Улаанбаатар хотод дугуйн зам нүдний гэм. Уг нь үе үеийн хотын удирдлага дугуйн зам барина гэж амласаар ирсэн ч биелүүлсэн нь тун ховор. Харин өнгөрсөн жил Маршалынхаас Баянзүрхийн гүүр хүртэл 7.2 км, дугуйн зам барьж, ашиглалтад оруулсан. Энэ нь олон улсын стандартын дагуу барьсан, чанартай, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан болохыг албаныхан онцолж байв. Түүнчлэн зам дагуу автомашины зогсоол, иргэд амрах талбай байгуулах төлөвлөгөөтэйгөө мэдээлсэн. Улмаар нийслэлд цаашид 50 км зам барина гэж төлөвлөсөн билээ. Тэрхүү авто зогсоол, амрах талбайн сураг одоохондоо алга. Харин уг замд нэг айхавтар “бүтээн байгуулалт” хийсэн нь олон нийтийн гайхширлыг төрүүлэв.
Тодруулбал, дугуйн замтай тулгах шахам хашаа татаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах бус, харин ч эрсдэл учруулахаар болгож орхижээ. “Дугуй унаж яваад гишгэдэл алдан хазайсан хүн уг хашлагыг мөргөн бэртэхээр байна” гэж иргэд хэллээ. Түүнчлэн ийнхүү хашсанаараа дугуй унаж яваа хүмүүс зөрөх, ядарсан нэг нь амраад замд түр зогсох боломжийг хязгаарлалаа гэх хүн ч байв. Туршлагатай дугуйчдын хэлснээр, хашаа барьж болох ч замтай тулгаж бус, зайдуу байх шаардлагатай гэнэ.
Ийнхүү дугуйн замаа хүртэл хашсан гол шалтгаан юу байв. Ашиглалтад оруулаад удаагүй байхад нь автомашинтай нэгэн этгээд уг замаар “зугаалж”, эвдэх шахсан хэрэг гарчээ. Тиймээс балмад этгээдүүдээс замаа хамгаалсан нэг арга байх гэж зарим хүн нь таамаглажээ. Мөн нэг хэсэг нь өндөр далантай зам учраас харин ч хашаа хийж хамгаалсан байна хэмээн өмөөрөв. Түүнчлэн хотын хэрэглээний цэвэр ус олборлох сав газарт уг зам байрладаг учраас хашсан байх гэх таамаглал ч бий. Гэхдээ ямар ч шалтгаан гарсан дугуйн замыг ингэж хаших нь олон улсын стандартад огт нийцэхгүй гэх хандлага дийлэнх байна.
Уг хашаа үнэхээр оновчгүй шийдэл байсныг албаныхан ч хүлээн зөвшөөрөв. Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Дугуйн замын хоёр талын хашлага шүүмжлэл дагуулаад байгаа. Учир нь дугуйн замын асфальтан хэсгийн хоёр талаар шууд хашлага хийсэн нь унадаг дугуйгаар зорчигчдод аюулгүй байдал үүсгэсэн. Газар зүйн байрлалын хувьд хашлага зайлшгүй хийх шаадлагатай газар цөөнгүй байгаа. Нийт замын 80 орчим хувь нь 1-7 метр өндөр далан хэсэгт байрласан. Гэхдээ л зам руугаа шахсан хаалт байх ёсгүй. Тухайн ажлыг гүйцэтгэгч “Алтай рөүд” компани, захиалагч, хөрөнгө оруулагч талуудтай уулзаж, замын зорчих хэсгийн хажуугаар шороон зам буюу гэнэтийн үед зогсох зай гаргах талаар ярилцаж тохирлоо. Түүнчлэн зорчих хэсэгт шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах зэрэг ажил хийх боллоо” хэмээжээ.
Засаж сайжруулж байгаа нь сайн хэрэг ч ажлаа анхнаасаа яагаад стандартын дагуу гүйцэтгэн, хариуцлагатай хандаж, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг бодолцсонгүй вэ. Хяналт сул, гүйцэтгэл нь ч ядмаг, хаана хаанаа хариуцлагагүй байгаагийн жишээ нь энэ болов.
Бэлтгэсэн: М.Оч