Чихрийн шижин, түүний хүндрэл, элэгний архаг гепатит зэрэг хавсарсан олон өвчтэй нэг танил маань шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаарч, эмнэлэгт хандахаас бусад тохиолдолд гадагшаа гарахгүй, ариун цэвэр, ариутгалын дэглэмийг тун сайн сахиж буй. “Над шиг бие муутай хүн халдвар авчихвал эдгэрэхгүй байх. Гэрийнхэндээ төвөг болж, сэтгэлийг нь зовооно” гэх тэрбээр вакцинжуулалтын эхний тунд хамрагдсаныхаа дараа “Хоёр дахь тунг нь тариулчихвал айх зүйлгүй. Сэтгэл амрах нь” гээд л утсаар ярихдаа тун цовоо дуугарч билээ.
Үүнээс хэд хоногийн дараа түүнтэй дахин холбогдоход нэлээд бухимдангуй байлаа. “Элэгний В, С вирустэй хүн хятад вакцин хийлгэж болохгүй” гэж ЭМЯ-наас мэдээлжээ. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр вакцинжуулалт эхэлснээс 10 хоногийн дараа ийм юм ярилаа, ямар хариуцлагагүй юм бэ” хэмээсэн тэрбээр урд хөршийн вакциныг “АстраЗенека”-гаас илүүд үзэж тариулсан юм. Түүнтэй адил өөрийн сонголтоор болон сонголтгүйн улмаас хятад тарилгаар дархлаажуулалт хийлгэсэн хүн хэдэн мянга бий. Тэдний дунд элэгний В, С вирустэй нь ч өч төчнөөн. Тэдгээр хүн танилын минь адил санаа зовж л байгаа. Одоохондоо ямар нэгэн сөрөг, гаж нөлөө ажиглагдаагүй ч алсдаа яах бол, элэг дотор нь байгаа бичил биетүүд вакцинд өдөөгдөн “хэрэг тарих” болов уу гэсэн айдастай яваа. Ийм шалтгаанаар түгшиж буй хүмүүс төр, засгийнхныг бүтэлгүй, харилцан уялдаагүй, ямар ч мэдээлэл, мэдлэг, судалгаа, тооцоололгүй хэмээн бухимдаж байгааг буруутгах аргагүй. Үнэхээр л албаныхны мэдээлэл хэр дулимаг, дутуу, хангалтгүй байдгийг энэ мэт үйл явдлууд илтгэнэ.
Вакцинжуулалт бол хүн амын эрүүл мэндийн төлөө олон нийтийг хамруулан, орон даяар өрнүүлдэг онцгой хариуцлагатай ажил. Гэтэл тарьсныхаа дараа “Болохгүй байжээ” гэж зарласан нь иргэдийн сэтгэл санааг зориуд хямрааж, тохуурхсанаас ялгаагүй үйлдэл. Нөгөөтээгүүр, хэтрүүлэн бодоход, хятадуудад “харшилтай” муйхар монгол занг дэврээх нигууртайг ч үгүйсгэхгүй. Элэгний B, C вирустэй хүн БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин хийлгэж болохгүй гэж нэгэнт мэдээлчихээд дараа нь “Ойлголтын зөрүү гарлаа, үг сонголт буруу байсан” гэх болхи залруулгаар тархи угаах гэж үзсэн нь нийгмийг улам стресстүүлсэн. Ингээд зогсохгүй баахан тайлбар хийсэн. Үнэндээ эл тайлбар нь хүмүүсийг тайвшруулаагүй. Харин ч эсрэгээрээ өөрсдийгөө өмөөрлөө гэх хардлага төрүүлсэн.
Угтаа бол вакцинжуулалтын бэлтгэл ажлын хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэдээллээр бүрэн дүүрэн хангасан байх ёстой. Хэрэв ингэсэн бол ийм асуудал гарахгүй байлаа. Ер нь вакцинжуулах их үйлсэд оролцож буй эмнэлгийнхний асуумж “Ямар нэгэн харшилдаг эм, тариа бий юү” гэхээс хэтрэхгүй байгааг иргэд шүүмжилж байна.
Тарилга хийхээсээ өмнө вакцины эсрэг болон туйлын эсрэг заалтын талаар асууж, тайлбарлан ойлгуулсан эмч, эмнэлгийн ажилтантай таарсан хүн байгаа, эсэхийг тандаад үзээрэй.
