УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргав. Эзтэй юм шиг тэрбээр сар хүрэхгүйн өмнө Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхэлж байхад нэгдсэн хуралдааны танхимд халбага, шанагаар “үзүүлэн” хийж, байр сууриа илэрхийлж байлаа. Сануулбал, согтууруулах ундаагаар үйлчлэгч байгууллагууд энэ төрлийн бүтээгдэхүүнийг шилээр нь бус, гр-аар борлуулах агуулгатай заалтыг шүүмжилж, “Хууль зүй, дотоод хэргийн сайд архийг шотоор зарна гээд байх юм. Энэ нь 30 гр буюу халбага архи гэсэн үг. Шар айргийг бол жижиг шанагаар худалдах нь л дээ. Халбага халбагаар зараад байвал баар, ресторан хүнээр дүүрнэ. Халбага архины үнэ нь гэр хороололд 300 төгрөг л болно. Ийм үнэтэй байвал хүүхэд ч аваад уучихна шүү дээ” хэмээсэн удаатай. Юутай ч гишүүн эрдэнэт биеэ удирдах чадваргүй болтлоо хөлчүүрхсэнийг бодоход сархдыг халбагаар бус, шанагаар нь хүртсэн гэлтэй.
Мэдээж холбогдох хууль, дүрэм зөрчсөний хариуцлагыг иргэнийх нь хувьд түүнд үүрүүлнэ гэж найдаж байна. Харин УИХ-ын гишүүнийх нь хувьд ёс зүйн хариуцлагыг хэн, хаанаас тооцох ёстой вэ. Уг нь парламентад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо бий ч нүдэн балай, чихэн дүлий учраас ийн асууж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эмэгтэйчүүдийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл 10-аад хоногийн өмнө цахим орчноос эхлэн цацагдаж, бараг амтай болгон ярьж байхад хариуцсан байнгын хорооноос нь чимээ анир үгүй тул сураг тавьж байгаа нь энэ. Үнэндээ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо бусад шигээ бүх хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй, ачаалал багатай. Гагцхүү гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлага хөндөгдсөн асуудал үүсэхэд соргог, мэдрэмжтэй байх учиртай. Тиймээс ийм “унтаа” байнгын хороотой байснаас татан буулгасан нь зүйтэй.
Уг нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Монголын парламентын түүхэнд анх удаа байгуулаад буй. Тус байнгын хороо нь УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгатай холбоотой асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хууль тогтоогчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, хуралдааны ирцийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Зөвхөн өргөдөл, гомдолд үндэслэн гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх бус, шаардлагатай тохиолдолд санаачилгаараа авч ярилцах боломж тэдэнд бий.
Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар төмөр замын байгууллагын дарга нарыг хууль биелүүлж ажиллахыг хатуухан анхааруулсан нь хэрүүл болж хувирсныг эргэн сануулъя. Улмаар тэдгээр гишүүнээр төмөр замчдаас уучлал гуйлгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлага Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос шаардсан байдаг. Харин тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаан зарлах нь битгий хэл, гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай уулзаж, ярилцаагүй атлаа тэдэнд сануулга өгсөн, цаашлаад УИХ дахь намын бүлгийн хэмжээнд эл асуудлыг авч хэлэлцэхээр болсноо “Улаанбаатар төмөр зам”-ынханд албан бичгээр уламжилсан нь ил болж, хэрүүл тарьсан билээ. Өөрөөр хэлбэл, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нь хүссэн, мэдэрсэн байхад л олныг хамарсан, нийгмийн сүлжээнд ч атугай хөдөлгөөн өрнүүлэх хэмжээнд иргэдийг цочроосон асуудлыг өргөдөл, гомдол хүлээлгүйгээр барьж авч, хэлэлцэх боломжтой гэсэн үг.
Тэгээд ч Хүний эрхийн үндэсний комисс цахим орчинд гарч байгаа гомдол, мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт зөвлөсөн. Мөн түүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсэж буйгаа албан ёсоор уламжилсан билээ.
