УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ШАХАЛТ БА ХЭҮК-ЫНХНЫ ЧАДАВХ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоногт өргөн барилаа. УИХ-ын дарга энэ үеэр “Монголд хүний эрх ихээхэн зөрчигдөж буй, эрүүдэн шүүлт хавтгайрсан гээд танай бүх илтгэлд бичээстэй байгаа. Илтгэл бэлтгэж, УИХ-д өргөн барьдаг хуучирсан, уламжлалт арга барилаа орхи. Танайх хүний эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй” хэмээн комиссын гишүүдийг “загнав”. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Х.Амартүвшин нар өнгөрсөн сард тус байгууллагынхантай уулзан, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт гэмт буруутайд тооцон, хорих ял эдэлж буй, иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, эсэхэд ХЭҮК дүгнэлт гаргахгүй, албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй байж болохгүйг анхааруулсан удаатай. Энэ нь хаалттай хэрэг учраас дүгнэлт гаргах боломжгүйгээ тус комиссынхон учирлаж байсан юм.
Эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг ямар ч нөхцөлд хязгаарлаж болдоггүй. Цар тахлаас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоон, хүний зорчих эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн нийтлэг шаардлагын үүднээс зорчих эрхийг хязгаарлаж болдог учраас тэр. Харин эрүүдэн шүүлтээс ангид байх эрх нь хүнийг төрснөөс үхэх хүртэл нь “үйлчлэх” ёстой. Г.Занданшатар даргын хэлснээр эрүүдэн шүүлт Монголд хавтгайрсан юм бол үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр УИХ юу хийсэн бол.
ХЭҮК нь гомдол, мэдээлэл хүлээн авах, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар санал, зөвлөмж гаргаж, илтгэл боловсруулан, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх чиг үүрэгтэй. Мөн ХЭҮК-ын гишүүн гомдлын мөрөөр болон өөрийн санаачилгаар хяналт, шалгалт хийх, тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эрхтэй. Гэхдээ ил бус, далд үйлдэгддэг эрүүдэн шүүлтийг цаасан дээр бичиж үлдээхээс өөрөөр таслан зогсоох хангалттай бүрэн эрх тэдэнд байхгүй. Учир нь эрүүдэн шүүлт нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх шатанд голчлон үйлдэгддэг. Энэ үйл явцад нь ХЭҮК хөндлөнгөөс оролцох эрхгүй. Түүнчлэн ХЭҮК-ын тухай хуулийн 22.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг комисс хүлээн авахгүй”, 26.1.5-д “Гомдол, мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ” гэж заасан. Хууль, эрх зүйн ийм хязгаарлагдмал орчин нь комиссыг “хүчгүй” болгодог аж. Тиймдээ ч комиссын гишүүн Б.Энхболд “Өнгөрсөн жил эрүүдэн шүүсэнтэй холбоотой 47 гомдлыг ХЭҮК-т ирүүлсэн. Гомдлын мөрөөр тусгайлан мөрдөн шалгаж, гэм буруутныг нь тогтоох эрхгүй учир холбогдох байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлтэд нь зөвлөмж, шаардлага тавьж ажилладаг” хэмээн учирлаж байв. Харин эрүүдэн шүүлт Монголд оршсоор байгааг 2001 оноос хойш өргөн барьсан 20 илтгэлийнхээ 13-т нь хөндөн, санал, зөвлөмжийн хамт хүргүүлсэн аж. ХЭҮК-ын тухай хуулийн 9.2-т “Комиссын илтгэлийг жил бүрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар УИХ тогтоол гаргана” гэж заасан бол тогтоолын биелэлтийг Засгийн газар УИХ-д жил бүр тайлагнах үүрэгтэй. Гэтэл илтгэлүүдийн зөвхөн нэгийг нь л УИХ-аар хэлэлцжээ. Бусдыг нь байнгын болон дэд хорооны хуралдаанаар хэлэлцэн, нэг тогтоол гаргасан болоод орхисон байна. (Эрүүдэн шүүлтийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар байсныг хүснэгтээс харж болно). Бодит байдлыг үнэлээд гаргасан мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн мөрөөр дорвитой ажил хийгээгүй УИХ энэ тухай гэнэт сонссон мэт аашилж, хуулиас давсан зүйл шаардсан нь өөрсдийн алдаагаа илчилж орхив.
