Бутлаг ургамлын иш, навч, модны холтос, хадны хаг зэргээр өл залгуулан өвлийг арайхийн давсан залуу гур хаврын хахир өдрүүдэд идэш тэжээл эрэн бэдэрсээр ойн захад “занхайх” нэгэн хашаанд тулж иржээ. Эргэн тойрон нь анир чимээгүй, ил үзэгдэх амьтан, хүн байгаагүй тул түүнд ер айдас төрсөнгүй. Өтгөн саглагар мод, өвс, ургамлаар дүүрэн хашааг идээшлэх нутгийнхаа нэг хэсэг гэж санахдаа эвлэж, зүтгэсээр яаж ийгээд дотогш оров.
Хаврын наранд хоржигнон урсах цасны усаар ундаалан, холтос, мөчрөөр хооллож, хэвтэш засан тухалжээ. Гэвч хэсэг хугацааны дараа өнөөх нам гүм байдал алдагдав. Хүмүүс чанга орилох, ноход хуцах, машин техник хүнгэнэх чимээ сонстохын хэрээр тэвчихийн аргагүй их дарамт түүнд мэдрэгджээ. Цочин давхийж, тэвдэж сандарсан хөөрхий амьтан их ойн гүн дэх ижил сүрэг рүүгээ яаравч төмөр хашаанд “өлгөгдөж” орхив. Мултрахыг хэчнээн хичээвч барсангүй. Байдаг чадлаараа энэлэн орилоод хэн ч ирсэнгүй. Дэмий баахан тэнхээгээ барав. Төмөр хашааг өөрт нь зориулаагүйг тэгэхэд л ойлгов. Түүнд гурван сонголт үлджээ. Хэн нэгэн хүн туслах. Эсвэл зэрлэг нохдод бариулах. Үгүй бол тэлэгдэж үхэх. Ихэнх тохиолдолд хүмүүс дэндүү хожимдож ирдэг аж.
Хаврын өдрүүдэд идэш тэжээл эрэн хэсүүчилсэн зэрлэг амьтад ийнхүү харамсалтайгаар амь тавьдаг тухай байгаль хамгаалагч Т.Ганбаатар ярилаа. Майхан толгой, Баянбулаг, Өвөр гүнтийн зуслан хариуцдаг тэрбээр “Өргөст тор, төмөр хашаа амьтдад үнэхээр халтай юм. Өчнөөн амьтан сүлбүүлж үхлээ. Арга барагдлаа” хэмээн шогширлоо. Түүний хариуцдаг нутагт хэд хоногийн өмнө ийм явдал давтагдав.
Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, “Өвөр гүнт” хотхоны ойролцоох эзэнгүй хашаанд нэгэн гөрөөс гэдсээ сүлбэн, тэвхлэгдсэн байсныг тэр хавиар зорчсон иргэд чөлөөлсөн ч шархаа даалгүй үхжээ. Олон хүн энэ асуудалд анхаараасай, холбогдох байгууллагынхан нь олж үзээсэй гэсэндээ тэндхийн харуул хамгаалалтын ажилтан залуу “хагархай” гэдэстэй гөрөөсний зураг, дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Гэвч хүмүүс урьдын адил хий хоосон хашхиралдаж, хэд хоног шуугиад л мартав.
“Эрх мэдэлтний эзэнгүй хашаанд ойн амьтад тээглэн үхсээр байна” хэмээх тайлбартай бичлэгийг олон зуун хүн фэйсбүүкт түгээж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны анхааралд хүргэхийг оролдсон ч аль нь ч тоосонгүй.
БОАЖЯ-ныхан цаг агаар, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх танин мэдэхүйн мэдээлэл, баримт түгээсээр байв. Экологийн цагдаагийн албаныхан зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг танилцуулав. “Ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, идэш тэжээлээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулсны дүнд хот орчмын туруутан амьтдын тоо 20 хувиар өссөн. Энэ жил ХААИС-ийн “Агнуур судлалын нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран ногоон бүсэд өвс, хужир байршуулж, автомат камераар байнга ажиглалт, тандалт хийж буй” хэмээн мэдээлсэн нийслэлийн Байгаль орчны газрынхан таг дуугүй өнгөрлөө. Харин энэ үед хөөрхий гөрөөс хөр цасан дээр тарчлан хэвтжээ.
