Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдэх, тэр ч бүү хэл хүний аминд хүрсэн хэрэг сүүлийн үед гаарах боллоо. Тухайлбал, энэ сарын 4-ний 23.00 цагийн үед Налайх дүүрэгт байрлах “Мөнх тэрэлж” амралтын газарт 18-23 насны 20 гаруй хүүхэд архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан юм. Талийгаач нь 1998 онд төрсөн 23 настай эрэгтэй байсан бөгөөд БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй “М” архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, хэвлий тус газарт нь хутгалж, хөнөөсөн болох нь тогтоогдсон аж.
Хийж, бүтээх насны залуус бор дарсанд донтож, нэгнийхээ амиар “хорхойгоо” дарсан явдал үүгээр дуусахгүй. Өсөж, дэвших ирээдүйтэй сагсан бөмбөгийн хоёр тамирчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийхээ амийг хөнөөж, буруутан нь амиа хорлосон хэрэг олныг цочирдуулаад удаагүй байна. Мөн ард түмний хайртай хүү, олимпийн аварга ч мөн адил бор дарснаас болж дотны найзаа хүнд бэртээж, өөрийнхөө ирээдүйг “баллачихаад” сууж байна. Хүний өөрийнх нь ухамсартай холбоотой энэ мэт гэмт хэргийг төр, засгийнхан зогсоож чадахгүй нь тодорхой. Гэхдээ тэд архи, согтууруулах ундааны худалдаа, түүнтэй холбоотой хууль, дүрмийг чангатгаж чадна.
Тиймээс архидан согтуурахтай тэмцэж, “хазаарлаж” чадахгүй юм гэхэд хатуул хөл хорионы үед онцгой анхаарах хэрэгтэй байна. Хүний аминаас гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн зовлон хөл хорионы үед нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Энэ долоо хоног буюу дөрвөн өдрийн дотор гэр бүлийн хүчирхийллийн 380, согтуугаар автомашин жолоодсон 211, эрүүлжүүлэгдсэн 588, Архи согтууруулах ундааны тухай хууль зөрчсөн 365 тохиолдол бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, бор дарснаас үүдэлтэй 1.544 хэрэг, зөрчил бүртгэгдсэн гэсэн үг. Хүнсний дэлгүүр болон худалдааны захууд 20.00 цагт хаасан дөрвөн хоногийн хугацаанд ийм хэмжээний хэрэг, зөрчил бүтгэгдэнэ гэдэг нэг сая гаруй хүн амтай нийслэлийнхэнд ахадсан тоо. Тэгвэл хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дээрх тоо илүү нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Хэрэв архи, согтууруулах ундааг хязгаарлахгүй бол хийх ажилгүй хэсэг нөхөд найз нөхөдтэйгээ наргиж, цэнгэн эр бяраа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд гаргах нь тодорхой. Хууль, дүрэм, журам гаргахдаа зөвхөн хатуулаг ихтэй согтууруулах ундаа зарахгүй хэмээн дурддаг. Гэвч шар айраг, дарс зэргийг хэтрүүлэн хэрэглэвэл биеэ удирдах чадвараа алдах нь ойлгомжтой.
Төр засгийн “хишиг” болох 300.000 төгрөгийг хөл хорионы үеэр тараах болсон нь ард иргэдийн амьдралд дэм болох ч архинд “живсэн” нэгнийг өөгшүүлэх хэрэгсэл болох шинжтэй. Шагчны орлогыг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл гаарсан хол хорио болох нь. Тиймээс төр, засгийн удирдлагууд хөл хорионы үед архи, согтууруулах ундаатай хатуу тэмцэх шаардлагатай байна.