Ойрын хамаатны минь нэг бүсгүй ерөндөгтэй байсан хэрнээ жирэмсэлж, хөөрхөн үртэй болсон юм. Боломжийг нь янз бүрээр хааж, боогоод байхад л бэлгийн эсүүд “уулзаж, учраад” ураг болон бүрэлдэж, улмаар хорвоод мэндэлсэн энэ мэт тохиолдол цөөнгүй. Ерөндөг, эм бэлдмэл зэрэг элдэв “хавх”-ыг тойроод, ёстой дуртайдаа хүн болсон эсүүдийн “хэргийг” сөхөх болсон нь учиртай.
Монголчууд бид өнөөдөр яг үүнтэй адил нөхцөл байдалд, шуудхан хэлэхэд “дурандаа” амьдарч байх шиг. Төр, засаг гэх толгой нь “олгой” болчихсон өнөөдрийн нийгэмд иргэд бид зөнгөөрөө, совингоороо, байгалийн шалгарлаараа амьд үлдэх гэж тэмүүлж байна. Нэгэн бодлын амар ч юм уу. Гэтэл үнэндээ амар биш, аймаар юм.
Дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдсэн сүүлийн хоёр жилд Монгол Улс бусдаас илүүтэй “пааник”-даж, сульдаж, учраа олохоо болилоо. Байдал улам дордсоор. Энэ нь өнөөх “олгой”-н гаргасан шийдвэр, шийдэл, гүйцэтгэлүүд, үүнээс улбаалсан түмэн төвөг чирэгдэлтэй шууд холбоотой.
Дархлаажуулалтаас үүдсэн өчнөөн асуудал тулгарсан энэ үед иргэдийг “Ковид-19”-өөс илүүтэй түгшээж байгаа төр, засгийнхны байр байдлыг шинжихэд лав эрүүл биш, будилуу гэхэд гоёдохоор байгааг иргэд өдөр бүр мэдэрч, үгээ барж байна. Ядаж байхад үүн дээр айсуй сонгуулийн “синдром” нь нэмэгдээд үнэхээр гачлантай.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ҮХЦ-ийн байрыг хамгаалж, тэр хавийг хорхой ч явуулахгүй “битүүмжилснээс” болж иргэд багагүй чирэгдэв. Тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм. Угтаа бол энэ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, тодруулбал, Зайсангийн уулзвар луу хүн, машин зорчуулахгүйн тулд хэдэн буудал газрыг цагдаа нараар хамгаалуулж, сүржигнэх шалтгаан байв. Гэхдээ эл шалтаг, шалтгааны улмаас өндөржүүлсэн хамгаалалт гаргасан талаараа албаныхан нэг ч мэдээлэл өгөөгүй нь явганаар болон автомашинаар хөдөлгөөнд оролцогчдыг гайхаж, ундууцуулсан. Ядаж байхад яр гэгчээр тэр хавьд хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчдын “өөртөө итгэлтэй, хүчтэй, бардам” дүр төрх, төөрөгдөлдүүлсэн мэдээлэл хүмүүсийг бухимдуулахгүй өнгөрсөнгүй. ҮХЦ-ийн байрыг хамгаалж байгаагаа нууж, өнөөх муу коронавирусээс болж ийм арга хэмжээ авч байна гэж тайлбарлах цагдаагийн алба хаагчид нөхцөл байдлыг мэдээгүй юү, эсвэл мэдэн будилсан уу гэдгийг энд шүүх гэсэнгүй. Хамгийн харамсалтай нь, онцгой нөхцөл байдлыг улс төрийн хачир болгон ашиглаж, үүндээ төрийн цагдааг чирж, бамбай хийж байгааг юу гэж ойлгох вэ. Ер нь манай засаг, төрийн эрхтэн дархтануудад энэ цар тахал нэр, алдраа өсгөх, улс төрийн тоглоомоо өрнүүлэх их боломж мэт харагдаад байх шиг.
Иргэдийнхээ эрүүл мэнд, улсынхаа эдийн засгийг хэрхэн аварч, зөв гарц олох вэ гэж олон улсын Засгийн газрууд ухаанаа уралдуулж байхад манай гүйцэтгэх засаглалын тэргүүн “Вакцинжуулалтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлнэ” гэж хөөрч, албатууд нь даган баяссан нь үнэхээр шившигтэй. Уралдаж, хэн нэгний өмнө орох дуртай бол өөр зүйлээр оролдоосой. Өвчин тэр дундаа агаар, дуслаар халдварладаг өвчин, тахлыг уралдааны сэдэв болгох нь сэтгэлийн хөөрөл гэхээсээ юу ч мэддэггүйн балаг гэлтэй.
Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Шадар сайд, УОК-ын дарга нь буруу бүхэн бусдынх гэдэг шиг цар тахлыг хумьж чадахгүй байгаагаа эмнэлгийн ажилтнуудаас болж байгаа мэтээр мэдэгдсэн нь нийгэмд бөмбөг тэсэлснээс өөрцгүй явдал юм. Бичил биетийн “өдөөсөн, дайныг” намжаахын төлөө, эл гамшгийг гарз хохирол багатай туулахын тулд эд, эс бүхнээ үгтээх үүрэгтэй, хариуцлагатай албаны хүн хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байхад хувийн авир араншингаараа, сэтгэл хөдлөлөөр таамаглан болчимгүй зүйл ярьсан нь ямар учиртай вэ. Шаардлага өндөртэй, шударга, иргэддээ хайртай удирдагч болж харагдах гэв үү. Түүний хэлсэн шиг эмнэлгийн ажилтан, эмч нар хэдэн арав, зуугаараа хамсаж, хамтран “Ковид-19”-ийн хариуг хуурамчаар гаргаж, бизнес хийх боломжгүй гэдгийг энгийн иргэд ч гадарлана. Энэ мэтээр мэдэхгүй зүйлээ маш сайн “мэдэж” ярих нь манай улстөрчдийн түгээмэл дүр зураг болоод олон жил болов. Нөгөөтээгүүр, эрдэм шинжилгээ, судалгааны бүхэл бүтэн байгууллагынхныг ингэж гөрдөж байгаа нь итгэдэггүй гэж хэлсэнтэй утга нэг шүү дээ. Өөр нэг ноцтой зүйл гэвэл, Улсын онцгой комиссыг удирдаж байгаа хүний үг нийгмийг үймээн самуунд ч хүргэх эрсдэлтэйг тэрбээр бодож үзээгүй гэж үү. Энэ үгнийхээ төлөө тэрбээр огцроход ч багадна.
“Мэдлэггүй байх нь хүнийг нүгэл үйлдэхэд хүргэдэг. Эрдэм, мэдлэгтэй хүмүүс л засгийн эрхэнд байх ёстой” гэж суут сэтгэгч Сократ хэлсэн байдаг.
Залж, залуурдаж буй хүмүүс нь энэ мэтээр зүүлэгтэж, төөрч, буцаж байх хооронд олон түмэн өөрсдийгөө болгох гээд зүтгэж, бусад орны сайн туршлагыг судалж, яавал зохилтойг эрж хайж, олсноо хуваалцаж байна. Нэгэнт үүссэн нөхцөл байдлын улмаас хөл хорионд байх нь нэг хэсэгтээ зөв гэсэн УОК, НОК-ын шийдвэрийг дагаж, ажил, амьдралаа боломжоороо зохицуулсаар ирсэн. Гэвч эрх баригчдын толгой нь улам эргэж, юу гэснээ, ямар хөдөлгөөн хийснээ ч эргэцүүлэх чадваргүй байгаа нь эрүүл хүн хэвийн амьдрах боломжгүй болгож байна. Нийгмийн сүлжээнд тархаж, олны элгийг “авах” шахсан, учраа мэдэхгүй гурван сармагчны дүр зураг өнөөдөр Монгол Улсыг удирдаж байгаа хүмүүсийн тусгал гэлтэй.
Уг нь зөв бодлогоор явсан бол “Ковид-19”-ийг өнөөдрийн түвшинд хүртэл тархаахгүй байх туршлагыг бид өмнөд хөршөөсөө хуулах боломжтой байлаа. Өдгөө тус улсын том хотуудын нийтийн тээвэр, автомашин, хоолны газар, худалдааны төв, захууд болон албан байгууллагууд гээд хаа саагүй хэт улаан туяагаар вирус, нян, бактери устгадаг технологи нэвтрүүлжээ. Улс орнууд ингэж ажиллаж байна. Шинэ коронавирус анх илэрч, тархсан Ухань хотын голомтыг дарах үед хятадуудад вакцин байгаагүйг санах хэрэгтэй. Гэтэл төрийн толгойд байгаа “олгойнуудын” гайгаар бид энэ давуу талыг ч ашиглаж чадахгүйд хүрч, дархлаажуулалтаар бус, тархааснаараа дэлхийд дээд “амжилт” гаргасан улс болох нь ээ. Өдгөө манай улс нэг сая хүнд ногдох шинэ тохиолдлын тоогоороо тивдээ эхний 10-аас буухгүй л явна. Ийм байдалд иргэд зөнгөөрөө байхаас аргагүйдэж байна.
Дайны хажуугаар дажин гэгчээр ийм ойлгомжгүй, хүнд хэцүү цаг үетэй тулаад байхад улс иргэдээ татварын дарамтад оруулахаар шахаж эхэллээ. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэх болсон. Чадан ядан зүтгэж, өөрийгөө болгож, улсын халаасыг дүүргэж яваа иргэдээс авах шимтгэлийг өсгөх нь ажил, хөдөлмөр эрхэлдэг иргэдээ агнаж, намнаснаас ялгаагүй. Зүүлэг төрийнхөө зүдэргээтэй шийдвэрт тэртэй тэргүй нэрвэгдэж, туйлдаж байгаа тэдэнд өнөөдрийнх нь ачаа ч хүнддэж буй. Монгол Улс ядуурлын түвшнээрээ дэлхийд сүүл мушгих дээрээ тулсан. Эдийн засгийн туйлдлаас гадна боловсрол, эрүүл мэндийн ядуурал бидэнд нүүрлэснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдий тийм ч ард иргэд болохоосоо болохгүйг нь хүртэл зүтгээд л байна. Харин зөнгөөрөө байгаа биднийхээ амьдралд бодлого “тодорхойлогч” нар хутгалдахгүй бол сайн сан. Хэрэв үнэхээр оролцмоор байвал судалгаатай, суурьтай бодлого, шийдвэрүүдээрээ л дэмжих хэрэгтэй байна.