Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд сорилтод хамгийн их өртөн, үйл ажиллагаа нь доголдсон салбар бол бизнес. Аль ч төрлийн бизнесийнхэн, үйлдвэрлэгчид, худалдаа наймаа эрхлэгчдийн орлого огцом буурч дөнгөн данган өдөр хоногоо өнгөрүүлж буй гэхэд буруудахгүй. Энэ нь мэдээж хөл хорио тогтоосон, үйлчилгээний байгууллагуудыг хаасан, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, улмаар хилээр ачаа, бараа нэвтрүүлэх нь багассантай холбоотой. Хэдийгээр зарим үйлдвэр хэвийн горимоор ажиллаж буй ч иргэдийн худалдан авах чадвар буурсан нь бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байгаа юм. Өрхийн болон жижиг, дунд зарим үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсанаа хүргэе.
Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны иргэн Д.Отгонцэцэг оёдолчин мэргэжилтэй. Тэрбээр Баянгол дүүргийн XVIII хорооны 61 дүгээр байранд подвалын өрөө түрээслэн ажилладаг бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас орлогогүй шахам болжээ. Д.Отгонцэцэгт тулгарч буй хамгийн том бэрхшээл нь Цагаан сар, наадам зэрэг томоохон баярыг тэмдэглээгүйгээс захиалга тасарсан, мөн иргэд худалдан авах чадваргүй болсон явдал гэв. Тэрбээр “Нөхөр маань материал татах, захиалга түгээх зэрэг гадуур явах ажлыг зохицуулдаг учраас гэр бүлээрээ ажилладаг өрхийн үйлдвэр гэж болно. Дээлийн үнэлгээ өндөр, хийж гаршсан тул захиалга ихтэй, боломжийн орлоготой (хэмжээнээсээ хамаарч 100 000-300 000 төгрөгөөр сард 7-10 дээл оёдог) байсан. Харин сүүлийн нэг жил гаруйн хугацаанд бараг захиалгагүй, дээр нь огт ажиллаагүй үед ч подвалын нэг сарын түрээс болох 150 000 төгрөгийн 50 хувийг төлсөн. Ажиллаж эхэлмэгц л түрээсийн төлбөрөө бүтнээр нь авдаг, орлого муу байгааг эс тооцож байна. Хүмүүс хэзээ дээл оёулж эхлэн, хэзээ захиалга нэмэгдэхийг бүү мэд. Оёдол хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж надад бий. Захиалга л их байвал, энд тэндээс мөнгө зээлэхгүйгээр гэр бүлээ тэжээх боломжтой. Бизнесийн зээл авч томхон байр түрээслэн, өөр хүмүүстэй хоршин, илүү олон дээл, хувцас оёж болох ч барьцаа хөрөнгөгүйгээс (хашаанд гэрт амьдардаг) сонирхож байгаагүй” гэлээ.
Хан-Уул дүүргийн X хороо буюу Морингийн даваанд 0.06 орчим га талбайтай хашаандаа У.Цэнд гуай бүх төрлийн хүнсний болон нарийн ногоо тариалдаг. Хүлэмжээ оролцуулбал нийт 110 орчим ам метр талбайд өрхийн тариалан эрхлээд 10 гаруй жил болжээ. Мөн чацаргана, үхрийн нүд тарьдаг юм байна. Коронавирусийн тархалтын улмаас хил хаагдан дотоодод тарьсан нарийн ногоо үнэд хүрсэн гэх боловч зуны хүлэмжээс л ургац авдаг болохоор түүний орлого төдийлөн ахиагүй аж. Түүнчлэн ногоогоо их хэмжээгээр хадгалах зоорьгүйгээс жилийн дөрвөн улиралд тогтмол ашиг олох нь тааруу гэнэ. Харин сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд өргөст хэмх, амтат чинжүү, улаан лооль даршлан өвөл, хаврын улиралд борлуулж хэвшжээ. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар буурснаар дарсан ногоог нь авах хүнгүй шахам болж, орлого нь багассан байна. Ойр хавийнхаа дэлгүүрт бүтээгдэхүүнээ тавьж заруулдаг ч хүмүүс зээлээр авах нь олширсныг У.Цэнд дурдав. Мөн тэрбээр нас өндөр (73) болсон, хашаагаа хувьчилж авч чадаагүй, гэрт амьдардаг зэрэг нь зээлийн шалгуур хангах нөхцөл болдоггүйг тэмдэглэв. Хэрэв хүү багатай зээл авч чадвал өвлийн хүлэмжтэй болж, хүүхдүүдтэйгээ нийлэн жилийн дөрвөн улиралд тогтмол орлого олоод байж чадна гэж тэрбээр дурдлаа.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэт багт амьдардаг П.Билэгтсайхантай утсаар холбогдлоо. Тэрбээр дархан хийж байгаад гэр ахуйн жижиг, модон эдлэл үйлдвэрлэж эхлээд хоёр жил болжээ. Сандал, ширээ, хогийн сав, гурилын элдүүр зэрэг 10 гаруй эдлэл хийдэг юм байна. Модон бүтээгдэхүүн авах захиалгын дийлэнхийг Улаанбаатараас ирүүлдэг учраас хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан нь орлогыг нь бууруулж, ашиггүй ажиллах нэг шалтгаан болжээ. П.Билэгтсайхан “Өрхийн үйлдвэрийг дэмжиж байж л жижиг, дунд болж торнин, улмаар олон хүн ажиллуулж өргөжнө шүү дээ. Гэтэл гэртээ үйлдвэрлэл эрхэлдэг, ажлын байргүй хүмүүст зээл олдохгүй юм. Би өвчний учир хашаа, байшингаа зарж, эмчилгээнд зарцуулсан болохоор үл хөдлөх хөрөнгө байхгүй. Өрхийн үйлдвэрлэгчдийн хийсэн зүйлс, захиалгын хэмжээ, үйлчлүүлэгчдийн тоо зэргийг харгалзан итгэлийн зээл маягаар санхүүжилт олгоосой. Надад юуны түрүүнд 15 сая төгрөг хэрэгтэй байгаа юм, автомашин, гэрээ барьцаалж болно. Хэрэв зээл авбал мужааны цехтэй болж, бүтээгдэхүүнийхээ тоог өсгөн, чанарыг нь илүү дээшлүүлнэ. Хөл хорио, хязгаарлалт хоёр жил орчим манайхыг “чангалаад”, орлогоо ахиулж чадсангүй, хүнд байдалд орлоо” хэмээн ярив.
Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд багтаж буй “Цайдам трейд” компанийн “Бурамхан” нэрийн чихрийн үйлдвэрт очив. Тус үйлдвэр нь байгуулагдаад дөрвөн жил орчим болж, өдөрт хоёр төрлийн 100 гаруй кг чихэр хийн, таван өөрөөр савлан борлуулдаг аж. Элсэн чихэр, импортын зарим бүтээгдэхүүнийг хольж, найруулан чихрээ хийдэг юм байна. Өөрсдийн сонгосон экологийн гаралтай түүхий эдээр Монголд үйлдвэрлэсэн буюу гарал үүсэл нь тодорхой хатуу чихэр хийж, 10 орчим хүнийг ажлын байраар хангаж буйгаа дээрх компанийн захирал А.Солонго хэлсэн. Тэднийх жил гаруй хөөцөлдөж байж 2020 оны эцсээр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл авч чадсан нь олзуурхууштай. Гэхдээ үйлдвэрлэл явуулж эхэлсэн дөрвөн жилийн талд нь ашиггүй ажиллажээ. Тодруулбал, коронавирусийн тархалт дэгдсэнээс хойш борлуулалт нь 70 орчим хувиар буурсан гэнэ.
Хүнсний үйлдвэрүүдийг хэвийн ажиллуулж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар илт багассан, нийтээр тэмдэглэдэг баяр ёслолыг хорьсон, үйлчилгээний байгууллагууд үүдээ барьсан зэргээс шалтгаалан чихрийн худалдаа “зогсжээ”. Уг нь манай улс “чихрийн соёлтой” буюу байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ зориулж чихэр тавагладаг, айлд ороход чихрээр дайлдаг, хүүхдэд ч атгаад өгдөг нь “Бурамхан”-ыг илүү сайжруулж, хэмжээг нь өсгөн, хөл дээрээ зогсоход нэмэр болохуйц нөхцөл гэнэ. Манай улс жилд дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн чихэр импортолдог нь ч хэрэглээ их байдгийг илтгэж буй аж. Тус компанийнхан зээл авсан учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэн, зэрлэг жимс, чацаргана холин, илүү амтлаг чихэр хийхээр төлөвлөн, зохих бэлтгэлээ хангажээ. Хэрэв борлуулалт нь өсвөл өдөрт нэг тонн чихэр нийлүүлэх боломж бүрджээ. Ер нь үндэсний үйлдвэрүүд амт чанартай, түүхий эд материалынх нь гарал үүсэл тодорхой, төрөл бүрийн чихэр хийж чадвал зах зээл бий гэнэ. Харин импортын бүтээгдэхүүнээс ялгарч хэрэглэгчдэд танигдахад зар сурталчилгаа сайн хийх хэрэгтэй ч манайд реклам, маркетингийн зардал өндөр байдаг нь хамгийн том бэрхшээл болж буйг А.Солонго дурдав.
Эдгээрээс харахад өрхийн болон жижиг, дунд үйлдвэрүүд бүрэн зогсоогүй, өөрсдийн боломжийн хэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин иргэдийн худалдан авах чадвар сүүлийн нэг жил гаруйн хугацаанд огцом буурч, үйлчилгээний газрууд ажиллаагүй зэрэг нь борлуулалтад нь сөргөөр нөлөөлжээ. Дээр дурдсан өрхийн үйлдвэрүүдийн хоёр нь бизнесийн зээл авах шалгуурт тэнцээгүйгээ дурдан, өөрсдийнх нь боломж, нөхцөлд аль болох нийцсэн зээлийн үйлчилгээ бий болгоосой хэмээв. Бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгоод, бүтээгдэхүүний хэмжээг нь өсгөхөд тусалж болох ч нийт хэрэглэгч, иргэн бүрийн худалдан авах чадвар өндөр байж гэмээнэ өрхийн болон жижиг, дунд аль ч үйлдвэр ашигтай ажиллах нь. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн чадвар үйлдвэрлэгч болон худалдагчийн “өнгийг” тодорхойлж байна.