай буйгаа өнөөдөр мэдээлсэн. Тэд өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн, тархалт улам нэмэгдэхээс сэргийлэн ийм байр суурь гаргасан хэрэг. Зарим иргэн ч үүнийг нь дэмжиж, нааштай хүлээн авч байгаа. Гэхдээ хараа хяналтгүй ийм хөл хориог цааш үргэлжлүүлсний оронд аж ахуйн нэгжүүдээ дэмжин үйл ажиллагааг явуулсан нь дээр хэмээн нөгөө хэсэг нь үзэж буй. Эл хөл хорионы үед иргэд ажиллах боломжгүй ч “тэнэх” боломжтой байгаа нь тархалт улам нэмэгдэж, эдийн засаг сөхөрч унахад хүргээд байна.
Жишээ:2
Хөл хорионы үед иргэд туйлдаж, ядарч буйг хаанаас ч харах боломжтой болжээ. Баянзүрх дүүргийн нэгэн худалдааны төвийн гадна 20 орчим хүн дараалал үүсгэсэн нь нөөцийн махны хомсдолтой холбоотой гэнэ.
“Гадуур мах үнэтэй байгаа. Тиймээс нөөцийн мах дэлгүүрүүдэд ирээд л дуусчихна. Хөл хорионы үед ажил хийх боломжгүй учир аль болох хямд өртөгтэй хүнсээр өдрийг давж байна” гэх иргэд тэнд цөөнгүй байв.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гарааны бизнесээ дөнгөж эхлүүлсэн залуус модоо барих дээрээ тулаад буйгаа цахим хуудсаар дамжуулан төрийн түшээдэд хүргэж, ажиллах боломжийг нь хангаж өгөхийг хүссэн. Тэд элдэв асуудалд хөрөнгө зарцуулдаг шигээ иргэдээ вакцинжуулахад анхаарсан бол бизнес эрхлэгчдийг дэмжсэн ч бай, дэмжээгүй ч бай эдийн засаг нь сэргэж, хуучин хэвдээ орох боломж байсан. Харин өдгөө хоёр байтугай хорин толгойт шиг аашилж, хөл хориог сунгана, сунгахгүй гэж талцаж сууна. Хэрэв хөл хориог ийм янзаар нь тогтоох юм бол сунгах шаардлагагүй л болов уу.