Нийслэлийн Баянгол дүүргийн XIX хороонд байдаг найман нэрийн барааны “Ачит” дэлгүүрийн эзэн Г.Ачиймаа “Манай дэлгүүрээс хоёр тийш 100 алхам хүрэхгүй зайд, төв зам дагуу, БНСУ-ын франчайз дэлгүүр хоёрыг нээгээд нэг жил гаруй боллоо. Түүнээс хойш нэг сарын орлого маань 20 орчим хувиар буурсан, цаашид багасахаар байна. Ялангуяа залуус, хүүхдүүд голдуу худалдан авдаг ундаа, зайрмаг, бохь, түргэн хоолны борлуулалт илт буурсан. Ийм дэлгүүрүүд 24 цагаар ажилладаг нь үйлчлүүлэгч татах нэг нөхцөл болдог байх. Стандарт хангаагүй (дэлгүүрийн талбайн хэмжээ хүрдэггүй, шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй) учраас бид 24 цагийн турш үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч чаддаггүй. Найман нэрийн дэлгүүрүүдийн орлогод сүлжээ дэлгүүрүүд ингэж нөлөөлж байгаа юм чинь ойр хавьд ТҮЦ ажиллуулдаг хүмүүс худалдан авагчаа олноор алдсан болов уу” гэлээ. Тус дүүрэгт ТҮЦ ажиллуулдаг Б.Тунгалагтай холбогдсон юм. Тэрбээр “Гурван жилийн өмнө хувь хүнээс 10 сая төгрөгийн зээлээр авсан ТҮЦ, автобусны буудлын хажууд байрлуулахад төлсөн хоёр саяын зардлаа хэрхэн төлж, цаашид юу хийхээ мэдэхгүй л байна. Хөл хорионы улмаас бараг нэг жил хагас ажилласангүй. Автобусны буудлын ойролцоо сүлжээ дэлгүүр нээсэн нь ТҮЦ-үүдийн орлого буурахад шууд нөлөөлсөн. Зах зээлээс ТҮЦ шахагдах нь цаг хугацааны л асуудал боллоо” хэмээв.
XIII хороололд цайны газар ажиллуулдаг Б.Амаржаргал “Олон улсад үйл ажиллагаа явуулдаг сүлжээ бүхий дэлгүүр олширсон нь цайны газруудын орлого буурахад ихээхэн нөлөөлж (хөл хориог тооцохгүйгээр) байгаа. Манай ойролцоо гэхэд “CU”, “Circle K”-гийн дэлгүүр байгуулснаас хойш “ширхгийн” хоол, ундаа, усны борлуулалт эрс багассан. Үнэндээ бид жижигхэн, тохь муутай түрээсийн байранд, хоолны үнэр ихтэй орчинд (хуушуурын үнэр шингэхээс сэргийлж зарим хүн орж ирдэггүй) үйл ажиллагаа явуулдаг нь үйлчлүүлэгчээ алдахад хүргэсэн” гэлээ. Харин үйлчлүүлэгч Б “Би CU-гээр үйлчлүүлэх дуртай. Зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр зардаг. Банкны карт ашиглахгүйгээр QR код уншуулаад л төлбөрөө төлчихдөг. Мөн халуун цай, кофе ууж, зайрмаг идэн, цэвэрхэн орчинд хүссэн хугацаагаараа сууж болдог, ариун цэврийн өрөөтэй нь таалагддаг. Яагаад урьд нь ийм үйлчилгээ Монголд байгаагүй юм бол. Хүнсний жижиг дэлгүүрийн дийлэнх нь хөл гишгэх зайгүй талбайтай, стандартын бус орчинтой, ер нь их бохир, зарим нь и-баримт өгдөггүй” гэж ярив.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг найм, зургаан нэрийн барааны дэлгүүр, ТҮЦ 1000 гаруй байгаа аж. Харин CU, “Circle K” болон “Номин холдинг” компанийн “Eco express” франчайз дэлгүүр 130 орчим бий гэнэ. Хэдийгээр франчайз дэлгүүрийн тоо цөөн ч голдуу төв зам дагуу, их, дээд сургуулиуд болон хүн ам олноор төвлөрсөн орон сууцын хороололтой ойрхон, ашигтай байрлалд үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр эдгээр дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх хүн олширч, ойр хавьд нь ажиллаж буй жижиг дэлгүүр, цайны газрууд, ТҮЦ-ийн орлогыг хуваалцан, улмаар үүдээ барихад хүргэж буй.
