УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Б.Баттөмөр нар Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн. Мөн тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байв. УИХ-аас хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэхээр тогтсон юм. Гэвч өдий хүртэл уг хуулийн төслийг хэлэлцээгүй байна. Ерөнхийлөгч эл хуульд ганц л заалт тусгах бодлого баримталж буйг тодотгоё. Харин дээрх гурван гишүүн 1994 онд анх баталж, түүнээс хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан уг хуулийг орчин цагийн эдийн засаг, санхүүгийн нөхцөлд тохируулан шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг УИХ-аас хүссэн. Гэвч хэлэлцээгүй л байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэсэн гурван гишүүнээс М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар УИХ-д улиран сонгогдоод байгаа. Гэвч тэд санаачилсан хуулийн төслөө хэлэлцүүлэх гэж адгасангүй.
Хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй байна вэ гэсэн асуулт гарна. Уг хуулийн төслийг “Оюутолгой” компани л эсэргүүцээд байгаа учраас хэлэлцдэггүй гэж зарим хүн ойлгодог. Бас харддаг. “Оюутолгой” компаниас гадна санхүүгийн салбарынхан, эдийн засагчид, бизнесменүүд эсэргүүцдэг. Тэд санхүүгийн чөлөөт урсгалыг хааж, хязгаар тогтоох нь бизнест хохиролтой, хөрөнгө оруулагчдыг үргээж, байдлыг улам дордуулна гэж үздэг учраас эсэргүүцдэг юм. УИХ-ын гишүүдийн олонх нь тэдэнтэй адил үзэл бодол, байр суурьтай. Тиймээс дээрх хуулийн төслийг хэлэлцэхээс цааргалж, хойш нь тавьсаар ирсэн юм.
Эл хуулийн төслийг санаачилсан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь валютын томоохон гүйлгээ хийж буй аж ахуйн нэгжүүдийн гүйлгээ, данс тооцоо нь ил байх ёстой гэж байгаа юм. Түүнээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлцэл, түншлэл, гадаад валютаар гэрээ хийхэд саад бэрхшээл болно, капиталын урсгалыг хаах нь гэдэг ташаа мэдээлэл гадуур гарч байна. Тийм зүйл огт байхгүй. Валютын урсгалыг хааж, хяналт тавьж, хориглох зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэж байв. Түүний хэлсэн гол мессеж нь хөрөнгө, санхүүгийн урсгалыг хааж боох, хяналт тавих, хориглох зүйл байхгүй гэсэн үг байв.
Тэгвэл “Голомт” банкны эдийн засагч Г.Батзориг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүн шинжилгээ хийн, нийтлэл хэвлүүлсэн. Үүндээ “Одоогоор яригдаж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд авууштай болон хаях заалт их бий. Тухайлбал, 16.2-т “Монголбанк нь …гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож болох бөгөөд үүнтэй холбогдох журмыг Монголбанк гаргана”, 17.1.3-т “Санхүүгийн зохицуулах хороо нь төгрөгийн ханшид үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд хязгаар тогтоож болно”, 16.1.6-д “Монголбанк Монгол Улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох” гэсэн заалт бий. Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан дээрх гурван заалт хэрэгжихэд шууд хөрөнгө оруулалт буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэн, ам.долларын ханш хяналтаас гарна” хэмээн дүгнэсэн байлаа. Түүний дүн шинжилгээ М.Оюунчимэг гишүүний мэдэгдлийг няцаав.
Санхүү, хөрөнгийн урсгалд хязгаар тавьдаг газарт хэн ч хөрөнгө оруулдаггүй. Хэрэв оруулсан хөрөнгөө гадаад руу татах гэтэл хориглочихвол яах вэ. Монголын компанид гадаадын түнш нь зээлээр бүтээгдэхүүн нийлүүллээ гэж төсөөлье. Мөнөөх компани бүтээгдэхүүний төлбөрөө хийхээр валют шилжүүлэх гэтэл хязгаар тавьчихвал хэрхэх вэ. Санхүүгийн урсгал нь саатаад бизнес хийхэд төвөгтэй болно. М.Оюунчимэг гишүүн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь томоохон аж ахуйн нэгжүүдийн валютын гүйлгээний дүн, данс тооцоог ил болгох зорилготой гэж тайлбарлажээ. Энэ бол “Оюутолгой” компанид зориулсан зорилго яах аргагүй мөн. Монголчууд “Оюутолгой”-н санхүүжилтийн урсгалыг хянаж чадахгүй байгаа. Ялангуяа экспортолсон бүтээгдэхүүнийх нь орлого хэдэн ам.долларт хүрч буйг мэдэх, хянах сонирхол бий. Бүтээгдэхүүнээ арай бага үнээр борлуулдаг гэж татварын албанд мэдэгдээд, гадаад дансандаа өндөр дүнтэй мөнгө хүлээж авдаг байж магадгүй гэж Монголын улстөрчид харддаг. Тиймээс ил болгох нь зүйтэй. Гэхдээ санхүү, хөрөнгийн урсгалыг нь хязгаарлаж, бусдад болгоомжлол төрүүлэх замаар биш.