ХЭҮК-ын 17 дахь илтгэлд дурдсан нэгэн тохиолдлыг өгүүлье. Гадаадын нэгэн иргэн нас барсан байхтай Б таарч, цагдаад мэдэгджээ. Цагдаагийн газраас гэрчийн мэдүүлэг авахаар түүнийг дуудахад тэр очсон аж. Гэтэл сум дахь цагдаагийн хэсгийн байранд, мөн аймгийн Цагдаагийн газарт иргэн Б-г тус тус хоёр өдөр, хоёр шөнө унтуулалгүй мэдүүлэг авч, байцаалтын үеэр “Гадаадын иргэнийг чи алсан” гэсэн хэрэг тулгасан байна. Бүр хувцсыг нь тайлуулаад цахилгаан бороохой, цэвэр усны саваар олон удаа цохижээ. Дараа нь түүнийг Улаанбаатар хот руу шилжүүлж, цагдан хорих 461 дүгээр ангид таван хоног хорьж байгаад хэргийн холбогдогч олдсон тул сулласан байна. Гэвч тэрбээр эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохироод үлджээ. Энэ мэт хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд хяналт, шалгалт, дүн шинжилгээ, судалгаа хийснээ ХЭҮК удаа дараа тавьж, юу хийх шаардлагатайг санал, зөвлөмжөөр УИХ-д хүргүүлж ирсэн байх юм. Тэдний зөвлөмжид хамгийн их давтагдсан санал нь эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах, цагдаа, хууль хяналтын байгууллагынхан хүнийг эрүүдэн шүүсэн, эсэхийг шалгах бие даасан институц бий болгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол сургалт явуулах тухай байжээ. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос ч дээрх бие даасан байгууллага болон механизмыг байгуулах зөвлөмжийг манайд удаа дараа хүргүүлсэн аж. Тодорхой хэлбэл, бие даасан байгууллага гэдэг нь 2014 онд татан буулгасан, цагдаа, тагнуул, АТГ-ын ажилтнууд, шүүгч, прокурорын холбогдсон, эрүүдэн шүүсэн, хүнлэг бус харилцсан хэргийг шалгадаг байсан, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм. Тус албыг татан буулгаж, эрүүдэн шүүсэн хэргийг чиглэлийнх нь дагуу ЦЕГ, АТГ, ТЕГ-ын нэгжүүд шалгадаг болсноор “жижиг сажиг зүйлс” гэх нэрийн доор хэрэгсэхгүй өнгөрүүлсээр байгааг ХЭҮК-ын илтгэлд дурдсан байдаг. Уг нь 2017 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах үеэр дээрх албыг байгуулах талаар УИХ-ын гишүүд нэлээд маргалдсан ч эцэст нь дэмжээгүй юм.
2019 онд буюу С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдогсдыг эрүүдэн шүүсэн гэх асуудал хөндөгдөх үед ХЭҮК-ын 18 дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцээд, 62 дугаар тогтоолыг баталсан. Үүнийг учир дутагдалтай хэмээн хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд удаа дараа шүүмжилсэн билээ. Учир нь УИХ-аар ганцхан удаа хэлэлцэхэд нь их найдвар төрүүлсэн ч дээрх байгууллагыг бий болгох чиглэлээр зөвхөн “судалж, танилцуулах” талаар тогтоолдоо тусгасан нь хүний эрхийн ноцтой зөрчил болох эрүүдэн шүүлтийг таслан зогсоох яаралтай арга хэмжээ болоогүй аж. Түүгээр ч зогсохгүй тогтоолыг хангалттай хэрэгжүүлээгүй, биелэлтэд нь УИХ ч хяналт тавиагүй өдий хүрчээ.
ШИНЭ ГИШҮҮН БҮХНИЙГ ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ
ХЭҮК-ын тухай шинэчилсэн хуулийг 2020 оноос мөрдөж эхэлсэн. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг тус комиссын дэргэд ажиллуулахаар уг хуульд заасан юм. Хуулийг мөрдүүлж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн ч гишүүнээ томилж амжсангүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх ажлын хэсгийнхэн өнгөрсөн нэгдүгээр сард сонгон шалгаруулалт зарласнаар зургаан хүн материалаа ирүүлжээ. Тэдний гурвыг нь шаардлага хангасан гэж үзээд, маргааш томилгооны сонсгол явуулах аж. Үүгээр хамгийн өндөр оноо авсныг нь нэр дэвшүүлж, УИХ-аас томилох юм.
Эрүүдэн шүүлтээс сэргийлэх үндэсний механизмыг улс бүр өөрийн онцлогт тохируулан бүрдүүлдэг жишигтэй. Гагцхүү салбар бүрийн төлөөлөл бүхий шинжээчдийн бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд хараат бус, бие даасан байж, хорих аливаа байгууламжид нэвтрэх, тэнд байгаа хүмүүсийн эрхтэй холбоотой бүхий л мэдээлэлтэй танилцах боломж бүрдүүлэх ёстой аж. Манай улс ХЭҮК-ын дэргэд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн ажиллуулж, түүнд туслах чиг үүрэгтэй, орон тооны нэгж байгуулах загварыг сонгосон нь энэ. Хуульд зааснаар тус гишүүн нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг аль ч газарт хяналт, шалгалт хийх, холбогдох мэдээлэлтэй танилцах, зөвлөмж өгөх, эрүүдэн шүүсэн үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх эрхтэй. Тэгэхээр тус гишүүн үр дүнтэй ажиллаж чадах уу гэдэг нь түүний ур чадвар, нэгжийн чадавх, хараат бус байдал, нөгөө талаас, УИХ-аас хангалттай төсөв хуваарилах, эсэхээс шалтгаалах нь. Гэхдээ эрүүдэн шүүсэн, эсэхийг мөрдөн шалгахгүй, зөвхөн холбогдох байгууллагад шилжүүлэх хуультай. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр шалгалт явуулдаг байгууллага болох ЦЕГ, ТЕГ, АТГ-ын харьяа нэгжүүд хэрхэн ажиллахаас эрүүдэн шүүдэг, хүнлэг бус ханддаг явдал үгүй болох, эсэх нь хамаарах бололтой. Ийм үйлдлийг шалгадаг хараат бус байгууллагаа сэргээн байгуулахыг НҮБ-ын холбогдох хороодоос манайд удаа дараа зөвлөснийг эцэст нь тодотгоё.