Байгаль хамгаалагчид гурав хоногийн дараа түүнийг газарт булсан байна. Тэр даруйдаа нийслэлийн Газрын албанд бичиг хүргүүлсэн гэнэ. “Зэрлэг амьтдын аминд халтай, эзэнгүй хашаануудаа цэгцэлж, даруй арга хэмжээ авахгүй бол хүчрэхгүй нь гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлсэн. Одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй” хэмээн Т.Ганбаатар хэлсэн юм. Эзэнтэй хашаанаас эзэнгүй нь дэндүү аюултай гэдгийг тэрбээр дээрх явдлаар жишээ татан тайлбарлалаа. Харамсалтай нь, зуслангийн бүс тэлэхийн хэрээр иргэд уулын ам, ойн гүнд төмөр “шор” хаа сайгүй хатгах болсныг байгаль хамгаалагч хэдэнтээ онцолсон. Саяхан харамсалтай явдал болсон хашаа гэхэд л Өвөр гүнтийн амны энгэрт, ойн гүнд, олны нүднээс далд газарт бий. Чингэлтэй дүүргийн XIX хорооны оршин суугч Л.Батманлай “Эзэнтэй, эсэх нь тодорхойгүй хашаа, саравч энд өчнөөн. Урин дулаан цагт залуус ийм газрыг эзгүйчилж, архидах нь элбэг. Архи, шар айрагны шил, бэлэн гоймонгийн сав, түүдэг асаасан ул мөр энд тэндгүй. Хулгай их гарна. Эцэстээ буга, гөрөөс олноороо үхэх боллоо. Хяналт, хамгаалалтаа сайжруулж дийлэхгүй бол ойн бүсэд газар олгох хэрэггүй. Эндхийн Зуслангийн товчооны байгаль хамгаалагчид цуцталаа ажилладаг. Амьтдаас гадна хог, угаадас, жорлон гээд санаа тавих асуудал тэдэнд мундахгүй” гэж ярилаа.
Хөхтөн, туруутан амьтад хотын захад үзэгдэх нь сүүлийн үед элбэгшсэн. Гэмтэж бэртсэн, нохойд бариулсан, золгүй байдлаар үхсэн амьтны тухай мэдээлэл байсхийгээд л дуулдах боллоо. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлж буй хэмээн амьтан судлаачид үзэж байна. Нэгдүгээрт, идэш тэжээлийн хомсдол. Удаах нь, газар нутгийн давхцал. Ойн бүсэд газар замбараагүй олгосноор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх эрхийг нь хязгаарлах болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд газар өмчлөх, ашиглах эрхээ эдлэх нэрийдлээр амьтдын газар нутагт халдсаар буй юм.
Уг нь ойн сан бүхий бүсийн 100 метрээс дотогш зайд иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхийг хуулиар хориглосон. Гэвч энэ зүйл, заалт бодит байдлаас “урваад” өчнөөн жил болжээ. НҮБ, Лондоны амьтан судлалын нийгэмлэг зэрэг байгууллагад ой судлаачаар ажилласан туршлагатай Г.Эрдэнэцолмон “Энэ хууль ер хэрэгждэггүй. Нийслэлийн Газрын албаныхан ойн санд газар ер олгохгүй гэдэг ч дүүргийнхэн эсрэг шийдвэр гаргадаг. Дүүргийн газрын албаныхан гэж хэтийдсэн эрх мэдэлтэй хүмүүс бий. Ойн сан бол бүх нийтийн өмч. Тэнд иргэд амарч зугаалах эрхтэй. Гэвч хотын ойр орчмын уул, толгод, ойн санг хэн дуртай нь хашаалж, зорчих боломжгүй болгосоор байна” гэв.
Ойн бүсийн ойролцоо газар эзэмших, ашиглах тохиолдолд өндөр хэмжээний нөхөн төлбөр тогтмол төлдөг жишиг олон улсад бийг нийслэлийн Байгаль орчны дарга асан Э.Баттулга хэлж байв. Гэтэл манай улс ойн болон усны сан бүхий газрыг хамгийн үнэ цэнтэй хэмээн хуулиар тунхагласан ч түүнийгээ хөрсөнд буулгаж “хүчрэлгүй” өнөөдөртэй золгожээ.
“Эрэг, шураг” нь зөрсөн энэ авцалдаагүй шийдвэрүүдийн балгийг ойн чимэг болсон ан амьтад амиараа төлсөөр байна.
Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасанчлан эрхийн гэрчилгээ эзэмшигч төлбөрөө хугацаанд төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд иргэдийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлдэг. Энэ хуулийн болзлыг хангаж, газраа ашигласан мэт харагдуулах гэсэн иргэд энд тэндгүй хоосон хашаа хатгаж үлдээдэг “моод” дэлгэрчээ. Яг ийм аргаар газар үнэгүйдүүлсэн 685 иргэний гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн Газрын албаныхан өнгөрсөн намар хүчингүй болгосон. Тус дүүргийн ганцхан хороо, Ар гүнтийн зусланд ийм тооны “шорон” байжээ. Нийслэлийн ногоон бүс, ойн сангийн зонхилох хувийг бүрдүүлдэг зуслангуудад ийм байдлаар их цэвэрлэгээ хийх цаг нь болжээ. Эс бөгөөс нийслэл зуслангийн бүсгүй болж, ойн сан бүхэлдээ хувь хүмүүсийн босгосон төмөр хашаанд эзлэгдэн “шорон” болох нь.