УИХ уг хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Эдийн засагт эерэг, сөрөг нөлөө үзүүлэх, эсэхийг нь дүгнэж, цэгнээд нэг талд нь гарах шаардлагатай. Хэлэлцүүлгийн явцад хэрэг болох шинэчилсэн найруулга байна уу, гай тарих өөрчлөлт үү гэдэг нь тодроод ирэх нь ойлгомжтой. Эдийн засагч Г.Батзориг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад авууштай зүйл бий гэж дүгнэсэн. Тиймээс авууштай зүйлийг нь аваад, эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэхийг нь хаяад хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталчихсан ч болох газаргүй. Гэхдээ мэдээж шинэчлэн найруулж байна гээд аль 1994 онд баталж, далан нөхөөс тавьсан хуулиас нь дордуулж болохгүй.
Ерөнхийлөгч Х.Баттулга маш тодорхой санал гаргасан. Тэрбээр Валютын зохицуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэсэн нэмэлт оруулах санал гаргасан юм. Энэ бол “Оюутолгой” компанийн дансыг Монголбанканд байршуулах эрх зүйн зохицуулалт хийх санал гэдгийг хэн ч ойлгоно. Мөнөөх хардлагын үүднээс “Оюутолгой” компанийн борлуулалтын орлогыг Монголд байршуулж хянах гээд буй хэрэг. Нөгөөтээгүүр, тус компанийн орлогыг Монголбанканд байршуулснаар улсын валютын нөөц нэмэгдэнэ гэж төсөөлж буй. Цаашлаад ам.долларын ханш тогтворжих нөлөөтэй гэж тооцож байгаа.
Ийм зохицуулалт хийхийн тулд Төвбанк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Төвбанк (Монголбанк)-ны тухай хуулийн зургадугаар зүйлд “Хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт оруулах санал гаргасан. Монголбанк бол арилжааны банкуудыг хянадаг, зохицуулдаг, үүгээр дамжуулан Монгол Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага. Гэтэл аж ахуйн нэгжийн төлбөр тооцоог хийж болохоор хуульчлах гэж буйд таатай ханддаггүй. Хэрэв хуулийг баталчихвал хэрэгжүүлэхээс өөр зам тэдэнд байхгүй. Зөвхөн Монголбанканд биш, арилжааны банканд данс нээхийг хуульчлах боломжтой. Системийн томоохон банкууд их хэмжээний валютын гүйлгээ хийх чадалтай болсон. Гэвч нэг татварын байцаагч “Оюутолгой” компанийн дансыг хааж чадах эрх хэмжээтэй. Тиймээс дансыг нь хаагаад хэрүүл маргаан үүсгээд байж болзошгүй гэж болгоомжилсны үүднээс Монголбанканд данс нээх нь дээр хэмээн үзсэн болов уу.
Валютын зохицуулалтын тухай хуулиар дамжуулах ам.долларын ханшийг тогтворжуулах арга бол бүтэхгүй санаа гэдгийг эдийн засагчид хэлдэг. Г.Батзориг ч энэ санааг нь маш ойлгомжтой дурдсан байна билээ. Ам.долларын ханшийг өсгөж буй хамгийн том шалтгаан нь төсвийн алдагдал гэж тэд үздэг юм. Манайхан төсвөө их хэмжээний алдагдалтай баталдаг, түүнийгээ валютын зээлээр нөхдөг. Зээлээ төлөх гэж дотоодоос валют гадагшлуулдаг. Ийм “чөтгөрийн тойрог” үүссэн нь үнэн. Цаашдаа ч үргэлжилнэ. “Ногоон”-ы ханшийг өсгөдөг хамгийн том суурь шалтгаан нь энэ. Суурь шалтгаанаа зөв оношилж, засахгүй бол ханшаа тогтворжуулж чадахгүй. Хуульд хязгаарлах, хориглох, хаах заалт тусгаж, эдийн засгаа баллаж байснаас суурь өвчнөө эмчилсэн нь дээр биз ээ.