Хан-Уул дүүрэгт амьдардаг, нягтлан бодогч мэргэжилтэй, 46 настай М.Мөнхтуяад цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорьсон нь сайн, муу хоёр үр дагавар өгчээ. Муу нь түүний ажиллаж байсан улс хоорондын тээвэр зуучийн компанийн үйл ажиллагаа зогсон, ажлаасаа гарсан байна. Сайн тал нь хагас жил гаруй ямар ч орлогогүй байх үедээ ойр тойрныхноо л дайлдаг байсан тэрбээр бялуу хийх сонирхлоо хөгжүүлж, эко түүхий эд, цэвэр жимс ашигласан нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж чаджээ. Гэрийнхээ ойролцоо өнгөрсөн аравдугаар сараас хойш орон сууц түрээслэн, тохижуулж, нэг туслах ажилтан авч цор ганц загвартай захиалгын бялуу, жимсний цэлцэгнүүр хийх болж. Ингэснээр зардлаа хасаад, нягтлан бодогчоор ажилладаг байхдаа авч байсан цалинтайгаа харьцуулахад сард 20 гаруй хувиар илүү орлого олж эхэлсэн, цаашид бизнесээ өргөжүүлэх, ашгаа өсгөхдөө итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Баянголд үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийг дэмжих, олон улсад худалддаг бүтээгдэхүүн борлуулалтын компанийн менежер Б.Тунгалагт цар тахал шинэ бизнес эхлүүлэх боломж олгосон гэнэ. Тодруулбал, түүний ажилладаг компани нь хөл хорио, хязгаарлалтын улмаас бүтээгдэхүүн борлуулалтын сувгаа өөрчлөн, бараагаа хүргэлтээр зарах болж. Ингэснээр хүргэлтийн компанид төлөх дүнгээс нь 10 хувийн хямд үйлчилгээ санал болгосноор боломж гарчээ. Бизнесээ эхлүүлээд удаагүй ч аппликэйшний тусламжтайгаар автомашинтай иргэд, захиалагч, нийлүүлэгчдийг холбон, цаашид орон нутагт ч үйл ажиллагаагаа явуулахаа дурдлаа. Улмаар зөвхөн хүргэлт, шуудангийн үйлчилгээ дагнан эрхлэх сонирхол бий гэсэн.
Улаанбаатараас баруун зүгт 40 орчим км-ийн зайтай газарт сүүний чиглэлийн үхэр зургаан жил орчим үржүүлж буй фермер Г.Азбаяр “Хил хаасны улмаас сүүн бүтээгдэхүүний түүхий эд болох өтгөрүүлсөн, хуурай сүүний импорт багассан юм уу, дунд, жижиг үйлдвэрүүд хомсдолд орох шиг болсон. Ингэснээр үнээний цэвэр сүүний эрэлт ихсэн, литр тутмынх нь үнэ жил гаруйн хугацаанд 30 хувиар өслөө. Бид ч багагүй мөнгөөр 32 үхэр нэмж худалдан авч, үйлдвэрлэлийн хэмжээгээ огцом ахиулж чадсан. Мөн сүүний урамшуулал өгч эхэлсэн нь фермийн үйл ажиллагаа эрхлэхэд улам таатай болголоо. Цаашид манайх 100 үнээ саан, 4-5 хүн тогтмол ажиллуулж, жилийн дөрвөн улиралд өдөр бүр багадаа нэг тонн сүү нийлүүлж чадах болсон. Аж ахуйгаа ингэж томруулсан нь цар тахлын “ач” гэхэд болно” хэмээв.
Дээр дурдсан жишээнүүдээс гадна хөл хорионы үед захиалагч, харилцагчийн тоогоо олноор нэмж чадсан технологийн компани байна. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн хоёр залуу нийлэн, IT нэртэй компани байгуулсан нь 2018 он. Тэд байгууллагуудын цахим хурал хийдэг платформ, зайны сургалт явуулах, зарим дүн шинжилгээ хийх, тооцоолон бодох алгоритм хөгжүүлж, борлуулан сүүлийн нэг жилд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Өнгөрсөн есдүгээр сард хоёр хүн ажилд авч, сард дунджаар 15 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Эндээс харахад коронавирусийн тархалтын нөлөөгөөр үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүд, ажилгүй болсон иргэд олон ч ашгаа нэмж чадсан нь цөөнгүй аж. Тэгвэл цар тахлын дараа дээр дурдсан бизнесүүдээс аль нь илүү орлого олж, ажлын байр бий болгон, үйлдвэрлэлээ өргөжүүлж, улмаар экспортын бүтээгдэхүүн нийлүүлж чадах бол.