Харамсалтай нь, “Сахил хүртээд шал дордов” гэгчээр УИХ-ын гишүүд хэл ам таталсаар атал Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо таг чиг. Ёс зүйн дэд хорооноос Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болтлоо өргөжиж, эрх, үүрэг нь нэмэгдсэн ч хүлээлтэд хүрсэнгүй. Энд хариуцсан байнгын хороог нь онцлоод байгаагаас бус, ер нь энэ асуудалд хууль тогтоох байгууллага тэр чигээрээ хөшүүн, хөлдүү хандлага гаргалаа. Тухайлбал, хоёр парламент дамжин спикерээр ажиллаж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын хамгийн онцолдог зүйлсийн нэг нь төрийн албан хаагчид, тэр дундаа гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлага. Тэрбээр өнгөрсөн жил үндэсний хэмжээний нэгэн чуулганы үеэр “УИХ-ын гишүүдийг төдийгүй төрийн нийт албан хаагчид хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ Ёс зүйн дэд хороог өргөтгөж Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо болгосон. Энэ бол төрд ёс зүй дутаж байна гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө хийж буй бидний ажлын нэг хэсэг. Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид албан хаагчдад нь үйлчлэх учиртай” хэмээж байв. Ээлжит чуулганыг нээж, хаахдаа ч тоть шиг давтдаг үгээ УИХ-ын дарга энэ удаа ажил хэрэг болгож, эрх бүхий хүмүүсээс нь гүйцэтгэл, үр дүн нэхэж болсонгүй юу.
Дарга нь манлайлдаггүй юм гэхэд гишүүд нь санаачилга гаргасангүй. Үнэндээ 76 гишүүний хэн нь ч эрэгтэй, эмэгтэй гэлтгүй, цаашлаад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг, эсэхээс үл хамааран үгээ хэлсэнгүй. Ийм ичгүүртэй асуудалд нэр холбогдсон нэг “ангийн” нөхрөөсөө тайлбар нэхэж, үнэхээр тийм гэм байгаа бол тохой нийлүүлэн сууж чадахгүй гэдгээ шулуухан хэлчих гишүүн байсангүй. Нийгмийн сүлжээгээр нэр усаа цоллуулан, нэхүүлж, шаардуулж байж дуугарсан хүмүүс нь өөрийгөө өмөөрөхөө өмнөө тавих хандлагатай. Олон жилийн өмнөөс энэ чиглэлд ийм ажил хийсэн гэж бяцхан “тайлан” тавьчихаад, энэ байдалтай эвлэрэхгүй гэдгээ эцэст нь тэмдэглэх жишээтэй. Охид, эмэгтэйчүүд, хүүхэдтэй холбоотой асуудал дэгдэнгүүт хууль тогтоогч эмэгтэйчүүдийг эрж, дуу хоолойг нь үгүйлдэг урьдын жишиг энэ удаа ч давтагдсан агаад үүнд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Уучлаарай, миний бие хүчирхийллийг үл тэвчих, хүлээх хариуцлагыг тодорхой зааж өгөх, соён гэгээрүүлэх ажлыг хийх чиглэлд байнга дуугарч, хуульд өөрчлөлт оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж ирсэн. Бусад эмэгтэй гишүүн ч адил. Улстөржих сэдэв биш” хэмээн “мэтгэлцэх” жишээтэй. Мөн гишүүн Х.Булгантуяа “Ээж, эмэгтэй хүний хувьд бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны хүчирхийллийг ажлын байранд, гэрт ч, хаана ч, хэзээ ч тэвчихгүй” хэмээн увж цуван байр сууриа илэрхийлсэн юм. Тэгж яривал энэ парламентад эмэгтэйчүүдийн, хүчирхийллийн эсрэг гэх мэт элдэв тодотголтой, олон лобби бүлэг байгуулсан. Гэвч тэднийг төлөөлж ганц үг ган хийх хүн гарсангүй. Харин ч өнгөрсөн долоо хоногийн турш хууль тогтоогчид хөл хориогоор далимдуулан “амарсан”. Хаана хаанаа хандлага нь нэг л биш ээ.