Ийм олон зүйл нуршиж буйн учир нь ЭМЯ буюу төр, засгаас вакцинжуулах ажлын бэлтгэл гэдгийг эм бэлдмэлээ татан авах, хадгалах горимыг нь алдагдуулахгүй байх зэрэг тодорхой хэдэн асуудлын хүрээнд л сэтгээд байна уу. Бэлтгэл ажлын хамгийн чухал нь гарцаагүй үед ямар арга хэмжээ авах, хоорондын уялдаа холбоо ямар байх, эрсдэлтэй тохиолдолд аль түвшинд мэдээлэл солилцох, иргэдээс асуумж авахад анхаарах, хориглох зүйл юу вэ гэхчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цэгцтэй, цогц мэдээллээр хангах явдал. Энэ бол зөвхөн дархлаажуулалтын бус, онцгой нөхцөл байдлын үед ч тулгарах асуудал. Вакцинжуулах ажилд хамрагдсан нь байтугай жирийн үзлэгийн үеэр ч эмч нар иргэдээс суурь болон архаг, удамшлын өвчтэй, эсэхийг асуудаг “дүрэмтэй”. Гэтэл вакцин хийхдээ энэ талаар огт асуухгүй түгээмэл дутагдал байгаа нь яам, тамгын газраас нь заавар өгөөгүйтэй холбоотой гэж хардаж буй хүн олон байна.
Ийм байхад иргэд вакциныг яаран хийлгэхгүй харзнах, “туршлага” судлах, хийлгэсэн нэгнээ тандах зэргээр хаширлах нь буруу биш болов уу. Ялангуяа 50-иас дээш насныхан эл үйл ажиллагаанд хойрго хандаж байгааг албаныхан мэдээлж, вакцинд хамрагдахыг уриалж байна.
Монголчууд ер нь “муу санаатай” хүмүүс гэдэг нь аливаа вакцинд хандах хандлагаас нь илэрдэг. Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад бид маш их “шуугиантай” хандаж, бүр болиулахдаа тулж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. Ард иргэд шинжлэх ухааны ололтод ийм итгэл муутай ханддаг нь мөн л мэдээллийн цангаатай холбоотой. Тэднийг зөв, цогц, шинжлэх ухаанч мэдээллээр хангах нь албаныхны үүрэг. Ялангуяа нийтийн эрүүл мэндийн тухай асуудалд хандах өнцгийг өөрчлөхөд энэ салбарынхны мэдлэг, мэдээлэл, боловсрол нэн чухал.
Мэдээлэлгүй байх, ялангуяа вакцины талаарх буруу, дутуу ойлголт, хуурамч мэдээлэл ямар уршигтайг олон улсыг шуугиулсан нэгэн жишээгээр өгүүлье. 1998 онд Английн эмч Эндрю Уэйкфилд гахайн хавдар, улаанууд болон улаан бурхан өвчний эсрэг вакцин аутизмын шалтгаан байх магадлалтай талаар нэр хүндтэй “Лансет” сэтгүүлд нийтлүүлсэн нь олон орны хүмүүсийг цочролд оруулж, улмаар дархлаажуулалтад хамрагдах нь эрс буурснаас болж дэлхий даяар улаан бурхан өвчний дэгдэлт газар авсан байдаг. Гэхдээ 2004 онд түүний судалгаа хуурамч, мөнгө, санхүүтэй холбоотой гэдэг нь илчлэгдсэн бөгөөд нийгмийн сэтгэл зүйд ноцтой гэмтэл учруулсан эмч шийтгүүлж, анагаах ухааны салбарт ажиллах эрхээ хасуулжээ. Түүний булхай, хуурамч мэдээллээс болж хэчнээн хүүхэд улаан бурхан өвчинд нэрвэгдэж амь, эрүүл мэндээрээ хохирсныг мэдэхгүй юм. Үүнтэй адил ЭМЯ-ныхны дулимаг бэлтгэл, “ойлголтын зөрүүгээс” нь болж иргэд Хятад улсад үйлдвэрлэсэн вакцинд, цаашлаад энэ төрлийн тарилгуудад итгэл алдарч, татгалзахыг ч үгүйсгэхгүй. Энэ бол маш том хариуцлага. Европын орнуудад ийм хандлага ажиглагдаж, сүргийн дархлаанд найдах явдал сүүлийн үед газар авч байгааг олон улсын хэвлэлүүд онцолж буйг ч энд дурдахад илүүдэхгүй буй за. Юутай ч вакцинжуулах ажлын бэлтгэлгүй, мэдээлэлгүй байдлаасаа болж иргэдэд сэтгэл зүйн дарамт учруулсан ЭМЯ, холбогдох мэргэжилтэн, албаныхан хариуцлага хүлээх учиртай. Цаашдаа алдаагаа засаж, вакцинжуулалтад хамрагдаж байгаа, хамруулж байгаа талуудыг цогц, шинжлэх ухаанч мэдээллээр хангах тал дээр анхаарах ёстой. Дархлаажуулах ажил мэдээллээс эхлэх учиртайг төр, засгийн эрхмүүдэд сануулъя.