Франчайз дэлгүүрүүдэд монгол хүн ажиллан, ажлын байр бий болгож буй ч эрхийг нь худалдан авахад багагүй хөлс төлдөг, зарим нь орлогынхоо тодорхой хувийг толгой компанидаа өгөх гэрээтэй байдаг тул тэр хэрээр манай улсаас мөнгө “урсаж” буйг мэргэжилтнүүд хэллээ. Энэ талаар “Номин холдинг” компанийн Төрөл дэлгүүрийн сүлжээний захирал Ж.Анхбаяр “Convenience store буюу гадаадаас эрхийг нь авсан сүлжээ дэлгүүрийн тоо олширсон нь үндэсний томоохон компанийн орлого, ашигт сөргөөр нөлөөлж байна уу гэж хүмүүс их асуудаг. Супермаркет, хайпермаркетын түвшинд үйл ажиллагаа явуулдаг учраас манайд бол бараг нөлөөлөхгүй. Бид тэднээс суралцах, хэрэглэгчид юу хүсэж байгаа, юунд анхаарвал зохих талаар мэдэхэд харин ч тус болж байна. Ийм дэлгүүрүүдийн нэг нь ашиггүй ажиллаж эхлэх, эсвэл анх оруулсан хөрөнгөө олоод зах зээлээс гарахад нөгөө нь “орж ирж” байдаг. Шинэ соргог дээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татаж, богино хугацаанд зардлаа нөхөн, улс хооронд сэлгэн ажилладаг онцлогтой. Ийм дэлгүүрийг олноор нь ажиллуулаад гарах хооронд хөл дээрээ тогтож ядаж байсан дотоодын жижиг дэлгүүрүүд дампуурлаа зарлаж, эхлээд ТҮЦ, дараагаар нь зургаа болон найман нэрийн барааны дэлгүүрийг зах зээлээс шахах магадлалтай” хэмээв. Сүүлийн хоёр жилд найм, зургаан нэрийн барааны зөвшөөрөлтэй дэлгүүр худалдана гэсэн зар 2018 оныхоос 60 орчим хувиар өссөнийг ч тэрбээр дурдлаа.
Ямар ч хэмжээтэй дэлгүүр, цайны газар, үйлчилгээний төвийг тогтвортой, удаан хугацаанд ашигтай ажиллуулахын тулд байнга шинэ санаа нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлчилгээгээ сайжруулах ёстой. Гэтэл манайхны олонх нь нэг хэв загвартаа баригдан, шинэлэг үйлчилгээ санал болгодоггүй, орчин тойрноо торддоггүйг хэлэх хүн цөөнгүй байна. Түүнчлэн кофе чанагч, ундаа, мөс гаргагч, зайрмаг хийдэг машин зэрэг тоног төхөөрөмж худалдан авах, ашигтай байрлалд ажиллахад санхүүгийн бэрхшээл тулгардаг аж. Хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн борлуулах орчин бүрдүүлж чадахгүй, дийлэнх бараагаа зээлээр авч, нэр төрлийг нь олшруулж чаддаггүй нь зах зээлээ алдахад нөлөөлж буй гэж хэлэхэд болохоор байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид, томоохон дэлгүүрүүд нэрийн дэлгүүрүүдээ тордох, өргөжих, өнгө зүсээ сайжруулахад нь анхаарснаар сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөхөд дэм болох нь. Ташрамд дурдахад, “Шунхлай” групп олон улсын сүлжээ “GS25” дэлгүүрийг оруулж ирсэн бөгөөд энэ онд багтаан 100 гаруй салбар нээхээр төлөвлөжээ.