Манай улс үйлдвэрлэгч бус, хэрэглэгч, худалдан авагч орон тул хүргэлтийн үйлчилгээ цэцэглэн, иргэдийн цаг завыг хэмнэн, дроноор ч түгээн илүү боловсронгуй болох байх. Бараа, бүтээгдэхүүнээ хүргэлтээр борлуулан, цахим дэлгүүр ажиллуулдаг иргэдийн тоо улсын хэмжээнд өмнөх жил 400-гаас давсан нь 2018 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт гэсэн албан бус тооцоо бий. Мөн гэрийн аргаар даршилсан ногоо, бялуу, амттан хийж зардаг жижиг үйлдвэрлэгч, иргэдийн тоо өнгөрсөн онд нийслэлд 200 орчим байсан нь 1-2 жилийн өмнөхөөс нэмэгдсэн дүн гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан дурдав. Цар тахал дэгдэх, иргэдийн хөл хөдөлгөөнийг хорих үед ялангуяа хүнс үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний барааны эрэлт буурахгүй, нийлүүлэлт нь тогтмол, борлуулагчид нь дампуурахгүй ажиллах бүрэн боломжтой нь харагдсан. Гэхдээ ийм бүтээгдэхүүн, үйлчилгээний ашиг төдийлөн их биш, тухайн айл өрх, жижиг аж ахуйн нэгжийн санхүүг дэмжихэд зарцуулагдаад таарах болов уу.
Энэ онд дэлхий дахинд зах зээлийн үнэлгээгээрээ эхний 10-т багтсан компанийн тав нь мэдээллийн технологи, электроникийн үйлдвэрийнхэн. Тэдгээрийн нийт үнэлгээ таван их наяд ам.доллароос давсан нь дээрх салбар ямар том зах зээл эзэлж, хэр их мөнгө эргэлдэж байгааг харуулж буй. Гэхдээ манай улс электроник, технологийн салбарт өрсөлдөж, олон улсын зах зээлээс ахиухан мөнгө олох боломж хомс гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Учир нь бидэнд өндөр түвшний технологи хөгжүүлэх чадвартай мэргэжилтнүүд, сургалт, дадлагын орчин, түүхий эд дутмаг аж. Түүнчлэн хөрөнгө мөнгө яаж ч зарцуулаад дэлхий дахины технологийн санаа, үйлдвэрлэлийн хурдыг гүйцэх, олон улсад өрсөлдөхүйц бараа нийлүүлэх боломж багатайг ШУТИС-ийн Компьютер техник, менежментийн сургуулийн нэгэн багш хэлсэн. Харин цомхон хүрээнд ашиглах, дотооддоо хэрэглэхүйц программ бүтээх, бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан зардлаа хэмнэх, гадаадын компаниудад Монголоос ажиллах чадвартай мэргэжилтнийхээ тоог өсгөсөөр, орлогоо ахиулж болох гэнэ. Энэ нь хэсэг хүн, тухайн компанийн ашгийг нэмэх боломж, иргэдийн мэргэжил, чадвараа дээшлүүлэх нэг нөхцөл гэж болно.
