Дөрөвдүгээр сарын 9 буюу өнгөрсөн баасан гаргийн өглөөнөөс эхлэн дархлаажуулалтын зарим цэг хаалгаа барьж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нэрээр иргэдийг хүлээн авахаа болив. “Өнөөдөр вакцин хийхгүй. Маргааш хийх, эсэхийг ч сайн мэдэхгүй байна” гэж цэгт байсан хүмүүс иргэдэд хэлэв. Тодорхойгүй байдал үргэлжилсээр уг асуудлын учиг нь тухайн өдрийн 22.57 цагт тайлагдлаа. Хөл хорионы 15 хоногийн хугацаанд дархлаажуулалт хийхгүй, түр зогсоож буйгаа Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм. Ийн шийдвэрлэсэн үндэслэлээ “Шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, халдварын тархалт өргөн хүрээг хамарсныг харгалзан үзэж, хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн. Дархлаажуулалтыг үргэлжлүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг доор олон хүн цугларч, 15-30 минут, түүнээс дээш хугацаанд хяналтад байх ёстой зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан” гэж ЭМЯ-ны мэдэгдэлд дурджээ. Энэ сарын 10-нд хөл хорио тогтоохоос хэдхэн цагийн өмнө гаргасан уг мэдэгдэлд дархлаажуулалтын цэгүүдийг түр хааж, тэнд ажиллаж байсан эмч, ажилтнуудыг “Ковид-19”- ийн эрт илрүүлэг, хариу арга хэмжээнд дайчлахаар болсныг онцолсон байна.
Өчигдөрхөн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлах талаарх Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа дархлаажуулалтыг эрчимжүүлэхээ илэрхийлсэн. Энэхүү хөл хориог сүүлчийнх байлгахын тулд халдварын тархалтыг 2-3 дахин бууруулж, иргэдээ вакцинд хамруулна гэж тэрбээр хэлсэн. Мөн вакцин худалдан авах хэлэлцээнүүд амжилттай болж, өдгөө зөвхөн тээвэрлэлтийн асуудал л үлдсэн хэмээсэн билээ. Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга дархлаажуулалтын хурдыг хоёр дахин нэмнэ гэж мэдэгдэж байв.
Мөн энэ сарын 9-ний 20.30 цагийн үед гаргасан нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжид дархлаажуулалтыг эрчимжүүлж, шуурхай зохион байгуулах талаар тусгажээ. Тодруулбал, “Нийслэлд дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллуулж, хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын эмч, ажилтнуудыг дайчлан, иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газарт үүрэг болгосугай” гэж үүнд дурджээ.
Үр дүнгүй хөл хорио тогтоодог “уламжлалаа” төр, засгийнхан энэ удаад ч эвдсэнгүй. Дээр дурдсанаар албаныхны шийдвэр 2-3-хан цагийн зайтай өөрчлөгдөн, хөл, толгой нь олдохоо болив. Төр, засаг бэлэн бус, тооцоо судалгаагүй байж шийдвэр гаргадгаа дахин нотоллоо. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд дархлаажуулалтад хамрагдан, айдгаа авдартаа хийнэ гэж бодож, төлөвлөсөн олон нийт гайхаж хоцорлоо.
Харамсалтай нь, хөл хорио эхэлтэл дархлаажуулалтад хамрагдах нь битгий хэл, эхний тунгаа тариулсан хүмүүс хоёр дахийгаа ч хийлгэх боломжгүй болчихов. Үүний гол шалтгааныг албаныхан тайлбарлахдаа дахиад л иргэдийг буруутгалаа. Жишээ нь, “Хөл хорионы үеэр иргэд вакцин хийлгэх гэж бөөгнөрөл үүсгэнэ” гэж ЭМЯ-наас мэдэгдэлдээ дурдсан. Өөрөөр хэлбэл, “Иргэд замбараагүй гадуур тэнэснээс халдвар тархлаа”, “Иргэд сайн хамрагдахгүй байгаагаас дархлаажуулалт удааширсан” гэх зэргээр өмнө нь хэрэглэсэн аргаа энэ удаад ч давтахыг оролдов. Хөл хорионы үед менежмент хийх төлөвлөгөө, вакцины нийлүүлэлт, нөөцөө урьдчилан тооцох чадвар байхгүй нь дээрх албан тушаалтнуудын ам, ажлын зөрүүнээс ойлгогдохгүй байна гэж үү. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцины нийлүүлэлт хойшилсон. Биднээс шалтгаалаагүй. Яалт ч үгүй дэлхий нийтээрээ вакцины нийлүүлэлт хомсодсон. Манайх вакцин үйлдвэрлэгч орон биш. Ийм хүндэтгэн үзэх шалтгаанаар нийлүүлэлт хойшиллоо” гэсэн нь үүнийг нотолж байна.