Улаанбаатарт энэ сарын 10-ны 06.00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, гамшгийн улаан түвшин зарлалаа. Ингэснээр эрчим хүч, ус, дулаан хангамж, хүнсний худалдаа, үйлдвэрлэл зэрэг 15 салбарын аж ахуйн нэгж, байгууллага хэвийн ажиллаж, бусад нь үйл ажиллагаагаа зогсоосон. Өмнө нь хөл хорионы үед үйл ажиллагаа явуулсан байгууллагуудын ажилтнуудын тээврийн хэрэгсэлд QR код олгон, замын хөдөлгөөнд оролцуулсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл энэ удаад ажлаа хийж буй иргэдийн автомашины улсын дугаарын сүүлчийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлах шинэ зохицуулалт гаргалаа. Ингэснээр хотын автомашины найман хувь буюу ойролцоогоор 30 000 гаруй нь л замын хөдөлгөөнд оролцож, иргэд хөл хорионы дэглэм сайн сахиж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ. Үнэхээр тус албаныхан хөл хорионы дэглэмийг сайтар мөрдүүлж буй бөгөөд авто замуудын уулзвар бүхэнд тээврийн хэрэгслүүдийг шалгаж, зөрчилтэйг нь хөдөлгөөнд оролцуулахгүй, буцааж байна.
Автомашинуудыг ийм маягаар хянаж байгаа. Харин иргэдийн хувьд ямар ч хяналт алга. Өөрөөр хэлбэл, иргэд хөл хориогүй үеийнх шиг л гадуур явах боломжтой. Өнгөрсөн өвөл ид хүйтэнд тогтоосон хөл хорионы үеэр алба хаагчдыг гудамжаар эргүүл хийлгэн, хэв журам сахиулж байв. Идэр есийн хүйтэнд өдөржин гадаа зогссон зарим алба хаагч хөл, гараа хайруулсан тохиолдол ч бий. Тиймээс уг арга хэмжээ нь олон нийтийн шүүмжлэлд нэлээд өртсөн юм. Шүүмжлүүлэхээс айсных уу, эсвэл алба хаагчдын ачааллыг бодсон уу, ямартай ч энэ удаад гудамжны эргүүлүүдийг бараг ажиллуулсангүй. Бараг гэсний учир нь зөвхөн олон хүн цугларах магадлалтай газруудад л эргүүл гаргаж, иргэдийн бичиг баримтыг шалгаж буйг нийслэлийн Онцгой комиссоос мэдээлсэн. Гэтэл хааяа нэг харагдах эргүүлүүд иргэдийг шалгахгүй байгаа нь хүмүүс гадуур чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэв. УОК-ын Шуурхай штабын өчигдрийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд иргэд хөл хорионы дэглэм мөрдөхгүй байгааг анхааруулсан нь үүнийг нотлох биз ээ. Тэрбээр “Захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн ихэслээ. Иргэд автомашингүй ч явган явж байна. Ийм нөхцөлд хөл хорионы үр дүн гарахгүй” хэмээсэн юм.
Хөл хорио огт үйлчлэхгүй байгаа бас нэг газар нь яах аргагүй нийтийн тээвэр. Хөл хорио байтугай хүн хоорондын зай барих дэглэмийг автобуснуудад баримтлах боломж алга. Дүүрэн автобусанд арайхийн ороод, 50-60 хүнтэй чихцэлдэн явж байна гэж цөөнгүй иргэн өчигдөр бухимдав. Ялангуяа өглөө, оройд буюу ажил эхлэх, тарах цагаар автобус мөд ирэхгүй, багадаа 30 минут хүлээлгэх боллоо. Ийм байдал үүссэн гол шалтгаан нь нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлж, зарим чиглэлийг түр зогсоосонтой холбоотой гэнэ. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлснээр өдгөө 58 чиглэлд 300 гаруй автобус явуулж буй аж. Энгийн үед өдөрт 900 гаруй автобус үйлчилгээнд гаргадагтай харьцуулахад тээврийн хэрэгслийн тоог гурав дахин цөөрүүлчихээд байгаа нь энэ. “Автобусанд олон хүн явж байна” гэж иргэд гомдол гаргасны үр дүнд ачаалал ихтэй чиглэлүүдэд нэмэлт тээврийн хэрэгсэл явуулахаар болсныг тус газраас мэдээлсэн. Ингэхдээ “Зарим чиглэлд зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнуудаас гадна иргэд автобусаар зорчиж байгаа нь ачаалал ихэсгэх болсон. Ачаалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсье” гэж онцолсон юм. Түүнчлэн автобусанд суусан иргэн бүрийг шалгах боломжгүй гэлээ.
Бэлтгэсэн: М.Оч