Эцэст нь манай улс газар тариалан, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болохыг илүүтэй эрмэлзэх учиртайг мэргэжилтнүүд дурдаж байна. Тодруулбал, 2020 онд дэлхий дахинд улаан буудай, цагаан будаа, мах, ургамлын тос зэрэг үндсэн хүнсний хэрэглээ 2019 оныхоос 40 орчим хувиар нэмэгдэн, тонн тутмынх нь үнэ 20-30 хувиар өссөн гэсэн судалгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ. Эдгээр бүтээгдэхүүний импорт, экспортыг хязгаарласан нь зарим улсад эрэлтийг нь өсгөн, хүнсний хомсдол үүсгэсэн. Харин Монголд импортын нарийн ногооны нийлүүлэлт багасан, үнэ нь өссөнөөс өөр асуудал бараг гараагүй нь уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл эрхэлдэгтэй холбоотой. Цаашид хөдөө аж ахуйн салбарыг илүүтэй хөгжүүлж, улаан буудай, тосны ургамал, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмж, ажлын байрыг олшруулах учиртайг мэргэжилтнүүд онцолсоор байгаа. Гэхдээ мал сүргийн тоо, тариалангийн талбайн хэмжээг өсгөхгүйгээр нэг малаас авах түүхий эд, нэгж талбайгаас хураах ургацыг ахиулах, хагас эрчимжүүлсэн хөдөө аж ахуйг цогцлоох учиртай юм. Хагас эрчимжүүлсэн гэхийн учир нь мал маллах уламжлалт технологийг бүрэн халахад цаг хугацаа их шаардагдах төдийгүй фермийн аргаар адгуулсан малын түүхий эдээр бүтээгдэхүүн бэлтгэж эхэлбэл бусад улсаас ялгарах онцлоггүй болно. Тиймээс ферм болон бэлчээрийн аж ахуйг хослуулан хөгжүүлэхийг зорилго болгохыг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Г.Гантулга дурдав. Тэрбээр “Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараа хоёрдугаарт орох хамгийн өгөөжтэй салбар бол хөдөө аж ахуй. Эл салбарын орлогыг өсгөхөд нэг мал, нэгж талбайгаас авах түүхий эдийн хэмжээг нэмэхэд анхаарах нь хамгийн чухал. Тухайлбал, манайд багадаа долоон жил малласан, нас гүйцсэн үхрээс 70 гаруй кг мах бэлтгэдэг нь махны чиглэлээр үржүүлдэг өндөр ашигтай үхрийнхээс бараг гурав дахин бага хэмжээ. Австрали, Япон зэрэг улсад үхрийг 4-5 жил үржүүлж, амт шимтэй, зөөлөн, 150-200 кг мах бэлтгэдэг бөгөөд нэг кг-ынх нь үнэ 200 000 төгрөгөөс давдаг. Мөн хонины мах, ноос, ямааны ноолуурын гарц сайтай үүлдрийг бий болгон цөөн тооны малаас их ашиг олдог орнууд бий. Тиймээс бид эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулан, уламжлалт арга технологитой хослуулан эрхлэхэд зарцуулах хөрөнгөө нэмж, хүчээ нэгтгэх шаардлагатай” гэлээ. Газар тариалан эрчимтэй хөгжсөн, ялангуяа улаан буудайн экспортоор тэргүүлэгч Казахстан, ОХУ-д нэг га талбайгаас 30-50 центнер ургац авдаг нь манайхаас 2-3 дахин өндөр дүн. Үрийн үржил селекцийг сайн явуулах, ганд тэсвэртэй, өөрийн цаг уурын онцлогт тохирсон нөөц бүрдүүлэх, тариаланчид, төр болон эрдэм шинжилгээний байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ усалгаатай тариалангийн талбайг тогтвортой нэмснээр бид ургацынхаа хэмжээг өсгөнө. Бас жимс, жимсгэнэ, зөгийн балыг ч экспортлох боломж бий. Тухайлбал, C аминдэмийн агууламж хамгийн өндөртэй чацарганын тариалалтыг өсгөн тос, өтгөрүүлсэн шүүс худалдан авах сонирхлоо илэрхийлж буй БНХАУ, Япон зэрэг улсад нийлүүлж болно. Мөн хатаасан сүү, уураг худалдан авах хүсэлтэй орнууд ганц нэгээр тогтохгүй байдаг. Үүнээс гадна бид ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн хувцас, эдлэлийн гадаад худалдаанаас олох ашгаа ахиулах бүрэн боломжтой. Ноос, ноолуур болон түүгээр хийсэн эдлэл, мах, сүү, улаан буудай, тосны ургамал зэргийн борлуулалт, худалдан авалтад дэлхий дахинд нэг жилд нэг их наяд орчим ам.доллар эргэлддэг бөгөөд үүнээс манайх ахиухан хувь хүртэх боломж бий.
“Ковид-19”-ийн дараа дэлхийн эдийн засаг сэргэн, хэвийн байдалд ороход олон жил зарцуулахыг Дэлхийн банк болон зарим улсын шинжээчид мэдээлсээр байна. Өнгөрсөн онд дэлхий дахины эдийн засаг “V” хэлбэрээр хурдан сэргэнэ гэж тооцож байсан нь талаар болж, “U” үсэг мэт сэргэх, эсвэл “L” хэлбэрээр урт хугацаанд уналтаас гарахыг дурдаж буй. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд хүндрэлтэй болж тухайн улс орны онцлог, давуу талыг шингээн, олон аж ахуйн нэгж нь кластерын зарчмаар үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөх чадвартай гэцгээж байна. Учир нь дэлхий “хавтгай” байхаа больж, хэрэглэгчдийн хэрэгцээ танагдаж, чухал шаардлагатай хүнс, эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнээс бусад барааны эрэлт нэг хэсэгтээ нэмэгдэхгүй байх төлөвтэй аж.