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр дархлаажуулалтыг зогсоосон нь иргэдийн бөөгнөрөл үүсэхтэй ямар ч хамаагүй. Эрүүл мэндийн сайдын хэлсэн үг ч үүнийг нотолно. Тооны араас хөөцөлдсөн дарга нар нөөцөд байсан вакцин, тэр бүү хэл, иргэдэд хийхээр төлөвлөсөн хоёр дахь тунг нь ч орон нутаг руу тараасан гэнэ. “Дархлаажуулалтыг эрчимжүүлж, 21 аймгийн иргэдэд вакцин хийж байна” хэмээн бахархалтайгаар мэдээлсэн нь өөрсдийн пиараа л бодсон хэрэг бололтой. Уг нь эрүүл мэндийн салбарынхан “Вакцин хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг хадгалсан” гэж удаа дараа мэдэгдсэн нь худал байжээ. Улсын хэмжээнд одоогоор 599 132 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Хоёр дахь тунг нь хадгална гэж тооцвол нийт 1 198 264 тун вакцин авсны дараа дээр дурдсан тооны хүнийг дархлаажуулсан байх ёстой. Харин хүлээн авсан вакцин одоогоор 789 740 тун. Энэ хэмжээний вакцинаар 394 870 хүнийг дархлаажуулж, хоёр дахь тунг хадгалах ёстой байжээ. Тэгэхээр үүнээс үзвэл вакцин хийлгэсэн 200 000 гаруй иргэний хоёр дахь тун байхгүй. Хүлээхээс өөр аргагүй болов.
“АстраЗенека” вакцин хийлгэсэн иргэдийн хувьд 56 хоногийн дараа хоёр дахь тунг хийх учраас одоогоор ямар нэгэн асуудал үүсээгүй. Харин БНХАУ-аас авсан “Вероселл” вакцин тариулсан иргэдэд 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх зөвлөмж өгсөн. Гэтэл холбогдох албаныхан хэдэн ч хоногийн дараа хийлгэж болно хэмээн мэдэмхийрч, гэмээ цайруулахыг оролдов. ЭМЯ-наас энэ талаар “Дархлаажуулалтад ашиглаж буй вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дараа тариулах заавартай. Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа тарихаар төлөвлөсөн. Гэтэл хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн вакцины хоёр дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар боллоо. БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа. Тиймээс хоёр дахь тунг хойшлуулсан ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бид “Синофарм” компанийн “Вероселл” вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан. Хоёр тунг 3-7 долоо хоногийн зайтай хийхийг зөвлөж байна. Хоёр дахь тунг найман долоо хоногийн дотор амжиж хийж болно гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос зөвлөсөн. Зөвлөгөө, зөвлөмж судалгааны явцад өөрчлөгдөж байна. “АстраЗенека”-гийн хоёр дахь тунг анх 21 хоногийн дараа тарьж байсан ч 56 болгож өөрчилсөн” хэмээсэн юм.
Тэгвэл иргэд хоёр дахь тунгаа хэзээ хийлгэх вэ. Түүнчлэн огт вакцин хийлгээгүй нь хэзээ дархлаажуулалтдаа хамрагдах вэ. Харамсалтай нь, энэ талаарх мэдээлэл өдгөө ч тодорхойгүй байна. Уг нь манай улс урд хөршөөс энэ сарын 9, 12-нд тус бүр 300 000 тун вакцин оруулж ирэхээр болсон ч нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Засгийн газраас хөл хорио дууссаны дараа дархлаажуулалтыг эрчимжүүлнэ гэсэн ч дахиад л шийдвэр нь замхарчихгүй гэх баталгаа алга. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Вакцины нөөц бий, 192 137 тун үлдсэн” хэмээн мэдэгдсэн. Улсын хэмжээнд өдөрт ойролцоогоор 30 000 гаруй иргэнийг дархлаажуулж байсан. Үүгээр тооцвол Шадар сайдын хэлсэн нөөц нь зургаа хоногт л хүрэлцэх юм. Дараагийнх нь хэзээ ирэх нь тодорхойгүй болохоор уг нөөцөөрөө “гал унтрааж”, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулах нь. Өөрөөр хэлбэл, өндөр настай, хэвтрийн өвчтэй иргэдийг гэрт нь очиж дархлаажуулна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Дархлаажуулалтыг тасалдуулахгүй үргэлжлүүлсэн нэр зүүх арга нь энэ бололтой. “Ковидгүй зуны төлөө вакцинаа хийлгэе” гэсэн Ерөнхий сайдын уянгалсан үг хөрсөн дээр буух, эсэх нь УОК-ынхны ур чадвар, менежментээс шалтгаалах нь.
Бэлтгэсэн: М.Оч